“G-20” тасралтгүй хөврөх дэлхийн бодлогод
Хятадын Ханжоу хотноо болж өнгөрсөн “G-20” буюу “20-ийн бүлэг”-ийн дээд түвшний уулзалтын дүнд зориулж “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Ю.Дэлгэрмаа надад хэд хэдэн асуулт тавьж ярилцлага хийсэн.
Хятадын Ханжоу хотноо болж өнгөрсөн “G-20” буюу “20-ийн бүлэг”-ийн дээд түвшний уулзалтын дүнд зориулж “Өдрийн сонин”-ы сурвалжлагч Ю.Дэлгэрмаа надад хэд хэдэн асуулт тавьж ярилцлага хийсэн. Ярилцлагын анхны гарчгийг зохиогч миний бие “G-20” тасралтгүй хөврөх дэлхийн бодлогод” хэмээн авсныг тус сонин нийтлэхдээ уншигчдад шууд хүргэх зорилгоор “Манай улсад шууд биш ч дам хамаарах асуудлаар Орос, Хятад хоёр ингэж ярилаа” хэмээн өөрчилсөн болно – “Өдрийн сонин” 2016.09.06 № 205 (5470)
- Энэ удаагийн “Их 20”-ийн уулзалтын хэлэлцсэн хамгийн гол сэдэв нь тогтвортой, шинэлэг, харилцан уялдаатай эдийн засгийг хөгжүүлэх асуудал байсан. Уулзалтаас ямар үр дүн хүлээж байв?
Эхлээд нэр томъёогоо цэгцэлмээр байна. Орос хэлээр Большая двадцатка гэж нэрлэсний монгол орчуулга “Их 20” гээд яваад байна. Англиараа бол G20 буюу “20-ийн бүлэг”, бүр үгчибэл The Group of Twenty, major advanced and emerging economies–Тэргүүлэх ба шинээр цэцэглэсэн эдийн засаг бүхий 20-ийн бүлэг гэсэн нэр байгаа шүү дээ. Тэгэхлээр англи хэлэнд “их” (great) гэсэн үг ороогүй бол дэлхийн жишгийг дагаж “20-ийн бүлэг”, эсвэл шууд G20 хэмээн хэвшүүлэх хэрэгтэй. Economies–гэсэн нь “эдийн засгууд” гэж бууна. Тэгэхлээр энд тусгаар тогтносон улс орнуудыг нэрлэсэн бус, тэдгээрийн хөгжсөн эдийн засгийг нэрлэж, эдийн засгаар нь гишүүнчлэл болгож байна гэсэн үг. Бяцхан түүх сөхье. Тэгж байж ойлголтоо цэгцлэе. Анх буй болсон шалтгаан нь их өвөрмөц. 1990-ээд оны төгсгөл үед дэлхийд нүүрлэсэн эдийн засаг-санхүүгийн хямралын дараа энэ бүлэг үүссэн. Тухайн үед Азийн орнууд санхүүгийн хямралд нэрвэгдэж тэр нь дэлхийд буруу нөлөө үзүүлсэн. Өрнөдийнхөнд мэдэгдэхгүй байж байгаад гэнэт тийм тэсрэлт болсон тул G8 буюу “8-ын бүлэг” санаачилга гаргаж энэ бүлгийг үүсгэхдээ Хятад, Энэтхэггүйгээр дэлхийн эдийн засгийн бэрхшээлийг гэтлэхгүй гэсэн утгаар энэ хоёр гүрнийг татан оруулсан. Ингээд 1997 онд анх G33 буюу 33 улс орноос бүрдэх бүлэг буй болж, 1999 онд тэр нь G22 болж, шинэ зуун гарах үест G20 дээрээ тогтсон. Эдийн засгийн үзүүлэлт нь гэвэл G20-ийн орнууд нь дэлхийн ДНБ-ий 85 хувийг бүтээж, дэлхийн худалдааны 75 хувийг эрхэлж, дэлхийн хүн амын 3/2 нь аж төрдөг гэдгээрээ ихээхэн нөлөөтэй ба үүрэгтэй. Тэгэхлээр үр дүн гэж асууж байгаа бол дэлхийд хамгийн нөлөө бүхий энэ бүлгээс дэлхийд хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ гэдгийг асуусан хэрэг байх. Үр дүн гэдэг нь яг одоо мэдрэгдээд хэрэгжчихдэг юм биш л дээ. G20 бол өөрөө 19 улсын Засгийн газрууд, төв банкууд, дээр нь Европын Холбооны төлөөлөлтэй албан бус клуб юм. Дээр нь ОУВС, ДХБ, Дэлхийн Банк, НҮБ энэ клубт уригддаг. G20 нь дээд түвшний уулзалтуудаа төлөвлөж хийдэггүй, хямралын үед хямралын эсрэг асуудлаар яаралтай цугларч хуралддаг учраас үйл ажиллагаа нь тогтмолжоогүй, жишээ нь хямралын эсрэг гэдгээр 2008 оны 11 дүгээр сард Вашингтонд цугларснаа хагас жилийн дараа 2009 оны хавар Лондонд, тэгснээ мөн оныхоо намар нь АНУ-ын Питтсбург хотноо цугларах жишээтэй. Тэр үед дэлхийн санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих асуудлаар шуурхай ярилцаж нэгдсэн тохиролцоонд хүрсэн байдаг юм. Гэвч тэр тохиролцоо доошооноо практик дээр хэрэгжсэн нь сайнгүй. Үндэсний эдийн засгаа хамгаалах арга сүвэгчлэх, ОУВС-д реформ хийх гэхчлэн Питтсбургэд яригдсан асуудал агаарт замхарсан. Дэлхийн эдийн засгийг сүйрэлд хүргэчихгүй байх, 2008 оных шиг бүх дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлүүлчихгүй байх талаар ярилцдаг, хэлэлцдэг, байр сууриа илэрхийлдэг энэ клубээс заавал хэрэгжүүлэх тогтоол шийдвэр, мөрийн хөтөлбөр гардаггүй учраас шууд үр дүн хүлээх шаардлагагүй юм.
- Өчигдөр дээд хэмжээний уулзалт өндөрлөсөн. Та судлаач, дипломатч хүний хувьд уулзалтын үр дүнг хэрхэн дүгнэх вэ?
Судлаачийн хувьд байр сууриа дээр хэлчихлээ. Харин улс төрийн учир шалтгааныг нь дипломатчийн байр сууриас би эерэгээр үнэлж байна. G20 бол дэлхийн янз бүрийн өнцөг булангаас цугларсан өвөр хоорондоо зөрчилтэй улс орнуудыг нэгтгэдэг учраас дэлхийн бодлогод тэнцвэр бариулах, ялангуяа дэлхийн лидерүүдийг нэг дор улаан нүүрээр нь уулзуулах албан бус механизм гэдгээр үр дүнг нь үнэлж байгаа хэрэг. “Тулалдааны талбар”-т шууд нүүр нүүрээ харж уулзах гэдгээр нь хэлж байна. Хоёр талын болоод олон талын уулзалтууд маш чухал ач холбогдолтой. Харилцан айлчлаад, айлчлалынхаа үеэр ярилцах нэг хэрэг. Олуулаа сууж ярилцах, тэр дотор хоёулаа сууж халз ярилцах гэдэг өөр хэрэг. Цаг хэмнэх, зардал хэмэх талаасаа ч олон талт механизмын хүрээнд хоёулаа уулзалдаад байх нь түгээмэл үзэгдэл болсон шүү дээ. Өмнөх уулзалтаас хойш хоёр талдаа бишгүй олон маргаан үүсгэчихсэн, харилцаа хүйтэрчихсэн тохиолдол алийг тэр гэхэв. Тийм үед л энэ G20 гэх форум чухал гарц, боломж болж өгдөг. Жишээ нь сая Ханжоуд Путин Меркель хоёр, Путин Обама хоёр, Обама Эрдоган хоёр уулзаж, мөн Brexit-ийн дараахи Британийг хэрхэх вэ гэдгээр хэд хэдэн уулзалт болж өнгөрлөө.
- Энэ үеэр манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж хэлэлцээ хийсэн. В.Путин, Си Жинпин хоёрын уулзалтын гол сэдэв юу байв?
Ханжоуд очихынхоо өмнө Владимир Путин Bloomberg ТВ-д ярилцлага өгч байсан даа. G20-ийн гишүүд нь олон улсын бодлого дээр бус, эдийн засгийн асуудал дээрээ төвлөрч яриасай хэмээн тэрээр хэлж байсан. Улс төрийн элдэв асуудал ярьж өөрсөд дээрээ ачаа үүрэх хэрэг юу билээ, Сирийн асуудлаар эцэс төгсгөлгүй маргаж, дэлхийн бүх асуудлаар амаа цангаталаа ярьснаас тэгэхийн оронд санхүүгээ, эдийн засгийг бүтцийн талаар өөрчлөхөө, татвараас зайлсхийлгэхгүй талаараа ярилцвал дээрсэн хэмээн Путин хэлж байсан. Ханжоугийн уулзалтыг нээж Си Жинпин даргын хэлсэн үгэнд мөн ийм санаа туссан. Дэлхийн эдийн засаг түүхэн дэх эргэлтийнхээ босгон дээр байна, хэрэглээ унаж байна, зах зээлүүд тогтворгүй боллоо, худалдаа хөрөнгө оруулалт үлгэбэр байна, иймд хоосон яриагаа орхиё гэх үгс тэрээр хэлсэн. Гэх мэт G20 нь эдийн засгийн форум де-факто байхаа больчихсныг манай хоёр хөрш ихээхэн ундууцан тэмдэглэдэг. Тэр өнцгөөс В.Путин, Си Жинпин нарын уулзалтыг дүгнэх ёстой. Дэлхийн эдийн засгийг эрүүлээр, тогтвортой хөгжүүлэх, глобал эдийн засгийн удирдлагыг буй болгох зорилгын үүднээс Орос нь G20-ийн 2013 оны уулзалтыг зохион байгуулж байсан. Тэр байр сууриа Ханжоуд дахин давтлаа. Хятад ч түүнийг нь талархан хүлээн авлаа. Орос-Хятадын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар В.Путин, Си Жинпин нар ярилцлаа. Өнгөрсөн 6 дугаар сард Путин Хятадад айлчилсныг Хятадын Төрийн тэргүүн өндөр үнэллээ. Тэр үеэр Найрамдал, сайн хөрш, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсныхаа 15 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэснээ, мөн хамтарсан гурван чухал мэдэгдэл гаргаснаа, хамтран ажиллах 30 орчим хэлэлцээрт гарын үсэг зурснаа Хятадын дарга өндөр үнэллээ. Бүх талыг хамарсан иж бүрэн түншлэл, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө хоёр удирдагч шийдвэртэй зогсохоо илэрхийллээ. Олон улсын ба бүс нутгийн бүхий л асуудлаар энэ хоёр улс нэгдмэл байр суурьтай байгаа нь харагдлаа. Глобал стратегийн тогтвортой байдлыг дэмжих, даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө хоёр улс нэгдсэн уриалга гаргахаа ч мэдэгдлээ. Анхаарал татах нэг зүйл байна. Орос, Хятад нь улс төрийн харилцан дэмжлэгээ чухалчиллаа. Ялангуяа бүрэх эрхт байдлаа хамгаалах талаар аль алин нь харилцан дэмжлэг үзүүлнэ гэлээ. Энэ нь бодвоос Өмнөд Хятадын тэнгис, Крымын хойгт өрнөсөн үйл явдлыг хэлсэн хэрэг болов уу. Манай улсад шууд биш ч, дам хамаарах асуудлаар хоёр тал ингэж ярилаа. Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг болон Хятадын “Торгоны зам”-ын стратегийг ойртуулах, ерөөсөө Москва-Бээжингийн хоорондын стратегийг ойртуулахаар тохиролцлоо.
- Уулзалтын үеэр Сири, Украины асуудлыг хэлэлцсэн байгаа. Дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байгаа эдгээр орнуудын байдлыг хэвийн болгох асуудал дээр дорвитой нааштай тохиролцоонд хүрч чадсан уу?
Сири, Украины тухайд дорвитой нааштай тохиролцоо гэх зүйлийг Ханжоугаас олж харсангүй. БРИКС (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) гэх эвслийн уулзалтыг Ханжоуд G20-ийн уулзалтын өмнө зохион байгуулсан нь байр сууриа ойртуулах гэсэн нэг чухал алхам боллоо. Ойрхи Дорнод, Арабын ертөнц дэх сунжирсан хямрал, иргэний дайн, хаос, тэр бүс нутаг олон улсын терроризмын плацдарм болсон тухай, дүрвэгсдийн нүүдэл хяналтаас гарсан, “Лалын улс” өргөжин тэлсэн, тэр нь дэлхий дахинд аюлгүй байдлын шинэ бодит аюул болж буй тухай БРИКС-ийн удирдагчид сэтгэл түгшин ярилцсан байна билээ. Оросын хувьд Сирийн хэрэг явдалд оролцох болсон шалтгаанаа тайлбарласан. Оросгүйгээр эдгээр асуудлыг шийдвэрлэх аргагүй юм байна гэдгийг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд хүлээн зөвшөөрсөн гэсгээд цаашаа хэлэх зүйл алга. Украины тухайд 2014 онд Крымыг ОХУ-д нэгтгэснээс үүдэн Оросыг гэсгээх оролдлого 2014 оны 11 дүгээр сард Австралийн Брисбенд болсон G20-ийн уулзалтаар харагдсан. Аюулгүй байдал ба Украины хямрал гэх сэдэв голлосон. ОХУ-ын Ерөнхийлөгч уулзалтыг орхиж нутаг буцсан. Гэлээ гээд Оросыг ганцаардуулж чадаагүй, Орос хотойгоогүй. 2015 онд Туркийн Антальед G20-ийн лидерүүд дараагийнхаа дээд түвшний уулзалтад цугларахад Оросыг ганцаардуулах талаар ганц ч үг ганхийгээгүй. Тэр үед Украины гэхээсээ Сирийн асуудал хоолой дээр тулчихсан тул түүнийг тойрч ярилцсан. Энэ мэтээр Украины сэдэв алслан одож байх шиг. Германы Франк-Вальтер Штайнмайерын саяхны хэлсэн үг байна. “G8 нь G7 болж хувираасай гэж бид хүсэхгүй байна. Европын хөрш зэргэлдээ бүс нутаг - Сири, Ирак, Ливид өрнөж буй ужиграсан мөргөлдөөн, Ираны атомын хөтөлбөр тойрсон сөргөлдөөнийг зохицуулахад Орос бидэнд хэрэгтэй байна” гэжээ. ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Зигмар Габриэль “Орос бол бүс нутгийн гүрэн бус, дэлхийн тавцан дээрхи чухал тоглогч. Тийм учраас би Оросыг бүлэгтээ эргэж нэгдээч, G7-г G8 болгож хувиргаач хэмээн уриалмаар байна” гэжээ. Энэ хоёр зүтгэлтний үгээр G20 дахь Оросын байр суурь, жин нөлөөг дүгнэчихэж болмоор санагдах юм.
- Газрын тосны үнийн асуудал мөн гол сэдвүүдийн нэг байсан. Сүүлийн үед нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байгаа. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?
Шийдвэрлэх гэдгээр бүү асуу. G20 бол шийдвэр гаргадаг байгууллага биш ээ. Албан бус клуб, нэг ёсны нээлттэй индэр шүү дээ. Нефтийн тухайд G20 дотор нефтийн хоёр хүчирхэг нь Орос, Саудын Араб юм. Путин Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бен Салмантай Ханжоуд уулзсан. Мэдээж газрын тосны асуудлаа ярилцсан.
- Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн Азид хийж буй хамгийн сүүлчийн айлчлал гэсэн. Гэтэл түүнийг Хятадын тал маш хүйтнээр хүлээн авсан тухай хэвлэлээр бичиж байна. Энэ үеэр ч сэтгүүлчидтэй холбоотой асуудал гарсан талаар тодруулаач?
Энэ талаар би нарийвчлан судалсангүй. Ёслолын чанартай ганц нэг алдаа гарсныг улс төржүүлэх шаардлагагүй. Хятадын зүгээс санаатай тийм үйлдэл гаргасан юм биш.
- Уулзалтын үер Европын орнуудын баримталж буй дүрвэгсдийн асуудал дээр оролцогч орнуудын санал бодол нэлээд зөрөлдсөн юм байна. Энэ талаар та тодруулаач?
Дэлхийн дүрвэгсдийн хямрал нүүрлэлээ гэх мэдэгдэл, сануулга бишгүйдээ л дуулдаж байна. Англиар Global Refugee Crisis гэсэн нэр томъёо хэвшсэн. Эл хямралыг зохицуулахад дэлхийн бүх улс орнууд хамтаараа хариуцлага үүрье гэх уриа дуудлага тогтмолжих төлөвтэй. Тэр тухай л Ханжоуд ярьсан байна билээ. Гомдоллогч нь Европ ба Турк. Дээд түвшний уулзалтын дүнгээр гаргах албан мэдээний төслийг хэлэлцэх үеэр энэ тухай багагүй маргах шиг боллоо. Бусад улс орнууд эл хямралыг зохицуулахад оролц гэх шаардлагыг Турк, Европынхон шаргуу тавилаа. Монголыг ч энэ асуудлаас ангид бүү бай гэх шаардлагаа зарим нэг улс тавьж байгаа шүү дээ. Жил бүр 3000 дүрвэгч Араб, Ойрхи Дорнод, Афганистанаас Монголд хүлээн авах, эсвэл дэлхийн дүрвэгсдийн хямрал зохицуулахад жил бүр 5 сая ам.доллар тушаах шаардлага манайд тавьж байсныг би сайн мэдэх юм.
- БНХАУ-ын Дарга энэ үер Солонгосын хойгийн асуудлыг хөндсөн. Гэтэл яг үеэр БНАСАУ дахин Япон тэнгис рүү гурван ч баллистик пуужин харвасан тухай мэдээллээ. Энэ нь уг уулзалтад хэрхэн нөлөөлөх бол?
Хойд Солонгос пуужин харваад G20-ийн уулзалтад нөлөөллөө гэхэд хэн итгэх юм бэ? Энэ бол хэвлэлээр байнга дэгдээдэг сенсаац байна. Харин Хятадын Дарга БНСУ-ын Ерөнхийлөгч нар уулзахдаа Өмнөд Солонгост америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах Тhaad системийн эд анги байрлуулахыг эсэргүүцсэн байна билээ. Си Жинпин, Пак Кын Хе нарын уулзалтын мэдээнээс үзэж болно. Хямралыг цааш нь газар авахуулахгүй байх, гал дээр тос нэмэхгүй байхыг Хятад хүсч байгааг илэрхийлнэ лээ. БНХАУ-ын эсрэг чиглэж болзошгүй амдан сөнөөгч 48 пуужингийн 6 суурь төхөөрөг Хятадын хамар дор ирж байрлана гэдгээс Хятадын хувьд эмээж байгаа бололтой юм.