Нямдорж гэдэг “зэтгэр”
Өнгөрөгч баасан гаригт үдээс хойш хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн барьсан 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
Өнгөрөгч баасан гаригт үдээс хойш хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн барьсан 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт 28 хууль, УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцсэн байна.
Өргөн барьсан төсөлд төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20-30 хувь бууруулах, төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад нь өгдөг 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулах, гэнэт халагдсаны тэтгэмж зургаан сарын цалинг гурван сар болгох, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох, хүүхдийн мөнгийг ялгавартай олгох болон бусад заалтууд оржээ.
Пүрэв гаригт бүтэн өдөржин хуралдсан МАН-ын бүлэг, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг хуулиудын төслийг “Хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзэж төсөл санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэсэн ч баасан гаригт хуралдсан нэгдсэн чуулганы хуралдаан дээр гишүүдийн олонхи нь Засгийн газрын саналыг дэмжсэн байна. Тодруулбал, иргэдийнхээ халаасыг сэгсэрч хямралаас гарах МАН-ын санаачилга илүү бодитой болж эхэллээ. Өмнөх өдөр намын бүлэг дээрээ “Ам.долларын ханш өсч, төгрөг суларсан /нэг ам.доллар 2230 төгрөгөөс даваад байгаа. сурв/, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ үед цалинг нэмдэггүй юм гэхэд хасахгүй байх нь зүйтэй. Түүнийхээ оронд урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлаа таная” гэдэг шийдвэрт хүрсэн МАН-ын нөхдүүд маргааш нь үгнээсээ буцав. Энэ намын элдэв булхайг таахын ч арга алга.
Мартсанаас сонгуулийн маргааш “МАН мандтугай! Одоо том төслүүдээ явуулаад Төрийн албаа цэгцэлж, Улс төрийн намын хуулиа гаргах үлдлээ. Монгол улс мандан бадрах нь ээ!” хэмээн дарцаглаж явсан нөхөд одоо хаана очиж шороо самарч суугаа бол гэхээс элэг эмтэрнэ. Дээр нь нэрмээд хэлчихэд Сангийн сайд гуай 20 мянган төрийн албан хаагчийг цомхотголд оруулахаа зарласан. “Би үхэхээр чи үх ээ” л гэж байгаа хэрэг шүү дээ.
Уг нь бол 2002 онд баталсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуульд “Төрийн албаны зардал, төсвийн санхүүжилтийг бууруулах нь албан хаагчдын цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” /38.2/ гээд цагаан дээр хараар биччихсэн байна. Гэвч 65 суудалтай намд хууль ямар хамаатайв.
МАН-ын Засгийн газрын хямралаас гарах хэтийдсэн санаачлагуудын дотор хууль ёс байтугай хүн ёсноос гажсан бас нэг санал тусгагдсан нь шүүгчийг цалинг 61-63 хувиар бууруулах заалт. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн захиргааны тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ.
Жишээ нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд “төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулахдаа нэг удаа гаргуулах төлбөрийн хэмжээ цалингийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалт бий. Хэдий гэм буруутай байлаа ч тухайн хүнийг амьжиргааны эх сурвалжаас нь салгаж болохгүй гэсэн утгатай бөгөөд энэ нь “Цөлд уснаас салгаж болохгүй” гэсэн эрх зүйн зарчмаас үүдэлтэй. Харин Монголын шүүгчдийн эрх зүйн байдал үүнээс ч долоон дор орж байгаа тухай ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж ярьсан байна.
Гишүүн Ц.Нямдорж “Би 30 жил шүүхтэй ноцолдсон хүн, шүүхийг мэднэ” гэж их ярьдаг. Баасан гаригийн чуулган дээр ч бас л нөгөөхөө ярьсан байсан.”Гучин жил шүүхтэй зууралдаж, хамгийн олон байшин бариулж өгсөн хүн би энд сууж байна” гэж. Үнэндээ бол Ц.Нямдоржийн бариулсан гээд байгаа Завханы Тосонцэнгэл, Ховдын Булган сум, Горь-Алтай аймаг, Хэнтийн Бор-Өндөрийн шүүхийг барилгыг төсвийн хөрөнгөөр биш, Дэлхийн банкны санхүүжилтээр барьсан гэдгийг бүх шүүгчид мэднэ. Харин нөхөр өөрөө шүүхэд нэг тоосго төсөвлүүлэх нь байтугай шүүгчийн цалинг нэмлээ гэж гурван жил нойргүй яваа хүн. Адилхан хуульч хүн байж мэргэжлийн амбиц гэж нэг юм баймаар. Миний мэргэжил ийм үнэ цэнэтэй юм байна гэж бахархаж яагаад болохгүй гэж. Гэтэл шүүгч яахаараа прокуророос өндөр цалин авдаг юм гээд л тэчьяадаад явдаг.
Уг хүн өөрөө социализмын үед прокурор байсан юм гэнэ лээ. Прокурорын байгууллага “ерөнхий хяналтыг” хэрэгжүүлдэг /яг одоогийн мэргэжлийн хяналт шиг айл гэр, албан байгууллага бүрийн хаалгыг өшиглөж ороод хянаж шалгадаг/ байж. Шүүхийн шийдвэрийг хүртэл хянадаг байсан гэж байгаа. Ц.Нямдорж гишүүний хувьд тэр цаг үедээ үлдчихсэн хүн л дээ. Хуулийн зүйл анги, процедуураа бол ягштал цээжилсэн, түүнийгээ боловсрол гээд итгэчихсэн, өөрөөс нь өөр хууль мэддэг хүн байхгүй гэсэн агуу ихийн дэмийрэлтэй нөхөр л яваад байдаг. Намынх нь хэдэн “мал”-ууд ч үгнээс нь гарна гэж үгүй.
Гэтэл шүүх, прокурор хоёрын ажил тэнгэр, газар шиг ялгаатай. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч гурав бол шүүн таслах ажиллагааны оролцогчид мөн боловч мөрдөн байцаагч бол хууль сахиулагч. Шүүгч, прокурор хоёр хоёулаа хуульч мэргэжилтэн мөн боловч прокурор нь шүүхийн өмнө өмгөөлөгчтэй яг адил эрхтэй. Нэг нь төрийн өмгөөлөгч, нөгөө нь хувийн өмгөөлөгч гэдгээрээ л ялгаатай. Прокурор яллах талыг барьдаг бол өмгөөлөгч яллагдагчийн эрхийг хамгаалдаг. Харин шүүгч нь прокурор, өмгөөлөгч хоёрын мэтгэлцээн дундаас эцсийн шийдвэрийг гаргаж, хар цагааныг дэнсэлдэг. Шүүх эцсийн шийдвэрийг гаргаж, нийгэмд шударга ёсыг тогтоодог. Энэ утгаараа шүүхийн хараат бус байдлыг нэг номерт тавьдаг. Улс төр, эдийн засгийн хувьд хараат бус байх тухай.
Тийм учраас Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд шүүхийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах чиг үүрэг бүхий ШЕЗ-ийг байгуулж, аюулгүй байдлыг нь хангаж ажиллах чиг үүрэгтэй Тахарын албыг байгуулсан. “Шүүхийн эдийн засгийн баталгааг төрөөс хангана” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, "Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” /23.1/ хэмээн хуульчилсан. Аль нэг улс төрийн нам, хүчин эсвэл бизнесийн, гэмт хэргийн бүлэглэл /сүүлийн үед МАН-ын хийж байгаа үйлдэл бүхэн энэ ангилал руу ихээхэн ойртож байгаа гэдгийг сануулах юун/ үүнд оролцохгүй ээ гэсэн үг. Тэр тусмаа эдийн засаг хямарвал ингэнэ, тэгнэ гэсэн сонголтыг Засгийн газар, УИХ-д бүр ч олгоогүй.
Тиймээс ШЕЗ бол Үндсэн хуулиар байгуулсан Үндсэн хуулийн байгууллага. Хуулийн дагуу шүүхийн төсөв болон шүүгчийн цалинг ШЕЗ-өөс УИХ-д оруулж батлуулдаг. Энэ бол шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах төрийн амлалтыг хэрэгжүүлж буй хэрэг юм. Тиймээс сонгуульд олонхи болсон нам, түүний Засгийн газар “төсвийн алдагдлыг нөхөх” нэрээр шүүхийн хараат бус байдалд халдах эрхгүй. Харамсалтай нь энэ Засгийн газар, УИХ-д үүнийг ухаж ойлгох хэмжээний боловсролтой нөхөд алга юм шиг байна.
Засгийн газраас шүүгчийн цалинг хасах үндэслэлээ “Төрийн албаны тухай хуулийн 28.4-ийг зөрчиж, ижил ажил, албанд тушаалд адил цалин хөлс тогтоох зарчимд нийцээгүй” гэж оруулж ирсэн байна лээ. Нэгдүгээрт, шүүгч төрийн бусад албан хаагчидтай адил эрх барьж байгаа намын гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэггүй. Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс хуульд нийцсэн шийдвэр гаргаж, шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эрхийг ч зөвхөн шүүх эдэлдэг. Энэ утгаараа шүүгчийн ажлыг төрийн бусад албан хаагчидтай адилтгах боломжгүй юм. Шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн хариуцлага, цалин хангамж гээд бүх зүйл Төрийн албаны биш, шүүхийн багц хуулиар зохицуулагддаг. Тиймээс нэгдүгээрт, Засгийн газар үндэслэлээ буруу гаргаж, худлаа гөрдсөн байна.
Хоёрдугаарт, шүүгчийг хууль сахиулагчид болон шүүн таслах ажиллагааны бусад оролцогчидтой адилтгах боломжгүй гэдгийг дээр хэлсэн. Магадгүй, эрх барьж байгаа нам, Засгийн газар өөрийнхөө ажиллуулж байгаа төрийн албан хаагчдын хөдөлмөрийг хэрхэн үнэлэх, үр дүнд нь төрийн үйлчилгээний чанар ямар хэмжээнд очих нь тухайн нам, Засгийн газрын дур зорго байж болно л доо. Харин өөрсдийнх нь гаргасан шийдвэрийг ч хүчингүй болгох эрхтэй шүүх байгууллагын бие даасан байдалд халдах, эдийн засгийн баталгааг үгүй хийх эрх тэдэнд байхгүй. Сонгуулийн дараа эрх авсан нам, хүчин болгон өөрсдийн дур зоргоор шүүхийн төсвийг танадаг, шүүгчдийг цалинг хасдаг, өмнөө бөхөлзүүлдэг, хүссэнээрээ доромжилдог байх юм бол шүүх засаглалын бие даасан байдал, шударга ёсны итгэлцүүр алга болно оо л гэсэн үг.
Ийм энгийн зүйлийг ойлгохгүйгээр шүүгчийг прокурор, мөрдөгчтэй адилтгаж, цалинг нь бууруулна гэж ярих нь нэг бол ихээ хол хоцорсон хүний үг, үгүй бол улаан цайм хонзогносон хэрэг. Яах вэ, Ц.Нямдорж гишүүн нэг удаа шүүхээр ороод Х.Баттулга гишүүнээс уучлал гуйх шийдвэр хүлээж авсан л юм гэнэ лээ. Тэглээ гээд ингэтлээ он удаан жил хонзогнох нь юу ч вэ. Хоцрогдсон гэвэл байраа тавьж өгч, хонзон байвал хуулиар шийдүүлэх л ёстой.
ШЕЗ-өөс хийсэн судалгаагаар нийт шүүгчдийн 98 хувь нь ямар нэг төрлийн зээлтэй, олонхи нь давхар зээлтэй гэсэн байна. Үүнээс 80 орчим хувь нь орон сууцны зээлтэй. Цалин нь нэмэгдээд амьдралын баталгааг нь хангах хэмжээнд хүрээд ирэхээр хэн ч гэсэн орон байртай, унах унаатай болохыг хүсдэг. Ерөөсөө бүх монголчуудын амьдрал тийм. Бид байтугай дэлхий тэгж амьдардаг. Гэтэл тэр цалингийнх нь 60-аас илүү хувийг танаад хаячихаар шүүгчид “эдийн засгийн хувьд хараат бус” байх боломж үлдэх үү? Цалингийнхаа 45 хувийг барьцаалаад орон сууцны зээл авчихсан шүүгч үлдсэн 60 хувийг нь тануулчихаад юугаараа амь зуух вэ? Банкинд байраа хураалгаад бүгдээрээ гудамжинд гарах уу, ажлаасаа гараад аль нэг баян компанийн өмгөөлөгч болох уу?
Өнгөрсөн үед хуульчдын өмнө яг ийм сонголт тулгарч, хамгийн сайн хуульчид нь хувийн компанид, харин чадвар муутай, танил талтай нь шүүхэд ажиллаж, шүүхийг олон нийт “авлигажсан”, “ах, дүүгээрээ сүлбэлдсэн” гэж шүүмжилдэг байлаа. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийг олон нийтийн дэмжлэгтэйгээр амжилттай эхлүүлж, шүүгчид тавьдаг шалгуурыг өндөрсгөж, хариуцлагыг чангатган тэр хэрээр цалинг нь зөвхөн Монголын нөхцөлд л “хангалттай” гэж үнэлэгдэхээр тогтоож өгсөн. Ердөө 2,7 сая төгрөг. Тиймээс шүүгчийн цалинг зөвхөн эдийн засгийн утгаар харах боломжгүй юм. Шүүгчийн цалин ганц шүүгчийн асуудал гэхээс илүү нийгмийн шударга ёс, хуулийн засаглалын хувь заяаны асуудал гэдгийг ард түмнээс мандат авсан хэн гуай ч мэдэж байх ёстой.