Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монгол оронд хөгжлийн сайхан ирээдүй бий
Монголбанкны ерөнхийлөгч, доктор, профессор Н.Баяртсайханыг шинэ ажлаа аваад удаагүй байхад нь дэлгэрэнгүй ярилцлага авч уншигч та бүхэнд хүргэж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч буй эхний ярилцлага юм. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед түүний юу ярих нь нийгмийн анхаарлын төвд байгаа билээ.
-Урьд нь УИХ-ын гишүүнээр олон жил ажилласан мөн Сангийн сайдын албыг хашиж байсны хувьд өнөөгийн эдийн засгийн байдал ялангуяа банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаанд бодит дүгнэлт өгч, цаашид хийх алхмуудын талаар сайн багцаалах хүн гэж таныг бодож байна.
-Манай орны эдийн засаг, банк, санхүүгийн бодлого, хэрэгжилт өнөөдөр ямар байна гэхчилэн өөрийнхөөрөө мэдэрч, харж, ойлгож байгаа зүйлс байна. Монголбанкыг бол түүхээс нь эхлээд мэднэ.
-Түүхээс нь ээ...
-Тийм ээ, түүхээс нь эхлээд мэднэ. Монгол Улсад банкны системийг бий болгоход оролцсон олон хүмүүстэй уулзаж, үг сургаалийг нь сонсож, заримтай нь хамт ажиллаж, гар бие оролцож явсан хүний хувьд өнгөрсөн хугацаанд ямар хүндрэл бэрхшээл хийгээд бас ололт амжилттай зам туулсныг, цаашид яаж явбал зөв байх талаар өөрийн бодол бий. Монголбанкны түүхийг би саяхан ажилтнуудтай уулзахдаа ярьсан. Монгол Улсад 1900-аад онд өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт байгаагүй юм. 1911 он хүртэл Манж Чин улсын янчаан, түүнээс хойш орос рубль улсын төсөв зохиохдоо хэрэглэж байсан. Төсөв орлого муутай байсан тул төсвөөс гадуурх зардлыг Хятадын пүүсээс өндөр хүүтэй зээлж авдаг байж. Тэр үед ганц Хятад бус Орос, Америк, Япон зэрэг орны худалдаачдын Монгол дахь наймаа нь өргөжиж нэмэгдэх тусам санхүүгийн зуучлагч нарын хэрэгцээ ихэссэн тул Орос-Хятад худалдаачид хамтран 1900 онд “Орос-Хятадын банк” байгуулсан. Энэ банк нь удалгүй хаагдсан байдаг. Учир нь зээл авсан манай ноёд зээлээ тогтмол төлдөггүйн улмаас өрийн үлдэгдэл ихсэж хаалгаа барьсан юм билээ. 1907 онд Хятадын нэг банк Их хүрээнд нээгдээд 1912 онд бас хаагдсан. Ингээд 1915 онд Орос улсын дэмжлэгтэйгээр "Монголын Үндэсний банк" нээгдсэн хэдий ч 1919 онд бас л хаагдаад 1921 онтой золгосон. Монгол Улс үндэсний мөнгөн тэмдэгт хэвлүүлэх гэрээ байгуулж, зэрэгцээд банк байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлснээр 1924 оны зургадугаар сарын 25-нд Монгол-Оросын хамтарсан “Монголын Худалдаа, Аж үйлдвэрийн банк” байгуулагдан Монголбанкны түүх эхэлсэн. 1925 оны зургадугаар сард Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг” анх гүйлгээнд гарсан байдаг юм. Ингээд 1954 онд Оросын тал Монголын худалдаа Аж үйлдвэрийн банкны дүрмийн санд оруулсан өөрийн эзэмшил, хувь хөрөнгөө Монголын талд шилжүүлсэнээр БНМАУ-ын банк болж шинэчлэгдэжээ. Харин 1990 оноос Улсын банкны ганц шатлал бүхий тогтолцоог өөрчлөх хэрэгтэй болсон. Ингээд Монголбанкны тухай хуулийг Улсын Бага хурлаар баталж, банкны хоёр шатлалтай тогтолцоо үүсэх хууль эрх зүйг бүрдүүлсэн юм. Энэ хуулиар анх удаа Монголбанк Засгийн газраас шууд хамааралгүй, бие даасан үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. Энэ үеэс хойшхи санхүү, эдийн засаг, хууль тогтоох ажиллагаанд миний бие оролцож ирсэн тул бүр ч сайн мэднэ. Одоо мөрдөж байгаа Банкны тухай хууль, Төв банкны тухай хуулиудыг 1996 онд баталсан, дараа нь олон удаа өөрчлөлт оруулахад би бас оролцож байжээ.
-Түүх өөрөө сонирхолтой байдаг л даа. Ялангуяа тань шиг салбараа сайн мэддэг хүнээс сонсох нь бүр ч сонирхолтой байна. Гэхдээ хоёулаа энэ сэдвээ түр орхиод өнөөдрийн банк, санхүүгийн орчин дахь бодит нөхцөл байдлын талаар ярилцъя.
-Өнгөрсөн жилүүдэд Монголбанкнаас хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, банкны салбарын одоогийн байдалтай танилцаж байна. Бодит нөхцөл байдал бол үнэндээ хүндхэн л байна. Даван туулах арга замаа л хайх хэрэгтэй гэдэг нь миний ажлын эхний зарчим.
-Хүндрэлээс гарах боломж бололцоо ойрын үедээ хэр харагдаж байна вэ?
-Боломж бололцоо бол дандаа л байж байдаг. Энэ байтугай хүндрэлээс гарч байсан ойрын түүх, туршлага бидэнд байна. Өнөөдрийнхөөс хүнд нөхцлийг даван туулах төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлэхэд гар бие оролцож явсан хүн шүү дээ, би.
-Тэр түүх тань харин өнөөдөр сонирхолтой байна?
-1992 онд УИХ-ын залуу гишүүдийн нэг нь би байлаа. Улс орны нөхцөл байдал хэцүү байсан. Тэр үеийн УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд П.Жасрай гуай, Монголбанкны Ерөнхийлөгч Д.Моломжамц гуай нар яаж зүтгэж байсныг би нүдээрээ харж байсан. Алт диллерийн хэрэг мандаад, улсын валютын нөөц барьцаанд тавигдчихсан байсан үе. Тэр алт диллерийн хэрэг гэдгээр чинь манай улс 110-аад сая америк долларын өрөнд ороод, тэр өрөө төлөхийн тулд Монголбанкны нөөцөнд байсан дөрвөн тонн алтыг олон улсын нэг банкинд барьцаанд тавьчихсан байсан. Барьцааны гэрээ байгуулахдаа нэг унц алтны үнэ 260 америк доллараас доошоо унавал тэр алт Монгол Улсын мэдлээс гарна гэжээ. Нэг өдөр П.Жасрай гуай баргар царайтай орж ирсэн. Алтны үнэ 260 америк доллараас доош орсон, барьцаанд тавигдсан алт манайх биш боллоо, тиймээс одоо худалдах шийдвэрээ гаргая гэж билээ. Тэр үеийн УИХ, Засгийн газар хамтран дорвитой алхамуудыг хийж хүндрэлийг хэрхэн даван туулсныг Монголын ард түмэн мэдэж байгаа. Миний бие тэр үед УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга байсан юм.
-Дараагийн хүнд үе мэдээж 2000 он байх.
-2000 онд би УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга байсан. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал бас л амаргүй байсан. УИХ, Засгийн газар, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж намайг ахлагчаар нь томилж Вашингтон хот руу явуулсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Т.Очирхүү, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батсүх, Сангийн дэд сайд Л.Энхтайван, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Ч.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байсан.
-Тэнд очоод юу хийв?
-Вашингтонд бүтэн долоо хоног ажиллаж Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хэлэлцээр хийж, эдгээр байгууллагуудын санаа бодол, чиглэлийг ойлгож авав. Ингээд буцаж ирээд 2001 оны Улсын төсвийг хэлэлцэн батлуулж Эдийн засгийн хүндрэлийг даван туулах эхний алхмыг хийсэн. 2003 онд Орос улсад төлөх “Их өр”-ийг Монгол Улсад маш ашигтай нөхцөл байдлаар төлж барагдуулахад УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд бас оролцсон юм. 2006 онд намайг Сангийн сайдаар ажиллаж байх үед Эдийн засгийн нөхцөл байдал эрс дээшилж Монгол Улсын төсөв ашигтай гардаг, орлого нь зарлагаасаа давдаг, илүү гарсан мөнгөө бид Монголбанкинд тусгай дансанд байршуулдаг болсон юм. Тэр үед намайг манай УИХ-ын гишүүд "Баяртсайхан бол хамгийн азтай Сангийн сайд" гэж хэлдэг байлаа. Монгол Улсын валютын нөөц анх удаагаа нэг тэрбум америк долларын босго давсан даа.
-Одоо бол таныг Монголбанкны хамгийн азгүй Ерөнхийлөгч гэж хэлэх байх.
-Намайг Монголбанкны азгүй Ерөнхийлөгч гэж хэлэхэд арай л эрт байна. Би энэ ажлыг хүлээж аваад хэрэг дээрээ гурван долоо хоног өнгөрч байна. Ажил дөнгөж эхэлж байна. Асуудлыг улс орны эрх ашгийн төлөө шийдэх, хүндрэлийг даван туулахын тулд шаргуу ажиллана. Гэрэл гэгээ байлгүй яахав дээ.
-Ирэх хоёр жилд Монгол Улс их хэмжээний өр зээл, хүү төлнө. Яаж даван туулах вэ?
-2017, 2018 онууд амаргүй жилүүд байх болно. Урьд нь авсан нэлээд хэмжээний өр зээл, төлбөрүүд энэ хоёр оныг дамжин төлөгдөхөөр байгаа. Авсан зээлүүдийн болзол нөхцөлүүдийг зөөллөх чиглэлээр хөрөнгө оруулагчид болон Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж хурдтай ажиллах шаардлагатай боллоо.
-Та бүхэн нөхцөл байдлын үнэлгээгээ хийгээд явж байх шиг байна. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлд нэн тэргүүнд нөлөөлсөн бодит хүчин зүйл юу байна вэ?
-Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад санхүүгийн сахилга бат алдагдсан нь хүндрэлд нөлөөлсөн голлох хүчин зүйл.
-Тодорхой яривал...
-Монгол Улс хэд хэдэн төсөвтэй явж ирсэн байна. УИХ-аар батлагддаг албан ёсны төсөв гэж байна. Хөгжлийн банкаар санхүүждэг төсөл, хөтөлбөрүүд гэж хоёр дахь төсөв гарч ирлээ. Дээр нь Монголбанкнаас санхүүжүүлж хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд байна. Дөрөв дэх нь хяналтгүй явсан төсөв буюу маш олон концессийн гэрээ байгуулсан байна.
-Таныг Сангийн сайд байхад энэ бүхэн яаж явдаг байсан юм бэ?
-Намайг Сангийн сайд байх үед Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр гэрээ хийхгүй, нэг тэрбумаас дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийхийн тулд Сангийн яам, сайдаас зөвшөөрөл авдаг байсан. Өөрөөр хэлбэл нэг цонхоор төсвийн бодлого явагдаж байсан юм.
-Таны өнгөрсөн долоо хоногт нийгэмд хүргэсэн мэдээлэл шуугиантай байлаа. Улсынхаа сан хөмрөгийг нэг нэгэнгүй нийтэд дэлгэдэг Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч аль ч улсад байдаггүй гэж хүртэл шүүмжлэл дагууллаа.
-Ажлаа авснаас хойш гадныхантай хийх ажил хэргийн уулзалтад дарагдаж байна. Сая таны өмнөхөн Азийн хөгжлийн банкныхан уулзлаа. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах нь маш чухал. Тэдний зүгээс юу мэдрэгдэж байна гэхээр манай улсыг биднээс илүү мэдэж байна. Манай банк, санхүүгийн нөхцөл байдлаас эхлээд эдийн засгийн хүндрэлүүд, түүнд нөлөөлсөн хүчин зүйлс гээд.
Харин монголчууд маань улс орныхоо нийгэм эдийн засгийн бодит нөхцөл байдлыг төдийлөн сайн мэдэж байна уу, үгүй юу. УИХ-ын гишүүд нь нөхцөл байдлыг зөв үнэлж, дүгнэхээс ажлаа эхэлнэ. Тэд өөрийн гэсэн бодит мэдээлэлтэй байх ёстой. Миний зүгээс өнгөрсөн хугацаанд нийгмийн сэтгэл зүй рүү хандсан ямар ч мэдэгдэл хийгээгүй.
-Юу гэсэн үг вэ. Бүгд л Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдээллээр бол... гээд ярьж, бичиж байгаа шүү дээ.
-Монголбанкны Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүний асуултанд Их хурлын чуулганы танхимд хариулт өгсөн. УИХ Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн нөхцөл байдал, нөөц, валютийн ханшийн өсөлтийн талаар бодит байдлыг мэдэж байх ёстой. Бодит мэдээлэл дээр тулгуурлаж төрийн эрх барих дээд байгууллага ажиллаж, бодлого боловсруулж, хууль тогтооно шүү дээ.
-Тодорхой хариулт байна. Ер нь бол валютын ханш хэрхэн өсөж байгааг хүн бүр мэдэж байгаа. Одоо долларын ханшийг тогтворжуулахын тулд интервенц хийх боломжгүй болжээ гэж ойлгох уу.
-Яг тэгж ойлгож болохгүй. Ер нь бол амаргүй л байна.
-Тэгвэл долларын ханш цаашид яах вэ. Өсөөд л байх хэрэг үү.
-Өнөөдрийн валютын ханшийн өсөлт бол зохиомол гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тийм болохоор хүмүүс өнөөдрийн америк долларын ханшид битгий хуурт, битгий сандар гэдгийг хэлье. Валют, долларын ямар ч хэрэгцээгүй байж гар дээрээ байгаа төгрөгөө америк доллар болгох хэрэггүй. Монголд төгрөг л гүйлгээний хэрэгсэл. Зарим иргэд төгрөгийн ханш цаашид унана, доллар өсөх юм байна гээд төгрөгийн хадгаламжаа долларынх болгохоор арилжааны банк руу очиж байна гэсэн. Ингэж болохгүй. Тодорхой хугацааны дараа долларын ханш уруудна. Төгрөгийн хадгаламж бол өндөр хүүтэй, валютынх бол харьцангуй бага. Дээр нь хадгалуулсан төгрөгийн хүүг тухайн иргэн ингэж өөрчилсөнөөр алдаж байна.
-Зохиомол гэдгээ тодорхой хэлж өгөөч. Долларын ханшид ямар хүчин зүйлс нөлөөлөөд байна вэ. Танд бүх талын мэдээлэл байгаа шүү дээ.
-Зохиомол эрэлт яваад байгаа юм. Цаад учир шалтгааныг нь ч гадарлаж байна. Хэн ийм зүйл хийгээд байгааг ч мэднэ. Бид дорвитой алхамууд хийнэ. Ер нь дан ганц интервенцээр валютын ханшаа барих гэдэг бол гол арга зам биш. Өчнөөн арга байна. Тэр дотроо хамгийн сайн арга бол Монголын эдийн засаг руу валютын урсгал нэмэгдүүлэх. Тэгж байж л бид сэргэнэ. Валютаа зарж байж ханшийг барихгүй. Том төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдаа дайжуулах биш урин залах чиглэлд өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагаа нэлээн эрч хүчтэй, зоригтой чиглэх юм байна гэж харж байгаа. Бас экспортоо нэмэгдүүлж валютын орлогоо хуримтлуулна. Түүний зэрэгцээ дотоодын валютын биржийг байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулах, үндэсний банк, санхүүгийн байгууллагуудын валютын нөөцийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн валютын арилжаанд оролцох боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Хорвоо ертөнц дээр нартай өдөр ч байдаг, бороотой, цасан шуургатай өдөр ч байдаг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдрал өнөөдөр нэгэн бүрхэг өдрийнхөө мөчлөг дээр л явж байна. Тийм болохоор аль аль талдаа цаг алдалгүй эрчтэй, хурдтай ажиллах зайлшгүй шаардлагатай. Бүх шатандаа шоргоолж шиг ажиллах хэрэгтэй.
-Төр засгаас тийм ч нэг их тодорхой алхамууд харагдахгүй байна.
-Одоо Засгийн газар 2016 оныхоо төсвийн тодотголыг ярьж хэлэлцэх байх. Дараа нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдана. Ингээд л бүх зүйл тодорхой чиг баримжаатай болно. Удахгүй Монголбанкаас 2017 онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-д оруулж батлуулна. Хүндрэлтэй нөхцөлийг даван туулж гарахын тулд хэд хэдэн чиглэлээр зоримог алхамууд хийх ёстой. Юуны өмнө Хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллахыг цаг үе шаардаж байна. Зогсонги байгаа томоохон Цахилгаан станцын төслүүд, тухайлбал Улаанбаатарын V Дулааны цахилгаан станц, Тавантолгойн, Багануурын, Бөөрөлжүүтийн, Тэвшийн говийн дулааны цахилгаан станц, Цогтцэцийн салхин цахилгаан станцуудын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Боловсруулах үйлдвэрийн тухайд Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суваргыг түшиглэсэн зэс хайлуулах үйлдвэр, Таван толгойг түшиглэсэн нүүрс угаах, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийг байгуулах, Төмөртэй, Төмөртолгой зэрэг ордуудыг түшиглэсэн Хар төмөрлөг, металлургийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн, экспортыг дэмжсэн мега төслүүдийг хэрэгжүүлэх, зоригтой хөдлөх цаг болсон. Цаг хугацаа огтхон ч алдаж болохгүй.
-Эдгээр төслүүдийг чинь өмнөх жилүүдэд мөн ч их ярьсан даа.
-Одоогийн УИХ, Засгийн газар нь нэгдмэл нэг бодлогоор ажиллах боломж бүрдсэн. Энэ бол онцгой боломж. Ганцхан зориг л хэрэгтэй. Үүн дээр нэмж хэлэхэд өнөөдөр хэмнэлтийн горимд шилжих зайлшгүй шаардлагатай болсон. Төсвийн алдагдлаа багасгаж, үр ашиггүй зардлаа танах цаг ирлээ. Ингэж зардлаа бууруулаад нөөц сан бүрдүүлэх чиглэл рүүгээ эрчимтэй шилжмээр байна. Албан байгууллага, хувь хүн бүр хэмнэлтийн тухай бодох цаг болжээ. Хувь хүн, өрх бүр хуримтлал бий болгох, Хөрөнгө оруулагч үндэстэн болох зам руу ормоор байна. Түүний зэрэгцээ улсынхаа гадаад валютын нөөцийг арвижуулах бодлого, үйл ажиллагаа нэн шаардлагатай байна.
-Өмнөх он жилүүдэд Монголбанк хуулийн хүрээнд ажиллаж чадаж уу?
-Үндэсний аудитын газар удахгүй дүгнэлтээ гаргана. Тийм болохоор төрийн байгууллагын албан ёсны дүгнэлт байр сууринд тулгуурлаж ярих нь зөв.
-Цаашид Монголбанк хараат бус ажиллаж чадах уу?
-Засгийн газраас хараат бус байх зарчмаар ажиллана. Гэхдээ хараат бус гээд Засгийн газартай ажиллахгүй гэсэн хэрэг биш. Монголбанк нь Засгийн газрын санхүүгийн зууч, шаардлага гарвал Засгийн газарт зээл олгоно, валютын нөөц нэмэгдүүлэхэд оролцоно, гадаад төлбөр тооцоог эрхлэнэ.
-"Стэнд бай" хөтөлбөрийг сүүлийн үед их ярих боллоо. Энэ хөтөлбөрт Монгол Улс хамрагдах зайлшгүй нөхцөл байдал үүссэн үү.
-Одоо тийм, ийм гэж хэлэхэд эрт байна. Олон улсын валютын сангийнхантай хэлэлцээрт орьё, үйл ажиллагааныхаа хэлбэрийг ольё. УИХ, Засгийн газар, Монголбанк бүгдээрээ нийлээд Монголоо хөгжүүлж, өөд татахын төлөө зүтгэнэ. Гэхдээ хувь хүн, айл өрх, компани, аж ахуй нэгж, байгууллага бүр өөрсдийнхөө төлөө, амьдрал, аж байдлынхаа төлөө, бизнесийнхээ төлөө хариуцлага хүлээх, харин төрийн зүгээс тэдний хөгжих, амжилтад хүрэх нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх нь л бидний хийх хамгийн том ажил, хамгийн том хариуцлага. Үүний төлөө шат шатны төрийн байгууллага чанартай ажиллах хэрэгтэй. Бизнес, аж ахуй эрхлэгчидээ дарамтлах, аар саар зүйлээр чөдөр тушаа тавьдаг явдлаас салах цаг болсон. Бид хөгжүүлээд өгье гэдэг биш, харин хөгжих боломж, нөхцөл, орчныг нь бүрдүүлнэ гэдэгт л бүх ажил чиглэгдэнэ. Ингэвэл Монгол оронд хөгжлийн сайн сайхан ирээдүй байна. Үүнд иргэн бүрийн оролцоо чухал байна. Миний бие өнгөрсөн найман жил Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны удирдлагад ажиллахдаа Монголын бүх аймаг, сумаар явж, малчид, тариаланч, хоршоологчдын дунд ажиллаж амьдарлаа. Монгол хүн мөрөөдөлдөө хүрч, сайн сайхан амьдрах учиртай. Үүнд нь Монголын төр үйлчлэх, туслах ёстой.
-Монгол улсын өнөөдрийн хүндрэл бэрхшээл хэзээ дуусч, хэзээ сэргэлт мэдрэгдэх вэ. Монголбанкны Ерөнхийлөгчийн хувьд та яаж харж байна.
-Гадаад, дотоод нөхцөл байдлыг ажиглаж байхад Монгол Улсад 2018 оны хоёрдугаар хагасаас сэргэлт мэдрэгдэнэ. Тэрнээс цааш аятайхан явчихна. Би үүнд итгэлтэй байна.