Хотын төв дэх том ба жижиг ТҮЦ
Монголын хөрөнгийн бирж гэх сайхан барилга байгууламж бүхий байгууллага хотын төв талбайн чанх баруунтаа оршдогийг бид мэднэ. Сайхан байгууллага ч гэх юу байхав, уг нь бүдүүн тоймоор бол Нарантуултай л адил зах юм. Яагаад гэхээр уг зах дээр гарснаар компаниуд өөрсдөдөө хөрөнгө оруулалт татах, оронд нь хувьцаагаа өгөх арилжаа явуулдаг учраас ийн жишиж буй хэрэг.
Монголын хөрөнгийн бирж гэх сайхан барилга байгууламж бүхий байгууллага хотын төв талбайн чанх баруунтаа оршдогийг бид мэднэ. Сайхан байгууллага ч гэх юу байхав, уг нь бүдүүн тоймоор бол Нарантуултай л адил зах юм. Яагаад гэхээр уг зах дээр гарснаар компаниуд өөрсдөдөө хөрөнгө оруулалт татах, оронд нь хувьцаагаа өгөх арилжаа явуулдаг учраас ийн жишиж буй хэрэг. Ердийн л нэг захын үйл ажиллагаа явуулдаг энэхүү Хөрөнгийн бирж буюу хөрөнгийн зах зээл нь аливаа улс оронд үндэсний компаниудаа хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой байдаг.
Тухайн үйлдвэрлэгч ашиг орлого өндөр байгаад тэр хэрээр ногдол ашгаа хуваарилж байвал зах дээрх хувьцааных нь үнэ өснө. Хувьцааны үнэ өсч байна гэдэг нь босгож буй хөрөнгө оруулалтынх нь хэмжээ нэмэгдэнэ. Энэ бол өмнөхөөс том үйлдвэр байгуулах, өмнөхөөсөө илүү ашиг олох боломж, бас эргээд хувьцаа эзэмшигчдэдээ илүү их ашиг хуваарилах нөхцөл гэсэн үг. Томоохон үйлдвэр, дэд бүтэц, төслийг ганц хөрөнгө оруулагч, ердөө нэг банк санхүүжүүлэх боломж тэр бүр байдаггүй бол хөрөнгийн зах зээл дээр тухайн компани буюу үйлдвэрлэгч хувьцаа гаргаснаар олон хөрөнгө оруулагчийг татаж, шаардагдах хөрөнгө оруулалтыг босгож болно. Чухам ийм байдлаар үндэсний үйлдвэрлэл, эдийн засагт эергээр нөлөөлөх арга замыг л “Хөрөнгийн зах зээл” санал болгодог юм.
Харин энэхүү хөрөнгийн зах зээл манайд хорь гаруй жилийн өмнөх төрийн өмч хувьчлалын зорилгоосоо хэтэрч чадалгүй өнөөдрийг хүрч байна. Тэртээ 2009 онд Сү.Батболд Ерөнхий сайд болсныхоо дараахнаас Хөрөнгийн зах зээл хөгжлийн хөшүүрэг гэх утгатай бодлого, зорилтыг дэвшүүлж, Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй хамтарч ажиллахаар болж нэлээдгүй анхаарлын төвд орж байсан ч тэр нь бүтэлгүйтлээр төгссөн юм.
Үүнээс хойш хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогын асуудал инерцээ алдалгүй нэг хэсэгтээ өндөр аван явсаар 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан парламентын үед Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хууль батлагдахад хүрчээ. Ингээд шинэ биржийн тухай Сү.Батболдын мөрөөдөл дараагийн Засгийн газрын үед Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хууль болон цаасан дээр бууснаас хойш амар сайхандаа жаргасан гэлтэй.
Уг нь дээрх хууль 2014 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээр хөрөнгийн зах зээл цоо шинэ шатанд гарах бололцоо нээгдсэн гэх боловч тэр хөрсөн дээр өнөөдрийг хүртэл өвс ногоо, цэцэг, жимс ургасангүй. Сүүлдээ ч улс төрийн намуудын хуваарилдаг бялуу бүхий суудлын тооноос Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын орон тоо хасагдахдаа хүрчээ.
Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хуулийг “зохиож” байх үед “зохиогчдын” нэг болох УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Аль ч улсын үнэт цаасны зах зээлийн гол тоглогч нь мэргэжлийн хөрөнгө оруулагч нар байдаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагч гэдэгт тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан /нээлттэй, хаалттай/-гууд, даатгалын сангууд, хөрөнгө оруулалтын банкууд хамаарна. Тэдгээрийг энэхүү харилцаанд оролцох боломжийг анх удаа нээлээ. Энэ бол маш том дэвшил” гэж хэлж байв. Өнөөдөр энэ бололцоог ашиглая гэж хэн ч хаалга үүд тогшсонгүй. Хоёрдугаарт “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын бирж дээр бүртгэлтэй 43 компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шууд арилжаалах бололцоо нээгдсэн” гэж тэрбээр онцолж байсан ч тэдгээрийн нэг нь ч манай зах дээр үзэгдсэнгүй.
Өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.8 их наяд төгрөг орчим буюу нийт эдийн засгийн маань 10 орчим хувь гэсэн үг. Харин энэ зах зээлд эргэлдэж буй нийт мөнгөний хэмжээ 500 сая ам.долларт ч хүрэхгүй байгаа. Үнэндээ бол энд эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ Нарантуул зах дээр эргэлдэж буй мөнгөнөөс бага ч байж магадгүй бөгөөд энэ тоо дор хаяж таван тэрбум ам.долларт хүрсэн тохиолдолд л бид өнөөх гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 43 компанийг Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гарга гэж “загнах” эрхтэй болох юм. Тэгээгүй тохиолдолд бид “Zegna” фирмийн костюмыг ТҮЦ-нд зарах гэж байгаатай л адил. Хэн ч ТҮЦ-нээс брэнд авах гэж очдоггүй. Уг нь костюм хэрэгтэй юу, хэрэгтэй. Гэхдээ түүнийг хүн худалдаж авахгүй л бол дэмий, аль алиндаа зардал, чирэгдэл шүү дээ.
Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж гэдэг энэ байгууллага сайхан барилгатай л болохоос бус ТҮЦ хэвээрээ л байна. Тэнд бүртгэлтэй буюу лангуутай компаниудаас өнөөдөр “АПУ” ХК л хамгийн өндөр ашигтай ажиллаж, хагас жилийн цэвэр ашиг нь 9.7 тэрбум төгрөгт хүрчээ. Биржийн нэгдүгээр ангилалд багтдаг тус компанийн хувьцааны үнэ энэ мэдээтэй уялдаад өсөх байх. Монголын санхүүгийн салбарын 96-98 орчим хувийг банкны салбар эзэлж байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 80-90 орчим хувьтай тэнцэх мөнгө зөвхөн арилжааны банкуудад эргэлдэж байна гэсэн үг. Баялаг бүтээгчид хөрөнгө оруулалт гэдгийг гагцхүү арилжааны банкуудын өндөр хүүтэй зээл гэдгээс өөрөөр ойлгох бололцоо алга гэсэн үг. Энэ бүхэн нь нэг талаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага хэчнээн өндөр байгааг харуулж буй хэрэг юм.
Яг одоо шинэ Засгийн газар эдийн засгийг аварч үлдэх бодлого, гарцаа хайж буй цаг үе. Харин шинэ Засгийн газрын бодлогыг тодорхойлолцох учиртай Санхүүгийн зохицуулах хороо энэ өдрүүдэд бүтцийн өөрчлөлт хийхдээ өмнөх бүтцээс Зах зээлийн хөгжлийн газар хэмээх судалгаа, бодлого, төлөвлөгөөний нэгжийг хасч хаяжээ.
Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа, зах зээлийг хөгжүүлэх үүрэг хасагдаж, зохицуулагч, хянагчийн үүргээ л хадгалж үлдэв. Түүний шинэ даргаар өнөөгийн эрх баригч намын дарга М.Энхболдын эдийн засгийн бодлогын зөвлөх асан С.Даваасүрэн томилогдон очсон бөгөөд хэт данхайсан бүтцийг жижиглэх зорилго тавьсан нь энэ. Хэчнээн данхар ч гэлээ хүн тархины хэмжээгээ танаж болохгүй.
Монголын хөрөнгийн зах зээл гэх хөөрхий ТҮЦ-ний дайтай жижгээрээ хорь гаруй жилийг туулчихлаа. Харин түүний эсрэг хотын төв талбайн чанх зүүнтээ байх жинхэнэ утгаараа Zegna, LV зэрэг брэндүүд зардаг том гарын “ТҮЦ” жилээс жилд цэцэглэн хөгжсөөр байх болов уу.