Хайр ба өс хонзон
Миний хүү. Би чамд нэг үгээр хэлж өгье. Хүү минь чиний аав эзэн хаан биш, чиний аав эгэл жирийн нэгэн. Гэхдээ хэн ч бай хамаагүй. Үрээ гэх үүрдийн сэтгэл бүгдэд бий. Эзэн хаанд ч байгаа эгэл нэгэн иргэнд ч бий. Юу үнэн энэ үнэн. Би ингэж бодож байна.
Хүү минь Нүглийг аминд тулавч бүү үйлд
Нүглийг нүглээр угаадаггүй юм
Миний хүү. Би чамд нэг үгээр хэлж өгье. Хүү минь чиний аав эзэн хаан биш, чиний аав эгэл жирийн нэгэн. Гэхдээ хэн ч бай хамаагүй. Үрээ гэх үүрдийн сэтгэл бүгдэд бий. Эзэн хаанд ч байгаа эгэл нэгэн иргэнд ч бий. Юу үнэн энэ үнэн. Би ингэж бодож байна.
Эрт урьдын цагт Чан-Шөү нэртэй нэгэн хаан байжээ. Чан Шөү гэдэг бол мөнх амьдрал гэсэн үг ажээ. Гэхдээ тэр хаан өнөөдөр байхгүй. Эзэн хаан мөнх бус. Хэн ч мөнх бус. Сайн ч бай, муу ч бай. Мөнхийн юм гэж байхгүй билээ. Би ингэж бодож байна. Тэр хаан тун их ухаантай. Агуу их хайр гэрэлтсэн. Өндөр их ёс суртахуунтай хаан хүн байжээ. Тэр хаан тун их ухаантай. Агуу их хайр гэрэлтсэн. Өндөр их ёс суртхуунтай хаан хүн байжээ. Тэр хаан улс орноо, ард иргэдээ хайр энэрэл итгэл бишрэл гэсэн хоёр их хүчит далавчаа удирдан жолооддог байлаа. Тэрээр аливаа юмыг шийдэхдээ хэзээ ч хүн хэрэглэж байгаагүй гэдэг. Тийм учраас. Түүний ард түмэн олон нь сэтгэл төвшин, аз жаргалтай сайхан амьдардаг байлаа. Түүний улс орон нь амгалан тайван баян чинээлэг. Тиймдээ ч дайн байлдаанд сайн бэлтгэгдсэн хүчтэй цэрэг арми түүнд байсангүй. Түүний цэрэг арми тийм ч их бат бэх байгаагүй юм. Тэр нэгэн гунигт өдөр Чан-Шөү хаан ордныхоо цэцэрлэгт наашаа цаашаа алхан гүн их гунигт бодолд автжээ. Түүний хөрш улсын арга зальт харгис хаан Чан-Шөү хааны нутагт цэрэглэн довтолсон аж. Тэр дайнд Чан-Шөү хааны цэрэг ялж чадахгүй гэдэг тодорхой байлаа. Тийм учраас тэр дайнд ялна гэдэгт итгэхгүй байлаа. Тэрээр цааш нь гүн ухаж, илүү их бодож, илүү их муу байдлыг мэдэрч байв. Дайн болбол үхэл хагацал нүүрлэнэ. Өлсгөлөн өвчин тахал өнчрөл бэлэвсрэл ядуурал ирэх болно. Тэгвэл ард олонд дэндүү их гарз хохиролтой болно. Тэгээд бас өнчрөн үлдэх хүүхдүүд эхчүүд хөгшид настны тухай тэр хаан бодлоо: Яагаад гэмгүй номхон ард иргэд балмад дайны золиос болох ёстой байдаг билээ. Яасан гэж тэд зовлон зүдгүүр, үхэл хагацалтай нүүр тулан учрах ёстой билээ? Яагаад энэ ертөнц дэлхийн хүн ард олон дайн дажин үгүй, амар амгалан амьдарч чаддаггүй билээ? Хаан Чан-Шөү ийн бодоод маш ихээр эмзэглэв. Түүний ард иргэд хүмүүс өдөр бүр харгис хэрцгийгээр алуулж, хүүхдүүд, ээжүүд өнчрөн зовохыг тэр хаан хүсэхгүй байлаа. Тэр дайныг хүсэхгүй байлаа. Энэ байдал түүний сэтгэл мэдрэлийг сульдааж гүн их уйтгар гуниглалд автуулав. Чингээд хаан тэрбээр ямар ч эсэргүүцэлгүй, үг дуугүй харийн дайсанд бууж өгөхөөр шийдсэн ажээ. Ингээд тэр хаан өмч хөрөнгө, эрх мэдэл, эзэн хааны суудлаа орхиж түүнээс их үнэ цэнэтэй, тийм зүйлийг орчлон ертөнцөөс хайж олохоор шийдсэн гэдэг юм.
Тиймээ хүү минь. Өглөө бүр нар мандаж харанхуй шөнө дуусдаг. Гэрэл гэгээ орчдог. Гэхдээ гэрэл гэгээ мөнх бус. Орой болоход гэрэл тасарч хүйтэн хоосон харанхуй шөнө эхэлдэг. Гэхдээ шөнө бас мөнх бус. Юу гэсэн үг вэ? гэвэл:
Аз жаргал, баяр баясгалан хайр энэрэл. Эд бүгд бүхнээс илүү их чамд хэрэгтэй. Гэхдээ тэр мөнх бус. Шаналал зовлон, уйтгар гуниг, уур уцаар. Тэр бас мөнх бус. Өөрчлөгдөж үгүй болдог юм.
Мөнхийн юм гэж байхгүй шүү дээ. Ерөөсөө байхгүй. Хаа ч байхгүй гэсэн үг. Юу үнэн. Энэ үнэн. Аав нь ингэж бодож байна.
Тийм учраас. Хүү минь чи юм бодож бай. Би хэн билээ гэж бодож бай. Чи бол өвчин зовлон, үхэл хагацал шаналалын толинд орших гэгээрэл. Чи бол оюун ухаан, энэрэл хайр, эрх чөлөө аз жаргалын бодолд орших оршихуй. Аль аль нь чамд байгаа. Харин сонголт бол чамд бий. Чинийх! Хэн байж, хэрхэн амьдрахыг чи өөрөө мэднэ. Чиний хувь зохиол чиний гарт байгаа. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна.
Хаан Чан-Шөү ийн шийдээд ханхүү Чан-Шэний өрөөнд орж түүнийг ширтлээ. Чан-Шэнь гэж урт амьдрал гэсэн утгатай үг ажээ. Урт амьдрал. Би мэдэхгүй байна. Хэн хэдий их урт амьдрахыг хэн ч хэлж чадахгүй шүү дээ. Би ингэж бодож байна. Ханхүү урьд шөнө нь удаан сууж ном уншиж ядарчээ. Тэр ширээний ард сандал дээрээ тэр чигээрээ нойрссон байлаа. Тэр хааны ганц хүү ажээ. Хан хүү сэрлээ... Тэрбээр хаан эцгээ хараад ихэд гайхан харж байлаа.
Хаан түүнд хэлэв: “Хүү минь чи хаан эцгийнхээ үгийг сонс. Тайван сонс” хэмээн хэлээд цааш үргэлжлүүлэн... “Хүү минь хөрш улсын цэрэг арми манай улсад довтоллоо. Тэд манай улсыг эзлээд хаан ширээг минь булаах гэж байна. Би хаан ширээгээ хадгалан тэмцэлдэхийг үл хүснэ. Тэгэх аваас миний ард түмэн ёроолгүй зовлонгийн гүн ангал руу унах болно. Би үүнийг үл хүснэ. Тэр дайн мөн адилхан хөрш эзлэн түрэмгийлэгч улсын маань ард олны зовлон зүдгүүрийн шалтгаан болно. Дайн бол манай хоёр улсын мөхөл сүйрлийн уг үндэс нь болно. Хүнд их гарз хохирлын учир шалтгаан болно. Хоёр их улсын маань ард иргэдийн амь насанд нь муу болно. Тийм учраас. Би дайтагч их хөршийнхөө хаан эзэнд өөрийн хаан ширээгээ дайн тэмцэлгүй өгөхөөр шийдлээ” гэв.
Хаан Чан-Шөү цааш нь өгүүлрүүн: “Бид хоёр бүхнийг орхих болно. Гар гараасаа барилцаад аглаг буйд ууланд явах хэрэгтэй байна... Тэнд бид хоёр алаг цэцэгс, араатан амьтад, анхилуун үнэрт өвс ногоон бутны газарт амар амгалан орших болно гээд тэрээр: “Бид хоёр тэр тансаг сайхан газарт оюун ухааны дадлыг хөгжүүлэн бясалгал хийж ууланд суух илүү дээр байна” хэмээн айлдав. Хаан эцгийнхээ үгийг сонссон ханхүү хэсэг зуур алмайран бас бачимдан суужээ. Тэрээр бахдам сайхан амьдралын маань тэр өдрүүд бараг дууслаа гэдгийг ухаарсан гэдэг. Тэр хүү энэ цаг мөчөөс эхлээд хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, өлсөж цангах, туйлдаж ядрах, элдэв олон гачигдал зовлонг туулах болно гэдгийг мэдэрч байв. Гэсэн хэдий ч тэр хаан эцэгтэйгээ хамт бүхнийг орхиж чадсан гэдэг юм. Тэгээд тэд бие биенийгээ түгээд гар гараасаа хөтлөлцөн аглаг буйд зэлүүд ой мод, уул, ус руу явцгаасан юм. Чан-Шөү хаан тэнд бодь модны доор суугаад арьяабалын номын цогцолбор бясалган суусан гэдэг юм. Ханхүү Чан-Шэнь уул модонд хэсэж идэх уух цэцэг, өвс ногоо цуглуулан эцэг хаан аавдаа туслах болсон ажгуу. Нэг иймэрхүү... Ай хөөрхий дөө, аав хүү хоёр. Хан эцэг ханхүү хоёр. Аглаг бөглүүд ууланд суужээ. Тэд өвс ургамал, эцэг жимсээр хооллон арьяабалын номын бясалгалд хичээн суусаар... Хэсэг цаг хугацаа өнгөрлөө... Тэрбээр номын бясалгал хэмээх бүхий л ертөнцөөс ч үнэтэй энэхэн хормын шашинлаг, хүнлэг энэрэхүйн ёс журам, оюун ухааны дадалд аажим аажмаар дасан суралцаж, мэдэрч, зохицон амьдарсан ажаамуу. Тэд энэ амьдралд дасчээ...
Тэр нэгэн бүрхэг, харанхуй, бороотой зэврүүн өдөр байлаа. Ханхүү хоол, ус, өвс ногоо олохоор хол явсан байв. Эцэг Чан-Шөү хаан ганцаар бодь модны доор суугаад бясалгаж суулаа. Гэнэт хааны бясалгаж суусан суудлынх нь хажуугийн бурхан дундаас... “Энэ бол тэр. Энэ бол тэр... Тэр хаан мөн байна” хэмээн хашгирсаар эцэнхий жижигхэн биетэй, муу царайт хүн үсрэн гарч ирэв. Тэр хүн хаанд хэлсэн нь: “...Манай улсыг дайсан эзэлсэн. Олон үнэнч түшмэлүүд амиа хорлох гэж байна. Хөрш улсын хаан эзэн таны талын бүх хүмүүсийг баривчлуулсан. Таны хүмүүс хэзээ төгсгөж болохоо үл мэднэ. Тэд их л зовцгоон сууна. Би таныг хайгаад улс орныхоо бараг л бүх газарт очлоо. Би таныг өнөөдөр олсондоо маш ихээр баярлаж байгаа билээ” гэв. Хаан Чан-Шөү эдгээр үгэнд хүнд ихээр зовиурлав. Тэгээд тэрбээр муу царайт жижигхэн хүнээс ийн асуулаа.
“Миний гэмээс болоод манай хүмүүс тийм хүнд хэцүү эмгэнэлт байдалд унасан бус уу?” хэмээн асуухад. Тэр хүн хэлсэн нь: Тиймээ. Хаантан таныг оргож алга болсон учраас дайсны хаан хүмүүсийг баривчилсан. Хатуу тамлаж асууж байна. Ганц ч хүн таны хаана байгааг мэдэхгүй байна. Тэр дайсны хаан, таны хүмүүс таныг хаа нэгтээ нуусан хэмээн хардаж байна. Тийм учраас хүмүүсийг маш ихээр хэрцгий зодож, асууж байгаа. Тэр хаан таныг барьж өгсөн хүнд хэн боловчиг тун их шан шагнал өгнө гэж амласан” гэжээ. Тэгээд тэр эр: “Яг одоо та надтай хамт нийслэл хот руу буцах болно. Би шагналаа хурдан шиг авмаар байна” гээд хааны бугуйнаас шүүрч авлаа. Хаан түүнийг цааш нь түлхэв. Тэр хүн газар уначихав. Тэгээд хаан түүнд хатуухан сануулга өгөх гэж далайсан гараа буцаагаад татаж авчээ... Хаан ийн боджээ. “Миний хүмүүс надаас үүдэж тэгж их зовцгоож буй ажээ. Би яаж ийм цэвдэг хүйтэн сэтгэлтэй байж болох билээ. Бүх юмс мөнх бус шүү дээ. Би өөрөө ч мөнх бус билээ” хэмээн бодлоо. Тийм шүү дээ. Хүү минь. Тэр хааны нэрийг нь Чан-Шөү буюу Мөнх амьдрал гэдэг. Хэдий тийм ч амьдрал бол мөнх бус. Тэр хаан ийн ухаарсан ажээ. Хаан бодлоо: “Би одоо энэ биеийг хадгалж үлдэвч магадгүй маргааш мөхөх болно. Хэрвээ намайг барих гэсэн тэр хаанд би өөрөө хүрч очвол, олон гэмгүй хүмүүст туслаж амь насыг нь аврах бус уу?” Ингэж бодоод хаан тэр эрийн турьхан мөрийг зөөлхөн алгадаж: “За сайн хэрэг. Чи намайг авч явж болно. Би чамтай хамт явна. Тэгвэл олон хүмүүс баярлана. Чи ч бас сэтгэл хангалуун үлдэх бус уу?” гэлээ. Тэгээд хаан ханхүү Чан-Шэньдээ зориулан бичсэн нь: “Хүү минь би баригдаж нийслэл хот руу хүргэгдэв. Чи эндээ үлдэж бясалгалаа үргэлжлүүл” хэмээн модон дээр чулуугаар бичиж үлдээв. Ханхүү үүнийг үзээд үргэлжлүүлэн бясалгах болно. Хаан ингэж бодлоо. Чингээд тэр хаан муу царайт жижигхэн хүнтэй хамт нийслэл хот руу явсан ажээ. Тэр жижигхэн хүн хааныг хурдан яв хэмээн шамдуулна. Миний хүү тэгэхээр ийм байна. Тэр хүн үнэхээр харанхуй, бүдүүлэг, ухаан санаа мунхаг, жижигхэн нэгэн байлаа. Орчлон ертөнцийн олзонд шунасан түүний ховдог хомхой сэтгэл нь түүний ухаарч харах нүдийг сохор болгосон ажээ. Түүний оюун санааг нь устгаж, мунхаг болгосон нь үзтэл илт ажээ. Тэр аливаа юмсын учир шалтгаан хийгээд сайн муу, сайхан муухайг тунгаан ойлгож чадахгүй. Тэр хэнд ч үнэнч бус. Яг л үүлтэй тэнгэр гэсэн үг. Тийм учраас хүү минь Тийм хүнээс хол яв. Түүнд бүү итгэ. Тэр та хоёр хэзээ ч нэг зам дээр, зөв зам дээр хамт зогсож чадахгүй. Би ингэж бодож байна. Хүү минь. Сэтгэл бодлоо ариун байлга. Сэтгэл бодол ариун бол оршихуй ариун. Сэтгэл бодол бохир бол оршихуй бохир бас хоосон гэдэг юм. Тийм учраас миний хүүхдүүд та нар ховдог шунахай нэгэнд юу чиг битгий үзүүл. Ухаан мулгуу хүнд үг бүү хэл. Уулзах учир үгүй нэгэнд очиж битгий уулз. Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?
Ханхүү орой болоход уулнаас бууж иржээ. Тэрээр аавдаа зориулж олон төрлийн багц ногоо, жимс авчирсан ажээ. Тэр аавыгаа олсонгүй. Тэрбээр модон дээр чулуугаар бичсэн аавынхаа захиаг олж харлаа. Ханхүү гүн их сэтгэлийн хямралд автав. Тэр хүү хэтэрхий залуу байлаа. Тэгэхэд тэр хүү дөнгөж арван зургаахан настай байсан гэдэг. Тэрбээр энэ ертөнцийн зарим нэгэн хүмүүний хийгээд хүмүүнлэг бус мулгуу оюун ухаан хийгээд шашинлаг бус балмад хэрцгий үзэл бодлыг ойлгож таньж үл чадмой.
Энэ бүгдийг бодоод ханхүү Чан-Шэнь гүн их хямралд орсон ажээ. Тиймээ. Хүү минь энэ ертөнцөд эрдэм ном үгүй шашинлаг бус мулгуу, тэгээд ойворгон сагсуу, тийм хүмүүс хэтэрхий их олон ажээ.
Түүний эцэг Чан-Шөү. Тэр одоо хаан биш. Тэр ард олон иргэдийнхээ төлөө, тэднийг харийн дайсны гарт тамлан зовоохгүй хэмээн тэр хаан ширээгээ эрх мэдэл, эд хөрөнгө бүгдийг өгсөн билээ. Тэгээд тэр хааны ордныг орхин одсон ажгуу. Тэр одоо оюун ухаан, хайр энэрэл, итгэл үнэмшил арьяабалын номонд итгэн суух бясалгалтай болсон. Тэрбээр хүний явдлыг сонирхохгүй. Эд баялаг, эрх мэдэл юу ч түүнд хэрэггүй. Хаан ширээ алдсан бүхнээ эргэж тэр хүсэхгүй. Гэтэл түүний өөрийнх нь хүмүүс түүнийг баривчлаад дайсны хаанд худалдах ажгуу. Яагаад?... аймшигтай, аюултай. Бас хэтэрхий их хэрцгий байдаг юм. Тэр жижигхэн хүмүүний олзонд шунасан, хомхой сэтгэл болбоос: түүний сэтгэл, оюун ухааны нүдийг сохолж, сохор болгосон ажээ. Түүний энэрэн нигүүсэх оюун ухааныг үхүүлэн тэнэг мулгуу болгосон ажээ. Тийм учраас тэр хүмүүн маш их аюултай. Тэр хүнээс хол алх. Түүнд бүү ойр бай. Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна. Хаан Чан-Шөү баригдаж очоод нийслэл хотод хүргэгдэв. Тэнд түүнийг амьдаар нь шатааж үгүй хийхээр бэлтгэсэн байлаа. Чан-Шөү хааныг хороох тэр газарт олон хүмүүс цугларсан байв. Тэд хааныгаа өрөвдөн гашуудаж уйлцгааж байлаа. Ханхүү Чан-Шэнь тэр энгийн олон хүмүүийн дунд нуугдан болж байгаа бүгдийг харж байлаа. Хаан эцэг нь түүнийг эзгүй ууландаа бясалган сууж амьдрахыг зөвлөсөн. Гэсэн хэдий ч тэрбээр хаан эцгийгээ сүүлчийн удаа харах ёстой. Тэрбээр энэ хүсэл сэтгэлээ барьж дийлж чадаагүй юм. Ханхүү Чан-Шэнь яг тэр мөчид хатуу чанга байж чадсан гэдэг. Цэргүүд гал тавилаа. Хаанд үхэл нүүрлэх яг энэ мөчид ханхүүгийн сэтгэл зүрхэнд өс хонзон, үхэл хагацлын гал дүрэлзэн аслаа. Эцгийнхээ төлөө эх нутгийнхаа төлөө ард олныхоо төлөө өш хонзон авах туйлын их хүсэл түүний зүрхэнд нь оволзон асаж байсан гэдэг юм. Шатаж буй хаан эцэг Чан-Шөү олны дундаас цорын ганц хүү Чан-Шэнь хүүгийнхээ зүгт харахгүйгээр тэнгэрт хандан: “Чан-Шэнь хүү минь чи өш хонзонг энэрэл хайрын хүчээр номхотгох хэрэгтэй. Чамд сэлэм жад хэрэггүй. Чи Бурхан Будда Бодьсарва адил өршөөл нигүүсэл, хайр энэрэл дүүрэн амьдралаар амьдрах ёстой хэмээн хашхиран хэлээд тэнгэрт нисэн одсон ажээ. Тиймээ хүү минь.
Ханхүү Чан-Шэнь. Тэрбээр төрсөн эцгийгээ харж хэрцгийгээр тамлуулан шатаж үхсэн үхлийн гэрч болон үлдсэн юм. Тэгээд тэр хүү дэндүү залуу байсан гэдэг юм. Тэр хүүгийн уур хилэн нь буцалж, зүрх сэтгэл нь эмтрэн шаналж байсан. Тэгэхэд тэрээр эцгийнхээ үхлийг хүлээн зөвшөөрч, зүрх болоод сэтгэлээ энэрэл хайрын хүчээр номхотгож дарах тэнхэлгүй байсан юм. Өш хонзон авах хүсэл шунал түүний зүрхэнд нь буцалж байв. Тэр үүнийг тэвчиж чадахгүй болсон байлаа. Тэр ханхүү: “Тэр харийн харгис хаан. Бидний газар нутгийг булаан дээрэмдсэн. Ард иргэдийг минь алж, гутаан доромжилсон. Хаан эцгийг минь галд шатааж түймэрдэж аллаа. Би түүнээс өш хонзон нэхэх ёстой! хэмээн бодсоор... Түүний ухаан бодол сэтгэл зүрхэнд өөр юу ч багтах зайгүй болсон байв. Түүнд идэх уух, унтах амрах гэр орон юу ч байсангүй. Тэр өлсөж цангаж, даарч шаналж, гачигдал зовлон дүүрэн амьдарч байлаа. Гэсэн хэдий ч тэр өш хонзон авах хүсэл шуналаа хэзээ ч орхиж умартаагүй юм. Уур хилэн нь улам ихээр оргилж, өш хонзон авах хүсэл тачаал нь улам ихээр буцалж байв... Эхлээд тэр амьдрахын тулд ажилтай болох ёстой байлаа. Тэр маш сайн ажиллах ёстой байлаа. Тэр итгэл хүлээсэн маш сайн ажилтан байх ёстой. Түүгээрээ дамжуулан тэр хонзон авахын тулд харгис хаанд аль болохоор ойртож очих ёстой. Эхлээд тэр түүний үнэнч албат мэт харагдах ёстой. Тэр цагт тэрбээр хаан эцэг болоод ард олныхоо өш хонзонгоо авах боломжит нөхцлийг эрж олох ёстой юмаа. Тэгээд ханхүү маань дайсны улсын нэгэн сайд түшмэлтэй тохиолоор танилцлаа. Тэр сайд түүнийг ихэд тоож тамир тэнхээ ихтэй эрүүл чийрэг залуу хүн тул ногоо цэцэг арчлах цэцэрлэгчийн туслахаар ажиллуулав. Ханхүү ажилсаг, хичээнгүй, шаламгай байлаа. Тун удалгүй сайд болон сайдын гэр бүл түүнд итгэл хүлээлгэж олон чухал ажил хариуцуулдаг болов. Нэг өдөр сайд хан хүүгээс: “Миний хэдийн олж мэдсэнээс өөр чамд ямар сайн чадвар байна вэ? гэж асуулаа. Ханхүү “Эрхэм дээдэс эзэнтэн минь. Би маш олон төрлийн сайхан хоол хийж чадах билээ” гэв. Тэр үнэхээр олон сайхан хоол хийж чаддаг байсан юм. Тийм учраас тэр удалгүй сайдын өргөөний хамгийн сайн тогооч болж чадсан ажээ. Тэр нэгэн ачтай сайн өдөр тохиоход сайд өөрийн шинэ тогооч хүүгийн эрдэм чадвар, авьяас билгийг хаанд магтаж, тэрбээр хааныг гэртээ урьж хоол идэхийг хүсчээ. Хааны сайдынд зочлох тэр өдөр болоход Чан-Шэнь хаанд зориулан хамгийн сайхан амттай нарийн хоол хийж хаан болон бусад зочдыг гайхан шагшируулсан ажээ. Ханхүү Чан-Шэнь тун их сэргэлэн, авхаалжтай нэгэн билээ. Тэгээд бас тэр хашир хянамгай. Тэр дэндүү их авьяас билэгтэй билээ. Тэр сайхан хоол хийж чадна. Сайн үйлчилж чадна. Тийм учраас тэр залуу тогооч хааны сэтгэлд тун их нийцжээ. Тэр хаанд маш их таалагдав. Тийм учраас хаан сайдад: “Түүнийг надад өгчих” хэмээн хэлжээ. Сайд бээр Чан-Шэнийг явуулах хүсэлгүй байлаа. Гэсэн хэдий ч хамгийн итгэлт сайн албат Чан-Шэнийг хаан эзэндээ өгөхөөс өөр сонголт тэр сайдад байгаагүй гэдэг билээ.
Ийнхүү Чан-Шэнь хааны албат болж хааны ордонд амьдрах болов. Ханхүү бээр энэ л ордонд төрж, өссөн билээ. Тийм учраас тэр хаана, юу байдгийг, юу хийхийг мэднэ. Тэр харгис, дарангуй хаанаас өшөө авах гэж энд ирсэн. Түүнд өөр ямар ч хүсэл хийгээд зорилго байсангүй. Ханхүү Чан-Шэнь дэндүү их авьяас билэг, оюунтай. Тэр бүхий л зүйлсийг хааны хүсэл таалалд нийцүүлэн хийж чаддаг байлаа. Тэрээр хашир хянамгай овжин зоригтой, ажилсаг нэгэн байлаа. Тийм учраас тэр бүгдийг зохицуулж зохиож чаддаг аж. Тийм учраас тэр эзэн хааны хамгийн их итгэлт нэгэн болж чадсан аж. Тун их удалгүй хаан түүнийг бүхнээс илүүтэй их сонсдог болоод зогссонгүй. Түүнийг зөвлөгөөг олонтаа авах болов. Тэр нэг өдөр хаан анд явлаа. Ханхүү Чан-Шэнь хамт явсан ажээ. Тэд олз хөөсөөр бусад дагалдагсдаасаа хол тасарчээ. Тэд буцах арга үгүй өтгөн ойд төөрсөн ажээ. Орой боллоо. Эргэн тойрон өндөр шигүү ой мод, хэцүү бэрх зам харгуй. Хаан хэтэрхий их ядарсан байлаа. Тэр хаан Чан-Шэний дэргэд гүн бөгөөд тааламжтай нойрсов. Ханхүү түүний хажууд сэлмээ чанга атган зогсоно. Ийнхүү ханхүү Чан-Шэньд удаан бодож хүлээсэн ховор тохиох өш хонзон авах боломжит тэр цаг мөч ирсэн юм. Ханхүү Чан-Шэньд түүний зүрх сэтгэл өгүүлрүүн: “Чан-Шэнь чи намайг сонс. Тэр чиний эцгийг харгис хэрцгий тамалж алсан. Тэр чиний ард олныг тамлан зовоож, газар нутгийг чинь булаан дээрэмдсэн. Чи түүнийг алах ёстой” хэмээн хэлж байлаа.
Тиймээ харгис хаан Арьяабал бурхан шүтдэггүй. Түүнд итгэл бишрэл, хүнлэг нинжин сэтгэл хэмээнэ нэгээхэн ч үгүй. Түүнийг би алах ёстой. Ийн бодоод ханхүү сэлмээ сугаллаа... Гагцхүү энэ мөчид тэр “Хүү минь! Нүглийг нүглээр угаадаггүй юм. Чи хайр энэрэл өршөөл нигүүсэл дүүрэн бялхаж амьдрах ёстой” хэмээн тэнгэрт хэлээд одсон хаан эцгийнхээ захиасыг саналаа. Ханхүү сугалсан сэлмээ буцаагаад хуйнд нь хийв. Гэсэн хэдий ч түүний зүрх сэтгэл хоёр түүнийг зэмлэв. “Чан-Шэнь! Чи юугаа хүлээгээв? Тэр чиний эцгийг алсан. Харгис хэрцгийгээр, хайр найргүй алсан. Тэр чиний аз жаргал, амьдралыг булаасан билээ. Түүнийг үтэр түргэн тас цавчиж ал” гэнэ. Зүрх сэтгэл хоёр бол ийм л байдаг. Тэд цаг үргэлж бидэнд өс хонзон харж, мууг тулган шаардаж байдаг шүү дээ.
Чан-Шэн бол бясалгагч. Бурханч шашинтан. Тийм учраас түүний энэ үйлдэл нь ёс бус гэдгийг тэр мэдэрч байлаа. Гэсэн хэдий ч өс хонзон санагалзан хүсэх зүрх сэтгэлийнхээ чин их хүслээсээ тэр татгалзаж чадахгүй болсон байв. Тэрбээр: “Би хайрын сарнай цэцгийг тас татах гээгүй шүү дээ. Би хогийн ургамлыг тас цавчиж үгүй хийх ёстой” ийн бодол түүний тархинд харван орж ирлээ.
Ханхүү Чан-Шэнь сэлмээ хуйнаас нь суга татан гаргаж ирлээ. Мөнхүү энэ цаг мөчид: Түүний эцэг Чан-Шөү, түүний хайр найргүй шатаж буй түүний бие сэтгэл, зүрх дахин тодрон гарч ирлээ. Тэрээр Чан-Шэнь хүүдээ ийн хэлэв. “Хүү минь, чи үзэн ядах зүрх сэтгэлээ энэрэл хайр, өршөөл нигүүслээр угаах ёстой. Чи харгис, хэрцгий байх ёсгүй. Нүглийг битгий үйлд. Нүглийг аминд тулавч бүү үйлд. Нүглийг нүглээр угаахгүй. Чи бурхан Буддаа түүний замаар явах ёстой. Энэрэл болон нигүүсэх сэтгэлийн замыг сонго” хэмээн хэлэх ажаамуу Чан-Шэнь. Түүний сэтгэл зөөлрөв. Тэр энэрэх нигүүсэх, оюун ухааны галд дахин автлаа. Тэр “Би хаан эцгийнхээ сүүлийн хүсэлт. Агуу их тэр хүслийг яахан мартах билээ? Түүний хүү Чан-Шэнь би эцгийнхээ энгэрт энэрэн нигүүсэх хүсэл сэтгэлийг үл тоомсорлоод, таягдан хаяж, хэрхэн чадах билээ? Ийн хандаж хэрхэн чадах билээ? Би харгис, хэрцгий, түрэмгий, шударга бус байж ёсгүй. Би өрөвч хүнлэг нигүүсэх сэтгэл зүрхтэй байх ёстой” ийн бодоод ханхүү сугалсан сэлмээ алгуурхан буцаагаад хуйнд нь хийв.
Яг л энэ цаг мөчид харж хаан нойрноос сэрлээ. Тэрээр нүдээ нээгээд Чан-Шэньд хандан: “Чан-Шэнь: Чи сая муу зүүд зүүдлэв. Хэн нэгэн намайг сэлмээр цавчиж алах гэж байхыг би харав” хэмээн хэллээ. Чан-Шэнь ялдамхан инээмсэглэв. Тэр өгүүлэв: “Их эзэнтэн минь Та хүйтэн газар унтсанаас муу зүүд зүүдлэв. Би таныг хамгаалж байгаа. Хаан ч танд халдаж зүрхлэхгүй. Амар тайван нойрс доо” гэв. Хаан буцаад хэвтлээ. Ханхүү Чан-Шэнь. Тэр хааныг харгалзан зогсоно. Тэр эцэг Чан-Шөүгийн үхлийг бодно. Харгис, хэрцгий, балмад тэр аллагын тухай бодлоо. Дахин үзэн ядах, өс хонзон авах хүсэл зүрх, сэтгэл нь өндийн бослоо. Зүрх сэтгэл түүнд хэлж байна. “Түүнийг ал. Тэр чиний эцгийг алсан. Эх орныг чинь түйвээж түймэрдсэн, чи өс хонзонгоо түүнээс ав, өөр хэн түүнээс авна гэж? Чи түүнийг яг одоо, үтэр түргэн ал” хэмээн шавдуулав. Тийн тэр өөрөө өөртэйгээ тэмцэлдэж байлаа. Түүний дотор оюун ухаан, ухамсар нь сэтгэл зүрх, хүсэл шуналтайгаа тэмцэж байлаа. Сэтгэл зүрхээ тэр ялж дийлж чадахгүй байлаа.
Тэгээд тэр унтаж буй хаанд хандаад... “Чи харгис, хэрцгий. Чи бол миний дайсан. Гэхдээ би чамайг уучлав. Зөвхөн эцгийнхээ хүслийн төлөө уучлав. Түүний нигүүсэл, хайрлан энэрэх сэтгэл оюуны төлөө би чамайг уучиллаа” хэмээн сэтгэлдээ шивнэв. Чингээд тэр сэлмээ байх ёстой тэр газарт буцаан хийлээ. Тэр сэлэм тэндээсээ дахин хэзээ ч гарч ирэхгүйгээр тэр сэлмээ буцааж хийсэн юм. Оюун ухаан хийгээд энэрэх нигүүсэх сэтгэл ав... Зүрх сэтгэлийг ийн ялсан. Өршөөл, нигүүсэл, хайр энэрэл бол өш хонзон, хорсол замналыг ийн ялсан. Энэрэн нигүүсэх сэтгэл, оюун ухааны хүчит далавчаар тэр ялсан.
Аав нь ингэж бодож байна
Чи юу гэж бодож байна?
Гэнэт яг тэр мөчид хаан дахин сэрэв.
Тэр хаан амь өрссөн яг л тэр мөчид. Тэмцэл дунд. Амь насаа алдах шахсан тэр үедээ сэрээд байсан ажээ. Хаан түүнд хэллээ “Хонгор минь. Би дахин муу зүүд зүүдлэв. Түрүүчийн хааны хүү миний хийсэн гэм нүглийг уучилж байна гэж би зүүдлэв” гээд цааш нь үргэлжлүүлээд... “Энэ зүүд ямар утга учиртайг чи хэлж мэдэх үү?” хэмээн асуув. Чан-Шэнь хаанд хэллээ: “Их эзэнтэн болгоо. Би түрүүчийн хаан Чан-Шөүгийн хүү. Би ханхүү Чан-Шэнь мөн билээ. Миний эцэг Чан-Шөү чиний тушаалаар шатаж үхэх үедээ тэнгэрт хандаж надад хэлсэн билээ. Өш хонзонг өш хонзонгоор харуулж болохгүй. Нүглийг нүглээр бүү угаа. Нүглийг энэрэн нигүүсэх сэтгэл, оюуны хүчээр угааж, цэвэрлэ хэмээн надаас гуйсан билээ. “Тэгээд тэр намайг Бурхан Будда-гийн зам мөрийг дагаж яв. Хайр энэрэл, нигүүсэл өршөөлийн замыг сонго хэмээн хүссэн билээ” гээд үргэлжлүүлэн ийн хэлэв. “Их хаантан. Тийм л учраас хэдийгээр би өс хонзон өвөртлөж таныг алахаар бодсон боловчиг би хүссэн хүслээ хийж чадсангүй” гэв. Харгис их хаан хад чулуу адил сэтгэл зүрх, харуусал гэмшлээр дүүрэв. Хааны сэтгэл зүрх, уяран хайллаа. Тэр хаан Чан-Шэнь ханхүүгийн хөлийг тэврэн уналаа. Чан-Шэнь хүү хааныг өргөж босгов. Тэд хоёул ихэд уяран тэврэлдэж зогсов. Тэгээд тэр хаан хэллээ... “Хүү минь би чиний эцгийн өмнө, чиний ард иргэд, олны өмнө, чиний өмнө ихэд буруутай ажээ. Мунхаг хоосон сэтгэлийн шунал, хүслийн гэмээр үйлдсэн буруутай билээ. Хаан би өөрийн үйлдсэн гэм нүглийн үйлийн үрийг би үүрч, өөрөө угааж цэвэрлэх бус уу? Иймд намайг өршөөх хэрэггүй. Чи үүний төлөө хэтэрхий их зовсон. Одоо намайг тас цавчин алж болно” ийн хэлээд хааны хад мэт өнгө төрх уяран зөөлрөв. Бас түүний мэлмийд хайрын мэдрэмж гэрэлтэв. Түүний зүрхэнд нигүүсэх сэтгэл үзэгдэв. Тэр хаан гэгээрчээ. Яг өглөөний наран мандах адил түүний зүрхэнд хоргосон хүсэл, шуналын харанхуй хар үүлс үдэн хөөгдөв. Үүнийг ханхүү Чан-Шэнь мэдэрч байлаа.
Тэр агуу их нигүүсэх сэтгэлийн гэрэл, орчлон ертөнцийн муу, муухай бүхнийг гэгээрүүлэн асах шиг ханхүүд харагдана. Тэгээд ханхүү Чан-Шэнь тэр хаанд хандан өгүүлрүүн: “Үгүй дээ. Эрхэм дээдэс минь. Би үүнийг хийж чадахгүй билээ. Та үүнийг хийж чадахгүй билээ. Та надад тушаагаад ч нэмэргүй. Би таниас гуйя. Би үүнийг хийж зүрхлэхгүй. Би таныг алахыг хүсэхгүй” гэлээ. Хаан толгойгоо барин: “Ханхүүд. Түүний эцэг Чан-Шөүгийн өмнө миний хийсэн нүгэл дэндүү их билээ. Дэндүү их харгис билээ. Гэтэл энэ хүүгийн эцэг Чан-Шөү ямар агуу бөгөөд уужим нигүүлсэнгүй билээ” хэмээн бодолд автав. Яг л нар мандах адил. Харанхуй хоосон ертөнц үлдэн хөөгдөн буйг тэд мэдэрч байлаа. Тэр нигүүсэх хайрын хүч бүхий л орчлон ертөнцийг гэрэлтүүлэх байх шиг тэдэнд бодогдож байлаа.
Тэгэхээр ийм юм.
Тиймээ. Миний хүүхдүүд. Орчлон ертөнц бээр цаглашгүй дээд нэг л их хүчтэй билээ. Тэр нэг хүч бол энэрэл хайрын хүч. Аав нь ингэж бодож байна. Тийм учраас миний хүүхдүүд. Хүнийг аз жаргалтай байлгахыг хичээ. Тэгэж гэмээнэ зовлонгийн үндэс тасарна. Хүмүүнийг хайр энэрэлтэй болгохыг хичээ. Тэгж гэмээнэ бузар үйлийн үндсийг тасдана.
Би ингэж бодож байна.
Хайр. Тэр хүчээр тулгадаггүй. Тэр үлгэрлэн сургадаг.
Хайр. Тэр шударга боловч, тэр уян зөөлхөн
Хайр. Гэрэлтдэг боловчиг тэр нүдэнд дулаахан
Тийм учраас хайр бүхнээс хүчтэй. Аав нь ингэж бодож байна. Тэгээд тэр хаан ханхүү Чан-Шэньд хэлэв: “Хүндэт дүү минь. Энэ ертөнцийн хамгийн агуу их зүйлс юу болохыг би нэгэнт мэдэрчээ. Тэр бол хайр. Зөвхөн хайрын сэтгэл. Өршөөж уучилж чаддаг тэр хайрын сэтгэл юм байна” гэж хэлэв. Тэгэхээр ийм юм. Тиймээ хүү минь. Аливаа юмыг ойлгож ухаарч, гэмшиж харамсаж чаддаг хүн л жинхэнэ хүн байдаг юм. Би ингэж бодож байна.
Тэгээд тэр хаан эзлэн түрэмгийлж авсан газар нутаг ард олон, баялаг бүгдийг нь ханхүү Чан-Шэньд эргүүлэн буцааж өгсөн гэдэг юм. Ханхүү Чан-Шэнь эцэг хаан Чан-Шөүгийн адил улс гэр орноо нигүүсэх сэтгэл хайрын хүчээр удирдан жолоодох байжээ. Ийнхүү түүний улс орон урьдын адил баян чинээлэг, болсон ажээ. Ард олон, иргэд нь амар жимэр, аз жаргалтай сайхан амьдрах билээ.
Орчлон ертөнц дээр гэрэл гэгээтэй амар төвшин газар нэгээр нэмэгдэв. Газар дэлхийд ганц ч болов улс орон зовлон, зүдгүүргүй болжээ. Үлгэр ийн төгслөө.
Тэгэхээр ийм байна.
Хүү минь хүнийг хайрлаж бай. Сэтгэл зүрхээрээ хайрлаж чад. Тийм хайр мөнхөрдөг юм. Тийм хайрын чимээ нь тэнгэрт, газарт, тэнгисийн гүнд ч сонсогддог юм. Тийм хайр орчлонгоос тэнгэрт. Ердийн юмнаас ер бусын их хэмжээс рүү очдог. Тийн хайрын эзэн үгүй болоход хайрласан хайр нь үлддэг. Тийм болохоор оршихуйгаас гэрээрэлд хүрдэг юм. Тийм учраас миний хүүхдүүд. Амьтныг хайрлаж бай. Бие биенээ хайрла. Гэр бүл, үр удмаа хайрла. Багшийгаа, аавыгаа, ээжийгээ баярлуул. Ахыгаа, дүүгээ сонс. Байгаа бүхнээ зориул. Бусдыг бас бодож бай. Өвдсөн зовсон нэгэнд тусал. Би өөрөө ийм байвал яах бол?... гээд бодож бай. Ингэж одоо байгаа энэ амьдралаа илүү их гэрэл гэгээтэй болго.
Миний хүүхдүүд. Бүх амьдрал чинь худал хуурмаг болдог юм. Зүрх сэтгэлээ нээ. Нээлттэй бай. Ур чадвартай бол. Санаа санаачлагатай амьдар. Бас хийх ажилтай бай. Хүсэх юмтай болдог юм.
Миний хүүхдүүд. Өөрөө өөрийгөө шинжиж бай. Өөрөөр хэлбэл өөрийгөө зас. Байнга засаж залруулж яв. Тэгж гэмээнэ чи өөрөө зөв шударга, зарчимч болно. Одоо байгаагаасаа илүү ихийг хүс. Тэгээд чи өөрийгөө “БИ АЗ ЖАРГАЛТАЙ” гэж бод. Байнга бодож бай. Тэр хэмжээгээрээ хүн аз жаргалтай амьдардаг юм.
Би ингэж бодож байна
Чи юу гэж бодож байна?