Энэ гурван номыг л уншчих
Хүний түүх бол эдийн засгийн түүх. Үхрээ сүхээр, сүхээ алтаар солилцдог тухай Маркс бичээд бараг л томъёо гаргасан байдаг. Бүр эртний Герегт эконом гэсэн үг буй болсон нь “гэр орон судлал” гэсэн утгатай гэнэ. Гэхдээ хүний амьдралын хамгийн чухал хэсэг болох эдийн засгийг Адам Смитийг хүртэл хэн ч буурьтай судалж байсангүй. Эдийн засгийг судалж шинжлэх ухаан болгосон хүн нь А.Смит юм.
Хүний түүх бол эдийн засгийн түүх. Үхрээ сүхээр, сүхээ алтаар солилцдог тухай Маркс бичээд бараг л томъёо гаргасан байдаг. Бүр эртний Герегт эконом гэсэн үг буй болсон нь “гэр орон судлал” гэсэн утгатай гэнэ. Гэхдээ хүний амьдралын хамгийн чухал хэсэг болох эдийн засгийг Адам Смитийг хүртэл хэн ч буурьтай судалж байсангүй. Эдийн засгийг судалж шинжлэх ухаан болгосон хүн нь А.Смит юм.
Эдийн засгийн сургаальд гурван том урсгал гарч хоорондоо олон жил маргасан. Адам Смит жам ёсны хөгжлийг судалж, хүмүүс болон төр үүнд хэрхэн ханддагийг илрүүлжээ. Нөгөө нь Карл Маркс. Тэрээр хүн төрлөхтний хөгжлийн үе шатыг судалж энэ нь ангиудын тэмцлийн түүх юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Маркс капиталист нийгмийн эдийн засгийн механизмд анхаарлаа хандуулан эцэст нь энэ нь сорон мөлчигчдийн нийгэм гэж дүгнээд ангийн тэмцлийн үр дүнд зайлшгүй халагдах хувь заяатай ба коммунизм гэсэн бүгдэд аз жаргал сайн сайхныг бэлэглэх нийгмээр солигдоно гэжээ. Гуравдах нь Жон Мэйнард Кэйнс. Тэрээр капиталист нийгмийг төрөөс удирдан чиглүүлж илүү үр дүнтэй болгох, хямралыг даван туулах тухай сургааль боловсруулсан. Адам Смит жам ёсыг нь хэлсэн, Карл Маркс өөрчлөх тухай ярьсан, харин Жон Мэйнард Кэйнс засаж залруулах тухай сургасан.
Эдийн засгийн шинжлэх ухаан хөгжсөн 250 жилд олон эрдэмтэд хүний нийгмийн гол хөшүүрэг болсон энэ салбарт олон нээлт хийжээ. М.Скаузэний энэ ном маш хөнгөн хялбар байдлаар тайлбарласан. Нэрт эдийн засагчдын хувийн амьдрал, тохиолдсон инээдтэй болон эмгэнэлт түүх зэргээр чимсэн нь номыг уншиж ойлгоход маш дөхөм, уран сайхны аргаар тууривжээ. Эдийн засгийн хувийн сургууль төгссөн нэг залуу “Скаузэнийг уншаад л эдийн засгийн ерөнхий ойлголттой болчих байсан байна. Шал дэмий дөрвөн жил сурлаа, тэр сургуулиас энэ номын хэрийн ойлголт авч чадаагүй шүү” гэж хүртэл ярьсан.
Эдийн засаг бол хүн болгонд хамаатай учраас элдэв томъёо, математик, диаграмм оролгүйгээр энгийн үгээр тайлбарлаад өгчихвөл ойлгохгүй хүн огт үгүй. Эдийн засгаар бичигчид гол төлөв өөрийгөө харуулах гэж махардагаас энгийн юмыг хүндрүүлж хүн халширмаар юм болгочихдог. Эдийн засагчид хонь тоолохдоо хөлийг нь тоолоод дөрөвт хувааж байж дүнгээ гаргадаг.
Комикс гэгдэх шог зургаар бүхэл бүтэн эдийн засгийн сургаалийг хялбарчлан таниулсан ч ном бий. Ёрам Бауман зохиож комиксыг нь Грэди Клайн зурсан Микроэдийн засаг, зурагт ном, Макроэдийн засаг: зурагт ном гэсэн хөөрхөн бүтээл байна. Инээж хөхөрч байгаад л эдийн засгийг наргиан болгон ойлгож болно. Орчуулагч Б.Мядагмаа.
Дарон Ажэмоглу, Жэймс Робинсон: Улс үндэстний уналт, доройтлын шалтгаан Орчуулсан Б.Оюунчимэг
Улс орны хүчирхэгжилт, хөгжил дэвшлийг ч, уналт доройтлыг ч байгаль цаг уур, газар зүйн байршил, тухайн ард түмний уламжлал, зан заншил, шашин, боловсрол, байгалын баялаг, иргэншил соёлын төлөв зэргээр тайлбарладаг байлаа. Ажэмоглу, Робинсон нар үүнийг үнэхээр эдгээр хүчин зүйлээс шалтгаалдаг юм уу гэж судалгаа хийж үзжээ. Австриас Этиоп хүртэл, АНУ-аас Ботсвана хүртэл, Оросоос Узбекстан хүртэл гэх мэт өргөн талбайд өгсөж байгааг нь ч, уруудаж байгааг нь ч судалжээ. Сонирхолтой нь улс орон өөдлөн дэвжих, эсвэл уруудан доройтох нь улстөрийн болон эдийн засгийн инстүүцээс илүү хамаардаг аж.
Хэт идэвхитэй эдийн засгийн инстүүцүүдэд хоёр эрдэмтэн гол анхаарлаа төвлөрүүлжээ. Хэт идэвхит эдийн засгийн инстүүт өөрсдийн эрх ашгийн тулд тун цөөн бүлэглэлд улс орны эдийн засгийг удирдан чиглүүлэх бололцоо олгодог. Эдийн засгийн бололцоог өөрсдөөсөө хамааралтайгаас бусад бүлэглэлд олгохгүй зүйл бүрээр шахна. Ингээд ирэхээр нийгмийн ихэнхийг бүрдлүүлэх хэсэгт алив эдийн засгийн явцын ашиг тусдаггүй. Ийм байдлаа хадгалахын тулд хэт идэвхит бүлэглэл улс төрийн инстүүцийг эзэлдэг аж.
Хэт идэвхитэй эдийн засгийн бүлэглэл тодорхой нөхцөлд улс орныг хөгжил дэвшилд хүргэдгийг үгүйсгэх аргагүй. Гэвч эдийн засгийн өсөлт нь хүн амын ихэнхид наалддаггүй учир хэт идэвхит инстүүтийн нас богино, амжилт нь удаан үргэлжилдэггүй. Нөгөө талаас тогтвортой өсөлт гардаггүй болохоор хүн амын дийлэнхийн амьдралын төвшин дээшилдэггүй. Тогтвортой өсөлттэй газар гадны болон дотоодын хямралыг амар хялбар туулж чаддаг бол хэт идэвхит инстүүц хямралыг улам гүнгийрүүлдэг аж.
Хүний нийгэм өөрийн жам ёсны хуулиар амьдардаг. Бүхий л хөгжил дэвшил эволюцийн замаар аажим дээшлэн дэвжинэ. Элдэв үзэл суртал, дарангуйлал нь жам ёсны хөгжилд засвар оруулдаг. Нийтийн жам ёсны хөгжилд тодорхой хүн болон бүлэглэл оролцоод эхлэхээр л шугамаасаа хазайж хар аяндаа бүлэглэлээс гадуурх хүн амын олонхи гадуурхагдаж, тэднийг мөлжиж, эрүүл өрсөлдөөнөөс шахан зайлуулна.
Инстүүц гэдгийг төрийн машин, тодорхой засаглал гэсэн том утгаар л ойлгодог байсныг Ажэмоглу, Робинсон нар маш өргөн утгаар тайлбарлажээ. Нэг хот айлыг аваад үзэхэд энэ нь бичил инстүүц юм. Малаа маллаад, тэндээсээ ашиг олоод амар тайван амьдарч байгаа малчин айл нь жам ёсоороо хөгжиж яваа инстүүц мөн. Өөр том инстүүц, хэт идэвхит бүлэглэл гаднаас нөлөө үзүүлээд эхлэхээр мөнөөх малчин айлын жам ёсны хөгжил гажиж эхлэнэ. Сум бол инстүүц. Өөрөө өрийгөө аваад явдаг, ямар ч гадны дарамт шахалтгүйгээр хөдөлмөрийнхөө үр шимийг зүй ёсоор хүртдэг байж тэр нь жам ёсны болно. Төрийн дэмжлэгээр оршин тогтнож буй Монголын олон сумд инстүүц мөн үү? Төр нэг талаас дэмжээд байгаа юм шиг мөртөө бүх асуудалд нь хутгалдан ордог болохоор үнэн чанартаа жам ёсоороо хөгжих бололцоогүй болоод ирнэ. Компани бол инстүүц мөн. Шудрага өрсөлдөөн үгүй болбол зөвхөн төрийн дэмжлэгтэй компаниуд дэвжиж бусад нь зүй бусаар дампуурах, ашиггүй болох руугаа явна. Уг нь жам ёсоороо дампуурах нь мөн л жам ёсны хэрэг, үүнийг Шүмпэттэр “бүтээлч устгал” гэж нэрлэж байв. Интернэт буй болсноор цаасан хэвлэл эрхэлдэг үй олон компани дампуурсан нь жам ёс. Харин дампууруулахгүй төрөөс тэтгээд явбал энэ нь хөгжлийг боож хааж буй хэрэг.
Африк, Латин Америкийн олон оронд тохиолддог жишээг их татсан байдаг. Нэртэй том эдийн засагчид тухайн орны хөгжлийн учиг шалтгааныг төрийн удирдлагад нь тайлбарлахад бүгд маш сайн ойлгодог. Гэвч улс орон нь уруудан доройтож буй шалтгааныг ойлгож байгаа мөртөө зөвлөснөөр нь хийвэл өөрийнх нь бүтээсэн гаж инстүүцэд хамаарч буй бүлэглэлийн эрх ашгийг хөндөхөөс айж мэдсээр байж буруу замаар явдаг гэнэ.
Улс оронд хамгийн чухал инстүүц бол хуулийн засаглал юм. Хэнээс ч үл хамаарсан шудрага хуультай, түүнийгээ яс мөрдөж чадвал үй олон инстүүцийн жам ёсны хөгжлийг нь хангаж, хамгаалж чадна. Үүний хамгийн тод жишээ нь Африкийн Ботсвана улс. Зуугаад жилийн өмнө тэндхийн омгийн ахлагч нар Англид ирж зөвлөлгөө авчээ. Тэд эргэж ирээд Английг дуурайсан хуулийн инстүүц байгуулж Ботсванагийн тогтвортой хөгжлийн суурийг тавьсан байна.
Улс орны уналт доройтлын шалтгаан бол нийгмийн цөөн тодорхой хэсэг өөрийн хувийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж албадан мөрдүүлэгт байна. Хүн болгон өөрийн эрх ашгийг боддог нь хөгжлийн гол түлхүүр болохыг Адам Смит хэлсэн. Оршин буй үй олон эрх ашгаас хамгийн тэргүүнд хувийн эрх ашиг байхыг өнөөгийн ихэнх орны Үндсэн хуульд зааж өгсөн. Гэхдээ хамгийн гол цэг нь хүн өөрийн эрх ашгийг нэгд тавих боловч тэр нь бусдын эрх ашгийг хохироож болохгүй гэсэн алтан дүрэм. Өөрөөр хэлбэл нийгмийн бүх гишүүд хувийн эрх ашгаа тэргүүнд тавих боловч, бүх хүн нийгмийн өмнө тэгш эрхтэй учир өөрийн эрх ашгийг бусдаар хөндүүлэхийг зөвшөөрөхгүй байх ёстой. Унаж доройтож буй улс орны гол зовлон нь тодохой цөөн хэсэг хувийн эрх ашгаа бодохдоо үй олон хүний хувийн эрх ашгийг боож хаан, хөндөж байгаад байгаа юм. Энэ тухай нарийвчлан мэдье гэвэл номын зохиогч Робинсон хэдхэн хоногийн дараа Монголд ирж лекц унших юм байна.
Поол Коллиэр: Адагт үлдсэн тэрбум: хамгийн ядуу орнууд хэрхэн сүйрэн унаж байгаа тухай Орчуулсан Л.Баян-Алтай
Манай дэлхий дээр өнөөдөр долоон тэрбум хүн амьдарч буй. Үүнээс нэг тэрбум нь үгээгүй ядуу аж. Энд Өмнөд Азийн, Төв Америкийн, Төв ба Зүүн Африкийн гуч гаруй орон хамаарч байна.. Эдэн дунд далайд гарцтай нь ч бий, гарцгүй нь ч бий. Байгалийн баялагтай нь ч бий, баялаггүй нь ч бий. Яагаад эд ингэтлээ үгүйрсэн, цаад шалтгаан нь юу болох талаар Оксфордын Их сургуулийн профессор Поол Коллиэр олон жилийн судалгаа явуулжээ. Судалгааныхаа дүнг нэгтгэн “Адагт үлдсэн тэрбум: хамгийн ядуу орнууд хэрхэн сүйрэн унаж байгаа тухай” гэсэн ном 2007 онд бичжээ.
Ядуу орнуудын улстөрийн байдал байнга тогтворгүй байдаг. Бүхий л тогтворгүй байдлын цаад шалтгаан хөрөнгө мөнгө булаацалдсантай холбоотой. Үүнд эхлээд төрийн эрх мэдэлтнүүд хамрагддаг ба явсаар бараг л бүх ард түмний үйлс болон өргөжидөг байна. Бослого гаргаж иргэний дайн өдүүлэгч бүлэглэл юун түрүүн эрх чөлөө, өрдчилал, үндэсний эрх ашиг, байгаль орчныг хамгаалах зэрэг аль л олигтой гэсэн уриа лоозонг дэвшүүлдэг. Тиймдээ ч үгээгүй орнуудад гарч буй төрийн эсрэг бослого болгон шахам гаднаас асар их дэмжлэг хүлээдэг аж.
Арьсны үзэлт Өмнөд Родэзийн дэглэмийн эсрэг Мугабэгийн эсэргүүцлийн хөдөлгөөн дэлхий дахины дэмжлэг хүлээж байсан. Мугабэ Засгийн эрхэнд гарч дэлхийн хамгийн харгис дэглэмийн нэгийг тогтоолоо. Хөгжлийн төвшингөөр дэлхийн тэргүүлэх эгнээнд явж байсан Өмнөд Родэзи нь Зимбабвэ нэртэй болж Мугабэгийн гарт ороод 30 жил өнгөрөхөд эргэж сэхэхээргүй үгээгүй ядуу улс болон хувирав. Сьерра Леонийг иргэний дайн руу хөтөлсөн бослогын ахлагч Фодэй Санког хэлэлцээ хийсний дүнд дэд Ерөнхийлөгчийн суудлыг санал болгожээ. Тэрээр энэ суудлаас татгалзаж, оронд нь энэ улсын алмааз ихтэй хэсгийг нэхэж байв. Фижи улс нь улаан мод тариалдгаараа алдартай. Засгийн газар үүнийгээ гадаадын мэнэжмэнтээр удирдуулахаар шийдэн тэндэр зарлажээ. Тэндрийн дүн гарснаас сарын дараа нутгийн уугуул Жорж Спэйт гэгч “Фижиг фижичүүдэд” гэсэн уриатайгаар зэвсэгт бослого өдөөв. Мань хүн тэндэрт ялагдсан компаний зөвлөх хийдэг байсан юм байна.
Бослого хөдөлгөөн дээд эгнээнд нийгмийн сайн сайхны төлөө гэсэн улс төрийн сайхан уриатай байдаг бол дунд болон доод эгнээ рүү байгаль хамгаалах, орлогыг тэгш хуваарилах, үндэстнээ хайрлах, гадаадын шулаачдыг эсэргүүцэх гэх мэтийн “иргэнлэг” уриатай болж ирдэг гэнэ. Нигерийн газрын тосны бүст гарсан бослогод оролцогч 1 500 хүний дунд энд хэн оролцож байгаа талаар доктор Адэжору нарийвчилсан судалгаа явуулжээ. Тэд дөрвөн нүглийн эсрэг тэмцэх уриатай: Шунал (Тос олборлогч компани), Бузар булай (Байгаль орчны бохирдол), Дарангуйлал (Засгийн газар), Гэгээнтэн (Урьд нь шүүхээс цаазаар авсан үймээн дэгдээгч Кэн Саро Вива гэгч). Үймээн гаргачид дотор эдгээр нүглийн шууд хохирогч ганц ч хүн басангүй.
Байгаль орчний бохирдол, үймээний жинхэнэ зорилго хоёр ямар ч уялдаагүй нь харагдлаа. Газрын тосгүй мужид ямар ч үймээн дэгддэггүй. Нэг цооногтой газар хүчтэй үймээн дэгддэг мөртөө 20 цооногтой газар тайван болно. Уг нь 20 цооногтой бол байгаль орчин илүү бохирдмаар. Энэ нь байгаль орчин бохирдож буйгаас үүссэн зэвүүцэл гэхээсээ хамгаалах нэрээр сүрдүүлэг, луйвар, рэкэт хийн мөнгө салгах ажиллагаа аж. Ухсан цооногоос газрын тос гараад ирмэгц үймээн дэгдээн сүрдүүлж мөнгө нэхэх бизнесс цэцэглэнэ. Энэ нь тухайн компанийг хариуцсан рэкэтчин хэн нь болох талаархи луйварчдын өрсөлдөөн.
Адагт орсон эдгээр тэрбум хүний засаг төрүүд нь авилгад идэгдсэн, төрийн инстүүц нь сул дорой, хуулийг мөрдөж чаддаггүй учир төр нь ч ард түмэндээ, ард түмэн нь ч төрдөө хатуу шаардлага тавьж чаддаггүй, адилтай адил, годилтой годил нэг зоосний ар өвөр болсон нийтлэг чанартай аж.
Нэгэнт найдваргүй зах зээл дээр үйлээ үзэж байгаа дотоодын компаниуд хөрөнгөө гадагш нүүлгэж эхэлдэг аж. Африкийн хамгийн ядуу гучин орны нийт хуримтлалын 70 хувь нь хөгжингүй орнуудад гарчихсаныг тооцоолсон байна. Үүний дараа эдгээр үгээгүй найдваргүй орнуудад “тархины дүрвэлт” гээч үзэгдэл болдог гэнэ. Юм бүтээх чадвартай, улсдаа хамгийн их татвар төлдөг, сүйхээтэй боловсролтой иргэд бултуулсан хөрөнгөнийхөө араас явдаг аж. Тэд хаана ч өөрсдийгөө аргалаад амьдрах чадвартай учир гадаадад гарсан ч ажил бизнес олддог юм байна. Харин улс орны аль л арчаагүй, боловсрол мэдлэггүй хүмүүс нь гадаадад гарлаа ч ажил олж амиа аргалаад явж чадахгүй учир илжирсэн байрандаа үлдэнэ. Иймээс явсаар задгай мөнгө хадгалдаг вааран гахайн дүрсэн дотор байгаа задгай зоосыг зөв тоолчиж чадахгүй арчаагүй мунхагууд эдгээр орны Сангийн сайд, Эдийн засгийн сайд болох нь элбэг болж хэмээн Коллиэр бичжээ. Энэ бүхний нийлбэрийг адагт орсон улсуудын гарч чадахгүй болсон занга гэж нэрлэх аж.
Эцэст нь өгүүлэхэд бидний өдөр тутам харилцдаг эдийн засаг гээч энгийн ойлголтыг Скаузэнээс олж мэдэх, энэ нь төрөөс хэрхэн хамаардаг, энэ хамаарал нь хуулиар биш хувийн сонирхолд хөтлөгдвөл улс гүрнээрээ унаж доройтдог тухай Ажэмоглу, Робинсон нараас сонсох, нэгэнт дампуурал руугаа явбал төрийн өндөрлөгүүдээс эхлээд энгийн хармайны хулгайч хүртэл хэрхэн дээрэмчин тонуулчин болж улс орноо алж дуусдгийг Коллиэроор яриулаад ойлгоод авчих юм бол социализмд бэлтгэгдсэн эдийн засагчдаас хэд дахин илүүг мэдээд ойлгоод авчихана даа.