Мао Зэдун, Эрнесто Че Гевара нар дэлхийн хувьсгалын
тухай хүүрнэсэн түүхэн тэмдэглэл



Энэ бол 1960 оны 11 дүгээр сарын 19-нд Бээжинд Жуннаньхай ордны Чинжэнь танхимд болсон түүхт уулзалт, түүхэн яриа. Одоо Хятадын ба Кубын архивт тэмдэглэл нь хадгалагдан буй. Тухайн үед дэлхийн хувьсгал, хоёр системийн зөрчил тэмцэл, түүнд ялах, империализмыг булшлах чин хүсэл тэмүүлэл хэр их буцалж оргилж байсныг эл яриа нэвт харуулах мэт. Өнөөгийн өндөрлөгөөс эргэж харвал эргэлзмээр, гайхмаар, хэнээтэй, осолтой зүйл бишгүй нэг ярьсан байх аж. Лав өрнөдийг ялна гэдэг дээрээ хатуу итгэлтэй байсан нь харагдана. Нөгөө талаас Хятад, Кубын шинэхэн түүхийн зарим балархай мөрүүд ил болсон мэт. Олон улсын харилцааны түүх талаасаа ч бидний мэдэхгүй баримтууд дэлгэгдэж байна. Энэ тухай сонирхолтой мөрүүдийг “Pax Моngolicа” сэтгүүлийн уншигчид, залуу судлаачид, ер нь ашиглана эшлэнэ гэсэн хэн бүхэнд зориулж Вашингтон дахь Вудро Вильсон олон улсын төвөөс (Woodrow Wilson International Center for Scholars) Макартур Сан (MacArthur Foundation), Леон Леви Сан (Leon Levy Foundation), Хенри Люс Сантай (Henry Luce Foundation) хамтран нийтэд ил болгосныг байгаа бүрэн эхээр нь аль болох ойлгогдохоор дор хөрвүүллээ.

  
Кубын Үндэсний хөгжлийн банкны захирал хувьсгалын хошуучлагч Эрнесто Че Гевара болон түүнийг дагалдагсад энэ түүхт уулзалтад уригдаж, Хятадын талаас Ерөнхий сайд Жоу Эньлай, түүний орлогч Ли Сяньнянь, мөн Гэн Бяо, Шэнь Зянь, Линь Пин нар байлцаж, Цай Тунго, Лю Силянь нар хэлмэрчилж, тэмдэглэлийг Жан Зай хөтөлжээ.

Мао Зэдун төлөөлөгчдийг талархан угтаж байгаагаа илэрхийлэхэд Кубын хувьсгалчид тэмцэлдээ Мао даргыг ямагт хүндлэл бишрэлийн бэлгэдэл гэж үздэг хэмээн Гевара командлагч хариу хэлэв. Харилцан яриа цааш ийн өрнөжээ.



Мао Зэдун: Та чинь аргентин хүн бил үү?
Эрнесто Че Гевара: Би бол Аргентинд төрж өссөн.

Мао: Бусад нь хаана төрсөн хэн хэнсэн билээ?
Гевара: Энд 4 улсын төлөөлөл байна. Энд яваа Эквадорын хувьсгалт социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Рамиро Фернандо Мальдонадо бол эквадор хүн, эдийн засагч Албан  Латасте бол чили хүн, бусад нь кубачууд. Бидний зарим нь Кубад төрж өсөөгүй ч Кубад төрсөнгүй гэж кубын  ард түмэн тээршаадаггүй,  харин ч бид Кубын хувьсгалыг хамтран хамгаалж байна. Фидель Кастро нь бүх  латинамерикчуудын хүсэл тэмүүллийг илэрхийлж байна.

Мао: Тэгэхлээр Та нар чинь интернационалчид юм шив дээ?
Гевара: Латин Америкийн интернационалчид.

Мао: Азичууд, африкчууд, нийт социалист лагерь Хятадыг дэмжиж байна. Азийн хэд хэдэн улсаар айлчлав уу?
Гевара: Энэтхэг, Сиам, Таиланд, Индонез, Бирм, Япон, Пакистанаар орлоо.

Мао: Хятадыг эс тооцвол Та нар чинь Азийн үндсэн гол орнуудаар оржээ. Одоо Хятадад  тавтай морилогтун!
Гевара: Би өнгөрсөн онд Кубыг орхин явах үед манай дотоод байдал тогтворжих явцдаа байсан. Яагаад бид өнөөгийнх шиг гадаад ертөнцтэй зугуухан харилцаж байв гэхлээр одоо дотоод байдал төвхнөсөн, бид цэх, итгэлтэй байж болно.

Мао: Өнгөрсөн онтой харьцуулахад олон улсын өнөөгийн байдал дээрдсэн.
Гевара: Бүх улс түмэн нэг юм. Гэвч империалистууд биднийг салгах гэж өдөр бүхэн чармайж адгаж байна.

Мао: Ажилчин тариачнаас гадна Та бүхэнтэй өөр хэн нэгдсэн бэ?
Гевара: Манай Засгийн газар ажилчин тариачныг төлөөлж байна. Манай оронд бидэнтэй найрсгаар харилцаж хамтран ажиллаж байгаа жижиг хөрөнгөтнүүд байсаар байна.

Мао: Үндэсний хөрөнгөтнүүд үү? Байсаар л байгаа юм уу?
Гевара: Үндэсний хөрөнгөтнүүд маань үндсэндээ  импортоор орж ирэгсэд юм. Тэдний эрх ашиг империализмтай хутгалдаад бидний эсрэг байсан. Тийм учраас бид тэднийг  эдийн засгийн талаас нь ч, улс төрийн талаас нь ч устгасан.

Мао: Тэд бол бууж өгсөн долдой хөрөнгөтнүүд. Тэднийг үндэсний хөрөнгөтөн гэж  үзэхгүй.
Гевара: Манай зарим хүмүүс империализмаас бүрэн хараат байлаа. Империализм тэдэнд  капитал, технологи, патент, зах зээл өгчээ. Тэд хэдийгээр эх орондоо аж төрж  байсан ч тэдний эрх ашиг нь империализмтай хутгалдаж байв. Жишээ нь чихрийн нишэнгийн худалдаачид.

Мао: Саахар үйлдвэрлэгчид үү?
Гевара: Тийм. Тэд байсан. Харин одоо саахарын бизнесийг улсын болгосон.

Мао: Та нар бүх  капиталаа үндсэнд нь АНУ руу хүчээр хураалгачихдаг байсан уу?
Гевара: Бүгдийг нь биш. Магадгүй зарим капиталаа хураалгалгүй зугтаалгаж байсан байх.

Мао: Хүчээр хураалгачихдаг байсан бол нөхвөр авахаар төлөвлөж байна уу?
Гевара: Хэрэв чихрийн компани гурваас илүү сая тонн саахар авсан бол бид 5-25 хувийн  хэмжээтэй нөхвөр авна. Гэхдээ худалдсан үнээсээ шалтгаална. Хүмүүс Кубын байдлыг сайн мэдэхгүй учраас энэ талаархи өвөрмөц бодлогыг ойлгохгүй байх.

Мао: Хэвлэлийн мэдээгээр бол Та нар чинь  47 кабаллер (13.71 га газар) газрын хөрөнгө, ашгийг нь жилийн нэг хувийн нэмэгдэлтэйгээр буцаагаад олгочихсон юм биш үү?
Гевара: Гурваас илүү сая тонн саахар хурааж авсан компани л нөхвөр авна. Нөхвөргүйгээр худалдан авалт хийгдэхгүй. Харьцангуй томд тооцогдох канадын хоёр банк байлаа. Тэд манай дотоод, гадаад бодлогыг ойлгон зөвшөөрсөн тул бид улсын болгоогүй.

Мао: Стратегийн хувьд зарим  империалист компанийг түр байлгаж, тэвчиж байх нь болох л зүйл. Манай энэ Хятадад ч  империалист хэд хэдэн компани байж л байна.
Жоу Эньлай: Жишээ нь HSBC бэлгэ тэмдгийн шинжтэй байж л байна. Энэ бол Хонконг ба   Шанхайн банкны корпораци байгаа юм.
Гевара: Тэгвэл тэр HSBC шиг л канадын банкууд Кубад байгаа хэрэг.



Мао: Та нар ажилчин, тариачныг нэгтгэх хэрэгтэй. Тэд олонхи шүү дээ.
Гевара: Хөрөнгөтөн ангийн зарим нөхөд бидний эсрэг эргэж, дайсны лагерьт нэгдээд  байна.

Мао: Хэн бидний эсрэг байна, тэд бол манай дайсан шүү дээ. Бид хувьсгалын эсэргүүг даран сөнөөхийн тулд их ч ажил өрнүүлсэн дээ.
Гевара: Хувьсгалын эсэргүүчүүд түрэмгий авир гаргасаар байна. Тухайлбал тэд заримдаа манай зарим арлуудыг эзлэн авдаг. Тэгснийх нь дараа бид тэднийг устгадаг. Тэднээс бид айхгүй. Тэдний лидерийг нь устгачихна, тэднийг баривчиллаа л бол  буудчихна. Тэдний зэвсэг хэрэгслийг шүхрээр хаядаг, бүгд л АНУ-аас ирсэн байдаг.

Мао: Та нар чинь хэд хэдэн америкчуудыг олзоллоо гэв үү?
Гевара: Тэд баривчлагдсан, бид буудчихсан.
Жоу Эньлай: Америкийн Засгийн газар эсэргүүцлээ илэрхийлсэн, харин бид тэдэнд хариуг  нь өгсөн.

Мао: Та их хатуу хүн юм. Эцсээ хүртэл хатуу чигээрээ байгаарай. Энэ итгэл чинь, тэгээд  энэ империализм гэдэг чинь их хүнд шүү. Хэрэв тээнэгэлзээд буулт хийгээ л бол  империализмд илүү хялбар болно. Та нартай ёстой ажиллаж өгнө дөө.
Гевара: Хувьсгалын эхний шатанд Фидель маань нийтийн орон сууцны фондын асуудлыг шийдвэрлэе гэсэн. Учир нь бүх нийтээрээ өөрийн орон сууцтай болоход нь Засгийн газар хариуцлага үүрч таарна. Тэгээд бид орон сууц эзэмшигч томхон  эздийн хөрөнгийг хурааж түүнийг ард түмэндээ тарааж өгсөн. Харин жижиг аж  ахуйтай эзэд өмчтэйгээ үлдсэн.

Мао: Дараа нь яасан бэ?
Гевара: Одоо бид хувьсгалынхаа хоёрдахь шатанд шилжиж байна. Нэг хүн бусдыгаа дарлаж ирсэн гаж үзэгдлийг эцэслүүлж байна. Дотоод, гадаад байдалтайгаа уялдуулаад бид манай байлдан олсон эрх чөлөөгөө бэхжүүлж байна. Бичиг үсэг үл  мэдэх явдал, ажилгүйдлийг арилгахын төлөө ажиллалаа. Энэ маань тун хүнд нөхцөлд явагдлаа. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж байна. Газрын реформ  цаашдаа хийх болно.

Мао: Онцсайн байна. Та нар Латин Америкт, тэр ч байтугай  Ази, Африкт нөлөөлөх болно. Хэрэв Та нар сайн л ажиллах юм бол Латин Америк, Ази, Африк Та бүхний нөлөөн  дор байх болно.
Гевара: Ялангуяа Латин Америкт нөлөөтэй байж чадна.

Мао: Латин Америкийн жижиг хөрөнгөтнүүд, үндэсний хөрөнгөтнүүд социализмаас айдаг. Иймд Та бүхэн нийгмийн реформ хийх гэж нэг хэсэгтээ яарахгүй байх хэрэгтэй. Латин Америкийн жижиг хөрөнгөтнүүд, үндэсний хөрөнгөтнүүдийг байлдан авахад чинь ийм алхам хэрэгтэй. Ялалтын дараа бид Чан Кайшийн  бизнесийг, Герман, Итали, Японы мэдлийн үйлдвэрүүдийг улсын болгосон. Улсын хөрөнгө 80 хувь болтлоо өссөн. Гэхдээ үлдэх 20 хувийг үндэсний хөрөнгөтнүүддээ үлдээсэн. Тэд нэг сая ажилчин ажиллуулж, харин худалдааны сүлжээг бүхэлд нь хянаж байлаа. Энэ асуудлыг шийдвэрлэхэд бид 7 жилийг зарцуулжээ. Бид үндэсний хөрөнгөтнүүддээ ажлын байр санал болгож, сонгуулийн эрх олгож, хувийн ба улсын холимог үйлдвэр эрхлэх, хувь хүртэх боломж үлдээсэн. Энэ нь ч тэдэнд таалагдаж, гадаадад ч үр ашгаа өгсөн. Энэ бүхнийг азийн хөрөнгөтнүүд хараад баярлаагүй нь мэдээж, гэхдээ хүлээн зөвшөөрсөн. Тэднийг нэгтгэх боломжийн арга байна, хэрэв зөв ашиглавал худалдан авах бодлого нь явууртай гэдгийг тэд ойлгосон. Хоршооллох маягаар хотын жижиг гар үйлдвэр, жижиг хөрөнгөтнийг ингээд  шийдчихлээ.  
Гевара: Бид бусад орны туршлага, ялангуяа Хятад болон социалист бусад орны туршлагаас суралцана. Хөрөнгөтнүүдийн тухайд бол хил давуулаад алдчихгүйн  тулд бид тэдэнд хүндэтгэлтэй хандана,  ажил мөнгө олгоно. Техникчдэд цалин амлана. Жижиг гар үйлдвэрийн уламжлал манайд байхгүй, иймд энэ талаар асуудал гарахгүй. Харин ажилгүй иргэдийг хоршоололд хамруулж, ажлын байр  олгоно.

Мао: Куба улс үндэсний хөрөнгөтөнтэй байгаасай гэж АНУ хүсэхгүй. Солонгос ба Зүүн  хойд Хятадад, Манжуурт үндэсний хөрөнгөтөн төрөхийг Япон хүсэхгүй л байсан. Вьетнамд мөн Франц тэгж хандсан. Тэд бол орон нутгийн оршин суугчид нь  бүтээгчид байхыг хүсдэггүй юм.
Гевара: Энэ үзэгдэл Латин Америкт бас харагдсан шүү. Хамжлагат ёсыг халахад үндэсний  хөрөнгөтнийг империализм ашигласан. Үндэсний хөрөнгөтөн импортод өндөр татвар ногдуулахыг хүсч магадгүй байдалтай байсан. Гэвч тэд үндэсний эрх ашиг  дээрээ хатуу зогсож чадаагүй, хэрэг дээрээ тэд империализмтай үгсэн хуйвалдсан…

 (Үргэлжлэлийг Pax Моngolicа сэтгүүлийн 2016  №2 дугаараас уншина уу)