Орхунт Ц.Гомбосүрэн: “БИД ЗАСВАРЧИД БИШ ОРЧУУЛАГЧИД”
Оросын их зохиолч Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ой энэ онд тохиож байна. Агуу зохиолчийн мэндэлсэн ойг дэлхийн даяар тэмдэглэхээр ЮНЕСКО зарласан билээ. Энэ хүрээнд Монгол Улсад Ф.М Достоевскийн алдарт "Гэм зэм" романыг жүжиг болгон тайзнаа тавихаар РЦНК-ийн дэргэдэх Орфей театр бэлтгэл ажилдаа ороод байна. 1960-аад оны төгсгөлөөс эхлэн орчуулгын эмнэг моринд эмээл тохсон Ц.Гомбосүрэн гуай бол Ф.М Достоевскийг монгол хэлнээ буулгасан гол орчуулагч билээ. Ц.Гомбосүрэн Ф.М Достоевскийн "Агуу тавал" гэгдэх таван романыг монгол хэлнээ орчуулаад байна. Бид энэхүү хөөрөлдөөнөөрөө Ц.Гомбосүрэн гуайн номын үйлс болоод, орчуулах эрдмийн зах зухаас уншигч танаа сөхөн харуулахыг хичээлээ.
Оросын их зохиолч Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ой энэ онд тохиож байна. Агуу зохиолчийн мэндэлсэн ойг дэлхийн даяар тэмдэглэхээр ЮНЕСКО зарласан билээ. Энэ хүрээнд Монгол Улсад Ф.М Достоевскийн алдарт "Гэм зэм" романыг жүжиг болгон тайзнаа тавихаар РЦНК-ийн дэргэдэх "Орфей" театр бэлтгэл ажилдаа ороод байна.
1960-аад оны төгсгөлөөс эхлэн орчуулгын эмнэг моринд эмээл тохсон Ц.Гомбосүрэн гуай бол Ф.М Достоевскийг монгол хэлнээ буулгасан гол орчуулагч билээ. Ц.Гомбосүрэн Ф.М Достоевскийн "Агуу тавал" гэгдэх таван романыг монгол хэлнээ орчуулаад байна. Бид энэхүү хөөрөлдөөнөөрөө Ц.Гомбосүрэн гуайн номын үйлс болоод, орчуулах эрдмийн зах зухаас уншигч танаа сөхөн харуулахыг хичээлээ.
“Элчин сайдын албыг найман жил хашихдаа юу ч орчуулаагүй…”
-Таныг ном гээч зүйлтэй хувь заяагаар холбогдсон хүн гэж боддог юм. Уншигчдыг залхаахгүй үүднээс идэр залуухан хэвлэлийн инженер байх үеэс тань яриагаа эхэлье. Таны үед ер нь номыг хэрхэн бүтээдэг байв?
-Миний үед хэвлэлийн үйл явцыг дөрвөн төрөлд хувааж үздэг байлаа. Өндөр хэвлэл, гүн хэвлэл, хавтгай хэвлэл, торгон хэвлэл гэж. Би тэр арга техникийг л заалгасан хүн. Өөрөөр хэлбэл сайн бичлэгтэй ном эсэх, эсвэл эсэргүү агуулгатай эсэх нь надад хамаагүй. Энэ техникийн мэргэжил маань ном бичигч, боловсруулагчидтай хүйн холбоотой ажил л даа. Заримдаа ч номоос болж тэдэнтэйгээ чи би дээ хүрнэ. Үг үсгийн алдаа мадагтай ном гарвал залруулга гэж далбайсан юм хавчуулдагсан. Тэр мэт бол миний ажил үүрэгтээ гаргасан дутагдал.
Манай үед бол хэвлэх үйлдвэрт өрөгдөөд гарсан дардасыг гурвантаа уншдаг байсан. Анх өрөнгүүт нь уншиж, засна. Дараа нь нүүрлэх процесс буюу номын хуудаснуудыг дараалж, тэвхэрлэсний дараа ахин уншиж, өрөлтөө засна. Ингээд хэвлэлийн машин дээр тавиад анхны цэвэр дардасаа гаргаж ирээд бас уншина. Ингэж гурав уншсаны дараа хэвлэж, ном болгоод гаргаж ирсэний дараа алдаа гарвал миний яриад байгаа залруулгыг хавсаргах, ноцтой тохиолдолд хуудсыг нь дахин хэвлэх хэрэгтэй болно. Энэ гурван уншилтыг хийдэг хянагч гэж хүмүүс байна. Дээр үеийн номыг харвал хянагчдын нэрс дурайж байгаа. Ер нь баримжаагаар бол 10-20 номонд 1-2 ном залруулгатай гарч байсан байх аа. Одоо бол бөөн алдаатай нь ч тэр чигээрээ, ганц нэг алдаатай нь ч тэр чигээрээ байх болж дээ. Тэр үед одоогийнх шиг нэг үгийг яаж бичих талаар хүн болгон өөр өөр юм ярьдаг байгаагүй. Эрхбиш буруу зөв нь хамаагүй нэг л ёсоор бичдэг байлаа. Төрөөс зарим үгсийг жигдэлсэн жагсаалт гаргасан байна лээ. Ийм байхад л байдал сайжрахгүйг бодоход хэвлэлийн газруудтай л холбоотой болов уу.
Миний хувьд дээр хэлсэнчлэн номын агуулга, үг үсгийн тал дээр үүрэг хүлээдэггүй байлаа. Харин ном хэвлэгдэх явцыг хариуцаж байгаа учраас хэвлэлийн редакци, түүнийг даваад зохиолч нартай танил, холбоотой болчихдог юм. Зохиолчид маань хэвлэх үйлдвэрт танилтай байх сонирхол ихтэй. Яагаад гэвэл хэвлэх үйлдвэр нь ажлаа барахгүй. Ном хэвлэгдэх дараалал урт учраас ганц нэгээр ч болов урагшлуулчих арга чарга хайна. Иймэрхүү байдлаар нэг талаар ашиг сонирхолын ч юм шиг, нөгөө талаар анд нөхдийн ч гэмээр харилцааг олон сайхан зохиолчидтой тогтоож дээ. Тийм холбоо, нөхөрлөлгүйгээр жирийн нэн инженер нөхөр орчуулга хийнэ, энэ тэр гэж явбал эмнэлэг домнолгоор явж, ухаан бүтэн эсэхээ шалгуулах талаар зөвлөгөө ч сонсож мэдэхээр л цаг үе шүү дээ.
-Намын дээд сургуульд сурч ирсэний дараа таныг димпломат алба руу татсан гэдэг. Ер нь дипломат алба таны орчуулагчийн үйлсэд чамгүй үр нөлөө үзүүлсэн байх даа?
-Үнэн сониноос авахуулаад төвийн есөн сонин, бас чамгүй олон сэтгүүл, тэгээд ном хэвлэдэг хэвлэх үйлдвэр бол үзэл сурталын тэргүүн шугам гэж тухайн цагт үздэг байлаа. Тэр ч утгаараа хэвлэлийн инженер бид үзэл сурталын хувьд найдвартай ардууд байх хэрэгтэй болж буй юм. Ингээд улс төрийн ном үзүүлэх гэж хойшоо сургуульд явуулсан. Харин номоо үзээд ирсэний дараа гадаад яам руу томилчихсон. Энэ салбартаа хамгийн олон жил хөдөлмөрлөж дээ. Ардчилсан хувьсгалын дараа миний ажил улс төрийн алба болсон. Ингээд шинэ төрд 1996 он хүртэл зүтгэсэн.
Дипломат алба үнэндээ орчуулга хийхэд садаа болсон гэхээс нэмэр болсон зүйл бага. 1972 онд анхны орчуулгаа гаргаж байлаа. Ер нь орчуулга руу орсон нь нэгдүгээрт уран зохиолын сонирхолтой холбоотой, нөгөөтэйгүүр ний ний нуугүй хэлэхэд талхны мөнгөтэй ч холбоотой. Тэр үе над шиг инженер 750 орчим төгрөгийн цалинтай байсан. Тухайн үедээ бага мөнгө биш л дээ. Гэхдээ бас тийм ч хүрэлцээтэй эд биш. Орчуулга хийж өөрийгөө сорих, нэмээд хэдэн бор юм олох гэсэн хоёр сэдэлтэй л орчуулга оролдсон юм уу даа. Ингээд 1969 оноос эхэлж, Кавказын ардын зохиолчийн хувьсгалт тэмцлийн сэдэвтэй Гайхамшигт эгшин гэж ном орчуулсан. Тэр номынхоо хөлсөнд 6000 төгрөг авсан гэхээр нэлээд зузаан ном оо. Миний өнөөдөр хэлж суугаа 30 гаруй номын орчуулгын гол нуруу нь 1996 оноос хойш хийсэн ажил. Тэгэхээр эхэн үедээ орчуулга маань дагавар ажил шинжтэй байснаа, хожим ажилгүй болоход үндсэн ажил болсон хэрэг. Дипломат албанд зүтгэсэн маань орчуулгын зам руу хөтөлсөн хэрэг огт биш. Ялангуяа элчин сайдын албыг найман жил хашихдаа юу ч орчуулаагүй.
В.Астафьевийн “Хаан загас” романы орчуулгаа дотроо тоож явдаг
-Та 30 хол илүү ном эх хэлэндээ орчуулсан гэж байна. Үүнээс таны орчуулагчийн нэрийн хуудас болсон, магадгүй хамгийн их хүч зарсан ажлууд бол Ф.М.Достоевскийн зохиолууд. Энэ сартваахийн зүг юу таныг дуудав?
-Ф.М.Достоевскийн гурван зохиол өмнө нь монгол хэл дээр буусан. Анх удаа 1950-иад онд Н.Наваан-Юндэн гуай “Ядуу хүмүүс”- орчуулж билээ. Харин 1980-аад оны эхээр “Дорд үзэгдэгсэд”-ийг Г.Амар агсан орчуулсан. Цагаан шөнийг ч мөн Г.Амар л орчуулсан санагдана. Харин миний хувьд “Хөвүүн заяа” буюу Подросток романы орчуулга бол эх хэлэндээ буулгасан дөрөв дэх Ф.М Достоевский минь. Гэм зэм, Карамазовын хөвүүд, Солиот, Хөвүүн заяа, Манайхны Албингууд гээд байдаг “Бесы” хэмээх романыг “Ф.М. Достоевскийн агуу таван роман” гэж судлаачид нэрлэдэг юм билээ. Социализмын он жилүүдэд Монголчууд шашингүйн суртал дор амьдарч байсан учраас Достоевскийг агуу тав гэх дээр өгүүлсэн номууд манайд орчуулагдах учиргүй байжээ.
Ф.М.Достоевскийг би шашныг зохиол бүтээлдээ ихэд товойлгож тавьсан гэж боддог юм. Уг нь тэрбээр социалист үзэл санааг анхандаа ихэд талархан дэмжиж явсан хүн. 1848 онд хэвлэгдсэн К.Маркс, Ф.Энгельсийн Коммунист намын тунхаг гээч Орос байтугай өрнийн сэхээтнүүдийг хуйлруулж байсан цаг. Петрашевскийн дугуйлангийнхантайгаа цаазаар авах ял заалгуулсан, алах ялыг нь цөллөг болгосон шийдвэрийг хаант засгийнхан бодлоготойгоор гаргасан зэрэг олны мэдэх түүхээс Ф.М.Достоевскийд хамгийн их нөлөөлсөн нь үхлийн аман дээр очсон тэр мөч, цөллөгт таван жил дэрлэж хэвтсэн Библи судар л байсан. Цаазлуулах гэж буй ялтаны сэтгэл зүйн талаар Ф.М.Достоевский хэд хэдэн зохиолдоо тун тод томруун оруулсан нь бий. Энэ үеэс хойш Ф.М.Достоевский энэ хорвоод хүний сэтгэлийг залж, өргөж явдаг юм чинь бурханы сургааль, бурхан юм байна гэсэн үзэлд машид үнэнч болсон нь харагддаг юм. Гэхдээ үүнийг яг тийм үү, үгүй гэдэг дээр маш том маргаан байдаг. Карамазовын хөвүүдийн Алёшаг Лениний замаар явах байсан уу, народник болж хаанаа алах байсан уу гэх мэт янз бүрийн судалгаа дүгнэлтүүд байдаг юм билээ.
Үнэндээ бол би Ф.МДостоевскийн агуу таван номоос орчуулъя гэсэн ямар ч ойлголт, төлөвлөгөөгүй л явсан хүн л дээ. Нутгийн дүү Ж.Баасанхүүгийн ятгалгаар би 1997 оны үед М.Булгаковын “Мастер Маргерита хоёр”-ыг орчуулсан. Ж.Баасанхүү христийн шашинтан биш л дээ. Гэхдээ хүний сэтгэлийн энэрэл нинж, ёс жудагийг хөндсөн Ф.М Достоевскийн бүтээлүүдийг орчуулах хэрэгтэй гэж намайг тэр үеэс л шавдуулах болсон. Ингээд “Гэм зэм”-ээс нь эхэлсэн дээ. “Гэм зэм” бусад агуу романуудаа бодвол арай энгийн. Түүний дараа Карамазовыг буулгасан. Дараа нь Солиот руу орсон. Сүүлд Г.Аюурзана одоо агуу таваас хоёрхон л үлдлээ шүү гэж байсан. Тэгсэн нэг мэдсэн чинь Подростокийг нь туучихлаа. Одоо Албингууд нь байна. Албингуудыг хамгийн их улстөржсөн зохиол гэж үздэг. Энэ зохиолыг бичсэнийх нь дараа хуучинсаг, харгис үзэлтнээр нь цоллох болсон ч гэдэг. И.Тургеневтэй ч муудалцаж байсан гэдэг. Саяхан нэг удаа Оросын телевизээр ярьж байсан. 1935 онд И.Сталины засаглалын үед хэвлэгдсэн Албингуудыг шатаах шийдвэр гарчээ. Гэтэл энэ шатаалганаас хоёр ширхэгийг авч үлдсэн нь одоо цагт сая рубль хүрсэн талаар мэдээлж байна.
-Б.Ринчен гуайг монгол хэлэнд “этгээдчин” гэдэг үг оруулсан гэж Го.Аким гуай хэлж билээ. Минийхээр та ч хааяа үг зохиохсон юм шиг санагддаг . Жишээлбэл, “миегнэх” гэж үг байна. Я.Цэвэлийн тольд лав байхгүй үг. Гэхдээ ойлгогдож, уншигдаад байгаа юм. Ялангуяа Ф.М.Достоевскийн орчуулгад энэ үг их тааралдана.
-“Миегнэх” бол шинэ үг биш шүү дээ. Зүгээр л та нарын мэддэггүй, магадгүй эс тоомсорлосон монгол үг байх. Я.Цэвэл гуайн толийг уншсан нэг гадны хүн, өмнөх үгэнд нь орсон нэг үг толин дотроо байгаагүйг ажигласан тухай ярьцгаадаг. Тэгэхээр “миегнэх” байхгүй байх нь гайхахаар зүйл биш л дээ.
“Миегнэх” гэж манай нутгийн зүгээр нэг хар ярианы үг. Юм хийгээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг дэмий уймарсан янзтай хөдөлгөөнийг л хэлж байгаа юм. Иймэрхүү янзтай байгаа хүнээс, “Чи юундаа миегнээд байгаа юм бэ?” гэж асууцгаадаг. “Гудамжинд бөөн миегнээн” гэвэл үймээнээс арай өөр. Холхисон олны эсэн бусын үйл хөдлөлийг хэлж байгаа юм. Ер нь зах зээлийн газар гэдэг бол миегнээн шүү дээ. Миегнэх гэдэг үг ухамсарлагдаад байгаа биз дээ. Өөрийн хэл, төрөлх хэл гэдэг чинь энэ шүү дээ. Хүний хэл бол шал өөр.
Энэ дашрамд хэлэхэд , би ижил утгаар хэрэглэчихэж болохоор үгийн сонголт байгаа бол аль болох хэрэглээнд бага орсон хуучин үгийг түлхүү хэрэглэхийг хичээдэг юм. Миний үгийн сан тийм ч баян биш л дээ.
-Овоо юм хийчихлээ дээ гэж өөртөө хэлсэн, сэтгэл ханамж авсан орчуулгаа нэрлэ гэвэл алийг нь хэлэх вэ?
-1978 оны сүүлээр би нэг орчуулга эхэлсэн юм. Тэр үедээ ажлын зав чөлөөгөөр хийхдээ хийгээд, орхихдоо орхиж явсаар 1982 онд ном болж хэвлэгдсэн. Зөвлөлтийн зохиолч Виктор Астафьевийн “Хаан загас” гэдэг зохиол. ЗСБНХУ-ын төрийн шагнал авсан бүтээл нь. Тэр үед Зөвлөлтийн намын төв хорооноос манай намын төв хороонд орчуулвал зохилтой номын зөвлөмж, жагсаалт маягийн зүйл өгдөг байсны дотор В.Астафьев гуайн энэ зохиол байсан юм. Тэр үед би хойноос төгсөж ирээд гадаад яаманд ажиллаад эхэлчихсэн, гэхдээ Хэвлэлийн газрынхантайгаа хүн амлаж аваагүй зохиол бүтээл юу байна мэдэж байгаарай гэх маягийн харилцаатай байсан үе л дээ. “Хаан загас” бол орчуулахуйяа нэн бэрх зохиол. Мастер Маргарита хоёр, Достоевскийн романуудыг хэцүү л гэдэг юм. Энэ зохиол бол тэдний дэргэд хамаагүй хэцүү. Хамаагүй хэцүү нь юундаа байнав гэхээр В.Астафьев Сибир, Красноярск орчимын нутгийнхаа хэлээр л биччихнэ. Нөгөө үгс нь чиний хэлдэгээр толин дээр байхгүй. Гэхдээ ямартай ч зүтгэсээр ард нь гарсан юм билээ. Түүнийгээ л би дажгүй болсон гэж үздэг юм. Дажгүй гэж хэлэх шалтгаан бас байгаа. Хаан загас бол байгалийн харьцааны тухай зохиол юм. Байгалийг зовоож буй хүний үйлдэл дээр хүний жудаг, зан араншингийн эерүү сөргүү талыг бичсэн эд л дээ. Элдэв нутгийн аялга, үг хэллэгээс гадна лавтай хориод загасны нэр, цэцэг өвс ургамалын нэр мөн түүнээс дутуугүй, шувууны 10 гаруй нэр гарна. Тэдгээрээс ихэнх нь манай тэр үеийн толин дээр ихэнх байхгүй. Энэ мэтийг оноохын тулд үүгээр түүгээр явж, нарийн мэргэжлийн ном сөхөж, шаггүй зовсон байх ёстой. Энэ зовлондоо ч биш, ер нь ерөнхий хэл найруулга нь гайгүй болсон гэж үздэг юм, би.
Энэ сэтгэл маань эдүгээ жаахан чангарч байгаа. “Хаан загас”-ыг би “Роман-газета” сэтгүүлийн 1978 оны дугаараас орчуулсан юм. Тэр нь товчлогдсон хувилбар байсан. Хожим 1982 онд гарсан В.Астафьевийн дөрвөн ботиос үзвэл нэг бүлэг нэмэгдсэн байсан. Тэгээд эн энэ орчуулгаа хожмын нэг өдөр гүйцээх ёстой гэж үзсээр ирсэн хүн л дээ. Саяхнаас завшаан гарч гүйцээхээр судалж эхэлтэл мань хүний өөрийнх нь баахан тайлбар гарчээ. Өөрийнх нь хэлснээр 1993 онд Красноярскийн хэвлэлийн газраас гаргасан хувилбарыг харьцангуй бүрэн гэж байна. Түүнийг олоод үзвэл ахиад хоёр бүлэг байж байна. Түүнд дагалдуулсан В.Астафьевийн “Хаана загас”-аа хэрхэн бичсэн тухай тайлбараас үзвэл энэ ном хэвлэгдэх гэж багагүй зовлон туулжээ. Зохиолчийн хувьд анх хэвлэгдэхээс л эхлээд цензур, шахалт их байсан учраас бараг зөнд орхисон юм уу даа. Хэвлэх гэж байгаа сэтгүүл нь зохиолч, төв хороо хоёрын дунд тун хүнд нөхцөлд байсан гэж мань хүн өөрөө дурссан нь бий. Тухайн үед нэг мундаг хүн В.Астафьевт чиний зохиол бүтнээрээ хэвлэгдэх гэж 200 жил болно гэж хэлж байсан гэдэг. Гэтэл Астафьев 1992 онд цаг эргэсний дараа дарагдаж, хасагдсан бүлгүүдээ олоод хэвлүүлчихсэн байдаг. Тэгээд, “манай нам төрийн 200 жил дарна гэснэ бүлгийг би 15 жилийн дараа хэвлүүлсэн юм даа” гэж бичсэн байна лээ. Бүрэн хувилбарыг нь гартаа авч үзвэл миний орчуулсан хувилбарт тавны нэг орчимыг нь хассан байсан. Ингээд би орчуулгыг нь бүрэн гүйцээгээд байна. Үүнийг бүрэн бүтэн болгох гэж цэгцэлж суухад энэ нь нэг овоо болж дээ гэмээр хэсэг орчуулгад маань хэд хэд таарлаа. Ингэж би өөрөө өөртөө л хэлэхгүй бол хүн хэлэхгүй шүү дээ.
“…Надад ширээний ном байхгүй…”
-Танай үеийн сэхээтнүүдийг бичгийн ур үнэхээр сайхан. Танай хойд үеэс ч гэсэн сайхан найруулгатай олон хүн байна. Баабар гуайн тэнэг хүн ч ойлгохоор энгийн хэрнээ хоржоонтой найруулга байна. Саяханаас цахимаар тарж байгаа С.Баяр гуай л гэхэд маш богино богино өгүүлбэрээр санааг тод томруун зурж бичиж байна. Таны найруулга ч уншигчдын дунд жишиж ярихаар сайхан жишээ. Ер нь хууч үеийн сэхээтнүүд энэ бичгийн боловсролыг яаж олж авсан хэрэг вэ? Үлгэрийн хүмүүжилдээ байна уу?
-Үлгэрээс ч нэг их найруулга олдохгүй л дээ. Яруу найраг, шүлэг зохиол цээжилдэг хүмүүс бол юу юм гэхээс. Миний хувьд бол үргэлжилсэн үгийн зохиол бага сага уншиж байсан. Э.Эрдэнэ гуай, С.Дашдооровыг ч юм уу. Би өөрийгөө бол нэг их мундаг найруулдаг хүн гэж үзэхгүй байна. Би үг үсгэнд их баригддаг этгээд. Орос өгүүлбэрт 10 үг байгаа бол монгол орчуулгад 10 үг байх ёстой гэсэн зарчим барьдаг. Тэр нь тавхан үгээр гарчихмаар ч, эсвэл 15 үгээр гарахаар өгүүлбэр байж ч магадгүй л дээ. Би бол үг болгон санаа дайж яваа учраас юуг ч хаяж болохгүй гэж үздэг. Ийм хүн чинь нөхөр Ф.М.Достоевский тал хуудас өгүүлбэр бичсэн бол тэрийг нь монголоор тал хуудас л бичнэ. Үүнийг би өөрийнхөө дутагдал гэж үздэг юм. Харин Б.Ринчен гуай бол хуудас дамнуулаад биччихнэ шүү дээ. Энэ бол манай хуучны найруулга. Үүний муу тал нь туршлагагүй уншигч өгүүлбэрийнхээ эхэнд явсан санааг гээчихдэг.
Манайд уншигчдын боловсрол янз янз. Өө зайлуул тэр нь тэрийгээ алчихаж, цаад хоёр нь бас явдаг байсан юм байна гэх мэтээр үйл явдал хөөж уншаад дуусгачихдаг ч хүн байна. Цаана нь хэлээд байгаа жаргал зовлонгийнх нь асуудал, мөнхийн сургааль, ашид сайхан юм нь юу байгааг тэмтэрч ойлгох нь уншигчийн туршлагын асуудал.
Саяхан миний орчуулсан “Үйлтэй байшин” номыг С.Баяр редакторлохдоо, өгүүлбэрээ тасдаж, жижигрүүлээчээ гэж хэд хэд хүссэн. Би бол ганц л хариулттай. “Юу ярьж байгаа юм. Цаад Юрий Трифонов чинь л тэгж бичсэн байна шүү дээ” гэдэг.
-Таньд өөртөө урам зориг өгдөг, гацахдаа барьж авдаг ном бий юу?
-Үгүй. Надад ширээний ном байхгүй. Ширээний ном гэвэл хэдэн толио л хэлнэ. Гэхдээ үг түүж, элдэв янз болсон ном бол бий л дээ. Б.Ринчен гуайн “Үүрийн туяа”-г тэг дунд нь ортол үг түүж байлаа. Ж.Самбуу гуайн дурсамж бий. Тэнд сайхан үгнүүд байгаа. Түүнийг түүж байлаа. Хуучин хэвлэлд А.Дашням гэж их сайхан найруулгатай хүн байсан. Тэр хүний “Өлзий нарангийн өчил”-ийг саяхан дахин хэвлэсэн бололтой юм билээ. А.Дашням гуайн тэр номыг би алдчихсан. Уг нь тэр номонд нэлээд олон үг бий. Товчдоо бол орчуулагч нар үгийн сангаа байнга баяжуулж байх ёстой. 12 сандал дээр авсны мужаан гэж дүр гардаг юм. Тэр нөхөр хүний үхлийг нийгмийн гаралтай нь холбож, 5-6 янзаар хэлсэн байдаг. “Мань мэт нь бол мажийдаг юм. Хэн гуай харин тэнгэрт халина шүү дээ” гэж байгаа юм. Тэндээс улбаалаад би “үхэх”-ийг нэрлэсэн үгсийг тоолж үзээд орос дээр 20 гаргаад, монгол дээр 30 гаргаад явж байна.
-Та Ф.М.Достоевскийн “Карамазовын хөвүүд” номыг хагас жилийн дотор орчуулсан гэж хэвлэлд ярьсан байсан. Эндээс улбаалаад таны ажлын дэг, дэглэмийг сонирхвол?
-Ажлын дэглэмийн хувьд ихээхэн муйхар нөхөр байна л гэж үзэх хэрэгтэй. Манай хүн надад, “Хөөе хүн гуай би хэлгүй болох нь байна шүү” л гэдэг юм. Тэнд би Солиот дотор солиорчихоод суудаг. Энд эхнэртэй үг солих хүн байдаггүй. Нэг үгээр бол, муйхар гэдэг үг л тохироод байгаа юм. Сүүлийн хоёр романаа орчуулж, хэвлүүлсний дараа шаггүй ядарсанаа мэдлээ. Тэгэхээр одоо бол жаахан ном уншъя гэж бодоод байна. Би ерөөсөө ном уншиж чаддаггүй хүн байгаа юм. Энэ нууцаа хэлчихдэг нь зөвдөв үү буруудав уу?(инээв).
“…Эх зохиолд маш хүндэтгэлтэй хандах ёстой…”
-Ажлын хэмнэлийн хувьд тийм байдаг байж. Тэгвэл орчуулгын арга барилынхаа талаар ярьж болох болов уу?
-Би бол зохиолчоо л дагаад явчихдаг юм. Матарлаж байгаа бол ядаж бага матарлах хэрэгтэй шүү дээ. Эх зохиолд маш хүндэтгэлтэй хандах ёстой. Ф.М.Достоевский их яарч бичсэн учраас найруулга энэ тэрийн дутагдал бол бас бишгүй таарна. Гэхдээ бид засварчид биш орчуулагчид шүү дээ. Жишээ нь нэг өгүүлбэрт “гэнэт” гэсэн үг хоёроор тогтохгүй таарна. Нэг хоёрыг нь хасчихвал зүгээр ч юм шиг. Гэтэл мань хүн сэтгэл нь хөдлөөд биччихсэн байгаа. Уншигчид аягүй бол энэ Ц.Гомбосүрэн дурак чинь “гэнэт” гэдгээс өөр үг мэддэггүй юм уу гэх болно. Тулгаж унших хүн цөөн. Орчуулагч хүн ийм юмны эрхшээлд байдаг. Ф.М.Достоевскийг Оросууд ч өөрсдөө хэлдэг, “найруулгын хувьд гавьдаггүй” гэж. Гэтэл нөхөр Л.Н.Толстой аль романаа ч билээ арван гурав зассан гэж ярьдаг. Тэгж найруулгаа төгс болгодог. Манай хүн бол өрөнд баригдчихсан болохоор цаг хугацаанд шахагдаж бичсэн. Тийм ч шалтгаанаар Анна Григорьевна гэж бүсгүйтэй ажиллаж, сүүлдээ ханилж суусан шүү дээ. Энэ тухай гэргий нь хожим сайхан дуртгал бичсэн нь бий.
-Ер нь та уншигчдийг Достоевскийн зохиолоос юу олж аваасай гэж бодож байна? Моралийн асуудлууд нь уу, эсвэл уран зохиолын туурвилын суутан гэдэг утгаар уншаасай гэж бодож байна уу?
-Ф.М.Достоевскийгоос авах юм маш их. Ф.М.Достоевскийн философи гэж байгаа. Тодорхой үгнүүдээр илэрхийлсэн нандин санаа бол зөндөө. Ёс суртахуун, хүнийг жудагтай байлгах талаар сургааль ч өчнөөн. Би “Хөвгүүн заяа” номын хавтсан дээр хэрэг болгож эрхэм Ф.М.Достоевскийгээс шүүрдсэн тийм хэдэн үгийг тавьсан байгаа. Та бүхнийг хэрэг болгоод тэдгээр үгсийг уншигчиддаа цохолж хүргээсэй гэж хүсэх байна.
Феодор Михайлович Достоевский өгүүлрүүн:
-Бид төрөлх хэлээ боломжийн төгс эзэмшиж гэмээнэ гадаад хэлийг боломжийн төгс эзэмших боломжтой.
Хүч чадлаа бид битүүдээ мэдэх бол илэрхий ноёрхохоос зүйрлэшгүй таатай.
-Жинхэнэ үнэн дандаа үнэмшимгүй байдаг.
-Хүмүүс үнэнийг үнэмшмээр болгохын тулд худал зүйлээр хачирладаг.
-Бурхангүй аж төрнө гэдэг бол гагцхүү зовно гэсэн үг.
-Амьдрал бол бүхэл бүтэн урлаг. Амьдарна гэдэг бол өөрөө өөрийгөө уран сайхнаар бүтээнэ гэсэн үг.
-Хүн бол аливаа юманд дасдаг амьтан.
-Ажил бүтээхдээ зуун жил амьдрах гэж байгаа юм шиг хий. Мөргөл үйлдэхдээ яг одоо үхэх гэж байгаа юм шиг залбир.
-Христийн шашин дээр тулгуурласан Достоевскийн моралийн асуудал монголчуудын уламжлалт сэтгэлгээтэй хэр авцалдах вэ?
- Аливаа шашны гол мөн чанар нь буян, нүгэл. Буян үйлдэх, нүгэл эс үйлдэхүйн тухай асуудал. Түүнээс ердөө алаад бай, ердөө унтаад бай гэдэг шашин байхгүй. Тэгэхээр Христосын аль ч урсгал, Простентант, Үнэн алдартан, эсвэл лалынхан, шарын шашныхан бүгд л буян гэж ийм юмыг хэлж байгаа, нүгэл гэдэг нь энэ гэдэг. Зарим нэг ялгаа байж болох юм. Жишээ нь, Лалынхан бол цусыг цусаар гэдэг зарчимтай. Есүс бол чамайг хүн нэг хацар луу чинь алгадвал чи нөгөө хацраа тавьж өг гэж сургадаг.
“...Энүүхэн өнгөрсөн социалист үеийг наанатай цаанатайгаар харуулах нэн чухал зорилт байна...”
- Та Коран судрыг ямар шалтгаанаар орчуулсан юм бэ? Ф.М Достоевскийг орчуулсан нь танийг ч мөн шашны мөн чанарыг тайлах эрмэлзлэлтэй болгочихов уу?
-Монголын Мусульманы нийгэмлэг гэж байгаа. Тэрний дарга чинь дипломатч К.Сайран надад санал болгосон юм. Баабар ч бас дэгтэрсэн тал бий. Тэгээд яахав бариад суучихсан. Би зөвхөн уран зохиолын орчуулга хийгээд байдаггүй. Карл Поппер гэж хүний зохиолыг орчуулсан. Миний намын дээдэд үзсэн багш нарын номыг баахан муулсан ном бий.
Коран судрыг орчуулагдашгүй гэж үздэг. Тэгэхээр монголчлов гэх үү, монгол хэлээр хөрвүүлэв гэх үү, ямартай ч өөр өнгө аясаар хэлэх хэрэгтэй. Кораны хэл найруулгын хувьд хуучны өнгө аястай гаргах шаардлага байсан. Гэхдээ би тэгтлээ сайн хийж чадаагүй байх. Тэр бол санаан зоргоор бүтэх зүйл биш. Би хоёр орос, хоёр англи дөрвөн орчуулгыг барьсан. Цөмөөрөө зөрөөтэй. Араб дээрээ бол шүлэглэсэн хэлбэртэй байдаг юм билээ. Мянга найман зуун хэдэн онд Оросуудын хийсэн орчуулгыг их сайн гэлцдэг. Би тэрийг нь голлон барьсан. Хоёр англи орчуулга нь нэлээд зөрнө. Хасаг хэл дээр бас бий. Тэгэхээр хэрэглээний хувьд нэг их шаардлагагүй ч, судлаачдад хэрэг болж магадгүй.
-“Арбатын хүүхдүүд” романы зохиолч Анатолий Рыбаковтой таныг холбоотой байсан гэдэг. Энэ түүхээ дэлгэрүүлж ярьвал?
-Яг ч шууд холбоо биш юм. “Арбатын хүүхдүүд”-ийн анхны орчуулга бол хуучин системээр, дээр хэлсэн орчуулах намын жагсаалтын зарчмаар явчихсан юм. Харин хорвоо дэлхий эргэсэн хойно хоёр, гурав нь сүүлдэж гарсан. Тийм ч учраас зохиолчоос нь зөвшөөрөл авах нь зүйтэй юм гэж бодоод эрж үзтэл Нью Иоркт амьдарч байгаа сураг нь гарсан. Өөрийнх нь дурсамжийг эргүүлж суутал нэг хүүгийнх нь авгай Ивонава гэж нэг хүүхэн Москвад суудгийг мэдсэн. Тэр брэ нь бас бичдэг, шүүмжилдэг, нэлээд том сэтгүүлийн орлогч эрхлэгч байсан. Моксвад тэр бүсгүйг сураглаж очоод, учраа хэлж, Нью-Йоркийнх нь утсыг авсан. Ингээд Нью-Иоркт суугаа дүүдээ хэлж, уулзуулж байж, эрхийг нь авсан. Би яахав нэг бэлгэдлийн чанартай 1000 доллар л өгсөн дөө. А.Рыбаков, хүн ам, нийгмийн байдлыг сонсоод ерөнхийдөө гадарласан байх. Ном ил байна уу, далд байна уу, газар дор байна уу, шороон дээр байна уу гэсэн юм асуугаад хөөрхий бараг уншигчгүй юм шиг байна гэж дүгнэсэн бололтой.
-Орхан Памукыг орчуулсан тухайгаа та яриач. Таны өмнө нь орчуулсан зохиолуудаас арай л өвөрмөц зохиол шүү дээ.
-Орхан Памукийн эрхийг авах гэж Туркэд байгаа элчин сайдаар хөөцөлдүүллээ. Олдсонгүй. Парист байдаг сурагтай, хайж үзлээ, байдаггүй. Колумбын их сургуульд зочин профессор хийж байгааг нь дуулаад Америкт суугаа элчин сайдаараа сураглууллаа, их сургууль нь хаягийг нь өгдөггүй. Түркүүдийн зүгээс их дарамттай байдаг болохоор нууц байдалтай амьдардаг аж. Бараг л “Хар судар” роман дээр Галип Желялыг Истанбулаар нэг хайдаг биш, би гэдэг хүн Орхан Памукийг дэлхийгээр нэг чадахаараа л эрсэн. Тэгсэн ашгүй Непкогийн Английн нэг жижигхэн хэвлэлийн газар эрхийг нь эзэмшдэгийг олж мэдээд, тэр шугамаар нь холбогдож эрхийг нь авсан. Орчуулгын хувьд бол хийх ёстой ажлаа хийдгээрээ л хийсэн.
-Цаг үе болгонд уран зохиол ямар нэг асуудалд хариулт эрсэн нь харагддаг. Л.Н.Толстой, Ф.М.Достоевский, А.П.Чехов нарын оросууд хамжлагаа чөлөөлсний дараах тэр бүдүүлэг Орос үндэстний ёс зүйн асуудалд хариулт эрсэн байх жишээтэй. Энэчлэн өнөөдөр манай үндэстний уран зохиолд тэгж шийдэх ёстой, уран зохиолын арга замаар шийдвэрлэх асуудал байна уу?
-Тэрийг би яаж мэдэх вэ. Тэр бол та нарын, зохиолчдын маань л мэдэх хэрэг. Ерөнхийдөө бол энүүхэн өнгөрсөн социалист үеийг наанатай цаанатайгаар харуулах нэн чухал зорилт байна. Тэр үед амьдарсан бид мэт нь уншаад ч юм уу, тэрүүгээр хийсэн киног үзээд нээрэн тийм дээ гэж бодмоор. Тэр үед амьдраагүй сүүлийн 25 жилийн үр хүүхдүүд та нар үзээд тэгтлээ ч мунхарсан хүмүүс байгаагүй юм байна, тэгтлээ ч буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээсэн хэрэг биш юм байна гэж бодохуйц, бидний үүх түүх, цаад шалтгааныг ухааруулахуйц, мэдэрхүйц зохиол үгүйлэгдэж байна. Ангич үзлийн үүднээс биччихсэн л болохоос Тунгалаг тамир маань хуучин явдал, засаг төр солигдох явдлыг нэлээд гайгүй харуулсан эд. Ний нийгүй хэлэхэд би монгол уран зохиол уншдаггүй, ер нь уран зохиол уншдаггүй. Тэгэхээр миний энэ ярьж буй хэрэгцээг хангаж чадах мундаг роман байгаа ч юм билүү. Хэн мэдлээ.
Ярилцсан:
Я.Баяраа
Б.Баясгалан
"ЦОГ" сэтгүүлээс хэсэглэн авч нийтлэв.
Гэрэл зургийн эх сурвалж:
"eagle.mn" сайт.
"Ф.М Достоевскийн "Хөвүүн заяа", Юрий Трифоновын "Үйлтэй байшин" романы монгол орчуулгын нээлтийн үеэр. 2016 он.
Dr. Aditya
lius
Өвөрхангай.
Бат
MARIA WANG
MARIA
Gombosuren
цолмон
DR UROLOGIST
DR UROLOGIST
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin