1072 хувьцаа зарах тухай цуу яриа ямар учиртайг бүү мэд. Үүр шөнийн заагаар л хөөрхөн бужигнаан дэгдээж буй бололтой юм. Хэн нэгний судалгаа мониторинг байж ч магад, хувьцааны данс нээж хэдэн цаас олж буй нөхдийн “маркэтинг” ч байж магад, цагдаа тагнуул шалгах хэрэгтэй л байх. Асуудлын гол нь “тэнгэрлэг” ард түмэн маань энүүхэн төдий цуу ярианд эх оронч зүрхээ худалдахад бэлэн байгаа нь ил болов. Ер нь бид яагаад эх орноо хайрлах хэрэгтэй юм бэ? Энэ асуултанд учир шалтгааны үүднээс хариулахгүй, шууд мухраар итгэх нь эх оронч үзлийг маш хэврэгхэн болгож байх шиг. Хувьцаа зарна гэж итгэсэн тэр “хар масс” –ын хэд нь сошиал хуудас дээрээ “Эх Оронч Үзэл бол ийм тийм...” гэж бичдэг бол?

Бид 20 орчим жилийн өмнө ямар ч учир шалтгаангүй түүх чээжилдэг байлаа. “Монголчууд хятадыг эзэлсэн, яагаад гэдгийг мэдэхгүй зүгээр л эзэлсэн”, “Сүхбаатар гаминг хөөсөн, бас л яагаад гэдгийг мэдэхүй, зүгээр л хөөсөн”, “Гурав хуваагдаж манжид эзлэгдсэн, эв нэгдэлгүйгээс л болсон. Харин яагаад эв нэгдэлгүй байсныг нь мэдэхгүй..” гэх мэт. 90 –ээд он гараад хүүхэд залуусын уншсан анхны учир шалтгаантай түүх “Нүүдэл Суудал” ном байлаа. “Монголчууд бид чинь тийм учраас урагшаа дайрсан юм байна”, “Сүхбаатар ийм учраас ингэсэн юм байна..”. Нэг үеэ бодоход өдгөө олон хүн түүхийг учир шалтгаантайгаар бичиж, харуулж эхэлсэн нь сайшаалтай. Харин одоо дараа дараагийн сэдвүүд болох амьдралын гол үзэл санаа, үндэсний онцлог, эх оронч үзэл гэх мэтийг учир шалтгаантай эргэцүүлж дүгнэмээр. Төрөлх инстинктээрээ итгэх биш.
 
1990 онд улс төрчид яагаад өөрсдийгөө улс төрд орсон учир шалтгаанаа маш сайн мэдэж байсан, бүгд л өөрчлөлт хүссэн. Романтизм нь яваандаа популизмд хувирахыг л мэдээгүй болохоос. Тэмцэгч Ж.Батзандан, О.Магнай нар 2000 онд романтик зорилготой байсан ч юм билүү. Тэгээд О.Магнай 2008 оны 7 сарын эхээр “Миний романтизм дууслаа...” гэсэнсэн, нээрээ л тэдний романтизм дууссан бололтой. Манай улс төрд ямар ч романтизм, идэализм байхгүй. Ямар ч сайдыг муу ажилласных нь төлөө огцруулж байгаагүй, нам фракцын зодооноос үүдэж л огцруулдаг. Огцруулах шийдвэр гаргачихаад дараа нь огцруулах шалтгааныг нь бодож олдог. ЕС –с эхлээд хамаг сайд солигдож байхад тасралтгүй 4 жил сууж буй С.Эрдэнэ хамгийн шилдэг сайд гэж үү? Эндээс нэг учир шалтгаан тодорч байгаа юм. Ер нь яагаад улс төрч хүн улс эх орондоо хэрэгтэй ажил хийх албатай юм бэ? С.Эрдэнэ шиг эвтэйхэн ингэсгээд сууж байхад л боллоо биш үү? Та байсан бол яах вэ?

Хэн нэгнийг буруутгахгүй зөвхөн учир шалтгаан хайсан нэг нэвтрүүлэг ТВ –ээр сая гарсан нь “Хөгжлийн торлог” ажээ. Бүхэлдээ мундаг болсон гэхгүй л дээ. Харин зарим шинэлэг санаа дэвшүүлж. Нэвтрүүлэгт дурдсанаар дэлхийн бусад оронд улс төрчдийг таван шинжээр үнэлдэг юм байна:
 
1.Улс төрийн байр суурь /Үндсэндээ яагаад би улс төрч вэ гэсэн асуултын хариу/,
 
2. Эс үйлдэл /зарим сайд, гишүүд нэг их сүрхий ажил хийхгүй ч тогтоод сууж л байдаг сөрөг чанар /,
 
3. Шунал /албан тушаалын, мөнгөний, эрх мэдлийн болоод эсрэг хүйстэндээ шунах шунал, өлөн зан ч гэх юмуу даа. Олон улс төрчид энэ шалтгаанаар унадаг/,
 
4. Гүйцэтгэл /эрсдэл даах чадвар, зоригтойгоор шийдэл гаргаж зүтгэх чанар/
 
5. Үлдээсэн өв /Сайн муу бүх өв. Магадгүй эргээд бодоход Н.Энхбаяр “Мянганы зам”, С.Баярын ОТ гэрээ зэрэг/.
 
Яг ингээд 5 категорт хуваагаад шинжихэд улс төрч нар их сонин харагдана. Жишээ нь С.Ганбаатарт улс төрийн байр суурь нь тод томруун харагдах ч эс үйлдэхүй ихтэй нэгэн юм /тэмцлээс өөр ажил хийдэггүй/, үлдээсэн өв бүр юу ч байхгүй. Бусад дөрвөн шинжээрээ онцгой цойлох Н.Энхбаяр гэдэг хүн зөвхөн “шунал” гэсэн категор дээр унасан байх жишээний. Ц.Элбэгдоржид гүйцэтгэл дутуу /ярихаас өөрийг хийдэггүй гэсэн шүүмжлэл бий/, ардчиллын анхны хараацай гэдгээс өөр үлдээсэн өв үгүй. С.Баяр таван категорт дөхөх ч сүүлд ЕС –ын суудлаас буусан нь нэг талаар эс үйлдэхгүй... гэх мэт. Өөрийн дэмждэг, эсвэл дэмждэггүй улс төрчдийг яг энэ таван категороор үнэлээд үзээрэй, тун шинэлэг зүйл анзаарах вий. Сонгуулийн сурталчилгаанаас бүгд залхсан энэ үед энэхүү таван шинжээр товч аналитик дүгнэлт гаргавал шинжээчийн биш юм гэхэд олон нийтийн санаанд нийцэж, сонгуулийн сурталчилгааг арай сонирхолтой, бодитой болгох ч юм шиг. Сонгогчид хэнийг сонгохоо үнэхээр мэдэхгүй байна шүү дээ. 

Гадны санааг Монголдоо нааж, жаахан улс төржүүлсэн ч юм шиг ганц нэг яриа энэ нэвтрүүлэгт бас орсоныг шүүмжилмээр санагдав. Л.Оюун-Эрдэнийн үзэж байгаагаар Монголд дундаж давхарга 20 хүрэхгүй хувь байгаа гэнэ. Ядуус тэгээд хэдэн хувь байгаа гэсэн үг вэ. Түүнийхээр дундаж давхарга гэдэг нь: хадгаламжтай, жилдээ нэг эмнэлэгт үзүүлчихдэг, орон сууцны зээлийн шалгуур хангах, жилдээ нэг гадаадад амардаг гэр бүлийг хэлнэ гэх. Манайд арай ахдсан шалгуур байх. Хүн амынх нь 70 хувь модон 00 –д бие засдаг улсад амьдарч байж “Манай банкууд үйлчлүүлэгч нартаа зориулж 00 –ын өрөө гаргахгүй миа юмаа...” гэж ундууцдаг залуус шиг л хөрсөндөө буугаагүй ганц нэг өнцөг ажиглагдав. Энэ гэхдээ үзэгчийн хувийн л бодол.

Харин 3 сая хүний оюун санааг нийлүүлээд, дундаас нь үзэл санаа гаргаж “Монгол хүн яг хэн юм бэ?” гэсэн нийгмийн мораль гаргаж болох тухай Л.Оюун-Эрдэний ярьсан нь бодууштай. Яг одоо олны анхааралд байгаа жүжигчин Амарааг нэвтрүүлгийнхээ чимэг болгосон нь олонд хүрэх талаасаа тун амжилттай санаа байв. Улс төрд орж буй хүн ямар нэгэн аргаар бусдын анхаарлыг өөртөө татах шаардлагатай. Ихэнхи улс төрчид нум сум харваж дуулж бүжиглэх эсвэл уул уурхай ч юмуу ямар нэг зүйлтэй “тэмцэж” олны анхааралд өртөх гэдэг. Удахгүй хаврын түймэр эхэлнэ, эхнээсээ түймэр унтраалцдаг баатрууд болох вий. Ийм жишигтэй харьцуулахад “Хөгжлийн торлог” нэвтрүүлэг, “Азийн хүлэг улс”, “Алсын хараа” зэрэг номууд бусдаас шинэлэг, дэвшилттэй контэнт маркэтинг болжээ. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө яагаад улс төрд орж буйгаа ч дээрхи нэвтрүүлгээр зарлаж, зорилгоо тодорхойлов. Та бүхэн ч бас “Хөгжлийн торлог” нэвтрүүлэг үзээд арай нэг өөр өнгө аяс анзаарсан байх гэж найдна. 

Эцэст нь, нээрээ бусад улс төрч нараас асуумаар санагдаад: Та яагаад улс төрд орж байгаа вэ? Үүнд хэн хамгийн ухаалаг хариулт өгч чадах бол? Маш энгийн мөртлөө маш чухал асуулт.