Монгол уран зураг
1254 оны тавдугаар сарын 31-нд Их Хаан Мөнх7 яг тэр үед Францын хаан IX Лүигийн хүсэлтийг илэрхийлэхээр Монголд сууж байсан Католик шашны Францискан урсгалын миссионер Виллиам Рүбрүкийг хүлээн авч уулзжээ.
ИХ ХААНД БАРААЛХСАН НЬ
Рүбрүкийг Мөнх хааны майханд оруулахад тэрбээр сүр төгөлдөр ангийн арьсан хэвнэг өмсчихсөн орон дээрээ хажуулсхийн сууж байлаа. Түүний өмнө Францискан гэлэн маань шашныхаа заншил ёсоор хөл толгой нүцгэн, өвдгөө нугалан зогсох аж. Хэдэн өдрийн өмнө Мөнх хаан шашны тухай албан ёсны маргаан өрнүүлсэн бөгөөд үүнд Рүбрүк янз бүрийн шашны төлөөлөлтэй хамт оролцсон юм. Христэд итгэгчид Сүүлчийн зоогийг ёслон тэмдэглэх үеэр латин хэлээр “Кредо ин унум Деум” буюу ‘Би Ертөнцийн цорын ганц Эзэнд итгэдэг’ гэж хэлдэг Итгэлийн тунхаг нь маргааны гол сэдэв байлаа. Мөнх хаан Францискан гэлэнг харангуутаа энэ сэдвийг дахин хөндөв. Рүбрүкийн бичиж тэмдэглэснээр тэрбээр:
“Өөрийнх нь хүчээр бид амьдарч, зүрх сэтгэл минь Түүн рүү хандаж байдаг Ертөнцийн цорын ганц Эзэн байдаг гэдэгт Монголчууд бид итгэдэг” Тийм учраас, “Түүний өршөөл энэрэл үгүй бол энэ бүх явдал болж өнгөрөхгүй байсан. Энэ бүхнийг Ертөнцийн Эзэн зөвшөөрсөн байх ёстой” гэв. Тэгээд тэр намайг тэр үед юу гэж хэлснийг минь асуув. Хэлмэрч миний үгийг түүнд хэлэв. Тэр үргэлжлүүлэн, “Харин Ертөнцийн Эзэн хүний нэг гарт янз бүрийн хуруу өгсөн шиг тэр хүмүүст янз бүрийн аргаар ивээл хүртээдэг. Ертөнцийн Эзэн та нарт Ариун бичээсийг өгсөн боловч Христийнхэн та нар тэрийг нь дагадаггүй. Та нар Бичээсээсээ хэн нэгэн хүн бусдыг буруутгахыг зөвшөөрсөн зүйл олж уншихгүй. Эсвэл тэнд чинь тэгж бичсэн байна уу?” гэж асуув. “Үгүй ээ, Эзэн минь! Гэхдээ бүр эхнээсээ л би хэнтэй ч маргах хүсэлгүй гэдгээ танд тайлбарлан хэлсэн билээ” гэж би хариулав. Тэр, “Би чиний тухай яриагүй байна” гэснээ, “Яг л түрүүнийх шиг та нар Бичээсээсээ хэн нэгэн хүн мөнгө олохын тулд шударга ёсноос зайлсхийж болно гэсэн зүйл олж уншихгүй. Эсвэл тэгж байна уу?” гэв. “Үгүй ээ, Эзэн минь! Би энэ оронд мэдээж мөнгөтэй болох гэж ирээгүй. Хэн нэгэн хүн надад мөнгө өгөх гэхэд нь би үргэлж татгалзаж байсан. Намайг нэг удаа гулууз мөнгө1, торгон эд2 бэлэг болгон хүлээн авахаас татгалзаж байсныг гэрчлэх туслах бий” гэхэд тэр, “Би тэр тухай яриагүй байна” гэснээ, “Тийнхүү Ертөнцийн Эзэн та нарт Ариун бичээсийг өгсөөр атал та нар түүнийг нь дагасангүй. Тэр бидэнд үзмэрчдийг өгсөн. Бид тэдний хэлсэн үгийг дагаж өөрсдийн хийх ёстой зүйлээ хийдэг тул амар тайван амьдардаг юм” гэж хэлсэн байна.
Хэрэв бид Их хааны эдгээр үг нь Рүбрүк болон Христийн улс орнуудад ямар утга учиртай болохыг мэдэхийг хүсч байгаа бол энэ үед болсон хэдэн чухал үйл явдлыг эргэж судалж өөрсөддөө сануулах хэрэгтэй юм.
ПРЭСТЭР ИОАННЫ ТУХАЙ ДОМОГ
Европт удаан хугацааны турш Монголчуудын тухай ямар ч мэдээ сураг байхгүй байсан тул тэдэнтэй нэг цаг үед амьдарч буй тэр хүмүүс тэдэнд Герегийн үлгэр домогт гардаг газар доорх Тартарус нутгаас гарч ирсэн юм шиг санагдаж байсан учраас Тартарс (Зөв нэршил нь Татар) гэж нэрлэсэн юм. Монголын элчин сайдууд, Монголоос дүрвэн ирэгсэдээс авсан мэдээлэл маш бүдэг бадаг бөгөөд дорнын энэ харь хүмүүсийн талаарх ямар нэг дүр зургийг гаргаж харилцахад туйлын хангалтгүй байжээ. Энэ үед Христийн ертөнц Лалын шашны эсрэг хийсэн Загалмайтны дайндаа ихэд түүртэж байсан тул тэдний анхаарал Их хаанаас илүү Зөнч Мухаммэдийг залгамжлагч Халифт төвлөрсөн байв.
Яг энэ үед Прэстэр Иоанн гэж нэрлэдэг, заримдаа Давид гэж Библийн нэрээр нэрлэгдсэн Алс Дорнын хүчирхэг хааны тухай хачин жигтэй домог гарч ирсэн байна. Олон хүнд Христийн шашинтан байж болох энэ Прэстэр Иоанн буюу Давид хаан нь Лалын шашинг сүйрүүлж, Аврагч Христийн шашинд оруулахын тулд Дорнын улс орнуудыг дахин эзлэн авахаар тэнгэрээс томилогдсон мэт санагдаж байлаа. 1219 онд Чингис хаан Лалын шашинт Хорезмын шах Мухаммэд II-ийн улсыг эзлэн авч устгав. Лалын шашныханд ширүүн дарлагдаж байсан Дорнын Христийн шашинтнууд дахин нэг амьсгаа авах тэнхээтэй болов. Тэд Монголчууд Ариун газар Израил руу ойртож байгааг сонсоод тэднийг нийтийн дайсан Лалын шашинтнуудын эсрэг тэмцэх холбоотон гэж харах боллоо. Эдгээр үйл явдлаас болоод Европт Прэстэр Иоанны тухай домог болон үүний тайлбар нь илүү тодорхой хэлбэр дүрсийг олж, үнэхээр тэдний толгойд зүүд зэрэглээ мэт байсан, орон орны Христийн шашинтнуудыг чөлөөлөгч Давид хаан нь гэнэт Чингис хаан гэсэн бие хүн дээр тогтож, бодит хэлбэрийг олсон байна. Тиймээс бид 1221 оны дөрөвдүгээр сарын 18 гэж огноолсон, Чингис хаан болон Монголчуудын тухай Христийнхний бичсэн хамгийн эртний мэдээг агуулсан, Акрэ хотын бишоп Витри Жакобын захидалд яагаад бараг тэр чигээрээ Давид хаан болон түүний цэргүүдийн тухай өгүүлдгийг олж харж болно. Хэдийгээр энэ захидалд түүхэн үйл явдлыг танилцуулахдаа ойлгомжгүй, алдаатай хандсан зүйл их байдаг ч, Давид хаан гээд байгаа хүн нь Христийнхний уламжлалын дагуу Христийн шашинтан болгож улмаар Прэстэр Иоанны тухай домогтой холбогдсон Чингис хаан мөн гэдгийг тун тодорхой хүлээн зөвшөөрсөн байдаг.
Барууныхан дараагийн хорин жилд л энэ хоосон зүүднээсээ сэрсэн юм. 1222-1223 онд Чингис хааны Орос, Ижил мөрний Булгарын эсрэг хийсэн аян дайн тэднийг Монголчуудад анх удаа урам хугарахад хүргэж, Монголчууд үнэхээр Христийнхэн мөн үү гэсэн эргэлзээг төрүүлсэн байна. Хэрэв тэд Христийнхний холбоотон мөн л юм бол өдийд аль хэдийн Еврейчүүдтэй холбоо тогтоох оролдлого хийчихсэн байх ёстой байлаа. Тэр үед Монголчууд бол Израилын 10 овгийн3 удам бөгөөд тэдэнд Германы Еврейчүүд нууцаар зэвсэг эд хөрөнгөөр хангаж байсан гэнэ гэдэг цуурхал тарсан байв. Германы Марбах хотын үйл явдлын цаг тооны бичиг буюу Албэртус Аргэнтинэнсисийн (Штрасбүргийн Албэрт) бичсэн үйл явдлын товчоонд Монголын халдлагатай холбоотой түүхийг өгүүлэхдээ бас нэг тиймэрхүү зүйлийг мэдээлсэн байдаг. Тэнд, “1222 онд маш том хүчирхэг арми Персийн нутгаас гарч ирээд тэндхийн хил дээр гэнэт харагдсанаа хөрш зэргэлдээ нутаг орноор хөндлөн гулд аялав. Тэд яагаад цаашаа явсаныг, мөн тэд юу хийснийг бид мэдэхгүй. Удалгүй тэд төрөлх нутагтаа буцсан байна. Харин тэд Көлн хотод дорнын гурван мэргэн хүний4 шарилд зориулж барьсан гэрээ авчирах гэж байсан гэнэ. Тэр гурван мэргэн хүн бол тэдний үндэстний хүмүүс ажээ. Гэхдээ бид нэг зүйлийг баттай мэднэ. Энэ цуурхалыг сонсоод Еврейчүүд ихэд баярлаж, алга ташиж, үүнээс болоод тэд зарим нэг чөлөөлөлт хүртэж магадгүй гэж бие биендээ баяр хүргэж байсан ажээ. Тийм учраас тэд тэдгээр нүүдэлчин овог аймгийн хааныг Давидын Хүү5 гэж нэрлэсэн юм.” гэжээ.
1 Мөнгөн ембүү бололтой. Уг эхийг Виллиам Вүүдвилл Рокхилл латин хэлнээс орчуулахдаа yascot буюу iascot гэдэг үгийг Түвдээр yambu гэдэг гэж тайлбарласан байдаг. (Орч)
2 Хадаг бололтой. (Орч)
3 МЭӨ 721 онд Ассирчууд Израилын умардын хаант улс руу дайрч 10 овгийг цөллөгт авч явсан байна. Энэ 10 овгийн сураг тасарсан тул түүхэнд тэднийг Израилын алга болсон 10 овог гэдэг. (Орч)
4 Есүсийг төрсөний дараа хэдэн мэргэн хүн дорно зүгээс ирж түүнд хүндэтгэл үзүүлсэн тухай Библийн Шинэ гэрээний Матай номын 2:1-12-т өгүүлдэг. (Орч)
5 Давидын хүү гэдэг нь Еврейчүүдийн удаан хүлээсэн Аврагч чөлөөлөгчийг хэлж байгаа юм. (Орч)
НЭПКО хэвлэлийн газар