Нэг. Боломж бол сорилго


Бид нэн эртний төрт ёсны уламжлалаараа  ихээхэн бахархдаг улс. Гэхдээ мөн чанар руу нь өнгийж харсан нь цөөн. Чингис хаан маань Монголын эзэнт гүрэн хэмээх аугаа том төр улсыг цогцлоосон боловч түүхэнд өгүүлснээр тэр нь “Дөчин төрийг мөхөөсөн”-ий үр дүн байжээ. Дөчийг нурааж нэгийг. Гэвч түүх өртгийг биш ялалтыг үнэлдэг. Өөрөөр хэлбэл түүх өөрөө түүхэндээ гардаг үндэстэндээ тал засан бичигддэг болохоор ялалтын үнэ өртгийг цэгнэн хэлэлцдэггүй явжээ.

Аугаа их Чингис хаан нь тэнгэрт халиад долоон зуун өнгөрсний хойно монголчуудыг бурхан дахин санав. Гэгээн нартай нэгэн өдөр тусгаар тогтнол жинхэнэ утгаараа алган дээр буух нь тэр.  Төр улс байгуулахаасаа илүү нураах туршлагатай монголчуудад гал голомтоо тойруулан нийт үндэстнээ цуглуулах их боломж тэгж дахин харагдсан юм.  XIX, XX зууны заагаар Манж Чин гүрэн мөхсөн хийгээд Хаант орос улс донслон  “ялсан пролетари” хэмээх үгээгүйчүүд засагт гарсан нь өөрсдийнхээ араншингаас болж хүний эрхэнд орсон монголчуудад бие даах шаанс өгчээ.

Оросын гар суларсныг далимдуулсан буриадууд  бөөнөөрөө халхын зүг тэмцэж, өвөр монголын хошууд бараг цөмөөрөө Богд хаант монгол улсыг дагахаа илэрхийлэв. Харамсалтай монголчууд яг л Чингис хааны өмнөх үеийнх шигээ орондоо унтах завгүй олзлолдон булаалдсан хэвээрээ байж таарав, ХХ зууны эхээр. Он цаг л өнгөрсөн болохоос  араншин нь ард талдаа гарсан тэр л янзаараа.

Эхлээд үндэстнийхээ гал голомтыг бараадаж ирсэн Өвөрлөгч монголчуудаа гадуурхан хөөжээ. (Үлдсэн буриадуудаа хувьсгалын жилүүдэд аймаглан хядсан) Дараа нь харын ба шарын нам болоод үзэж тарав.  Одоогийн МАН, АН -ын өвөг дээдэс шүү дээ. Сүүлдээ лам-хаантай улс юм хойно Шарын талынхан эрх мэдлийг гартаа атгалаа.

Шар дээл мээл энд ямар хамаа байхав, гэхдээ л монгол хүн юм хойно юун хамаг амьтныг энэрэх, харын талын ноёдоос хариугаа авч гарчээ. Ханддорж ван, сайн ноён хан Намнансүрэн гээд тусгаар монголын анхны засгийн бараг бүх сайд илэрхийгээр хорлогдох буюу сэжигтэйгээр нас баржээ. Тэднийг устгах нь Хаант орос болон Хятадын сонирхлоос гадуур харагддаг. Ингээд харын талынхны дунд “Лам нарын гарт орсонд орвол Хятадууд нь хол учраас дээр юм”  гэсэн яриа гарсан байна.  Лам нарын засаглал ч гарз хохиролыг тойрсонгүй, да лам Цэрэнчимидээс эхлээд.

Ингээд бие биенээ хядаад дуусахаасаа өмнө хятадыг бараадах шийдэлд хүрсэн болтой. Автономийг устгасан, Сю Шүжан ирсэн энэ тэрийн учир энэ.  Яг хоёр зуун жилийн тэртээ халх, ойрдууд муудалцан бие биеэ хядаж дуусахын босгон дээр Манжийг бараадан гал голомтоо аварсан шиг юм болсон хэрэг.

Логикоор нь хөөж үзвэл энэ санаачилга харын талаас илүү гарсан байх магадлалтай харагддаг. Гэвч ялсан тал түүхээ зохиодог учраас ламаа биш намаа дагасан коммунистууд Шанзав Яамны Бадамдорж тэргүүтэн улсаа худалдсан байдлаар БНМАУ-ын түүхийг зохиосон байдаг.

Ямар ч байсан хоёр зууны заагаар  олдсон боломж монголчуудыг тусгаар тогтнож чадах эсэхийг тэнссэн ИХ СОРИЛГО болсон ба тусгаар тогтнолоо автономит эрхээр сольсон, улмаар автономит байдлаа сайн дураар устгасан үр дүн гарчээ.  Энэ улсын нэр Богд хаант монгол улс.

Улмаар олдсон тусгаар тогтнолоо эв найртай аваад явчих чадвар муутай энэ үндэстнийг хувь заяаг Зөвлөлт холбоот улс хариуцаж авсан юм. Зөвлөлтийн дагуул  тэр улсын нэр БНМАУ бөлгөө.  

Хоёр. Сүүлчийн (эцсийнх байх магадлалтай) сорилт

1990-ээд онд монголд ардчилсан хувьсгал өрнөхтэй зэрэгцэн дэлхийн социалист систем задрав. БНМАУ-ын асран хамгаалагч Зөвлөлтийн импери задран уналаа. Тэжээгчээ алдаж, хүүе хаая гэх амьтангүй болсон монголчууд  Бурханаас өгсөн гурав дахь сорилгод орлоо.

Чингис хааны дараа чадаагүй, Манжийн дараа ч чадаагүй тэр зүйлээ одоо хийж дөнгөх болов уу? Тусгаар тогтнол та нарт зохих уу, бие биеэ хөнөөчихгүй шиг улс болоод явж чадах уу гэсэн сорилгууд байлаа. Энэ шалгалтыг бид 26 дахь жилдээ өгч байна.

1911 онд байсан ноёдын ба шарын бүлгийг МАН, АН хоёр орлов. Эдний нэг нь ардчилах гээд, нөгөө нь социализмаа сэргээх гээд байгаа юм байхгүй. Гэхдээ нийтлэг зорилго бол бий. Тэр  нь чадвал засгийн эрхэнд гарах, эс чадвал нөгөөхтөө засаг барих боломж олгохгүй байх. Засаг барихаасаа засаг бариулахгүй байх нь амархан бөгөөд бүтэмжтэй ажгуу.  Учир нь бидний судсаар “дөчин төрийг мөхөөж чаддаг” дайнч өвгийн буцламгүй цус булгилах бөлгөө.

Улсаараа намд хуваагдавч нам дотроо фракцид ангилагдаж, цаашаа бүлэглэл болсоор өөрийгээ хүртэл хуваагдана. Өөрийн зорилгоос эхлээд бүлэг фракци, намын зорилго ив ижил “чадвал өөрөө толгойлох, эс чадвал нөгөөхөө толгой дээрээ гаргахгүй байх” эрмэлзэл. Саяхан монголчууд гурван сая болсноо тэмдэглэсэн нь гурван сая толгойлогчтой нэг улс болсноо зарласан хэрэг юм.

Эрхбиш хорин нэгдүгээр зуунд, мэдээлэл технологийн дээд эрэмбийн эринд амьдарч байгаа болохоор тэмцлийн арга хэлбэрт ч дэвшил гарчээ. Архинд нь хор хийхийн оронд гүтгэлэг тараана, моринд нь чиргүүлж тавихын оронд шүүх цагдаагаар дарамтлуулна. Уулгалан тонохын оронд жагсан сүрдүүлнэ.  Зорилго бол хуучнаараа “Минийх л биш чинийх ч биш” байлгах.

Бидний хамгийн том зовлон, хамгийн том хямрал энэ. Ард түмэн хоолгүй, ажилгүй, орлогогүй , өвчтэй зовлонтой хэцүү байгаа гэхэд хэн итгэх юм бэ?

Хоолгүй ард түмэн идэх юм нэхэж тэмцэхээс биш хоёр мянган жилийн өмнө үхсэн хүний булшийг хайрлан жагсана гэж үү?

Ажилгүй орлогогүй ард түмэн ажлын байр, бүтээн байгуулалт нэхэж босдог болохоос биш уул уурхайн үйлдвэрийг зогсоож, мянга мянган ажлын байрыг хаалгахаар жагсана гэж үү?

Өмсөх зүүхээр гачигдсан ард түмэн дээл хувцас шаардаж тэмцэх болохоос брэндийн гутлуудаа Чингисийн талбайдаа өрж тэмцэх үү?

Монгол төрийн төдийгүй, монгол үндэстний ам ажил зөрж байна.(Хэрвээ монгол төрийн зүтгэлтний бузар булай ба төрийн зүтгэлтэн болж амжаагүй ариун ардын тухай уншихыг хүсвэл энэнээс бусад бүхий л монгол контентуудыг харму)

Төр бол ард түмний хүсэл зоригоос урган гардаг байгууламж гэдэг. Ялангуяа ардчилсан зарчмаар сонгогдсон төрийг. Иймээс төрийн араншин, төрийн зүтгэлтнүүдийн мөн чанар нь сонгогчдийнхөө мөн чанарын үргэлжлэл гэж үздэг юм билээ. Учир иймд, биднийг төрийн эрх мэдэлд хүрч чадсан цөөнх ба хүрч чадаагүй олонхи л гэж хуваахаас цэцэн мэргэний туйл болсон нэг тал ба мунхаг харанхуйн үлгэр үзүүлсэн нөгөө хэсэг гэж хуваах боломж алга санагдана. Өөрөөр хэлбэл муу нь мэдэгдсэн ба муугаа мэдэгдэж амжаагүй хэсэг ч гэмээр юм уу?

Төгсөж мэдэх төгсгөл

Энэ удаад түүх бидний шалгалт өгөх хугацааг боломжийн уртаар өгчээ. Бүхэл бүтэн 25 жил буюу хүний амьдралын нэгэн үе.  Манай нам ялж, танай нам ялагдаж, ард түмэн засаглаж, чи хонжиж, тэр этгээд учиргүй хожиж байгаа мэт боловч монголчууд нийтээрээ тусгаар тогтнолоо авч явах чадвар суусан эсэхээ Бурханд шалгуулж байгаа юм.

Ямар дүн авч байгаа талаар шалгалтад оролцогчийн хувьд та юу бодож байна!

Хувь тавилан бол хүсэл эрмэлзэл, оршин тогтнох араншингийн мөн чанараас урган гардаг зүйл. Монголын эзэнт гүрний задрал, Манжийн вассал, Зөвлөлтийн хараат улс…бүгд бидний араншингаас урган гарсан тавилан байлаа.

Манжийн дайчид, Гамин цэрэг, Улаан арми алин ч монгол орныг довтлон эзлээгүй. Бүгд урилгатай, хадагтай ирсэн юм. Хоорондоо алалдах монголчууд хэн нэгнийхээ гарт орсонд орвол Орос, Хятадын хараат явахыг илүүд үзэх цаг дахин ирэх эсэхийг би яахин мэдэх, гагцхүү тэнгэр мэдэх. Харин тэнгэрт ямар сэтгэгдэл төрүүлэхийг өөр хэнч биш бид л мэдэх билээ.

Нэг л зүйл тодорхой нь ийм шалгалт, түүхийн ийм зурвас дахиад ирдэг юмаа гэхэд мөн ч зай байна даа гэж.