(Мал дагадаг орноос дагуулдаг газар зорчсон тэмдэглэл)

Парис хотод февраль сарын сүүлч, маарт сарын эхийг дамнан ес хоногийн турш ХАА-н үзэсгэлэн болов. Тэрүүгээр хэрэгт дурлаж хоёр гурав хоног нүд хужирлалаа. Ёстой л нүд хужирласан даа. Хоёр тонн жинтэй бух харсымуу та нар гэж нөхөддөө жоол гайхуулж бариад. Манай том дарга нарын хурлын ширээ шиг л хүрэн юм хэвтэж байна лээ. За олон юм ярихаар хэдэн зураг хары.



Үзэсгэлэн 1964 оноос эхлэн жил бүр нээгдэж ирсэн, алдар нэр нь түгсэн арга хэмжээ юм байна. Мянга орчим аж ахуйн нэгж стэнд захиалдаг.  Арга хэмжээний үеэр нийт 700 мянган хүн орж гарч,  3000 орчим мал амьтныг харна. Ихэнх нь мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, элдэв шинэ техник, эм тан, нэмэлт тэжээл сонирхож, солилцож явахаас гадна хот газрын хүүхүүдэд жинхэнэ хонь, адуу, үхэр харуулы, арьсанд нь хүрч үзүүлий гэсэн хүн ч их. Гадаадын фэрмэрүүдэд оролцох нь нээлттэй. ХАА-н салбарын олимп, АСЕМ юм даа. 



Мах ноосны чиглэлийн Bleu du maine үүлдэрийн хонь. Савдаг шиг амьтан байгаа биз. Эр нь 130, эм нь 80 кг татна. Хурга нь хоногт 280 грамм жин нэмнэ. Цагаар өснө гэдэг тэр аж.
Алаад идвэл толгой нь  угаасаа хуйхлагдцан амар юм шиг харагдаж байгаа ч ойртоод харвал үстэй л юм билээ.



Энэ нэг ийм эвгүй хонь. Эхлээд хэрэглэл нь ардаа байдаг юмуу гэж харсан ч үнэхээр сүүл нь байна лээ. Ер нь ч тэгээд эм хонь байсан. Юм хум өгөхөөр сүүлээ шарваж барих нь уу гэсэн тэгээгүй. Унжаа л байжээдэг таг дүлий эд. Ноос нь харин үнэтэй, гарц нь ч арвин гэнэ.



Энэ үрчгэр ягаан нүүртэй хонь үхэр шиг зантай, нүдээ хагас аниад хивээд хэвтжээдэг юм байна лээ. Гэхдээ үзэсгэлэнд харахад сүр бараатайг нь бодоод хөгшин, лужир, залхуу, амьтдаа авчирдаг байх л даа. Жин мингийн хувьд тэр хар толгойтой хоньтой ойролцоо.
Би нэг удаа хурганы шарсан мах идэх гээд өр өвдмөр аядсанаа таван сартайдаа 50 кг татдаг гэхийг сонсоод уур хүрээд шууд идсэн.



Гахай, ёстой л лимүзин. Өөр ч олон янзын гахай хэвтэх нь хэвтэж, унтах нь унтаад байж байна лээ гахай шиг.  



Махны чиглэлийн Фидэль үүлдэр. Арай ч Кубын баатрыг хэлээгүй өөр учиртай байх. Дундаж жин нэг тонн долоон зуу. Хараад стэйк идмээр санагдсанаа нуух юун.



Тэд аварга том хүлгүүдээ гайхуулна. Бас л тэрэгний, махны, уралдааны, үзэсгэлэнгийн гээд хөгжиж. Омголон зан нь мангас шиг, омруу туруу нь заан шиг л  юм. Монгол морьдоо өрөвдөх ч шиг. Морин хиймортой монгол эрс эднийг бас л сонирхомоороо.



Тэгсэн чинь илжиг нь хүртэл дээрэлхэнэ гээч. Францад 17 төрөл үүлдрийн илжиг гаргаж авсны нэг нь энэ. Манай хэдэн адуунаас том. Омголон догшин. Хүчтэй.



Үзэсгэлэнд маш олон арга хэмжээ болдгийн нэг нь гоо сайхан үнээ шалгаруулах тэмцээн. Энэ бол сүүний чиглэлийн Холштен үүлдрийн мисс шалгаруулах гэж байгаа байдал. Хөгжөөн дэмжигчид ихтэй, алга ташилт, шүглийн дуу тасрахгүй.



Мисс үнээний үзүүлтэд бие хаа тэгш, дэлэн хөх өндөрт байх зэрэг шаардлага тавигдана.  Дэрвийж тормогоод нүд хөмсөг болсон амьтад тэрүүгээр нэг сэрийлдээд сүртэй.



Уралдаанд сойж байгаа үнээгээ гангална. Үсийг нь машиндана, мөөмийг нь гялалзуулна. Энэ үүлдрийн үхэр нь дан сүүний чиглэлийнх тул идсэн ууснаа бүгдийг сүү болгоно. Тэгээд ийм арматурын төмөр шиг янхийсан, ясны бүтэц заачихмаар амьтад байдаг юм билээ.



Харин энэ бол алдарт Монбильярд үүлдэр. Махны ч, сүүний ч. Бас ширээ ч болж байгааг харж байна. Үнээ нь бас мисс болсон тул эзэд нь шампаансаг буудуулан ийнхүү тэмдэглэж байхтай таарсан. Альпийн нурууны өндөрт, цас мөсөн дунд байжээдэг тэнхлүүн амьтад. Монголд аваачих юмсан тохирно.



Үзэсгэлэнгээ үзэж дуусаад хөдөө нутгийг зорив. Монбильярд бухны үрийн сан бүрдүүлдэг аж ахуй үзсэн. Энд үнээ мүнээ байхгүй. Бухнуудад гэзэгний үзүүр харуулж байгаа л нэгэн дээр нь харайлгана. Харайнгуут нь мэргэжилтэн нөгөө юманд нь уут углах шиг болоо л үрийг нь авна. Тэгээд янз бүрийн дуран энээ тэрээ юманд оруулж шинжилж байгаад хамгийн сайныг нь хасах 180 хэмд хөлдөөж хадгалдаг. Үүний адил хөгжингүй хэлбэрээ олсон фэрмийн үнээнүүд ч насаараа бухны бараа харахгүй агаад шилэн гуурснаас л жирэмслэх аж. Ариун үнээнүүд. Харин зураг дээрх энэ лужир нөхрийн нэрийг мартжээ. Жерар Депардье л болог.



Франц фэрмэрийнд зочлов. Парисаас гараад хурдны замаар даруй зургаан цаг явах газар, Альпийн салбар Жура хэмээх сүртэй том хайрханы энгэрт байх айл байна. Гэрийн эзний нэр Арно. Найрсаг эр фэрмийнхээ бүхий л зүйлийг танилцуулж, тайлбарлав.
Тэр бяцхан тугал бол гараад долоо хонож байгаа Мадонна. Эхийг нь Вүжьен гэнэ. Цаадах нь Вүжьений ээж Бризильен. Тэгээд цаана нь эмээ, эмээгийн ээж нь гээд нэг нь нөгөөгөөсөө төрсөн долоон  үе зогсож байна. Эхнээсээ “12 жил саалгасан, 100 тонн сүү өгсөн...” гэхчлэн бүртгэл тэмдэглэлтэй. Энэ сайхан шар тарлан буянт сүргийг хараад манай мал аж ахуй ер нь хаахна явнаа гэж бодогдох юм билээ.



Монголын Нүүдэлчин Агро Фарм компанийн захирал Баттөгс Францын Жура уулын фэрмэрүүдийн хоршоололтой хамтран ажиллаад хэдэн жилийг үдэж буй ажээ. Анх авсан 300 толгой Монбильярд нь сайхан нутагшиж өдгөө цэвэр цусны хэвээр ба тоо толгой нь мянга гарчээ. Эднийх гарсан сүүгээ АПУ компанийн Сүүний үйлдвэрт нийлүүлдэг аж. Монбильярдын сүүг бид мэдэхгүй л Сайн брэндийн сүү, цөцгий, иогуртаар дамжуулан хүртээд байсан байна.



Тугалууд хорвоогийн нар үзээд долоо л хонож байгаа. Удахгүй цэцэрлэгтээ явна. Тэр нь тугал бойжуулан өсгөх фэрм. Сүүний бизнес хийж байгаа фэрмэрт “тугал харжаах” зав байдаггүй. Цэцэрлэгийнхэн эрийг нь маханд, охиныг нь сүүнд өсгөнө.
Махны чиглэлийн тугалууд 12 сар хүрээ л тонн хүрэхээ шахна. Манайхан ахиухан мах гаргах гэж хэдэн үхрээ нас биед хүртэл нь хэдэн жил дагаж явснаас хамаагүй амьдралтай юм. Бэлчээрийн өвс чинь нуль витамин шүү дээ! гэх нь үнэн байх л даа, гэхдээ фэрмийн мах иддэг барууныхан 85 насалж, бэлчээрийн мах иддэг бид 65 хүрэхтэй үгүйтэй. Өвснийх нь эм тан хаашаа ч ороод байгаан.  



Тэр таазнаас зүүгдцэн байгаа улаан кран дотор Арно суугаад автомат удирдлагаар агаарт нисэн өвс, тэжээлээ нааш цааш нь болгож байна. Доороо муухай том базагчтай. Арногийнх сүүний л бизнес эрхэлдэг. Харин эднийхээс 41 км-ийн цаана байх Арсьенийх зөвхөн тугалын аж ахуй эрхэлнэ. Арно төрсөн тугалуудаа эднийд худалддаг. Арсьенийхаас 30 км-ийн цаана байх Пьерийнх төрөл бүрийн тэжээл тариалдаг. Тэжээлээ л тариална, үхэр мал гэхгүй. Бусад айл тэднийхээс  тэжээлээ авна. Ингээд дутуугаа нөхөж, нэг л чиглэлээрээ занимаалдах нь жинхэнэ ХАА-н бизнес ажээ.
Энэ нутгийнхан ажин түжин, уйтгартай ч юм санагдаж байсан бодол “сумын төв” рүү орж ирээд оргүй арилсан юм. Энэ тухай хойно өгүүлий.



Гаднаасаа үхэр амьдардаг, малын баас шээс ханх тавьдаг гэж анзаарагдахааргүй цэмцгэрхэн фэрм. Гэр нь гэж сайхан гурван давхар хауз. Малаасаа зуугаад метрийн зайтайхан. Өвс тэжээл, витамин нэмэгдлээ сайтар төлөвлөн базаажээ.



Манайхны нэг эндүүрэл, хөөрхий үхрүүдийг хөдлөх аргагүй хашаад байжээдэг гэсэн ойлголт. Фэрмийн зохистой хөгжил тийм биш болохыг харав. Фэрм бүр бэлчээртэй, нэг үхэрт дунджаар нэг га ногдож байна. Урин дулааны үеэр тодорхой хугацаанд л саравчиндаа, бусад үед нугадаа идэшлэнэ. Фэрмэр хүн баян аж төрдөг, гадаадаар явахад газар бүр эзэнтэй байдаг гэж бид гайхаад байдгийн бас нэг учир энд байсан санж.



Оройн саам. Үнээнүүд өөрснөө ирж зогсоод, дэлэнгээ угаалгаад саалгана. Нүдэн дээр 22 литр сүү гарахыг харав. Таван монгол үнээнээс гарах сүүг ганцаараа гаргана гэдэг ч амьдрал шүү.  Баахан сааж дуусаад сүү нь дуусангуут үнээ өөрөө хөлөөрөө саалтуураа салгаад яваад өгч байна. Зөрөөд ахиад нэг нь ороод ирнэ. Саалгахаа ч өөрсдөө, салгахаа ч өөрсдөө. Хэвтэхдээ газрын өөд харж хэвтэхээ ч мэднэ.  Энэ бүх боловсролыг мөнөөх тугалын цэцэрлэгт олоод ирдэг.
Зураг дээрх энэ нөхөд Францын уламжлалт фэрмэрийн хувцас өмсөөд өөрснийгөө Зорро шиг сэтгэж явлаа. Үнэндээ перугийн малчин шиг царайлсан байна лээ.



Үхэр сүргээс зөвхөн сүү, мах биш яс ч гардаг гэдгийг энэ худалдаа харуулдаг. Үхрээс гардаг эвэр, туурай, чөмөг өөр юу ч юм яснуудыг зүлгэж өнгөлөөд зүсэн зүйлийн сувенир хийчихэж байна.



Зөвхөн сувенир төдийгүй, зүүсгэл гоёл ч нүд булаана. Амьсгаанаас бусдыг нь авна гэдэг чинь энд хэрэгжиж байна. Мөн баасаар нь бордоо хийдэг ч баасны үзмэртэй тааралдаагүй.



Түрүүн ярьсан сумын төв. Хөдөлмөрөөрөө нэгдэж хоршсон мөнөөх фэрмэрүүд дундын аврага том бяслагны үйлдвэр нээсэн байна.  Нэг ийм зээрэнцэг бяслаг 40 кг. Энэ тавиуруудад хэчнээн байгааг тоолж амжсангүй. Харин ийм агуулах ахиад 20 байгаа гэнэ. Францад нийт 365 төрлийн бяслаг байдгаас зөвхөн хоёр төрлийг нь л энд үйлдвэрлэдэг. Тавин сая хүн амтай бүх францын 40 орчим хувийн хэрэгцээг хангана. Нэг франц хүн нэг долоо хоногт нэг кг бяслаг иддэг гэсэн судалгатай.
Үйлдвэрийн дарга нь дундаасаа сонгосон хэн нэгэн. Таалагдахгүй бол ахиад дор нь солиод хаяна. Манай малчид мянгаар тоологдох сүрэгтэй ч бэлэн мөнгөний архаг дутмагшилд орцон байдаг. Харин энд гучхан үхрээсээ хэдэн сая еврогийн өртөгтэй энэ том үйлдвэрийн ноогдол ашиг гаргаад авчихаж байна. Манай орны хувьд бяслаг иддэг уламжлал байхгүй ч ааруул цагаан идээ, ноос ноолуур, эвэр туруу, эрдэмтэд байсгээд нээдэг малын гаралтай биологийн чухал эм бэлдмэл гээд юу эсийн үйлдвэрлэл эрхэлж болохов.  



 Монгол гэхээр тэвэрч угтдаг гарал угсаа нэгтэй унгарууд бас л фэрм хөгжүүлээд биднийг хол орхижээ. Энэ бол унгарчууд өөрсдөө гаргаж авсан Магяртарко гэдэг үүлдрийн ашиг шимээр бас л мундаг үхэр байна. Нэг удаагийн сааманд 10-15 литр сүү өгнө. Бас махны хэрэгцээнд явна. Монголчууд өлсөж үзээгүй, малаа хагалаад идээд байвал мөстлөгийг ч атугай давнаа л гэнэ. Гэхдээ манай мал сүрэг дэлхий дээрх хамгийн ашиг шим муутай нь болж хоцорчээ. Хэдэн малынхаа буянд амьд явах биш амьдрах хэрэгтэйг энэ аяллаар харлаа.




Бидний зочилсон, Будапештээс хоёр цаг хурдны замаар явах энэ айл үхрээс гадна махны аварга туулай, тахиа, галуу, загас тэжээдэг. Тосгонд нь ахиад нэг фэрмэр айл байдаг ба эдний хоёр нийлээд тосгоныхноо сүүгээр хангадаг гэнэ лээ. Гэрийн эзэгтэй биднийг зочилж паленка нэртэй 50 градусын хатуу жимсний нэрмэл,  сархад, гарынхаа боовнууд, дөнгөж саасан шинэхэн халуун сүүгээр дайлсан билээ. Түүхий сүү зүгээр үү...? гэсэн надад гэрийн эзэн, “Манай үхрүүд бүгдээрээ шинжилгээтэй, бүртгэлтэй. Тэгэхгүй бол фэрм эрхэлнэ гэж байхгүй шүү дээ хө” гэж мөр алгадав. Мал аж ахуйн орноос явж байгаа бид ийнхүү тав нойлдуулсаар байгаад нутгийн зүг жолоо залсан даа.