Финландын төвийг сахих ба Монгол
Оростой шууд хиллэж, түүхэн хувь заяагаар холбогдож явсан гэвэл Финланд, Монголын түүхэнд ижилсэх зүйл олон буй. Финдланд нь СССР-тэй сайн хөршийн итгэмжилсэн харилцаатай явсан, Монгол нь ах дүүгийн найрамдлын харилцаатай явсан гэхчлэн. Харин өнөө цагт төвийг сахих дээр тэр улс бидэнд үлгэр жишээ, багш байж болно гэдгээр дараахи нийтлэлийг хүлээн авна уу
Финландын төвийг сахисан түүх урт биш хэмээн өөрсдөө үздэг. Өмнө өгүүлсэн Швейцарь, Швед, Австрийн төвийг сахисантай харьцуулахад бичих түүх бага, бас тодорхой биш зүйл мэр сэр бий.
Энэ улс Оросоос тусгаарлаж 1917.12.06-нд тусгаар тогтнолоо тунхагласан. 1952 оноос Умардын паспортын зөвлөлийн гишүүн, 1955 оноос НҮБ-ын гишүүн, 1956 оноос Умардын зөвлөлийн гишүүн, 1995 оноос Европын Холбооны гишүүн, байгаа 2009 оноос “Нордикийн Батлан хамгаалах хамтын ажиллагаа”-ны гишүүн байгаа. 2009 онд тэрхүү Nordic Defence Cooperation-NORDEFCO гэдгийг Швед, Дани, Норвеги, Исландын хамт байгуулсан.
Холын биш түүхийг нь сөхвөөс төвийг сахиталаа Финланд улс амаргүй зам туулсан байдаг. Дайн, зэвсэгт мөргөлдөөнд татагдан орох нь бүү хэл өөрөө түүнийг өдөөгч явсан нь хөрш Шведээсээ ялгарах гол шинж нь болов уу. Оросын иргэний дайны үед большевикуудын эсрэг зэвсэгт тэмцэлд финийн цэрэг Эстонд туслан оролцоод, дараа нь Зөвлөлт-Финийн анхдугаар дайныг өдөөлцөж, 1920 онд Тартугийн энх тайвны гэрээгээр Зөвлөлт Оросоор нутаг дэвсгэрийн буулт хийлгэж байсан ба жил бололгүй финийн цэрэг Дорнод Карель руу халдаж, Зөвлөлт-Финийн II дайныг дэгдээжээ. Карельчууд Зөвлөлт засгийн эсрэг бослого дэгдээгээд Финландаас тусламж авсан нь тэр болж, тэгээд ч цагаан финүүдийг бутцохиход Зөвлөлт Орос руу цагаачилсан улаан финүүд оролцож хэдэн биенээ гадаад улсын нутаг дэвсгэр дээр хөнөөж явжээ. Хоёрдугаар дайн 1922 оны хавар Москвад хилийн халдашгүй байдлыг хангах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулснаар төгсгөл болжээ.
Зөвлөлт-Финийн III дайн 1939 оны сүүлчээр дэгджээ. Финландаас тасалж авсан Карелийн хүзүүвч дэх хэсэгхэн нутагт коммунист Отто Куусинен гэгчийн толгойлсон Бүгд Найрамдах Ардчилсан Финланд Улс (БНАФУ) гэгчийг Москвагаас тунхаглажээ. Ердөө маргааш нь СССР ба БНАФУ-ын хооронд Найрамдал, харилцан туслах тухай Гэрээ байгуулагджээ. Нутгаа хуваалгаж, бас Зөвлөлтийн талын тоглоомын Засгийн газартай болж авсан Финланд улс энэ байдлыг үл зөвшөөрөн СССР-тай дайтав. Өвөлжингөө хэдэн сар цус урсган байлдсаны эцэст нутаг дэвсгэрээсээ үлэмж хэсгийг алдаж байж дайныг зогсоолгов. 1941 онд СССР-ийн эсрэг нацист Герман, түүний холбоотнуудын өдөөсөн дайнд Финланд Германы талд байлдав. 1944 оны зунаас Финланд нь санаагаа хувирган холбоотон асан Германыхаа эсрэг байлдсан ба СССР-тэй энх тайвны гэрээ байгуулав. Дайнд сульдсан, өмнө нь их хөрштэйгээ гурван ч удаа дайтсан, ийм нөхцөлд дайнаас залхсан финчүүд шинэ зам хайж эхэлжээ.
Финийн түүхч эрдэмтэн Марко Ненонены бичсэнээс үзвэл, тэр үед энх тайван, найрамдал нөхөрлөлийн бодлого явуулъя гэвэл нейтралитетыг сонгох хэрэгтэй хэмээн финчүүдийн олонхи нь үздэг болсон байв. Төвийг сахих гэх бодлого Финландын улс төрд домог мэт тархав. Ерөнхийлөгч Юхо Паасикиви төвийг сахих үзэл баримтлалаа хэрэгжүүлэхийг зорив. Сайн сайханд хүрье гэвэл төвийг сахь гэж тэрээр номлож байв. Дорно-Өрнийн хооронд тэнцвэр барья гэвэл төвийг сахь хэмээн гадаад бодлогодоо томъёолов. 1948 онд Финланд, Зөвлөлтийн хооронд Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай гэрээ байгуулснаар Финландын төвийг сахих түүх эхэлсэн гэж үзэж болно. Зарим баримт бичигт 1955 оноос Австри, Финланд хамтаар төвийг сахисан гэж бичсэн нь бий. Төвийг сахихаа Финланд нь дотоодын хууль тогтоомжоороо хуульчилсан явдал байхгүй.
1948 оны тэр гэрээгээр Финланд нь нейтралитетээ хадгалахын сацуу СССР-ийн стратегийн ашиг сонирхлыг зөвшөөрсөн. Зөвлөлтийн зүгээс хязгаарлагдмал баталгаа гаргаж өгсөн хэлбэр нь энэ гэрээ болсон гэж үздэг. НАТО хойтон жил нь байгуулагдахад Финланд элсээгүй, түүгээр нь төвийг сахих амлалтаа зөрчөөгүй хэмээн үзсэн. Гадааддаа таатай орчин бүрдүүлэх, хэнтэй ч дайсагнахгүй байх энэ бодлого хожим «Паасикиви–Кекконены шугам» гэж нэрлэгдэх болжээ.
1956 онд Финландын Ерөнхийлөгчөөр Урхо Кекконен сонгогдож, 25 жил төр толгойлсон ба “Ухаалаг тэнцвэржүүлэгч” хэмээн үнэлэгддэг. Тэрээр дотооддоо тэнцвэрийг хангахын сацуу Скандинавынхаа орнуудтай харилцаагаа бэхжүүлж, тэгэхдээ СССР-тэй тогтоосон харилцаагаа огтхон ч сааруулаагүйгээр бодлогоо явуулсан нь хэрэг дээрээ төвийг ухаалгаар сахисан сонгодог жишээ ажээ. Тэгэхдээ өрнөдтэй эдийн засаг, улс төрийн харилцаагаа хөгжүүлэх нь чухал, финландын соёл нь барууны баримжаатай хөгжих ёстой, олон улсын худалдааны үндсэн урсгал нь өмнө ба баруун зүгт төвлөрбөл зөв хэмээн үзэж байв.
Гадаад, дотоод бодлогоо өвөрмөц байдлаар ухаалгаар явуулж байсныг нь “финландчилал” хэмээн олон улсад нэрлэсэн нь буй. “Хүйтэн дайн”-ы уур амьсгалаас үл шалтгаалан СССР-тэй сайн хөршийн итгэмжилсэн харилцаа хөгжүүлэн, энх тайван, зэвсэг хураахын төлөө тэмцэж байсныг нь “Москвагийн шахалт”-аар хийгдсэн алхам байсан мэтээр өрнөдийн зарим улсад үзэж, “финландчилал” гэж өргөмжилсөн хэмээн тухайн үед зөвлөлтийнхөн бичиж байв.
Тухайн үед “Евронейтраль орнууд”–“Умард тэнцвэр” хэмээн Швед, Финланд хоёрыг нэрлэж байсан ба Финландыг илүү чухалчилж байсан нь зарим баримтаас (1975 онд Хельсинк хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаархи бага хурал хуралдсан) харагддаг.
Ю.Паасикиви, У.Кекконен нарыг залгамжилсан Мауно Койвисто 1982 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод тогтвортой, тууштай гадаад бодлогыг нь үргэлжлүүлэв. Тэр бодлого нь өргөн хүрээтэй, тодорхой төлөвлөгөөтэй, дотроо хэд хэдэн чухал чиглэлийг багтаасан бодлого байв. Юуны өмнө 1) өмнөд хөрш Оростой 1948 оноос тогтоосон сайн хөршийн харилцаагаа хөгжүүлэх; 2) Скандинавын орнуудтай уламжлалт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх; 3) Европт энх тайвныг бэхжүүлэх; 4) Tөвийг сахих бодлого явуулах эрмэлзэлээ баримтлах; 5) Дэлхийн бүх улс орнуудтай сайн харилцаа хөгжүүлэх гэж тэрээр томъёолжээ.
Финландын нейтралитетын гол агуулга нь дайны аюулыг зайлуулах, зэвсэг хураах, энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх явдал ба олон улсын тавцанд эвсэлд үл нэгдэх, нейтраль улс орнуудын эгнээнд явах хэмээн тэр үедээ үзэж байв.
1990 он хүртэл Финландын төвийг сахих бодлого хэрэгжиж, гадаад орнууд, ялангуяа СССР-ээс ихээхэн дэмжлэг хүлээж байлаа. “Хүйтэн дайн” дуусмагц олон улсын харилцаа өөрчлөгдөн, түүнийг дагалдан Швед, Финландын аюулгүй байдлын бодлогыг гүн гүнзгий трансформац залган авав. 1991 онд СССР оршин тогтнохоо больсноор 1948 оны нөгөө гэрээ үйлчлэлээ зогсоов. 1995 онд тус улс Европын Холбоонд элссэнийг уламжлалт төвийг сахисан бодлогоосоо де-факто татгалзсаны илэрхийлэл гэж үздэг. 1995 оноос хойшхи Засгийн газрын илтгэлүүдэд “нейтралитет” гэх нэр томъёо дурьдагдахаа больсон. Аюулгүй байдлын салбарт баримтлах бодлогоо хоёр агуулгаар: “цэргийн хувьд үл нэгдэх”, “өөрийгөө хамгаалах” хэмээн томъёолсон. Маастрихтын гэрээн дэх нэгдсэн гадаад бодлого, нэгдсэн батлан хамгаалах бодлогын тухай зүйл заалтыг хүлээн авна гэдгээ Финландын Ерөнхийлөгч нь тус улс Европын Холбоонд элсэх үед мэдэгдсэн нь анхаарал татдаг.
Европын Холбооны болон Скандинавын аль нэгэн улс орон сүйрэл, халдлагын аюулын дор орсон нөхцөлд бид идэвхгүй, дуугүй суухгүй хэмээн Швед, Финланд хоёр эдүгээ мэдэгдэх болсон нь энэ хоёр улс төвийг сахисан статусаа де-факто халсны шинж тэмдэг гэлтэй.