Борхондлойт гэгч алдарт өлөгчнийг Дүгнэн хайрхны өмч гэнэ. Малаа хааяа шоглуулавч түүгээр оролдохоос хулчийж, “хангай хэрэглэжээ” хэмээн залбирна. Борхондлойт буутай анчинд ерөөсөө үзэгдэхгүй, буугүй хүнтэй байнга таарах бөгөөд айж эмээхгүй, бүр зугтаах ч үгүй. Ядмаг явган нэгний сүргийн захаас харж байхад нь зооглоно. Буу шийдэмгүй хоньчин шилбүүрээ далайхад тэр идэж байсан хониныхоо хаа гуяыг тасдаж зуугаад эргэж хялалзсаар “Би чамтай адилхан энэ нутагт төрсөн амьтан. Сүрэг дотор чинь миний хувь ч бас байгаа шүү” гэсэн аятай дурамжхан холдоно. Буу агссан шилдэг анчид түүний мөрийг мөшгөж уул үргээхэд бараа нь үзэгдсэн түүх байхгүй.

Тэгтэл нэг янзын юм болов. Дүгнэнгийн Борхондлойт арван нялх бэлтрэгээ бэлтрэг суйлаач Донхирт цөмийг суйлуулаад дэлэнгээ ширгэтэл муухай улив. Шөнө дөлөөр түүний гинших гунигт автсан дорой авиа ёозгүй. Нойр сэрвэлзэж ноход боргоно. Нутаг орон нэг л тавгүй. Лус савдаг эвгүйцүүлсэн мунхаг тэнэг Донхирыг Дүгнэн хайрхан яадаг бол? Боохой уйлдаг юм билээ. Үхсэнээ өрөвдөх уй гашуу ухамсраас бус өр зүрхнээс ундарна. Үр хүүхдээ алдвал бүр ч орилно. Аймшигт өвдөлтөөр төгсдөг үхлээс алтан амийг олж төрсөн болгон айж зугтаадаг. Амьд явахын тулд зарим нь өвсөөр хооллож байхад зарим нь өөр шигээ амьд амьтны амь бусниулж махаар хоололдог. Тэгээд өөрийн хүслээр бус тавилангаар махчин заяанд төрсөндөө адлагдана. Донхир Борхондлойт хоёр уг нь ижил заяанд төрсөн хоёр л доо.

Гичий чонын дэлэн ширгэсэн ч арван үрээ шөнө хоногоор улам үгүйлж, эзгүй ууланд ганцаардахдаа гаслангаар үе үе бүтүүхэн улихаа больсонгүй. Арван нялх үр нь хаачив аа? Эхийгээ хүлээгээд гийналдан хэвтэж байж юу магад гээд  гөлөглөсөн үүрээ байн байн эргэж, хавь орчмын хадны хонгил, бутны ёроолыг шиншилнэ. Арван үрийнх нь үнэр тэндээс хараахан арилаагүй шингээстэй нь энхрий агаад амьд мэнд гэх горьдлого төрүүлээд хачин сайхан болно. Тэднийгээ амьдаар нь хайрлан үнэрлэж буй юм шиг сүжирч, сүү нь дуслан ивэлдэг байлаа. Нялх үрсийн нь сүү ханхалсан өхөөрдөм үнэр үүрнээс нь арилахгүйд тэднийгээ ирнэ гэж горьдсоор дахин дахин ирж шиншлэнэ. Хүлээж цөхрөхдөө оцойж суугаад алсыг ширтэн гунигтайгаар ульж дуудна. Ирдэггүй ээ. 

Донхир алдсан малаа хайж уул нуруу хэгжсээр морио эцээгээд харуй бүрийгээр гэр өөдөө гэлдэрч явтал богшсон морь нь гэнэт шуухиран үргэж огил харайв. Юу вэ? гэж цочих зуурт харанхуйд нэг зэгэл юм дөрөөг нь шүргэх алдан сүүтэс гээд алга боллоо. Донхирын дотор палхийж, зугтахаар морио чанга гуядтал эцсэн морь нь урагш алхсангүй. Яадаг билээ? Харанхуйд юу ч үзэгдсэнгүй. Тэгтэл зэгэл саарал хий үзэгдэл дахин Донхирын өрөөсөн чихийг хуу татчихав уу гэлтэй нүүрний нь хажуухнаар халуун салхи шүрхийлгэн өнгөрөв. Айж чичирсэн морь зугтах тэнхэлгүйдээ шээс алдаад зогсчихлоо. Буугүй, эцсэн морьтой, хутаг ч үгүй ядаж явааг минь Борхондлойт мэдээд арван бэлтрэгнийхээ хариуг авахаар дайрлаа гэж айсан Донхир юутай ч мориноосоо буусангүй. Морин дээрээ азаа үзэхээр шийдэв. Учир нь Борхондлойт шүргэн өнгөрөхдөө өөрөөс нь өмнө морийг нь хага татаад хонзонгоо авлаа гэж тайвшраад тэр чигтээ зайлах юу магад гэж горьджээ. Өлөгчин чоно морины нь зоон дээгүүр дамжиж, түүний сэрвээнээс өм хазах гээд буй юм шиг Донхирын нуруу аяндаа хотолзож, түнэр харанхуйд хоёр мөрөн дээгүүрээ сэлгэн хялалзсаар гэлдэрнэ. Олон бэлтрэг улаан гараараа нударсан Донхирт болон олон бэлтрэг ганзгалж явсан Донхирын эмээлд бэлтрэгнүүдийн үнэр эхийнх нь соргог хамарт бол мэдэгдэхээр шингэсэн байгаа. Тиймээс өлөгчин нялх үрсийнхээ үнэрээр ирж довтлов болтой. Донхир ухаантай ухаангүйн хооронд шөнөөр салгалж харьжээ.

Донхирын бяцхан үрс хучилгаа тийрээд нүцгэн шалдан гэрээр дүүрэн ундуй сундуй унтана. Хэдэн хөөрхөн балчир хүүхдээ Донхир өхөөрдөөд унтахаар хэвттэл Борхондлойтын арван нялх бэлтрэгийг толгой дараалан хөнөөж байсан нүдэнд нь үзэгдэж, золтой л орилоод босон харайсангүй. Юмны учир гадарлах болоогүй нялх бэлтрэгнүүдийн бөхжөөгүй гавлын хэврэг мөгөөрсөн ясыг яйртал нь хага цохиж, цустай холилдсон цагаан тархи нүүр өөд нь үсэрч, аманд нь эвгүй амт мэдрэгдэн сэжиглэж байснаа саналаа.      
  
Арван хөөрхөн үрийнхээ төлөө өлөгчин чонын өс хонзон дотогшоо зумарч нэг шөнө бэлтрэг суйлаачийн хоттой хонийг хүйс тэмтрэхээр гэтлээ. Эхийнхээ сүүнээс гараагүй нялх үрсийг нь ганзгалаад харьсан үнэр Донхирынх руу шууд хөтлөв. Тас харанхуйд нохдыг нь сэрээлгүй мярааж очоод хашаатай хонь руу нь дүүлэн ортол саравчны дээврийн цоорхой тагласан гэрийн дэлгээтэй хананы дөрвөн нүдэнд дөрвөн хөлөө улаан суга цавиа тултал гударч орхижээ. Дөрвөн хөл нь газар хүрэхгүй агаарт хий сарвалзаж ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй баларсан бөгөөд хоттой хонь үргэж ноход хуцаж гэрээс буу барьсан Донхир санд мэнд гарч ирээд түнэр харанхуйд юу ч үзэхгүйдээ хий буу тавьж сүр бадруулав. Борхондлойт ханын дөрвөн нүдээр дөрвөн хөлөө унжуулаад өндийж чадахгүй агаарт хоосон сэлэх агаад ноход дороос нь үсчив. Пад харанхуйд юу болж буйг Донхирт мэдэх нөхцөл алга. Тэр дэмий л гуугчина. Саравчны дээвэр өөд цоролзсон ноход чонын сул унжсан дөрвөн урт хөлнөөс зууж аваад байдаг хүчээр зэрэг зэрэг зулгаатал ашгүй хана цөмөрч чонын  дөрвөн хөл газарт хүрч ноходтой уралцах зуур хонины хашаан дээгүүр харайж гараад зугтлаа. Донхирын анч ноход түүнийг элдсэн боловч гүйцсэнгүй. Борхондлойтыг өс хонзонгоо авахаар үймүүллээ гэж айсан Донхир харанхуйд хамаг сумаа дуустал таамгаар бууджээ. Амь мултарсан өлөгчин  ухаангүй зугтах зуураа Донхир суйлаачаас арван алаг үрийнхээ хонзонг хэзээ нэг цагт заавал авна даа гэж андгайлж явав. Ноднин ийм нэг хөгтэй бөгөөд гашуун явдал болсон билээ.       

Энэ жил хөгшин Борхондлойтын хээл өдрөөс өдөрт томорч хүндрээд бараг босож чадахаа болилоо. Түүний дэргэд Дэлт хэмээх азарган чоно алс бөглүү тайгад айван тайван ангуучлахаар холын замд өндөлзөнө. Дэлтийг Борхондлойт хоргоож, “Намайгаа төрөх үед хэдэн улаан цуравтай минь орь ганцаар бүү орхиоч” хэмээн арчаагүйтэн гуйв. Дэлтийг явчих вий гэж айсандаа Борхондлойт түүний дэргэд очиж эрхлэнгээ хушуу амыг долоож салахгүй нялуурвал Дэлтийн дургүй хүрч ярдаглаад Борхондлойтын чихийг сэт хазчихав. Борхондлойтын чихнээс цус дусална. Борхондлойт чихнийхээ шархыг хорсоход толгойгоо сэгсчин эмзэглээд, “Орооныхоо үед чи надад яаж нялуурч байлаа. Одоо тэгээд ой чинь надаас гутав уу. Чиний олон бэлтрэгийг би гэдсэндээ тээж яаж ядарч явна. Чи мэдэж байна уу” гэж гомдсон боловч Дэлтийн дэргэд дахиж очсонгүй. Очоод ч нэмэргүй. Дахин хазуулах энүүхэнд. Сүг болтлоо бариулж ч мэднэ. Бэлтрэгнүүдийнхээ эцэгт гомдоод ямар ч тусгүй хувь заяандаа гичий чоно харамсаж сэм уйллаа.

Энэ жилийнхээ үрсийг Донхирт дахин суйлуулчихгүйн тулд тэр төрөх үүрээ маш нууц газар засчээ. Тэгээд ийнхүү Дэлтийгээ бэлтрэгнүүдийнхээ дэргэд хамт байя гэж аргадаж бас хайрлаж ханьсаж байтал гэнэт ноход хуцалдаж, хүмүүсийн уухай туухай хад цохио цуурайтуулан бөөн дайрлага нөмрөв. Дэлт босон харайж, Борхондлойт руу “Чамайг сахьж, чамд хорогдож хэвтэж баларлаа” гэж ууртай ярзайснаа чоно авлагчдаас хар хурдаараа зугтлаа. Борхондлойт Дэлтийг дагаад зугтах гэтэл гэдсэн дэх бэлтрэгнүүд хариугүй гарчих гээд тэсэхүй еэ өвдөхөд тэр бээр үр төлөө  гоожуулаад зугтаж болох байсан ч тэгж тэвчсэнгүй. Нойтон бэлтрэгнүүд газар өнхрөлдөж, орилж гаслаад анч нохдын тоглоом болно гэдгийг Борхондлойт эх амьтны зөнгөөр таамаглаж, ойртон айсуй үргээлгийхэн болон тэдний нохдоос хэрхэн бултах вэ гэж агшин зуур чонын ухаан гүйлгээд Дэлтийн араас зугтсангүй, Дүгнэн хайрхныхаа асганд нуугдаж, анчдыг дэргэдүүрээ өнгөрөөхөөр азаа шоджээ.

Борхондлойт өөрийнхөө үс, зүстэй ижил өнгийн хагд өвс бурзайлгасан бөөн асган дунд хэнгэрэг шиг гэдсээ газарт наан сэм хэвтсэн нь ямар ч амьтанд үл анзаарагдам нь гайхалтай. Хамгийн гол нь үнэрээ л анч нохдод авахуулчихгүй юмсан гээд амнаас гарах чонын ходоодны үнэртэй хийгээ түгжив. Борхондлойтын зүстэй ижил өнгийн хад асган дундаас үргээлгийхэн түүнийг ялгаж анзаарах чадваргүй төржээ. Дэргэдүүр нь морьтой хүмүүс нэг хоёроороо өнгөрсөөр байлаа. Борхондлойт чонын тэнгэр-Дүгнэн хайрхандаа мөргөсөөр гэдсэн дотроо юу юугүй гарах гэж арваганасан үрсдээ “Түр хүлээгээрэй, тэсээрэй, гарах болоогүй шүү. Аюул өнгөрмөгц ээж нь та нарыг төрүүлнэ. Ээж нь та нарыг төрүүлэх сайхан үүр аль эрт бэлдчихсэн” гэж захьсаар огт хөдлөхгүй хярав.

Тэгтэл ноход шуугилдсаар нөмөрч ирлээ. Борхондлойт “Одоо өнгөрчээ. Ээж нь та нарыг нохдын хурц шүдэнд тас татуулахгүй хэвлийдээ хадгалсаар өөрөө багалзуураа тас хазуулаад бөөнөөрөө хамт өнгөрье” гэж шийдлээ. Борхондлойтыг чиглэн нөмөрч ирсэн ноход гэнэт өөр тийшээ хуйлран хурдлав. Юу болов оо? Яагаад Борхондлойтыг тоолгүй өөр зүг рүү хурдлав аа гэсэн нь ноход хадан дундаас үргэж боссон туулай хөөгөөд арилж буй нь тэр юмсанж. Ёох, Дүгнэн минь ийм л хайрхан даа.

Үргээлгийхэн өнгөрмөгц нууц суудалд тосож отсон анчдын буу алсад пижигнэж, тэнэсэн сум хад цохио хальт шүргэн исгэрлээ. Борхондлойт “Дэлт минь суманд өртүүзэй” гэж Дүгнэндээ бас залбирав. Тэгтэл Борхондлойтын хэвлий сав хүчтэй базлан агшиж ус нь гарч эхлэв. Борхондлойт сэмхэн агаад хурдан мяраан тэмүүлсээр арай чүү бэлдсэн тохилог үүрнийхээ амаар шургатал түрүүчийн бэлтрэгүүд газар унаж эхлэлээ. Долоон бэлтрэг гарчээ. Борхондлойтын нялхарсан бие тэсэхүй еэ авч түүнд долоон бэлтрэгээ бөөцийлөх барагдахын аргагүй ажил ундрав. Долоон бэлтрэг долоон тийш гианалдан мөлхөнө. Нойтон бэлтрэгнүүдээ хурц шүдээрээ зөөлхөн зууж нэг дор цуглуулаад хөхөө өгч тэднийг юун түрүү халуун сүүгээрээ амлуулахыг  урьтал болгов.

Үргээлгийхнээс айсан Дэлт аль болохоор түргэн бараа тасрахаар хурд, эр бяраа шавхан хад бут сүлжин харайлгаж яваад нууц суудалд отсон мэргэн буучийн суманд энэ удаа өртжээ. Тэлчлэн амьсгал хурааж буй Дэлт дээр анчид цугларлаа. Дэлтийн амин газраар буудсан гэж онгирох Лодой баатарлагаар ханхалзана. Бэлтрэг суйлаачийн алтан үнэмлэхтэй Донхирын хор хөдөлж,
-Муу Дэлтийн хоногийн тоо аргагүй гүйцээд өөрөө давхиж ирээд сум залгих шив. Муу новш намайг чиглээд ирмээр болсноо Лодойн суудал өөд эргээд цогсон юм. Над дээр чигээрээ ирсэн бол би чамайг арван бэлтрэгний чинь төлөө буудахгүй өнгөрөөх байлаа. Чонын чинь тэнгэр чамайг хаяж дээ гээд Дэлтийн цустай занхар толгойг өшиглөж Лодойд атаархсан уураа гаргав. Нийтийн дайсны цууд гарсан манлай-Дэлтийг мэргэн бууч Лодой хөнөөж мандсаны гадна малаа Дэлтэд идүүлсэндээ хонзогнож явдаг малчдын бах тав ханав. Хүн бүр Лодойд бөхөлзөхөд бэлтрэг суйлаач гоншингоос ондоо гайхуулах алдаргүй Донхир атаархаж,
-Дэлт ч яахав ингээд өнгөрч. Харин Борхондлойт яагаад Дүгнэнгийн сархианаас боссонгүйв? Тэр Дэлттэй хамт л байх ёстой. Тэр хаачив. Түүний төрөх хугацаа бүр тулсан. Гэдсээ даалгүй нуугдаад үргээлэг өнгөрөөчихөв үү. Муу хөгшин гичий хаданд яргачих шиг л боллоо. Дэлт яахав ганц амьтан. Борхондлойт удахгүй арван Дэлтийг төрүүлнэ. Түүнийг л олж устгах юмсан. Хамгийн аюултай дайсан чинь тэр! Түүнийг тонилговол арван Дэлтийг алсантай дүйнэ гэж ухуулав. Донхир Борхондлойтоос айдаг болсноо дүйвээлж буй санаа нь энэ.

Донхир анчдыг буцаад нохдоороо Дүгнэнгийн сархиаг самнуулъя гэж ятгасан боловч тэд “Борхондлойт асганд яргасан бол энэ олон анч нохой тэр мууг үнэрээр нь босгохгүй яах юм” гээд үг авсангүй. Хэрэв самнасан бол дөнгөж төрсөн Борхондлойт долоон гөлөгтэйгөө арчаагүйгээр баригдах байлаа. Анчид цууд гарсан Дэлтийг намнасандаа урамшаад гэрийн зүг шуударчээ. Тэдний ухамсарт Дүгнэн хайрхны өмч Борхондлойтоор оролдвол гэмтэй гэсэн мухар сүсэг оршиж буйг Донхир андахгүй. “Муу Борхондлойт сүргийн захаас ганц нэгийг шоглохоос хэтрэх биш. Дүгнэнгийн эзэн юм чинь Дүгнэндээ байж л байг. Тэгвэл Дүгнэн хайрхан тайвширч биднийг ивээнэ” гэх нутгийн сохор бишрэлд Донхирын дургүй сүүлийн үед маш их хүрдэг болжээ. 

Хоногийн тоогоор долоон бэлтрэг торниж нүхнийхээ мухарт тогтохоо болилоо. Долоон үрдээ хөхөө үлгүүлсэн хөгшин Борхондлойт сүүлдээ өлсөж гурингатав. Хоол олж идэхгүй бол сүү нь татарч долоон гөлөг нь харангадан гийналдаж хүн амьтанд чимээ өгчих гээд эхийгээ зовооно. Ноднин арвыгаа алдсан болохоор энэ долоодоо бүр амиа тавина. Тарвага зурам гөрөөлж, барьсныгаа өөрөө ч идэлгүй зуусаар ирэхэд долоон томоогүй үр нь нүхнийхээ аман дээр айх эмээх өчүүхэн ч хар хоргүй ноололдож угтана. Борхондлойт сандарч бүгдийг аймшигт хурц шүдээрээ уцааралсандаа гасалтал зууж нүхнийхээ мухарт нуугаад авчирсан олзоо дунд нь тавьж өгөөд өөрөө ядарсандаа ухаангүй шахам сунаад ойчно. Долоон бэлтрэг эхийнхээ хөдөлж чадахгүй болтлоо ядарсныг далимдуулан олон хөндүүрхэн хөхийг дураараа зулгааж, хумсаараа дэлэн, гэдсийг шалбартал урна. Борхондлойт өөрийн үрст өчнөөн хайртай атлаа тарвага туулай, хурга ишиг тас хазахдаа өчүүхэн ч өрөвдөхгүй нь нүгэлт хорвоогийн даажигнаа ч юм шиг. 

Борхондлойтын араа соёо арзайсан нүх шиг амтай Донхир улаан нүүрээрээ золгочихов. Багалзуурдаж ашгүй амжлаа. Борхондлойт барилдаж буй бөх аятай урд хоёр хөлөөрөө Донхирын толгойны араас шилдэж аваад нүүрэнд нь өмхий амаа хүргэхээр зүтгэв. Донхирын Борхондлойтыг багалзуурдаж захалсан хоёр гар юу юугүй нугарах нь ээ. Чонын сарьсан хамар Донхирын хоолойг эрвэгнүүлж эхэлснээ төдөлгүй үмхэж авлаа. Донхирын цагаан мөгөөрс шажигнаж, тэр бээр муухай орилоод сэрчихэв. “Ёо-ёо яасан муу ёрын зүүд вэ. Өлөгчин гичийг устгахаас нааш санаа амрахгүй нь. Үр төлийг нь үндсээр нь хүйс тэмрэхгүй бол тэд хонзонгоо надаас заавал авна. Ганцыг ч үлдээж болохгүй” хэмээн бэлтрэг суйлаач амьсгаадав. Бас хажууд нь азарган чоно-Дэлтийг намнасан Лодойд уур нь хар аяндаа хүрээд намдахгүй нь лайтай.

Донхир хэдэн удаа Дүгнэнгийн сархиаг ганцаараа нэгжив. Ул мөр юу ч алга. Донхир цөхөрсөнгүй. Хад цохион дунд биеэ далдлаад өдөржин дурандана. Буу цэхээстэй. Дүгнэнгийн энэ гүнзгий жалганд Борхондлойт тарваганы нүх томсгоод гөлөглөсөн гэдэгт Донхир итгэнэ. Арван бэлтрэгээ суйлуулсан нүхэнд ахиж гөлөглөнө гэж саналтгүй.

Борхондлойт айлын хаяанаас шүүрсэн хэнз хургаа зуугаад хад асга сүлжин мярааж явтал гэнэт Донхирын үнэр ханхийлээ. Тэр зогтусч ойр орчмын буйлс, яргай, хад цохиог жартгар нүдээрээ нэгжиж, Дүгнэнгийн цэвэр тунгалаг агаарыг судлав. Яах аргагүй Донхирын эхүүн үнэр соргог хамрыг нь шүргэж байна. Донхирын үл мэдэг үнэрийг дагуулан шиншилж, түүний нуугдсан газрыг тогтоов. Донхирын үнэр бэлтрэгнүүдийн байгаа нүхнээс холгүй хэсэг өтгөн буйлстай асган дотроос ханхалж байлаа.

Борхондлойт хүзүү сунган эрүүгээ газар дэвсээд “яах вэ?” гэж тунгаав. Донхир руу гэтэж очоод шууд ноцвол тэр тав үсэрдэг хурц буутайг хөгшин жингэр мэднэ. Эндээ орой болтол нам хүлээвэл Донхир буцаж таарна. Гэвч энэ хооронд өлссөн бэлтрэгнүүд тэсэлгүй нүхнийхээ аман дээр ил гарч чимээ гаргавал ойрхон отсон Донхир мэдэх аюултай. Тэгэхээр Донхирт ажиг авахуулалгүй үүрэндээ өрсөж очоод бэлтрэгнүүддээ хургаа өгч чимээгүй болгоод нүхнийхээ мухарт шөнө болтол чанд хорихоор өлөгчин шийдлээ.

Тэгтэл гай газар дороос бус, гай тэнгэр дээрээс буув. Борхондлойтыг дагаж сэг зэмээр хоололдог Дүгнэнгийн хэдэн өлөн тас хурга зуусан Борхондлойтын яг дээгүүр эргэлдэв. Тэднийг харсан Донхир Борхондлойт ойрхон байгааг мэдлээ. Бэлтрэг суйлагч амьсгал даран дурандана. Тулгарсан аюул нэг тийш шийдэх эцсийн мөч болсныг мэдэрсэн өлөгчин хургаа зуугаад хадны чөлөөгөөр зэрэглээ мэт гулссаар нүхнийхээ дэргэд арай гэж иртэл Донхир инээчихсэн хэдэн нялх бэлтрэгийг нь шуудайлж зогсов. Нялх томоогүй бэлтрэгнүүд Донхирыг огт эсэргүүцэхгүй зөвхөн зөөлөн гийнаад савлуулж байлаа.

Ноднин арвыг минь, энэ жил долоог минь гэсэн хорсол гялс хиймэгц Борхондлойт шууд дүүлэн Донхирын багалзуурт асав. Донхир буугаа шүүрч амжсангүй урт хутгаа суга татаад Борхондлойтын зүрх рүү лав дүрлээ. Донхирын хутга атгасан гарын шууг даган халуун хар хүрэн цус садрав. Борхондлойтын хурц соёо Донхирын багалзуурыг тас хазсан тул түүний гүрээний халуун цус Борхондлойтын халуун цустай нийлэн нилийтэл урслаа. Махан хоолт хүн чоно хоёрын цус хоорондоо ав адилхан ажээ.

Тэнгэрт илэн халигч тас шувууд газарт улай гарч хоолтой болсноо мэдмэгц ойр орчим амьд амьтны бараа сураггүй тул гуагалсаар доошлов. Долоон бэлтрэг будилсаар шуудайны амаар арай чамай гарч гэрэл гэгээнээс харцаа буруулан нүхнийхээ харанхуй мухар руу чонын хүйтэн араншингаар зүтгэлээ. Хүн амьтны хорвоо юу ч болоогүй мэт. Чимээ ч үгүй, жишим ч үгүй дүнсийнэ.

Нутгийнхан Донхирын үхлийг сонсоод “Тэгнэ ээ тэр, ёс тэгэх байсан юм” гээд Дүгнэн хайрхнаа аргадан залбирчээ*.
                                                                                                                 2014-05-05

*Зохиолчийн “Цав цагаан” номоос