Нэгэнт Олон улсын валютын сан /ОУВС/-гийнхантай тохиролцсон учраас Засгийн газар дангаараа мөнгө хайж сэлэм эргүүлээд байх шаардалагагүй болов. С.Баярын Засгийн газрын боловсруулж, УИХ-ын баталсан  төлөвлөгөөгөөр бол хямралыг давахын тулд Монгол Улс эхний ээлжинд 1.5 их наяд төгрөгийг гадаад эх үүсвэрээс олох учиртай. Олно гэдэгтээ итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд, Сангийн сайд нар парламентын танхимд хэдэнтээ мэдэгдсэн. Төлөвлөгөөгөө батлуулсны дараахан Ерөнхий сайд С.Баяр Европын таван оронд хийх 15 хоногийн айлчлалдаа яаран  мордлоо. Түүний айлчлалыг  гаднаас олох ёстой 1.5 их наяд төгрөгийн эрлийн эхлэл гэж байгаа. Гэтэл С.Баяр  сайд хоёр туулай хөөхөөр оджээ. Тэрээр Ерөнхий сайдын хувьд улсдаа мөнгө хайхын зэрэгцээ МАХН-ын даргын хувьд шинээр барих намын байрны санхүүжилт олох давхар  зорилготой явсан бололтой.  Энэ нь айлчлалын бүрэлдэхүүнээс харагдана. Монгол Улсын  төсөв санхүүгийн бодлогыг барьдаг, энэ чиглэлийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах эрхтэй Сангийн сайд, Монголббанкны ерөнхийлөгч нар айлчлалын бүрэлдэхүүнд багтсангүй.  Хэрэв Ерөнхий сайдын хувиар улсдаа мөнгө хайж байгаа бол тэд араас нь нэхэж явах байх.  

Харин МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, тус намын залуучуудын байгууллагын тэргүүн Г.Занданшатар нар айлчлалын бүрэлдэхүүнд багтан явжээ.  Засгийн газрын тэргүүнийг намуудын төлөөлөл бус, зөвхөн МАХН-ын удирдлагууд дагалдсан нь  энэхүү айлчлалын нөгөө үзүүр МАХН-ын байрны санхүүжилттэй холбоотойг илтгэнэ. Айлчлалын өмнө тус намын удирдах зөвлөл хуралдсан. Энэ хурлаар шинээр барих МАХН-ын байрны зураг төслийг шалгаруулж, санхүүжилтийн тооцоог гаргасан юм. Архтектор Д.Балдангийн багийн зохиосон төсөл шалгарсан бөгөөд подвальтайгаа нийлээд 11 давхар шинэ ордон барихад нийтдээ арав орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо хийсэн байна. Төслийг цаг хугацааны хувьд ингэж айлчлалын өмнө шалгаруулсан нь гуйх мөнгөндөө таарсан  бэлэн зураг төсөл, хүнд үзүүлэх юмтай явах гэснийх гэж зарим хүн хардаж  байгаа. Намын  ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн үг  дээрх хардлагыг батална.  Тэрээр МАХН-ын удирдах ажилтны зөвлөгөөнийг хааж хэлсэн үгэндээ “Бид удахгүй намын шинэ байртай болно. Байр барих санхүүгийн туслалцааг засгийн эрх барьж байгаа ах дүү болон Социнтернийн гишүүн намуудаас гуйна гэж байсан юм. Тэр хэлсэндээ хүрч намын даргаа дагаад, эсвэл намын даргаа дагуулаад Европыг зорилоо. Үнэхээр ч Ерөнхий сайдын айлчлах ОХУ, ХБНГУ, Белгид Нэгдсэн Орос эвсэл, Германы Христийн ардчилсан нам зэрэг  МАХН-тай ах дүүгийн харилцаатай, Социнтернийн намууд дангаараа болон хамтран засгийн эрх барьж байгаа юм. Түүнчилэн Бельги бол Европын холбооны улсуудын төв.  Социнтернийн гишүүн олон намууд Европарламент, Европын комисст багтаж  үйл ажиллагаа явуулдаг. Тэнд мэдээж, МАХН-ын байрны санхүүжилтийн асуудал түлхүү яригдах байх. Товчхондоо бол С.Баяр Ерөнхий сайдын хувиар улсдаа 1.5 их наяд, МАХН-ын даргын хувьд намдаа 10 орчим тэрбум төгрөгийн эрэлд явжээ. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг. Хоёуланг нь бүтээгээд хос морьтой ирвэл сайн л хэрэг.  Хамгийн гол нь Монгол Улсын  Ерөнхий сайдын нэрээр намынхаа байрны  санхүүжилтийг хөөцөлдөх нь  Засгийн газрын тэргүүний хийх ажил биш.  МАХН хэдийгээр засгийн эрх барьж байгаа ч, төрийн айлчлалыг ашиглаж намдаа мөнгө хайх нь улстөрд тогтох буруу жишиг. Тэр тусмаа  айлчлал нь Монголын Ерөнхий сайдынх,  амжуулах ажил нь МАХН-ын байрны санхүүжилт байж бүр болохгүй билээ.