-фельетон-

Бурхан минь, манай засагтөр чинь амьд яваа ахмадын  бичиг баримтыг хуурамч гэж үздэг, харин үхсэн байвал их л тааламжтай хандан тэтгэвэр олгоод зогсохгүй байнга нэмэгдүүлдэг,  тэр ч байтугаа зээл олгодог болсон гэх.  Итгэхгүй байгаа бол сонин эргүүлээд хар!  Нас барж байж зээлээ бүтээсэн 10.000 иргэний тухай мэдээ сонин хэвлэлээр дүүрэн байгаа.

Үүнээс  болоод тэтгэвэр нэмэх, тэтгэвэр авагчдыг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээл олгох тухай  салбарын сайд дарга нарын яриа  амьд хүмүүст айдас төрүүлдэг болж эхлэв.

Жирийн хүмүүс дургүйгээ хүргэсэн нэгнийгээ “ална шүү”, “зодно шүү”, “хүч хэрэглэнэ шүү” гэж айлгаж сүрдүүлдэг . Харин тэд дургүйгээ хүрсэн этгээдийг “Тэтгэвэр авмаар байна уу” хэмээн заналхийлж, “Ингээд байвал тэтгэврийг чинь нэмнэ” хэмээн сүрдүүлж “Хүсээд байвал чинь тэтгэврийн зээлд хамруулна ” гэдэг үгээр чичрүүлдэг болсон бүлгээ.

Шөнө ганцаар явж байсан хүнийг харанхуйд булан руу чирж оруулаад  хутга гарган “мөнгө тэтгэвэр хоёрынхоо нэгийг сонго” хэмээн тулгасан явдал ч гарч.
    
Тэтгэвэр авахын тулд цонхоор үсэрсэн,  амиа хорлож байж зээлээ бүтээсэн, нас бараад учиргүй баяжсан явдал  ч бүртгэгдсэн аж.

Төр засгийн шагналын системд ч үүнтэй уялдуулан өөрчлөлт орж зарим нэг гавъяа бүхий этгээдийг нас барсны дараа өөрт нь тусгай тэтгэвэр олгох асуудал ч тусгагдаж байгаа гэнэ. Үүнтэй уялдуулан Засгийн газраас Тэтгэврийн ерөнхий газрын нэрийг засаж Бурханболоочийн ерөнхий газар болгон өөрчилсөн байна.
Улмаар “Хүлгийн сайн нь хуушуураас амтагдана, хүний сайн нь тэтгэвэрт гарахдаа танигдана” гэсэн хэллэг гарсан байна. Үнэхээр ч амьддаа үр хүүхэддээ хайртай,  олсон болгоноо тэдэнтэйгээ  хуваах царайны явсан олон бурхан болоочийн үнэн нүүр царай тэтгэвэр аваад эхэлмэгцээ танигджээ. Тэд нас барснаасаа хойш олон арван жил тэтгэвэр, зээл аваад ганцаараа хэрэглэж байсан нь тодорхой болж хамаатан садныхаа урмыг хугалсан ажгуу.

Сүүлийн үед “амьд хүмүүс гэж хэн юм бэ”, “амьд байх нь эзэндээ ашигтай юу”, “ерөөсөө амьд байх нь шударга явдал мөн үү” гэхчлэнгийн гүн ухааны асуудлууд  урган гарсаар байна.

Улмаар манай улс  амьд ба амьгүй хоёр төрлийн иргэнтэй бөгөөд эрх ашгийг нь их л зөрөөтэйгээр хамгаалдаг болох нь харагдаж эхэллээ.  Амьд хүний тэтгэвэр, зээл машид бүтэмжгүй байгаагаас эхлээд олон зөрөө энд харагдаж байна. Амьд хэлбэрээр бүртгэгдсэн иргэний эрх ашгийг хамгаалахгүй байгаад зогсохгүй  тэднийг орон тоогоор цомхтгох, татварыг нэмэх, цалинг хасах зэргээр байнга хавчин гадуурхаж байгаа явдал ч  харагдана.

Ингээд бодохоор манай төрзасгийн удирдагчид  оршихуйн аль төлөв байдалд байгаа нь ч эргэлзээ төрүүлж байна. Эцсийн эцэст  “хүн өөрсөндөө л ашигтай юм хийдэг” гэдэг афоризмын үндэслээд дүгнэлт хийхээр хачин хариу гараад байх аж.

Удирдагч нар төдийгүй ард бидний оршихуйн хэлбэрийн тухай бодол ч айдас төрүүлж байна....

Ер тэдний ертөнц бодитой юу, биднийх бодитой юу...аан?