Б.Цэнддоо


Түрүүний ерөнхийлөгч Энхбаяр маань хүнд өвчтэй хэвтээ намын даргаасаа өс авахаа  зарлаж байхад шинэ ерөнхийлөгч  Элбэгдорж цааз сонссон ялтны амийг хэлтрүүлэхээр учирлаж байх юм.  

Нэг нь зудан дундуур хүн арддаа зүтгэн очиж сэтгэлийн дэм өгч байхад нөгөө нь зуданд малаа баран, модоо бариад ирэхээр нь  жагсаал хийлгээд удирдана даа хэмээн зэхэж суудаг энэ хорвоод ямар цааз байх нь зохилтой хэмээн сэтгэнэ,та?

Хүн төрөлхтөн шударга сайхан хуультай байхаас илүүтэйгээр шударга хэрэгждэг хуультай байхыг эрхэмлэх сэтгэхүйтэй. Тиим болохоор олон түмэн муу хуулиндаа гомдол гаргахаасаа илүүтэй муу биелж байгаа хууль, алагчлалтыг үл тэсвэрлэн эсэргүүцэл дургүйцлээ илэрхийлдэг.

 Өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлт, аллага нь “нийтийг тэгш хомроглож”  байсан учраас талын нүүдэлчид зохицон дагаж байсан бололтой. Коммунист хүчирхийлэл  өглөө ах дүүг нь, үдээс хойш лам багшийг нь, оройдоо нам төрийн аль нэг удирдагчийг  “алагчлалгүй” дайран егүүтгэж байсан болохоороо хатуу боловч шударга хууль ёсны төрхтэй харагдаж байсан ч байж магад.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн зүгээс цаазын ялыг ил тод гүйцэтгэхийг шаардах болсон. Манай зарим хуульчид “ийм муухай юманд дурладаг хүмүүс бас байдаг аа. Үхэж байгаа хүн харах тийм сайхан хэрэг үү” гэж ирээд л шогшрох юм билээ.

Хэрвээ энэ хүмүүс “үхэж байгаа” нэгийгээ харж таашаал авдаг байсан бол эмнэлгийн сэхээний тасаг дээр л овоорч байх учиртай. Тэгээд  л бие бие рүүгээ  “Шалавлаарай, энд нэг нөхөр яг чадхийх гэж байна, цаадуулдаа дуулгаарай” , “За за, шал дэмий юм боллоо. Урагшгүй амьтныг ирэх гэсээр байтал ухаан орчихлоо” гэсэн мэссэж нисгэж байх учиртай. Эсвэл Гайти улсын Консул дээр  визэнд оочерлочихсан “за одоо л нуранги дор үхэж байгаа хүн хардаг цаг мөн. Ийм боломж дахиад олдохгүй, олдохгүй...” гэлцэж баймаар... Телевизийн чаатны цагаар “Ойрын үед нас барах хүний талаархи мэдээллийг өндөр үнээр авна” гэсэн бизнэс зар түгж харагдмаар.... “Хятадад цаазыг олон түмний нүдэн дээр гүйцэтгэж байгаа нь шударга юм билээ” гэж ярьж байгаа хүний нүдэнд “хятадын иргэн болчих юм бол ч байн байн хүн цаазлахыг хараад сайхан даа” гэх хүсэл асаж харагдмаар...Гэтэл үгүй байдгийг учир юусан..

Үнэн хэрэгтээ олон түмэн улай үзэхийг хүсэж байгаа юм биш. Харин шударга хууль, тэгш хэрэгжиж байгааг л харахыг хүсч байгаа юм. Хүн үхэхийг үзэж ёсөн хүслээ биелүүлэхээ гэсэн хэрэг биш ердөө л төрийн хатуу цааз хайр найргүй яллаж байхыг л хармаар болсон хэрэг ээ.

Чухам ийм үед монгол улсын шинэ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазлан хороох ялын эсрэг байгаагаа зарласан нь олон түмнийг алмайрууллаа. Түүнийг шударга ёс тогтоох  нөр их ажлаа “Сүхбаатарын талбай дээр хүн дүүжлэх”-ээс эхлэх аятай санаж байтал “хүн алсан хүнийг алахаа болъё” гэхээр балмагдалгүй ч яахав.

Түрүүн ярьсан даа.Олон түмэн цаазалж байгааг харах гэсэн юм биш, харин үнэхээр цаазалж байгаа эсэхийг нүдээр үзэж үнэмших хүсэлтэй байгаа юм аа гэж. Гэтэл төрийн энэ ял үнэн  хэрэгждэг эсэхийг төрийн тэргүүн ч мэдэж чадахгүй байгаа аж. Ц.Элбэгдорж цаазлах ялаас татгалзаж байгаагаа тайлбарлаж хэлсэн үг дотор,  амийг хороох ялын гүйцэтгэлийн  талаархи мэдээллүүд зөрөөтэй байгаа талаархи ноцтой мөрүүд бий. Нарийн анзаарах юм бол монгол улс тодорхой хугацаанд хэдэн хүн цаазалсан, хэрхэн цаазалсан талаархи мэдээллүүд зөрөөтэй байжээ гэж ойлгогдоно. Үнэхээр цаазлаад байна уу, цаазалсан бичиг үйлдээд, зүс солих мэс засал хийлгээд явуулаад байна уу...гэдгийг та бид байтугаа төрийн тэргүүн мэдэж чадахаа байсан нь ойлгогдож байна. Цаазлаад байна уу, эсвэл хууль шударга ёсноос үүрд нуудаг гарц ажиллаад байна уу? Үүнийг мэдэх хориотой. Мэдэх хориотой юмны талаар зөвхөн хардах л боломжтой. Ерөнхийлөгч ард түмнийхээ нэгэн адил хардах эрхтэй л үлдэж байна. Олон түмэн хардсандаа домог л зохиох боломжтой бол ерөнхийлөгч хардсандаа гэмтнийг “амьдаар нь хатаах” замыг сонгосон хэрэг. Харин домог зохиох эрхтэй үлдсэн ард түмэн олон арван болсон явдал зохиосоор...тэдний дотор “Зуу орчим саяар цаазаас бүрэн чөлөөлүүлж болдог гэнэ” , “өнөө хэн гуайн хүүг хөнөөсөн нөхрийг чинь зүсийг нь хувиргаад гадаадад гаргасан гэнэ” гэхчлэнгээр гарна. Шал худлаа гээд нотолгоо үзүүлэх боломж байх биш.

Чухам эндээс л Элбэгдоржийн “уучлал” нэртэй хатуу ял эхэлж байх шиг. Тэрнээс биш Элбэгдорж хүн алсан хүн харахаараа хайр нь хүрээд, “зайлуул бусдын аминд хүрсэн юм гэсэн. Урт наслаг хөөрхий” гээд байгаа юм биш бололтой.

Нөгөө талаас гэмт хэргийн золиос болсон хүмүүст энэ алхам хүндээр тусч байгаа. Уул нь таныг тарчлаанд унагасан тэр этгээдийг үнэхээр цаазалсан эсэхийг хэзээ ч мэдэх боломжгүй байснаас, “амьдын тамд унагасан тэр нүгэлтэн чинь өөрөө амьдаараа тамд байгаа” гэдгийг мэдэж, шалгах боломжтой байсан нь дээр л дээ. Манайхны унших дуртай “Монте Кристо гүн”-ий үгээр А.Дюма ийм үг хэлдэг дээ. “Чамайг насаар чинь тарчлааж, тамд унагасан хүний духанд сум зоох юм уу, цээжинд илд бүлээд өш хонзон авагдах уу? Үгүй ээ. Ийм амьтанд үхэл нь өршөөл болж тусна. Харин тэр амьд байж, миний амсснаас илүү зовлон амсаж, тамд амьдаараа тарчлан тарчлан гэсгээгдэх ёстой” гэж.

Олон хүн “үхэл”-ийг шийтгэлийн дээд гэж ойлгодог. Гэтэл шийтгэл гэдэг бол үхлээс хатуу зүйл юм шүү дээ. Тийм учраас  гэмтнүүд шийтгэлээс өрсөж амиа хорлодог, хууль сахиулагчид гэмт хэрэгтнийг амийг хорлуулахгүй хамгаалж байж шийтгэх, дараа нь камертаа амиа хорлох боломж олгохгүй байж амьдаар нь ялыг нь эдлүүлэх гээд бөөн юм болдог билээ.

Нөгөө талаар чанга хатуу заалттай хуулиас илүү чанга хатуу хэрэгждэг, алагчилдаггүй хуулиас хүн айдаг гэдэг юм.

 Шударга ёсны , шударга хууль цаазын маш чухал зангилаа болсон цаазлан хороох ял манайд нууц байна. Хэдэн хүн нийлээд нуугаад байгаа юм биш, хууль нь тийм юм. Гэтэл “маш нууц ардчилал” “танилцах боломжгүй эрх чөлөө” , “нийтэд харагдахгүй шударга ёс” гэж байх боломжгүй. Энэ дундаас үүссэн үл итгэлцэл, учир битүүлэг байдал, нууцлалаас үүдсэн зүй ёсны хардалт зэрэг нь өнөөдөр ийм нөхцөл байдалд хүргэжээ. Элбэгдорж түүнийг өөрийнхөөрөө тайлж байгаа нь энэ. Тэр төрийн цаазыг сулруулж байгаа юм биш, харин хатуу, алагчлалгүй, өршөөлгүй болгож байгаа юм шүү дээ.

Манай төр үүнийг өнөөдөр үзэж байгаа юм биш.Дэлхий даяараа үүнийг ойлгоод хэрэгжүүлээд байгаа хэрэг. Америкт террористуудад насаар нь хорих ял өгөөд байгааг бид хардаг.  Бидний бодлоор  тэднийг цаазаар аваад, тэрийгээ CNN-ээр үзүүлэх замаар хашраамаарсан. Үнэн хэрэгтээ насаар нь хорих ял бол цаазлахаас бодитой бөгөөд харгис ял. Амьдаар нь л авсалж байгаа хэрэг шүү дээ.

Ерөнхийлөгчийн энэ санаа амжилт олохгүй байж болно. Өөр ерөнхийлөгч гарч ирээд баруун солгойгүй цаазлуулж  ч болно. Гэхдээ нэг зүйл тодорхой. Энэ бол  хэзээ ч цаазыг олны өмнө үйлддэг болохгүй.

Харин мөнгөтэй муу хүмүүс олширсон, мөнгөөр юу л бол юуг худалдан авч болдог болсон энэ цагт үнэхээр цаазлаад байгаа эсэхийг хэн ч мэдэж чаддаггүй хэвээр үлдэнэ.