Ж.Энхжаргал: “Халх гол” чөлөөт бүс нь Монголын хөдөө аж ахуйг шинэ түвшинд гаргах юм
ХХААЯ-ны харьяа “Халх гол” төслийн захирал Ж.Энхжаргалтай ярилцлаа.
ХХААЯ-ны харьяа “Халх гол” төслийн захирал Ж.Энхжаргалтай ярилцлаа.
-Сүүлийн хоёр сарын хугацаанд Халх голын үржил шимт сайхан газар нутгийг “Халх голын чөлөөт бүс” нэрээр гадныханд өгөх гэж байна гэсэн мэдээлэл нийгэмд явлаа. Нэг хэсэг нь зөв, нөгөө хэсэг нь буруу... гэсэн маргаан өнөөдөр ч үргэлжилж байна. Үүнд хамгийн бодитой хариулт өгөх хүн бол Та. Үнэхээр ХАА-н чиглэлийн Халх гол чөлөөт бүсийг байгуулахдаа ямар ч судалгаа тооцоо хийгээгүй, эрдэмтдийн санаа бодлыг ч тусгаагүй юм уу?
-Уг нь бол Халх голыг бүс нутаг болгон хөгжүүлэх суурь аль 1960-аад оноос тавигдсан юм билээ. Хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглахаар социализмын үеэс эхлэн судалсан гэсэн үг. Тухайн үед Дорнод, Сүхбаатар аймгуудад нийт 14 сангийн аж ахуй байгуулах ТЭЗҮ хийгдэж, Халх гол суманд 270,000 га газарт тариалалт хийн, Дорнодын мухар улаан үүлдрийн 50,000 үхэр, 20,000 барга үүлдрийн хонь бордох цогцолбор байгуулах зорилт тавьсан байдаг. Энэ бүгдийгээ судлан, шинжлэх ухаанжуулах зорилгоор Халх голын эрдэм шинжилгээний туршлага станцыг 1960 онд байгуулсан. Анхны зорилт нь 1974 онд үндсэндээ хэрэгжиж энэ бүс нутаг “Газар тариалан, мал аж ахуй, жимс жимсгэнэ хосолсон цогцолбор” болж хөгжих суурь үндэс тавигджээ. Үүнээс хойш 1978, 1979, 2009, 2012, 2013, 2015 онуудад гэхчилэн өнөөдрийг хүртэл хөдөө аж ахуйн үйлдвэржүүлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх нийт 13 судалгаа хийгдэж ирсэн.
Эдгээр судалгаа нь эдийн засгийн, байгаль орчны, газар тариалангийн, усны нөөцийн чиглэлээр хийгдэн тухай бүртээ Халх голын бүс нутагт хөдөө аж ахуй, газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг өгсөн байдаг юм.
-Яагаад заавал Халх голд чөлөөт бүс байгуулах болсон юм бэ?
-Хүнс, хөдөө аж ахуйн яам, ХААИС-ийн судлаач, мэргэжилтнүүдийн багаас холбогдох судалгааг хийж, хагас эрчимжсэн мал аж ахуй бүхий хөдөө аж ахуйн бүс нутаг болгох боломжтой хэд хэдэн бүс нутгийг тогтоож, үнэлгээ хийсэн. Үүнээс Дорнод аймгийн Халх гол сумын нутаг нь нэгдүгээрт бэлчээрийн даац улсын дундаж түвшнээс 8-9 дахин бага, хоёрдугаарт байгалийн хадлан бэлдэх нөөц бололцоо өндөр, гуравдугаарт тариалангийн талбайн хүрэлцээ хангалттай, дөрөвдүгээрт усалгаатай тариалан эрхлэх боломжтой, тавдугаарт байгаль, цаг уурын нөхцөл тааламжтай, зургадугаарт байршлын хувьд зорилтот зах зээлтэй ойр зэрэг хагас эрчимжсэн хөдөө аж ахуй хөгжих угтвар нөхцөлүүд, шалгууруудад хамгийн ихээр нийцсэн нь юм.
-Халх голын орчмын нутгийг ХАА-н чөлөөт бүс болгосны ач тус, үр дүн гэж тусдаа яригдах байх?
-Тэгэлгүй яахав, тухайн орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, шинжлэх ухааны багтаамж ихтэй ХАА-н бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахаас эхлээд хамгийн чухал нь тэр бүс нутагт томоохон ур чадвар, мэдлэгийн сан бий болох юм. Шинээр 1000 гаруй ажлын байр бий болно. Хотоос хөдөө рүү шилжих хөдөлгөөн бий болно. Энд би нэг жишээ дурдмаар байна л даа. Халх голын малчин залуус хил залгаа Хянган, Хөлөнбуйр аймгуудад тэдний малыг маллахаар явж байна л даа. Тэд төрсөн нутагтаа ажлын байргүйгээс, орлогын эх үүсвэр нь хангалтгүй байгаа учраас урд хөршид сарын 5000 юань буюу нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай ажил хийхээр явж байгаа юм. Солонгост ажил хийхээр явлаа гэдэг шиг. Үүнийг нийслэлд мэддэггүй л байхгүй юу. Хэрэв бид Халх гол суманд ХАА-н чөлөөт бүсээ байгуулчихвал тэнд байгаа залуус аав, ээж, хань, үр хүүхэд, найз нөхдийнхөө дэргэд нутагтаа байж, орлогын эх үүсвэр болсон уламжлалт мал аж ахуйгаа эрхлэн, чөлөөт бүсэд буй болох хүнсний үйлдвэрт ажиллаж, хангалуун сайхан амьдрах боломжтой. Хамгийн энгийн жишээ гэхэд зүүн гурван аймгийн 24,575 малчин өрхийн эдийн засгийн эргэлтэнд оруулж болох малыг эрүүл гэдгийг нь батлаад, үйлдвэрийн аргаар боловсруулаад, гадаад зах зээл рүү экспортлоход жилдээ 400 сая ам. долларын орлого олох боломжтой болж байгаа юм.
-500 мянган га газрыг бүхэлд нь хашиж нутгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн яриа хүчтэй явсан?
-Зарим хүмүүс ард иргэдэд санаатайгаар буруу ташаа мэдээлэл өгч байгаа бололтой. Чөлөөт бүсийг тэр чигээр нь хашна гэж. Тийм юм огт байхгүй. Тэнд амьдарч байгаа малчин иргэд өөрсдийн өвөлжөө, хаваржаандаа байдгаараа байж, амьдардгаараа амьдарна. Хэнийг ч тэндээс нүүлгэн шилжүүлэхгүй. 500 мянган га газрыг газрын зураг дээр зурчихаар шууд хашаа татаж, хашна гэж ойлгож болохгүй. Тэр бол зөвхөн газар зүйн хил хязгаарыг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм. Харин чөлөөт бүс байгуулснаар тэр 500 мянган га-д амьдран суугаа иргэдэд давуу байдал үүснэ. Жишээлбэл, манай бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт зарчмаар бол нэг хониноос олох нийт ашиг шим нь 150 мянган төгрөг байгаа. Харин малчид малаа чөлөөт бүсийн хорио цээрийн хэсэгхэн газарт оруулж, сар гаруйн хугацаанд маш нарийн хяналтын дор эрүүлжүүлэн, импортлогч орны стандартад нийцүүлбэл нэг хонийг дор хаяж 250 мянган төгрөгөөр үнэлэх боломжтой болж байгаа юм.
-Яагаад заавал ХАА-н чөлөөт бүс гэж?
-Монгол бол мал аж ахуйн асар их нөөцтэй орон. Гэтэл бид өнөөдөр уул уурхайгаас хараат эдийн засгийн бүтэцтэй болчихсон. Газрын тосоо хүртэл боловсруулж чадахгүй хилийн дээс давуулж байна. Нэг салбараа хэт шүтсэн, хэт хараат байсныхаа үр дагаврыг үзэж байна. Харин ХАА-н бүтээгдэхүүн бол эргэн төлждөг бүтээгдэхүүн. Би энд нэг жишээ дурдъя. 2008 онд дэлхийн зах зээл дээрх нэг кг үхрийн махны үнэ 2,7 ам. доллар байсан бол өнөөдөр бараг 4,6 ам. доллар хүрч байна. Энэ бүх тоо юуг хэлээд байна вэ гэхээр Монгол Улс Эдийн засгаа маш яаралтай солонгоруулах шаардлагатайг хэлээд байгаа юм. Солонгоруулах гэж хэлээд байгаа бодлогын буюу солонгын нэг том өнгө нь НОГООН буюу хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэл байх шаардлагатай болоод байна. Үүний тулд өнөөдөр манай салбарт тулгамдаж байгаа хэд хэдэн томоохон асуудлыг нэн даруй шийдэх шаардлагатай. Нэгдүгээрт, өнөөг хүртэл бид олон улсын байгууллагаас мал, амьтны халдварт өвчнөөр тайван статус авч чадаагүй байна. Тийм ч учраас 2014 онд ердөө 480 тн үхрийн мах экспортолсон. Харин Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар бид тэр хэсэгхэн газарт хорио цээрийн онцгой дэглэм тогтоож, эрүүл хүнс үйлдвэрлэж, олон улсын мал амьтны хорио цээрийн байгууллага болон дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл хүнс үйлдвэрлэж чадна. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн салбарт орох хөрөнгө оруулалт маш муу байна. 2014 оны байдлаар бүх банкны зээлийн 2.5%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0.04% нь тус салбарт орсон. Манай арилжааны банкуудын санал болгож буй зээл нь жилийн 24-31 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай байгаа. Мөн өнөөдөр тариаланч, малчдын даатгалд хамрагдах байдал тун тааруу байна. Иймд бид чөлөөт бүсийн нөхцөлөөр хөрөнгө оруулалтыг салбартаа татаж бусад асуудлыг шийднэ.
-Халх голын сав газрыг Монгол орны хүнс, буудайн стратегийн ач холбогдол бүхий нутаг гэдэг юм билээ?
-Халх гол сумын бүс нутгийн тариалангийн хөрсний чанар сайн хэдий ч салхины хүч, технологийн буруу горимд маш эмзэг хөрсөнд тооцогддог. Мөн газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлтээс үүдэн хөрс, бэлчээр доройтох, зэрлэг ан амьтан цөөрөх төлөвтэй байна. Ийм учраас л тариалангийн үүц газар гэх энэ нутгийг төр хамгаалалтдаа авсан. Улс өөрөө энэ газрыг хамгаалалтдаа авч нийтийн эрх ашгийн төлөө хадгалахгүй бол Дорнод аймагт буюу Халх гол суманд газрыг зөвшөөрөлгүй ашиглах явдлууд гарсаар байгаа. Монгол Улсад шинээр газар хагалахад заавал Засгийн газрын тушаал гаргах ёстой байдаг. Гэтэл 2010 оны Засгийн газрын 97 дугаар тогтоол гарснаас хойш нэг ч га газар нэмж хагалах тушаал, шийдвэр гараагүй байхад Халх гол сумын Засаг дарга дур мэдэн газар тариалан эрхлэх, тэжээлийн ургамал тарих, хадлан бэлдэх нэрийдлээр газрыг замбараагүй олгосон байж болох ноцтой баримтууд ил болсон. Тиймээс ХХАА-н сайд холбогдох газруудад нь шалгуулахаар өгсөн байгаа. Ер нь бол Халх гол чөлөөт бүсэд хоёр асуудлыг маш онцгой анхаарна. Энэ нь тус бүсэд тохирсон тариалангийн горимыг тогтоож, түүнийг мөрдүүлэх мөн хууль бусаар газар хагалах асуудал юм. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ тал дээр нэлээн ач холбогдол өгч 75 дугаар тогтоол дээр байнгын хороо хяналт тавьж ажиллахаар болсон байгаа. Өөрөөр хэлбэл 500 мянган га газрын 14,4 хувьд хагас эрчимжсэн мал аж ахуйг дэмжих тэжээлийн ургамал тариалах зорилгоор газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх. Тариалалтын технологийн хувьд заавал тэг элдэншүүлгийн технологийг ашиглана. Notill буюу элдэншүүлэлтгүй технологи гэдэг нь хөрсийг хагалахгүй, эргүүлэхгүй тариалалт хийхийг хэлдэг. 2006 оноос Монголд ашиглагдаж одоогоор нийт 20 хувь энэ технологид шилжсэн байна. Ихэвчлэн томоохон үр тарианы аж ахуй тус технологийг ашиглаж байгаа. Энэхүү технологи нь хөрсийг хамгаалах, чийгийг сайн хадгалах давуу талтай байдаг юм. Халх гол нутаг бол тал нутаг учраас хөрс нь салхинд туугдах эрсдэлтэй. Тийм учраас хөрсийг салхины эрсдэлээс хамгаалж, ойн зурвас байгуулна.
-Дэлхийн хаана ч ХАА-н чөлөөт бүс гэж байдаггүй хэмээн зарим хүн ярьсан байна лээ?
-/инээв/ Бразил, Турк, Энэтхэг, Филиппин... гээд олон оронд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгаа шүү дээ. Уг нь жаахан мэдээлэлтэй, мэдлэгтэй байж л ийм асуудал дээр дуугармаар байгаа юм л даа. Тухайлбал, Бразил улс 1967 онд Амазоны ширэнгэн ойгоо хадгалж авч үлдэхийн тулд нэг сая га газрыг тусгай хэрэгцээндээ авч хамгаалсан байдаг. Үүнээс 583 мянган га газрыг ХАА-н зориулалтаар буюу чөлөөт бүс хэлбэрээр хөгжүүлсэн. Бразил улс мал, амьтны өвчингүй бүсээр улсаа бүртгүүлж өнөөдөр дэлхийн махны импортын 20 хувь буюу 1.8 сая тонн үхрийн махаар таван тивийг хангаж байна. Италийн арьс ширний кластер, Чилийн салмон загасны кластер, Кенийн кофе гээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөдөө аж ахуйн кластерууд байдгийг жаахан боловсролтой хүн бол нарийн мэдэхгүй юм аа гэхэд дуулж сонссон байгаа л даа. Кластерын нөхцөл бүрэлдсэн газарт түүний хөгжлийг хөшүүрэгдэх нэг арга нь чөлөөт бүс байгуулах юм шүү дээ.
-ХАА-н чөлөөт бүсэд гадны иргэд визгүй чөлөөтэй нэвтэрч, суурьшина гэсэн мэдээлэлд ямар хариу өгөх вэ?
-Чөлөөт бүсийн тухай хуулийн 11.1-д Хилийн боомтод байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино гэж заасан. Өөрөөр хэлбэл гаднын иргэд 30 хоногийн хугацаатай орох-гарах виз авч чөлөөт бүсээс 30 хоногийн дотор гарна. Ер нь бол Халх гол чөлөөт бүс нь хил дээр бус, нутгийн гүнд байгаагаараа онцлог. Тэнд гадаадын иргэн визгүй зорчих эрхгүй. Гадаадын иргэн харьяат хэн ч байсан Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу виз авч, тус чөлөөт бүсэд нэвтэрнэ.
-500,000 га талбай гэдэг бол том газар нутаг. Яг ямар зориулалтаар төрөлжүүлж ашиглах вэ?
Дотроо хэд хэдэн бүстэй байхаар төлөвлөгдөж байгаа. Үүнд: Хяналт, Хорио цээр, Үйлдвэрлэлийн бүс нь тус 500 мянган га газрын 5,6 хувьд байна. Хагас эрчимжсэн мал аж ахуйг дэмжин тэжээлийн ургамал тариалах зорилгоор 14,4 хувьд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлнэ. Харин үлдсэн 80 гаруй хувийг хадлан, бэлчээр, хөдөө аж ахуйн аялал жуулчлал, хагас эрчимжсэн аж ахуйн талбай байхаар төлөвлөсөн. Ихэнх талбайг бэлчээрт авч хамгаалан, хөдөө аж ахуйн аялал жуулчлал хөгжүүлэх, улсын хадлангийн нөөц бүрдүүлэх зэрэгт ашиглана.
-Орон нутгийн иргэдийн санал бодлыг асууж тусгасан уу?
-Дорнод аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас чөлөөт бүс байгуулах тухай санал хэд хэдэн удаа гаргаж байсан. Тухайлбал, 2014 онд чөлөөт бүс хариуцсан Засгийн газрын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаярт, 2011 онд Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албаны дарга Х.Ганболд нарт албан бичгээр саналаа хүргүүлж байсан юм билээ. Ардчилсан нийгэм бол төлөөллийн ардчилал буюу иргэд өөрсдөө дундаасаа Иргэдийн хурлын даргаа сонгодог, түүгээрээ дамжуулан төр засгийн бодлогод оролцдог тийм л зарчим. Тиймээс аймаг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарч байгаа аливаа санал санаачилга бол ард иргэдийн санаа бодол байдаг. Тиймээс бид өнөөдрийг хүртэл нийт дөрвөн удаа ирүүлсэн чөлөөт бүс байгуулах хүсэлт, албан бичгийг ард түмний санал тусгагдсан тэдний хүсэл гэж ойлгож байгаа.
-Сүүлийн үед таныг сошиал ертөнц, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр бичих болжээ. Гарал үүсэл, боловсрол гээд л... харж байгаа биз дээ?
-Хараад, уншаад л сууж байгаа. Наад нөхөр чинь хятад, хужаа гээд л. Хэн тэгж бичээд, түүнийг нь хэн өдөөгөөд байдаг нь тодорхой л доо. Дорнод аймагт ирэх жил сонгуульд нэр дэвших хүсэлтэй нэр бүхий нөхдүүд байгаа юм билээ. Одоо ч ийм аргаар улс төрийн замаар алхахгүй байх аа. Би уг нь тэдний л нэгэн адил эх орноо хөгжүүлэх, сурсан мэдсэнээ амьдралд хэрэгжүүлэх, сайхан амьдрахыг хүсэж, хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдсөн залуусын нэг шүү дээ.
-Тэр угсаа гарвалын талаар?
-Хэлье л дээ, миний өвөө бол Увс аймгийн Өндөрхангайн хүн. Аав маань Улаанбаатар хотод төрж өссөн 40 мянгатын хүүхэд. Ээж маань Завхан аймгийн Завханмандал сумын хүн. Миний хувьд өвөг дээдэс, удам угсаагаараа хамгийн их бахархаж, ярьдаг, ер нь бол үндэсний үзэлтэй хүн шүү дээ. Өвөөгийн маань аав Даян Намсрай гэж хүн байсныг нутаг усны ахмадууд одоо ч ярьдаг л юм. Өвөө, эмээ, аав, ээж маань тухайн нийгмийнхээ сэхээтнүүд. Яахав дээ, хотод төрж өссөн миний үеийнхний нэг төрх байна шүү дээ, цайвар царайтай, эрт нүдний шил зүүдэг болчихсон гээд. Тэр маань л хятад шиг харагдуулаад байгаа юм байлгүй.
-Таны төгссөн сургууль, олж авсан мэргэжлийг асуумаар байна?
-Ямар ч сургууль соёл төгсөөгүй ш дээ /инээв/. Наргиан, наргиан, би нийслэлийн Нэгдүгээр дунд сургууль төгссөн. Есдүгээр ангид байхдаа Монголын Идэрчүүдийн холбооны ерөнхийлөгч болж байлаа. Их сургуульд ороод ч бас зүгээр байж чадахгүй МУИС-ийн Оюутны холбоо-Оюутан конгрессыг үүсгэн байгуулалцаж явлаа. Их сургуулийг биологич-биотехнологич мэргэжлээр төгссөн, эмийн ургамал судлалын магистр. Дараа нь ХБНГУ-ын Мюнстерийн их сургуулийг Газар нутгийн экологич мэргэжлээр буюу хөрсний эвдрэл, нөхөн сэргээлтийн чиглэлээр төгссөн. Миний төгссөн сургууль соёл хэн нэгэнд тийм их чухал юм бол ийм л байна даа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.