Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр гэдгийг гаргаж УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаажээ. Энэхүү хөтөлбөр нь авлигалыг таслан зогсооход их л нэмэр болох юм байлгүй. Дахин дахин хэлэлцүүлэхээр оруулаад л байна. Өмнөх практикаас харахад иймэрхүү хөтөлбөр, дүрэм журам, хууль тогтоомжууд Монголын чөлөөт хэвлэлийг баллах шахаж байсан. Өнөөдөр ч хэвлэл мэдээллийг устгах гэсэн хуулийн төслүүд явж байгаа. Энэ бүгдтэй үзэж тарж дуусаагүй байхад зэрэгцүүлээд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг тэр чигээр нь устгах, дарамт шахалтад оруулах, байж боломгүй заалтыг энэхүү Авлигатай тэмцэх, шударга ёс тогтоох Үндэсний хөтөлбөртөө оруулаад ирж. Тус хөтөлбөрийн “4.1.6.12-т Хувийн хэвшлийн байгууллага жилийн тайлан, балансаа ил тод олон нийтэд хүргэх;” гэж заажээ. Ийм юм гэж байж болох уу! Энэхүү заалтынхаа дээд талд “Хувийн хэвшил дэх авлигын эрсдэлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх” болно гэжээ. Хувийн компаниудын данс шилний цаанаас ил тод харагдаж байхад л авлига алга болох гэнэ. АТГ авлигалтай л тэмцэх, таслан зогсоох гэж байгуулагдсан юм байгаа биз дээ. Ард түмэн авлига гэсэн тодорхойлолтыг бүгд мэддэг болсон. Авлига гэж юуг хэлэх вэ гэвэл “Төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо ашиглахыг хэлнэ” гэж. Тэгэхээр төрийн албан тушаалтан хээл хахууль авч байгаатай тэмцэх чинь л АТГ-ын ажил юм байгаа биз дээ. Үүнд хувийн аж ахуйн нэгжүүд ямар хамаатай юм бэ. Авлигатай тэмцэх нэрийн дор ард түмнээ нэгд нэгэнгүй хянаж, хэн хэдэн төгрөг олж байгааг нь харж суухаар завдаж байгаа юм байна. Жижигхэн компанитай иргэн Батын хөдөлгөж байгаа жаахан бизнес, орж гарч байгаа тав арван цаасыг хянах болох нь. Бат гуай та зөвшөөрөх үү. Шилэн дансыг хүн бүр л дэмжээд байгаа шиг харагддаг. Тэгвэл шилэн данс чинь явсаар таныг шилэн болгох гэж байна. Үүнийг нь тэгээд та “Ура” хэмээн хүлээж авч байна уу. Би бол “хуц” гэж хэлмээр байна. Эцсийн зорилго чинь энэ байсан юм уу “май” гэмээр байна. Өнөө соц нийгмийн үеийн эргэн тойрны чинь бүх хүн мэдээлэгч гэдэгтэй агаар нэг байгаа биз дээ. Эцэстээ энэ шилэн данс гэдэг чинь явсаар намайг, миний бизнесийг шилэн болгож аваад баллах аюултай байжээ гэдгийг одоо ойлгож ав, монголчууд аа. Монголд өнөөдөр “юм” ингэж л шат ахиж, барьцаа чангаруулах маягаар явж байгаа. Аль ч улс оронд хувийн нууц хуулиар хамгаалагдсан байдаг юм. Тэр дундаа хувь хүний хөрөнгө чинээ нууц байдаг биш бил үү. Үндэстэн дамнасан, улс орныхоо төсвийн орлогын тодорхой эх үүсвэр болдог том компаниудын тайлан тооцоо нь шилэн данстай, дансгүй хуулийн хүрээнд ил тод байдаг нь олон улсын жишиг. Үүнд манайх шиг шилэн данс ч гэх шиг шантаачдад өгөөш болдог зүйлийг төрөөс нь хийдэг ч үгүй. Бодит үнэнийг хэлье, бизнесмэн хүнд эхнэр хүүхдээсээ хүртэл тав арван төгрөгөө нуух үе гардаг юм шүү дээ. Тэгж байж үйлдвэрээ өргөжүүлдэг, ганц цутгах машин, оёдлын машин авдаг, парк шинэчлэл, технологийн шинэчлэлээ хийдэг юм. Энэ бол бизнесийн орчин дахь амьдралын үнэн. Тэгэхгүй бол эхнэр нь эмэгтэй хүн л болсон хойно мэдчихээд “Тэрний эхнэр тийм булган дээл өмсөж байхад, эдний эхнэр ийм 570 унаж байхад” хэмээн цамнасаар жаахан ашгийг нь үрчих гээд байдаг. Ямар ч чанга бизнесмэн хүн хайртай эхнэр, эрхлүүлдэг хүүхдүүддээ буулт хийхэд бэлэн явдаг нь жам юм. Ингэхээ мэддэг болохоор эхнэрээсээ нуугаад ч болтугай бизнесээ өргөжүүлдэг юм гэдгийг хэлээд байгаа юм. Тэрнээс эхнэрээсээ тусдаа данстай байх тухай ярьсангүй. Ажил, амьдрал дээр цаг үргэлж алдаж онохын дэнсэн дээр явдаг бизнесийн мөн чанар ийм байхад Авлигалтай тэмцэхэд дэмжлэг болох учир аж ахуйн нэгжүүдийн орлого зарлага олон нийтэд шилэн байх нь зөв хэмээн Үндэсний хөтөлбөр гээчийг боловсруулж, хууль тогтоох дээд байгууллагаараа хэлэлцүүлэн батлуулахаар явж байгааг ойлгохгүй байна. Аюул хаяанд чинь ирж байгаа хэрэг биш үү гэж л ард түмэндээ хэлэх байна. Хувийн аж ахуйн нэгжүүдийг шилэн болгосны үр дагавар яаж гарах вэ. Өрсөлдөгчид нь шилний цаанаас бүгдийг хараад ямар “бэлэг” барих бол. Яаж муугаар ашиглах бол. Өнөө дарамтлагч, рекетүүд нь яаж хандах бол. Шилэн Дамдингууд олноор төрж “Танайхыг ингэж ч зарлана, энэ газраар ч шалгуулна...” юу юу гэж дарамт шахалт үзүүлэх бол. Монголын өнөөдрийн төр засаг сүүлийн жилүүдэд хувийн өмчийг байнга ад үзэх, нүд үзүүрлэх нь одоо бүр хэрээс хэтэрч байгаагийн шинж байх даа. Хувийн аж ахуйн нэгжийг үргэлж шившиглэсэн, үгүй хийхийг ил далд санаархсан, барьцаанд хийх гэсэн хууль, дүрэм журам, хөтөлбөр зогсохгүй нь бололтой. Орчин үеийн Монголын төр засаг үнэхээр атгаг болжээ. Үндэслэлгүй баяжвал шоронд хийнэ хэмээн төрөөс зарласан шүү дээ. Тэгвэл үндэслэлтэй баяжсанаа хэл хэмээн 76-д тулгавал яах бол. Өнөөдрийн цаг хугацаа чинь төгсгөл болох цагт өөрсдийн чинь баталсан хууль тогтоомж бүхэн та нарыг багалзуурдана даа. Ард түмэн бол яах ч үгүй. Өөрөө өөрсдийгөө аваад явчихдаг.

Ийм цаг үед монголчууд бид юу хүсч, мөрөөдөж байна гэвэл хөрөнгө чинээтэй бүгдийгээ магтан дэмжсэн, ямар нэг дарамт шахалтгүй, шалгалт шантаажгүй тийм л сэтгэхүй, оюун санаатай болохыг хүсч байна. Түүний төлөө явцгаая. Бид хөдөлмөрлөсөн хүн хөрөнгөтэй болж, дээдлэн хүндлэгддэг, үнэ цэнтэй байдаг капиталист нийгмийг бүрэн утгаар нь байгуулахын төлөө шантралгүй явцгаая. Баялаг бүтээж байгаа бүх хүнийг шүтэж амьдарцгаая. Тэд л улс орон, ард түмнийг авч явдаг нь хүний нийгмийн хууль юм.

Тэрнээс АТГ нь авлигалтайгаа л тэмц. Ард түмэнтэйгээ битгий тэрсэлд. Авлигалд автагдсан төрийн байгууллага, төрийн албан тушаалтнууд АТГ-ын гол “бай” болохоос хувийн хэвшлийнхэн биш юм. Юун хувийн хэвшлийн байгууллага жилийн тайлан, балансаа ил тод олон нийтэд хүргэх ёстой вэ! Үүнийг хувийн хэвшлийн мянга мянган аж ахуйн нэгжүүд эсэргүүцэх байлгүй дээ. Хуулиас давсан хөтөлбөр гэж арай байдаггүй байлгүй дээ. Тийм болохоор УИХ нь энэхүү Авлигалтай тэмцэх, шударга ёс тогтоох Үндэсний хөтөлбөрийг батлахгүй байлгүй дээ. Хувийн хэвшил гэдэг бол хувийн түрийвч.