Иймдээ хүрэхээрээ л ардчиллынхан нэгнийгээ хөнөөдөг юмдаа
Үнэндээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харахаар, ойлголцох бус улам хурцдан чангарч байгааг нь харахаар айдас төрж байна. Шулуухан хэлэхэд хэн нь бол доо гэж хүртэл бодогдоход хүрч байна.
Үнэндээ өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харахаар, ойлголцох бус улам хурцдан чангарч байгааг нь харахаар айдас төрж байна. Шулуухан хэлэхэд хэн нь бол доо гэж хүртэл бодогдоход хүрч байна.
ЗТЯ-ны төрийн бичгийн дарга асан Б.Батзаяаг ЭЦГ-аас баривчиллаа. Зөрүүлж байгаа юм шиг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ нь баривчиллаа. АТГ хэний мэдэлд байдаг, ЦЕГ нь хэний мэдэлд байдаг нь хэнд ч тодорхой. Тийм атал тал талд бөөн таамаг, мэргэчүүл, тэдний үгэнд автсан хэвлэл мэдээллийнхэн, сошиал ертөнцийнхөн... шуугиж байна аа. Үүнд үнэндээ мэргэ, таамаг ердөө хэрэггүй. Жишээ нь энэ бүх баривчилгааны дараа эхлээд хэн гэгч нь бухимдахнав, бухимдсан нөхөр юу ярихнав гээд ганц өдөр тэвчээд харчихад бухимдсан нөхөр учрыг хүмүүст хэлээд өгчих юм. Яг л ингэж бодож дуусаагүй шахуу байхад хэн нэг нь бухимдаад эхэлж байгаа биздээ. Том ярилцлага өгөөд, тодорхой төслийн тухай яриад, зарим хүний нэр усыг дурдаад. Иргэн таны хүлээж байсан мэдээлэлд багцаа өгчихөж байгаа биз. За нэг иймэрхүү учиртай юм болж байгаа бололтой, одоо энэ зодоонд ил хийгээд далдуур хэн хэн оролцох нь уу сайн анзаарая гэж бодож дуусаагүй шахуу байтал чинь телевизээр бас нэг нь яриад эхэлж байгааг.
Тэгэхээр дараалсан баривчилгааны дараахь гарцаагүй үнэн логик гэвэл АН-ынхан Засгийн газраараа дахиад оролдож мэдэх юм байна. Тэгж байж энэ бүхэн илааршина гэдэг ч юм уу, эсвэл хүнд байдлаас гарцгаана ч гэдэг юм уу, тийм нэг тэнэглэл явж байгаа нь өнөөдөртөө лав үнэн боллоо.
Энэ мэтээр баривчилгааны дараах өөрийн логикийг цааш нь үргэлжлүүлвэл бүр ч нигуртай, шившигтэй дүр зураг руу орж явчих учир орхиё зүгээр. Харин ганцхан зүйлд л санаа зовж байна. Энэ бүхэн эцэстээ 99 оны, ийм нэг намрын зэвэргэн өдрийн аймшгийг давтчих бий гэж. 1999 онд ийм л зодолдсон өдрүүд болж С.Зориг гэнэт алагдсан шүү дээ. Ардчиллынхан 1996-2000 оны хооронд Засаглалд байхдаа яг л өнөөдрийнх шиг нөхцөл байдал дунд Засгийн газраа унагаж, хөнжилдөө орох завгүй хөлхөлдөн тэмцэлдэцгээсэн. Ерөнхий сайдуудаа дараалан сольсоор сонгууль болохын өмнөхөн Р.Амаржаргалаар Ерөнхий сайдыг хийлгэж үзээд сонгуульд орж амар сайхандаа жаргацгаасан юм. Өнөөдөр ч гэсэн Р.Амаржаргал л үлдэх шивдээ. Ингээд бүгдээрээ сонгуулиар навс тавиулаад 90 хувь нь гудамжинд гарч нөгөө хэд нь авгай хүүхдээ аваад Америк руугаа явцгаана. Ард нь хэн хэн үлддэг вэ гэхээр ардчилал мандтугай гэсэн нийтлэлүүдээ Баабар, Цэнддоо хоёр нь бичээд, Алтанхуяг, Гончигдорж нар нь намын байраа сахиад, Бат-Үүл нь хэдэн партизантайгаа тракторчдын жагсаал цуглаан ч гэх шиг зүйлсийг сэдээд, хөдлөх ч мөнгөгүй болсон намдаа хэдэн төгрөг олох гэж Лу.Болд мэт нь үйлээ үзсээр үлдэцгээдэг жам ёсны үзэгдэл бий болж. Аз болоход ардчилал амьд байгаа шүү гэдгийг өдөр бүр тунхагласаар байх “Өдрийн сонин” гэдэг том индэр Монголд байх юмдаа. Гэхдээ л өдөр бүр ардчиллыг тунхаглах нь амаргүй, ямар хэцүүг энэ сонины эрхлэгч л ганцхан мэдэх байх. Одоо бүр ч зовох байх. Яагаад гэвэл Ардчиллынхан сая төрийн эрх барих хугацаандаа чөлөөт хэвлэлд чөдөр тушаа болох бүх ажлыг сэдэн санаачилж хэрэгжүүлсэн. Өөрсөндөө л хор хүргэсэн хэрэг л дээ.
Өнөөдөр байдал иймдээ тулсныг хаа хаанаа хүлээн зөвшөөрч АН-ын лидерүүд алдаагаа засаж авахгүй бол ирэх сонгууль муугаар төгсөх нь. Сонгуульд нам ялагдлаа, АН-ын ажил автоматаар “Өдрийн сонин”-ы редакци руу шилжинэ. Ийм цикль өмнө нь лав найман жил үргэлжилсэн. Одоо хэдүй хугацаанд үргэлжлэхийг тааж мэдэхгүй нь. Ийм таагүй цаг ирэх үед харин өнөөдөр АН-ын нэрээр УИХ-ын гишүүн, сайд, дарга нар хийж байгаа сүрхий нөхөд сураг ч үгүй болцгоодог нь бас л жам юм. Зарим нь бараг “Би АН-ын гишүүн” гэж хэлэхээсээ айдаг байж магадгүй.
АН-ын лидерүүд одоо л эрх ашгийн дундын хувилбараа олж ойлголцохгүй бол ийм юм руугаа явах нь. Юун Засгийн газар огцрох вэ. Одоо огцруулбал тэгээд л нам сөнөнө. АН-ын өнөөдрийн томчууд “Дүүрсэн хэрэг, өөрсдийнхөө эрх ашгаар дуусая” гэж бодоцгоож байгаа бол эргээд ирэхэд чинь хүлээж авах масс нийгэмд ч тэр, намд ч тэр, дараагийн үеийнхэнд чинь тэр байхгүй болсон байна. Та нарын хэн чинь юу хийснийг, юу яриад явсныг, тэрбүү хэл юу санаж сэдээд, бодож төлөвлөөд, гар хөлөө бэлдээд, хар зураг гаргаад явсныг бүгд л багцаалж мэддэг, хаалганы цаана ярьцгаасаар байгаа юм билээ шүү.
Энэ бүгд улс төрийн орчинд болдог, болж байсан порцесс гэж хэлэх хүн байж магадгүй. Тэгвэл энэ бүх үйл явц дунд байж болохгүй процесс өрнөсөн 1999 оныг сана. Ардчиллынхан иймдээ хүрэхээрээ л нэгнийхээ амь насаар тоглодог ойрхоны түүх байгааг сана. Хүнд амь наснаас нь илүү эрх ашиг гэж байдаггүй юм. Тэр ч байтугай орчин цагт амь наснаас үнэтэй эх орон ч гэж байхгүй.