Сонсгоод
Их өвдөж байна. Тэсэхийн аргагүй янгинаж байна. Үхэл тун ойртжээ. Гэхдээ уулзаагүй л байна. Мөн ч хэцүү даваа болтой. Энэ юу ч биш, үүнээс бүр хамаагүй илүү өвдөх гэнэ.
Их өвдөж байна. Тэсэхийн аргагүй янгинаж байна. Үхэл тун ойртжээ. Гэхдээ уулзаагүй л байна. Мөн ч хэцүү даваа болтой. Энэ юу ч биш, үүнээс бүр хамаагүй илүү өвдөх гэнэ. Юун олон гэрэл улалзаад ирэв ээ. Би харанхуй хонгилоор олон гэрэл сүлжин буун сум шиг шунгинав. Байз, би нисэж байна уу даа. Тийм байна, нисэж байна. Яасан аюултай хурдаар ниснэ вэ. Барилгын дээврүүд нүдэнд үзэгдэх төдий гялс гялсгээд өнгөрөв. Хурд гэдэг энэ. Хурмастаас газар луу огцом шунгаж буй хүчит жигүүртний хараанд газар дэлхий ийнхүү амжиж харах зуургүй эрээлжлэн өнгөрдөг байх нь. Онгоцны хурдаар нисэж байж, юм мөргөж сүйрэх вий дээ. Хот дуусав болтой. Балар тайгын торгон орой нуурын мандал адил зөөлхөн халиурч, миний нүцгэн цээж гэдсийг үл ялим шүргэнэ.
Нөгөө тэсвэрлэхийн аргагүй шаналгаж байсан өвчин яагаад зүв зүгээр болчихов оо? Миний нүд эрчээрээ шумбаж буй шонхрын нүд болжээ. Доогуур нисэх тусам жирэлзэх уул толгод хараанд өртөхөө болилоо. Газардаж буй жигүүртний харцаар би буух цэгээ тольдож явна. Өвс ургамлын түрүү нүцгэн бие эрвэгнүүлэв. Алтан дэлхийн хөрстэй дахин золгох хүсэл төрсөнгүй. Цувран хоцрох нэвсгэр хөвчийг би сайн ялгаж амжилгүй өөдөө дүүлэн нистэл хурмаст өөд жад адил чичсэн шовх шовх сарьдгууд улаан ягаан галаар туяарлаа. Дөлөөр дүрэлзэх сарьдгууд цаст цагаан оргилуудад хувиран тэнгэрт уусав. Би ноёлох оргилууд мөргөхгүйн тулд өндөр авлаа. Нүцгэн шалдан нисэгч намайг мөст мөлгөр булууд жавраар тас хайрав. Энэ агшинд би сансарын нөөлгөнд цохиулж ёроолгүй ангал руу онхолдлоо. Мөсөн голд хальтарч, мөнх цас манаруулан годройтсоор хадан барчгаруудад хамаг биеэ зулгалан, шилмүүст ойн мөчирт шалба ороолгуулж, газрын гавын хадан ёроолыг тас мөргөж унасан авч огт өвдсөнгүй.
Хэвтэртээ би солиорсоор. Айхтар өвдөлт сэргэв. Энэ аюумшигт тамлалыг яаж давна аа. Ёо ёо, түрүүчийнхээсээ хамаагүй илүү яс үйртэл янгинаж байна. Энэ удаа би тэсвэрлэхгүй нь болтой. Намайг “Там руугаа түргэн тонил” гэж зүхдэг миний гэнэхэн жиргээч ч бас энэ тамлалыг тойрохгүй. Ашгүй ухаан балартлаа. Түргэхэн мэдрэл алдчих юмсан. Тэгвэл хэсэг ч болохноо амсхийх сэн. Хамаг бие хөлдөж эхлэв. Тий тий, би осголоо. Хөл гараа хөдөлгөх нь байтугай нүднийхээ зовхийг ч сөхөж даасангүй. Би яг л гүн худгийн ёроолын мөсөн дээр чармай шалдан хэвтэж байх шиг. Худгийн ёроолд уг нь би нүцгэн хэвтэж үзээгүй л дээ. Үхэл намайг ялах гэж янз янзаар тамлалаа. Үхлийн даажигнааг би дийлсэнгүй муужирлаа. Гэвч зүрх судас хэрчин оготлох аймшигт тарчилгаа тасраагүй нь тамтай. Ёох, миний мах бодь яасан бөх зовлого вэ.
Тэгтэл аргил дуутай лам чихэнд түвд ном шивэгнэв. "Яамай даа" гээд би даагдахаа больсон хүйтэн цээжнийхээ өмхий гүнээс гүвтнээд ухаан алдлаа. Яагаад би мэдрэл алдаж буйгаа сүрхий мэдсэн бэ гэвэл ламын шивнээ аажмаар холдсон юм. Гол тасрах мөчид бурхан хажууд ирсэн нь юутай их заяа вэ. Бурханд би хэзээнээс ийм их хайртай болсон билээ? Санахгүй байна!
Тэгтэл лам тангадаар бус монголоор хэлж байна:
-Үхэж чадахгүй тарчилж буй хүнийг түргэнд нь оруулдаг "сонсгоод" хэмээх номыг би танд уншиж өгч байна. Та сайн тогтоож ав гэлээ. Лам цааш айлдлаа. Лам ч гэж дээ, Сонсгоод судар:
-Та хуурамч хорвоод бүү хорогд. Хорогдвол та удаан тарчлах болно. Танд хорогдох юм гэж энэ ертөнцөд байх учиргүй. Өөртэйгөө бүү зууралд. Угаас “Та” гэдэг хүн хорвоод оршоогүй. Таны “та” бол зөвхөн таны логик. Одоо хорвоогоос үтэр түргэн зайл. Хорвоод хорогдоно гэдэг шунал. Эхнэр хүүхэд эд хөрөнгө чинь угаасаа таных биш. Бодох юм гагцхүү “бодол”-гүйд хүрч хоосрох. Бодлоо хая. Сэтгэлээ балал. Өвдөлтийн чинь үндэс бодол сэтгэл хоёр чинь. Одоо зайл, тонил. Үжирсэн муу зовлогоо юугий нь хайрлаж гиншинэ вэ? Наад өмхий хүүр чинь ч таны юм биш. Наадахь бузар махаа орхиод гар. Орон байр, нэр төр, эрх мэдэл цөм худал.
Би унтарч буй уураг тархиндаа тунгаалаа: "Нээрэн ч тийм дээ. Үхэж буй хүнд юу ч хэрэггүй. Надад одоо хорогдох юм гэж байх ёсгүй. Гэвч хорвоог хамт туулсан ижил хань минь л даанч өрөвдөлтэй еэ. Үр хүүхэд яахав, тэд заасан заяа зурсан зургаараа л амьдарна. Эд хөрөнгө бол бүр юу ч биш" гэж би ламд чангаараа хэллээ. Хажуугийн хүнд сонсогдохоо больсон авиа маань гарсангүй. Сонсгоод намайг бодлоо орхи, сэтгэлээ хая, шалавхан зайлаад ертөнц бузарлахаа зогсоо! гэж хайр найргүй хөөхөд эхэндээ би гомдсон авч аажмаар зөвшөөрөв. Сэтгэл шулуудаж буйгаа мөхөж буй цогцос маань сулавтар мэдэрлээ. Бяцхан гэгээ сүүтийх шиг. Ерөөсөө л юу ч бодохгүй тайвшрахыг чармайя.
Оюун ухаанаа өөрөөсөө хөөснөөр би амьд үхсэн хоёроо ялгахаа болив. Бүх орчлон шаргалтан тоосров. Мэдээ мэдрэл аажуухан тасарч, өвчин зугуухан намдах тийшээ хандлаа. Бодолгүй, сэтгэлгүй, хөндий хоосон болмогц надад үжирсэн цогцос, түүнийг тамлагч өвчинтэйгөө хамт мэдрэгдэхээ больж, зовлон хөнгөрсөн гээч. Миний хэвтэж буй худгийн ёроол доошилсоор. Тэртээ дээр алсад гялайх худгийн ам холдсоор. Тиймээ, миний цогцос хөлдсөөр газрын цэвдэгт шингэж байна. Цэвдэг цэвдэгт уусдаг ажээ. Сонсгоод судар айлдана:
-Явах замд чинь гурван гэрэл үзэгдэнэ. Улаан, ногоон, улбар шар. Та бүдэг улбар шарыг дагаарай. Цоргилон буй хурц гэрлүүд бол чөтгөрийн гэрлүүд шүү. Би "За" гэж хэлээд ханиа эцсийн удаа эчнээ хайрлаад авлаа. Сонсгоод,
-Та юунд эмгэндээ хорогдож, өөрийгөө зовооно вэ? Одоо дахиж чавганцаа бүү бод. Тэр хөгшин угаас таных биш байсан гэж номнов.
Би "За" гэж дахин зөвшөөрсөн авч дотроо "Хайрт минь, чи уг нь ганцхан минийх, ганцхан минийх байсан" гэж нулмистайгаа холин хутган нууцхан бодоод өөрийн эрхгүй уйлах гэтэл Судар,
-Танд юу ч байх ёсгүй. Одоо та амьсгал хурааж чадахгүй ам нь ангалзан тарчилж буй хүйтэн шарилаасаа огцом салж, олон жил эдэлсэн муу зовлогоо амраа. Яагаад гэвэл энэ зовлого таных ерөөсөө биш байсан. Одоо та үхлийн ёроолгүй харанхуй руу үсэр! Айх хэрэггүй. Учир нь үхэл бас хоосон. Үхэл бол хоосонд уусах үйл явц. Бүгд нийлээд хоосон хорвоо гэж ятгалаа.
"Үнэндээ л хоосон хорвоо ажээ" гэж би зарчимчаар ухамсарлаад, хүйтэн хөх хүүрнээсээ зулран ухасхийв. Бие, сэтгэл хоёр салах яг тэр торгон агшинд дотор сэгхийж, нүдэнд олон өнгийн солонго татлаа. “Ямар сайхан юм” гэж дуу алдах мөчид дөнгөж үүсгэсэн компанийн минь алтан шармалаар зүмбэрлэсэн хаяг гялсхийв. Тэгтэл Сонсгоод дуу алдаж:
-Өө та чинь шуналд гүнзгий унасан амьтан байна. Хуурамч хорвоод хүний сэтгэхүйгээс хамгийн удаан ангижирдаг нүгэл бол шунал. Таны гол тасрахгүй удаан тарчлах хүн байна гээд чимээ тасрав.
Номын дуу дахин сонсогдсонгүй. Тиймээ, би насны эцэст зах зээлтэй учирч өтөлсөн биеэ гаргуунд нь хаяж, 20 жил зүтгэсний эцэст 70 насандаа долоохон хоногийн өмнө мөрөөдөл болсон компаниа арай гэж байгуулсан хүн. Компаниа байгуулаад шийдвэр гаргаж, гарын үсгээ зурж, тамгаа дарж үзэлгүй тархинд цус харвасан юм. Тэгээд л би хорвоог орхих торгон агшинд компаниа санаж байж, "сонсгоод" судрыг үргээчихлээ. Шунал аа гэж? Хамгийн хилэнцэт нүгэл гэдэг үнэн аж. Амьсгал хураахдаа хайрт ханийнхаа дараа компаниа дурссанаа санаж өөртөө гутрав. Хайр сэтгэлийн минь ард “шунал” чи миний цогцост (надад огт мэдэгдэлгүй) нуугдаж чадсан нь гайхалтай.
Хөлдүү худгийн мөсөн ёроол цахилгаан шат мэт чичигнэн доошиллоо. Худгийн өчүүхэн дув дугуй ам тэртээ дээр тэнгэрт ёлтойн жижгэрсээр анив. Энэ зуур үхэл намайг хамаг хар тэнхээгээрээ тамаллаа. Ёо ёо гэж хичнээн хашгираад миний дуу гарсангүй. Ёолох дуу минь гарахгүй болохоор дэргэд өдөр шөнөгүй сахиж буй хүмүүс миний тарчлааг огт гадарласангүй. Тиймээс тэд надад ойртсонгүй. Би тэлчлэх гэсэн боловч цус харавсан сэжиг хүрэм хүйтэн зовлого минь жолоодлогогүй учир хөдөлсөнгүй. Дув дуугай хөдөлгөөнгүй хэвтэх хүнийг тарчилж байна гэж хэн оноох билээ. Сонсгоод судрыг хичнээн хүсэж бишрээд надад дахиж сонсогдсонгүй. Хоосон хорвоог гүйцэт ухаарсан цагт Бурхан заларч зовлого сүнс хоёрыг минь салгаж өгөх болтой. Миний зовлон миний бясалгалаар хугацах нь. Өөрөөр хэлбэл, миний зовлон зөвхөн надаас хамаарах нь. Тиймээ, зөвхөн надаас. Одоо би “ТҮЦ”-ээ ч дурсахгүй, чавганцаа ч хайрлахгүй. Тэд бүгд минийх биш. Би ерөөс ертөнцөд оршиж байгаагүй. Гагцхүү түргэн тонилъё гэж бурханд чин сэтгэлээс залбиръя. Сонсгоод минь, надад дахин сонсогдооч!
Намайг хүндлэгч, (магадгүй) намайг хайрлагч, мөн намайг үзэн ядагч хэдхэн уншигч нартаа өтөл зохиолч-би насны эцэст гологдмооргүй байна. Гэвч өөрийгөө шавхан алдарших хүсэл минь мөн л шунал ажээ. Хав хар агуу тэнгэрт од мэт ёлтойн холдогч худгийн амнаас Сонсгоод судар гэрэлтэж гэгээрсээр доошлов. Ёох хамаг бие хоосорчих шиг.
2009-2015
Зохиолчийн “Цав цагаан” номоос.
Зохиолчийн “Цав цагаан” номоос.
Зочин
Urnaa
Mundag!
Зочин
Зочин
Зочин
buyan
Зочин
bi helie
:)
basaa
хэ
Зочин
Зочин
Зочин