Насан өндөр ганц бие эмгэн Солийн хамаг бие тэсэхийн аргагүй шархирч, өвчин намдаах элдвийн эм, өвс ургамал уугаад нэмэр болсонгүй. Ядаж гадаа гэрийн хаяанд зөнөг халтар нохой нь бас өөр шиг нь шөнө дөл гасалж орилоод дуу тасарсангүй. Хөгшин нохойгоо өрөвдөж шөнийг барсан Соль эмгэн үүрээр харанхуй гэрт хаалга үүдээ тэмтэчсээр таягаа тожигнуулан гарвал бор гэрийнхээ хаяанд хөгшин халтар нохой нь хээрээс баахан хөсрий яс зөөж авчраад овоочихож. Хөсрий яс идэх юм гэнэ чааваас. Эмгэн халтар нохойндоо хярамцаг жижиглэж чанаж өгнө. Зөнөг халтар нь зөөлөн хоолоо идэхгүй. Тэгсэн атлаа хазганаж, оцгонож, хяр хамраар гойгорч, хөсрий яс хайна. Яс олохоороо мэдээ нь муудсан шүдгүй амнаасаа унахааргүй чанга зууж, шалбархай ягаан буйлаа хөндөж, хэнд гомдож буй юм бэ, байдаг тэнхээгээрээ сөөнгөтөн гасалж гангинан, дойдгоносоор хатавчиндаа арай гэж авчирч нөөцлөнө. Дотор санаа нь өлсөж үхэж магадгүй гэж хоол зоорилж буй нь тэр. Ямар хөөрхөн ааштай, ямар ухаантай сэргэлэн гөлөг байлаа гэж эмгэн дурсахдаа нулимс унагав.

Зөнөг халтрын аманд араа, соёо, ер юу ч байхгүй, улаан махан тулам. Шүлсээ тогтоохгүй үргэлж цувуулна. Тэр хаа нэг газар хэсэг хэвтсэнээ биеэ байж ядтал өвдөхөд гаслан босож, аргаа барсандаа яахаа мэдэхгүй орилно. Тэгснээ хэвтэх аятайхан өөр газар шиншлэн хайж, дороо дугуйран эргэж гарна. Өвчнийг нь зүв зүгээр болгочих, тийм ачтай, ариун дагшин бурхны хэвтэр олдох юм шиг горьдож, газар шиншлэн эргэсээр. Яг хэвтэх гэхээр яс арьс  болж үжирсэн бие нь хар аяндаа янгинана. Хэвтэж чадахгүй, ингэж халшран дунгуйрч эргэцэхэд нь газраар чирэгдэх урт годон сүүлний нь цагаан үзүүр их содон гялалзана. Цагаан огтоно зөнөг халтрыг тойроод гүйгээд байгаа ч юм шиг. Ямар ч гэсэн зөнөг халтрын зовлонг мэдэхгүй, түүнийг үргэлж ноолж, зовоож байдаг нялх гөлгөнд тэгж үзэгдэнэ. Томоогүй гөлөг хөгшин халтрын сүүлний цагаан үзүүртэй ноцолдож, түүний үйлийг барна. Нялх гөлөгний энэ тохуурхалд үхэтлээ туйлдсан зөнөг халтар сүүлдээ уцаарлаж, нэг ч шүдгүй улаан буйлаараа ярдаглан, байдаг тэнхээгээрээ хазах авч, гөлгийг хий л шүлсдэхээс хэтрэхгүй. Харин дүрсгүй гөлгийг шоглох гэж хазахчаа аядсан буйл, эрүү, хоншоор нь тэсэхийн аргагүй янгинаж бүдүүн дуугаар орилно. Ингэж удаан орилж гинших нь хуурамч хорвоод гомдсон аятай. Доргиотой аргил атлаа харимал дуу нь доройтсоор доройтсоор тэгсгээд тасарна. Хотонд хуцаж, боохой цочоодог сүрлэг дуу нь ердөө тийм доог тохуу болжээ. Түүнийг залгамжлагч хөөрхөн банхар гөлөг зөнөг халтрыг ноолсоор, зовоосоор,.. Үхлийн далай болох энэ их шаналгааг өөрийн биеэр нохойтойгоо ав адилхан туулж яваа эмгэн Соль зөнөг халтрыг бусдаас хамаагүй илүү өрөвдөх авч, чадахаас хий дэмий л уйлна. Өөр хэн ч тэр хоёрын зовлонд тэгтлээ үл эмзэглэнэ.

Тэгтэл сүүлийн хэд хоног зөнөг халтар өдөр шөнөгүй орь дуу тавин гасалж, эцэстээ хэвтсэн газраасаа хөндийрч чадахаа болив. Шөнө Соль эмгэний дүлийрсэн чихэнд хөгшин нохойны нь гаслах бүдэгхэн авиа үл тасарна. Өглөө босоод очиж үзэхэд нохой нь үхээгүй, тэлчилсээр хэвтэнэ. Зөнөг халтар үе үе татганаж чичирснээ хүчтэй тийчилж, дөрвөн хөлөөрөө газар малтаж, шороо манаргана. Тэгснээ үхчихэв үү гэлтэй нам жим болно. Эмгэний чадах тусламж тарчилж буй нохойныхоо ангалзах аманд бүлээн сүү дусаана.

Ингэж хичнээн төчнөөн хонолоо. Хөгшин нохой нь үхдэггүй, гал нь бөхөж буй нүд нь эмгэнээс, "Өвчнийг минь, жаахан ч гэсэн нимгэлээд өгөөч. Би үхэхээс айхгүй байна, ганцхан өвдөх нь даанч хэцүү юм" гэж тасралтгүй шална. Соль эмгэн нохойнхоо гуйлтыг ойлгон сандарч арга хайна. Олохгүй. Эмгэнд ямар ч арга алга. Хорвоо ийм ажээ. Эмгэн нохойныхоо аманд сүү дусаахаа болив. Тэглээ гээд хөгшин нохойны нь гол тасарсангүй. Өдөр шөнөгүй гаслана. Тэгснээ хэсэг чимээгүй болно. Эмгэн ашгүй өнгөрчихөв үү дээ гэж горьдтол орь дуу тавих чимээ дахин гарна.

Эмгэн сэтгэлээ барьж чадалгүй дэргэд нь очлоо. Зөнөг халтар үнэхээр өрөвдөм, харахын аргагүй болжээ. Тэгэхдээ амьсгал хураах өдий янзтай. Түүнд олон хоногийн зовлон байх шиг. Яасан лайтай бөх голтой амьтан бэ. Дэндүү эртэй амьтан явсан сан. Унтарч буй аймаар хоосон нүд нь эзнээсээ тусламж гуйсаар. Эцэстээ “тусалсангүй” хэмээн эмгэнийг үзэн ядаж, занасан аймаар харц нь хорсолтой гялалзаж байна. Эмгэн хөөрхий хөгшин нохойндоо хэрхэн тусалж чадах сан билээ.

Чингэтэл эмгэний нүдэнд том хар сүх туслаа.  Ээ бурхан минь, эмгэн өөрт төрсөн бодлоосоо үнхэлцгээ хагартал цочиж, дотор нь харанхуйлж, хөл нь гуйвсан боловч гол нь тасарч өгөхгүй тарчилсан хайртай нохойгоо өрөвдөхдөө маани мэгзэм дүнгэнүүлсээр том хар сүхийг шүүрэн авч зөнөг халтрынхаа цохилуур дээр, өөрт үлдсэн бүхий л тамираараа буулгаж орхив.

Зөнөг халтрын сүүлний цагаан үзүүр ч хөдөлсөнгүй нам үхжээ. Харамсалтай нь зөнөг халтрыгаа үүрд амарсныг эмгэн мэдсэнгүй, өөрөө зузаан хөх өтгө рүү нүүрээрээ гудраад ухаан алджээ. Хэдий болсныг бүү мэд. Соль эмгэн сэргэлээ. Сүхнийхээ ишийг тулан өндийгөөд яс амарсан зөнөг халтрынхаа толгойг илбэн зөндөөн уйлав. Уйлж уйлж эцэст нь зөнөг халтрынхаа сүүлнээс газрын уруу жаахан чирээд нэг аятайхан дэвсэгт толгойг нь баруун Зуу өөд хандуулж, арслан хэвтрээр хэвтүүлэв. Тэгээд сүүлийг нь том хар сүхээрээ тас цавчаад тэргүүнээс нь алд хэр хол тавиад ерөөл уншлаа. Ерөөлийн нь утга зөнөг халтрыгаа хойт насандаа хүн болж төрөөрэй гэсэн гуйлт байв. Зөнөг халтар нь хүн шиг сүүлгүй болсон нь эвгүй ч юм шиг харагдлаа. Зөнөг халтарт нь ямар ч зовиур алга, ямар ч мэдээ алга. Соль эмгэний цээжин дотроос маш том бөөн хар юм аваад хаячихсан ч юм шиг. Дотор нь онгойчихсон ч юм шиг. Сэтгэл нь амарчихсан ч юм шиг. Гэвч эмгэн энэ тайвширлаасаа гэнэт жигтэйхэн их айв.

                                                                                                                    2003