УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавыг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж, 16 жилийн хорих ялаар шийтгээд байгаа юм. Энэ хэргийн эргэн тойронд, хавтаст хэргээс асуухгүй, агуулга ярина гэх “амлалт”-тайгаар өмгөөлөгч Б.Пүрэвнямтай ярилцлаа.



-Та энэ хэргийн өмгөөлөлд ямар төвшинд оролцож байгаа вэ. Яг өөрөө өмгөөлж байгаа юу, эсвэл бусадтай хамтарч байгаа юу?

-Хавтаст хэрэгтэй танилцаад, яг гардаж ажиллаж яваа өмгөөлөгч нь би биш л дээ. Өөр өмгөөлөгч байгаа. Харин ар гэрээс нь “одоо байгаа өмгөөлөгчтэй хамтарч ажиллаач, энэ хүний холбогдоод байгаа тэр аймшигтай нэр хаягтай гэмт хэрэг гэгчийг зөв, шударгаар шийдэхэд туслаач” гэж хандсан. Бид саналыг хүлээж авсан. Гэхдээ миний хувьд эрүүгийн хэрэгт өмгөөлөл явуулж байсан тохиолдол цөөхөн. Тийм учраас манай хуулийн фирмийн, эрүүгийн хэргээр нэлээд мэдлэг туршлагатай, сүүлийн үед нийгэмд дуулиан тарьсан хэд хэдэн хэрэгт амжилттай өмгөөлөл явуулсан өмгөөлөгчмаань ажиллаж байгаа. Би тэр залуугийнхаа ард, зөвлөх маягтай санаа оноо хэлэх,өмгөөллийнтактикаа ярилцах, судалгаа мэдээллээр хангах зэрэг шууд бус байдлаар ажиллаж байна.

-Та бол Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүнээс ерөнхийлөгч нь, бас Үндсэн хуулийн Цэцийн гишүүн байсан хүн. Хараад байхад өмгөөлөгч болгон лүйлчлүүлэгчээ огт гэмт хэрэг хийгээгүй гэж нотлох гэх юм. Энэ нь хэдийгээр өмгөөлөгчийн ажил ч, хувь хүнийх нь ёс зүйтэй харшлахгүй юу?

-Хуульч хүний ёс зүй бол хуульч байх, мэргэжлээрээ олон түмний итгэлийг даах, нийгэмдээ үнэлэгдэх нь гол шалгуур. Аливаа гэмт хэргийг шүүхээр шийдэхэд байцаан шийтгэх ажиллагааны зорилт гэж байдаг. Тэр нь их энгийн, ердөө бодит үнэнийг тогтооно л гэж байгаа. Бодит үнэнийг тогтоогоод, түүнд нь тохирсон,шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргуулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх нь өмгөөлөгч хүний үүрэг. Бодит үнэнийг тогтоох явцад гэм буруугүй байвал үйлчлүүлэгчээ цагаатгах, хэрвээ гэм буруугийн асуудал байвал түүнд нь тохирсон ял шийтгэл оноох, хөнгөрүүлэх чиг үүрэг бол өмгөөлөгчийн үндсэн ажил.

-Саяын асуултаа бүр тодруулбал, хэчнээн ажил, мэргэжлийнх нь онцлог ч гэсэн эх орноосоо урвасан хүнийг өмгөөлнө гэдэг хувь хүний ёс суртахуунаасаа нь давсан үйлдэл биш үү л гэж асуух гэсэн юм.

-Нэгд, манай Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмаар бол хүний эрх, эрх чөлөө, түүнийг дээдлэх нь ардчилсан нийгэмд хамгийн чухал бөгөөд үнэт зүйл. Энэ өнцгөөсөө, хүнийг буруу юм хийсэн ч шийтгэхдээ хуулийн болон нийгмийн энэ зарчмаа барих ёстой. Хийсэн хэрэгт нь тохирсон ял зэмийг оноох нь шударга ёс. Тэгэхдээ энэ шударга ёсыг хэрэгжүүлэхдээ хэчнээн буруутай ч гэсэн тэр хүний эрхийг нь дээдлэх ёстой. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн хэн нэгэн, бүр ялтан ч гэсэн тэр бол хүн, бас эдлэх эрхтэй. Тэр эрхээ эдлэхэд нь хуулийн хэм хэмжээнд мэргэжлийн туслалцаа үзүүлэх нь өмгөөлөгчийн ажил. Хоёрт, З.Пагмажавын хувьд эх орноосоо урвасан гэх ийм аймаар пайз зүүх хэмжээний гэмт хэрэг үйлдсэн гэж бид үзэхгүй байгаа. Хуулийн талаас харахад, бас өмгөөлөгчтэйгөө ярилцсан хэмжээнд үнэлэхэд тийм итгэл төрөхүйц нотлох баримт, сэжүүр байхгүй. Тэр болгоныг энд дэлгэрэнгүй ярьж болохгүй. Тэр тусмаа хавтаст хэрэгтэй танилцаагүй өмгөөлөгч, тэгээд шүүхийн процесс дуусаагүй байхад.

-Тэгээд анхан шатны шүүх яагаад энэ хүнийг яллачихав аа?

-Би сая хэлсэн. Манай байцаан шийтгэх ажиллагааны гол зорилт бол бодит үнэнийг тогтоох гэж. Гэтэл хуульд процессын үнэн гэж нэг ойлголт байдаг. Бодит үнэн бол цугларсан нотлох баримтад тулгуурлаад хуульд заасан ял шийтгэлийг оноодог. Гэтэл цугларсан нотлох баримт үнэн үү, худлаа юу гэдэг нь орхигдож байгаа биз. Баримтын нарийн ширийнийг ялгахгүйгээр ганцхан бодит үнэнийг л тогтооно гэж ойлгоод байдаг. Шүүх ч бодит үнэнийг тогтооно гэсэн зорилт руугаа хэтэрхий яваад байдаг. Гэтэл хүний эрхийг дээдэлдэг ардчилсан дэглэмтэй улс орнуудад процессын үнэнийг бодит үнэнээс бараг илүүд тооцдог. Би чамд нэгэн жишээ ярьж өгье. Болсон явдал. Америкт нэг нөхөр олон хүнийг устгаж, нийгмийн цочирдуулсан гэмт хэрэг хийсэн. Шүүх хурлын өглөө маш олон хүн Шүүхийн байрны гадаа жагссан. “Амийг амиар соль”, “хэрвээ цааз өгөхгүй бол шүүх шударга ёсны билгэ тэмдэгээ алдана шүү” гэх зэргээр орилж шүүгчдэд дарамт үзүүлж байсан. Гэвч шүүгч тэр бүх сүрдүүлгээс айхгүйгээр, бодит үнэний эсрэг алх цохиж тэр хүнийг цагаатгах шийдвэр гаргасан. Ойлгоход хэцүү байгаа биз. Тэр гэмт хэрэгтэн олон хүнийг алсан, гэмт хэрэг үйлдсэн зэвсэг нь олдсон гээд бүх бодит үнэн нь нотлогдсон байхад шүүх цагаатгасан. Гэтэл яасан гэхээр, цагдаагийнхан тэр хүнийг баривчилж, хориод эхний мэдүүлэг авахдаа өмгөөлөгчтэй байцаах, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг нь хангаагүй. Тэр эрхийг нь сануулаагүй. Тэгээд шүүх дээр ирээд яллах гэхэд шүүгч хамгийн түрүүнд “төр чиний эрх чөлөөнд халдахдаа өмгөөлөх эрхээр хангасан уу, энэ эрхийг чинь сануулсан уу” гэж асуусан. Нөгөө хүн “үгүй” гэдгээ л хэлсэн. Тэгээд хурал цааш яваагүй, шууд цагаатгасан. Үүнийг АНУ-ын Үндсэн хуульд нэмэлтээр оруулсан “Миранда” зарчим гэдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нь бодит үнэн ч, тэр хүнийг барьж, хорьж, байцааж, шүүхдээ хамгийн түрүүнд өмгөөлүүлэх эрхээр хангана гэсэн хатуу дарааллыг хуульчилж өгсөн. Америк кинон дээр гардаг даа. “Та өмгөөлөгч авах эрхтэй, өмгөөлүүлэх эрхтэй” гэж хэлдэг нь ийм учиртай. Гэмт хэрэгтэн ч гэсэн хүний эрхийг дээдэлж харилцах ёстой, түүнээс бус алуурчин гэдэг байдлаар хандаж болохгүй гэж үздэг. Үүнийг процессын үнэн гэж, сая ярьсан гэмт хэргийг үйлдсэн хүний нэрээр “Миранда” зарчим гэж нэрлэсэн.