-“Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ... ”
яруу найрагч Б.Галсансүх.


-“Тавантолгойн гэрээг манай УИХ-хэлэлцэж батлах шаардлагагүй. Тэд буруу шийдвэл яана” Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.

-“Тавантолгойн асуудлыг Хятадын төрийн зөвлөл хэлэлцэж байгаа. Тэндээс шийдвэр гарна”  Монгол Улсын  сайд М.Энхсайхан.

-Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан танаа.... Талууд байгуулахаар хэлэлцэж байгаа бүх гэрээний төслүүдийн  хуулбарыг асуулга тавьж байгаа гишүүдэд хүргүүл.... УИХ-ын  нэр бүхий 16 гишүүний асуулга  дахь 5.2 заалт.

-“УИХ-ын эрхэм гишүүдэд.... Хэлэлцээр үргэлжилж байгаа, талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байгаа тул гэрээний төслийг тараах боломжгүй. Хэлэлцээр хийж буй талуудын хооронд нууц хадгалах гэрээ байгуулагдсан”....   Монгол Улсын  сайд М.Энхсайхан.  

Эдгээр үг, өгүүлбэр мэдэгдлүүдээс харахад бид ямар улсад амьдардаг, манай төрийг хаанаас удирддаг вэ гэдэгт эргэлзмээр санагдахгүй байна гэж үү. 

Тавантолгойн хэлэлцээр үргэлжилж байгаад түр зогслоо. Энэ хэлэлцээрийг  М.Энхсайхан  сайд  ахлаж  байгаа. Гэтэл мань хүн “гэрээнд нуух юм ерөөсөө байхгүй. Бүх зүйл ил тод ” гэж сэтгүүлчдэд мэдэгддэг  атлаа  УИХ-ын гишүүдээс нууцалж орхив. УИХ-ын гишүүд бол хуулиар олгогдсон дархан эрхтэй. Тэд улсын нууцтай танилцах эрхтэй. Гэтэл  Тавантолгойн гэрээнд Монголын төрийн түшээдээс нуух юм байна гэнэ.  Тийм ч болоод гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж М.Энхсайхан хэлжээ. Төд удалгүй түүний араас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй. Тэд буруу шийдвэл яана” гэж мэдэгдэв.  Тэд юуг  УИХ-аас нуух болов оо.  УИХ бол муу ч гэсэн ард түмний төлөөлөл. Ард түмэн ядуу дорой ч гэсэн өнөөдөр олгогдсон хуулин дахь эрхийнхээ  дагуу тэднийг сонгосон. Гэтэл тэднийг мангар юм болохоор буруу шийдвэр гаргана. Харин М. Энхсайхан  цэцэн юм болохоор зөв шийдвэр гаргана гэсэн утга бүхий мэдэгдлийг Төрийн тэргүүн хэлсэн нь гайхалтай. Гэтэл энэ үетэй давхцан  М.Энхсайхан  сайд (уг нь манай улсын сайд) “Тавантолгойн асуудлыг Хятадын Төрийн зөвлөл шийднэ” гэв. Монголын баялгийг  Монголын төрийн эрх барих дээд байгууллага шийдэж болдоггүй атлаа  Бээжинд шийдэх юм гэнэ. Үүнийг монголчууд бид зөвшөөрөөд дуугүй суух уу. Бидний хувь тавиланг, бидний төрийг Бээжин хэдийнээс  эхэлж шийддэг болсон юм бол.... Тавантолгойн хэлэлцээр үргэлжлэх явцад бас нэг зэвүү хүргэсэн зүйл гарч ирсэн.  Сү.Батболдын Засгийн газрын үед Тавантолгойн нүүрсийг 20 жилийн хугацаатайгаар зөвхөн Хятадын төрийн өмчийн Чалкод өгнө гэсэн гэрээг хийсэн байдаг. Барьцаанд нь Тавантолгойн лиценз өдгөө Чалкод бий. Ингээд хэлэлцээрт манай тал нохой  явган,  гахай нүцгэн орчихож. Одоо тэд “Байж бай таануус. Тавантолгойг таануустай ярихгүй юм байна. Тендерт шалгарсан  Шинхуа нь  Чалкотой яриад л учраа олох юм байна.  Хай яа, манай компани хоорондын асуудал байсан байна шүү. Бид эндээ учраа олоод эргэж мэдэгдье. Хүлээ ва... Төрийн зөвлөл хэлэлцэнэ шүү ” гэжээ. М.Энхсайхан яг ингэж хэлсэн. “Хятадын төрийн өмчит хоёр компанийн хоорондох асуудал. Тэдний учрыг Төрийн зөвлөл нь олно гэсэн” гэж 25-р суваг телевизд ярилцага өгсөн байна.

Оюутолгойн гэрээг бид алдаатай хийсэн. Яагаад гэвэл  суурин иргэншилтэй  соёлт ертөнцийн компаниуд иймэрхүү гэрээг хэдэн зуун жилээр хийж ашиг хонжоо олсоор ирсэн. Тэд авилгач дорнын түшмэдийн арга залийг мэдэхийн дээдээр мэднэ.  Харин манайхан ямар ч туршлагагүй. Туршлагагүйн дээрээс  мэдэмхий хийгээд бас шунахай. Оюутолгойн гэрээг мэдэмхийрч байгаад л ашиггүй хийсэн. Өдгөө  энэ гэрээг дахин сөхөж “Рио Тинто”-той ярихын тулд төсвөөс 17 тэрбум төгрөг цохож гадны хуулийн компани хөлслөх гэж байгаа. Далан жил үргэлжлэх гэрээнд далан удаа 17 тэрбум төгрөг төсөвлөх ч магад. Тэгвэл энэ алдааг мөн л Тавантолгойн гэрээнд давтах гэж байна. Баримт бий.  Мөнөөх  улсын  сайд М.Энхсайханд УИХ-ын 16 гишүүний тавьсан асуулгын 5.5-д “Хөрөнгө оруулагч компаниуд хэлэлцээрт олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн ямар ямар зөвлөх ажиллуулж байгаа тухай мэдээлэл, Монголын талд  олон улсын нэр хүнд бүхий  мэргэжлийн зөвлөхүүд ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа эсэх...” гэсэн асуулгад М.Энхсайхан юу гэж хариулсан гээч. “Хөрөнгө оруулагчид хууль,  эрх зүй, гэрээний чиглэлээр Devis Polk, King and Wood Mallesons–ийг ажилуулж байгаа бол санхүүгийн чиглэлээр “Deloite”, “KPMG” компаниудаас зөвлөгөө авч байгаа. Монголын талын хувьд гадаад компаниуд, гадаад зөвлөхүүдийг ажилуулахгүй, ажлын хэсэг төрийн байгууллагуудын хүч бололцоо чадлыг хүрэлцээтэй гэж үзэж байгаа”  гэсэн байх юм. М.Энхсайхан дэлхийд алдартай Шинхуатай нүүр тулж Монголоо бодон “үзэлцэж”, “хэлэлцэж” байгаа л болтугай.  Шинхуа  хэд хэдэн зөвлөх компаниас зөвлөгөө авч хэлэлцээрт орж байхад М.Энхсайхан ганцаараа тэдний дайтай сэтгэж бодож байна гэнэ. Гайхалтай.  Шадар сайд У.Хүрэлсүхийнхээ саяхнаас гайхуулах болсон англи хэлний мэдлэгийн цараар хэмжигдэх юм биш биз. Гайхалтай гэхээс өөр юү гэхэв.  

Одоо  Төрийн тэргүүнээсээ эхлээд Монгол улсын  сайд нь УИХ нь Хятадын Төрийн зөвлөлөөс ямар шийдвэр гарахыг, Шинухай Чалко хоёр хэрхэн тохирохыг хараад л суухаас өөр арга байхгүй болжээ. Харин ард түмэн нь бидний ирэдэүйг, хувь заяаг Бээжин хэрхэн шийдэхийг хүлцэнгүйгээр хүлээн суух юм болов уу даа.

Монголын радио хятадаар мэндчилэхэд  би ч бас Б.Галсансүхтэй хамт үхнэ ээ.