Энэ удаагийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн урилгаар  Бурханч лам Г.Пүрэвбат оролцлоо.



-Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 1985 онд Дүрслэх урлагийн төгсөгчдийн үзэсгэлэн гарчээ. Тэнд нэг хүү Чингис хааныг есөн өрлөгтэй нь зураад тавьсан байж. Бүтээлийг Г.Акем, Л.Пүрэвдорж гуай хоёр очиж үзсэн байдаг. Тэр үед Чингис хааныг  зурах байтугай дурсах ч хориотой байлаа.  Та яагаад тэр бүтээлийг зурах болсон юм бэ. Энэ  дурсамжаас яриагаа эхэлье?


-Дүрслэх урлагийн дунд сургуульд Монгол зургийн мэргэжлээр дөрвөн жил суралцаж, диплом хамгаалсан. Би хар багаас үлгэр сонсч, ярьж өссөн хүүхэд. Монголын тухай сайхан домог, үлгэр зуръя гэхээр оновчтой санаа олдохгүй байсан учраас домог зохиосон юм.  Монгол хааныг Чингис хаанаар төсөөлж, есөн өрлөгтэйгээ догшин барыг дарж ирж байгаагаар сэдэвлэсэн. Анх удаа Монгол зурагт материал ашигласан. Шувууны өд, амьтныг нь үс нааж, сүмбэрээр товойлгож будагтай хоршуулсан. Ингээд диплом хамгаалж, “Амар сайхан жаргав аа” гэсэн нэр өгсөн. Үйл явдал нь догшин амьтан дарахад хаан охиноо өгнө гэсэн утгатай. Зурагт XIII зууны эртний монголчуудын угсаатны зүйг ашиглаад хийсэн.  Хэн ч харсан мэднэ. Гэтэл энэ хүүхэд домог гээд “Амар сайхан жаргав аа” хэмээн нэрлэчихсэн байна. Н.Чүлтэм дарга намайг их үнэлж онцын онц гэж дүгнэж байлаа. Диплом дээр тийм дүн байдаггүй л дээ. Онцгойлон урамшуулж Урчуудын эвлэлийн хороонд бие даасан уран бүтээлчээр цалинтай ажилд авч байлаа.  Цалинтай уран бүтээлч болохын тулд олон жил ажиллаж, шагналын журмаар олгодог байсан. Ингээд хуучин Пионерын ордны хойно урлан гаргаж өгсөн юм. Урчуудын эвлэлийн хороонд Монгол зургаар уран бүтээл хийж, амьдралаа эхэлсэн.

-Тэгээд та хэзээнээс бурхан зурж эхэлсэн юм бэ?

-Монгол зургийг хөөхөөр Монголын үндэсний сонгодог урлаг нь шашны урлаг байдаг. Шүтээн зураг байна. Үүний арга ажиллагаа, утга учрыг нь мэдэхгүйгээр Монгол зурагт нэг ч алхам хийж болохгүй. Тийм учраас Дүрслэх урлаг, Чойжин ламын музейгээс салдаггүй хүүхэд байсан. Тухайн үед урлаг судлаач Дашбалбарын өрөөнд байрлуулж, заримдаа хоёр, гурав хоног музейгээс гарахгүй суучихдаг л байсан. Тэр үеийн хүмүүс надад урам өгч, судлах, мэдэхэд их дэм болсон. Шашны урлагийг үзэхгүйгээр Монгол зурагт гараа байдаггүй учраас шашин тал руу хэвийсэн.

-Та Төв аймгийн Борнуур сумын уугуул. 15 хүүхэдтэй айлын долоо дахь хүү. Танай удамд лам хүн байсан юм байна. Харин зураач хүн байсан уу?

-Зураач хүн байгаагүй. Манай ээжийг өргөж авсан аав нь лам байж байгаад хар хүн болсон өвгөн байсан. Тэр өвөөгийнхөө хажууд зуны амралтаараа түлээ модыг нь түүж өгч, орон гэрт нь тусалж өгдөг байлаа. Өвөө маань орой болохоор л уншлагатай. Зарим юмыг нь тогтоочихоод өвөөгөө шоолно. Хүний нэр хэлдэг өвгөн гээд л.

-Багаасаа үлгэр, домог ярьдаг хүүхэд байсан гэлээ. Таныг тэр үеийн хүмүүс үлгэр, домог яриулах гээд гэр рүүгээ дагуулаад явчихдаг байсан гэсэн. Үнэн үү?

-Угаасаа манай Борнуурынхан андахгүй дээ. Тэр үед зурагт гэж байсан биш. Байлаа ч тэр нь орой тав, зургаан цагийн  үед зогсчихно. Үзэх интернэт, утас гэж байсан ч биш. Ерөөсөө л хүүхдүүд хоорондоо нийлж тоглодог л байж. Өвөөгийнд өвгөчүүд цугладаг. Янз бүрийн домог, хууч ярина. Түүнийг нь сонсчихоод цааш нь дамжуулж ярьдаг хүүхэд байсан. Манай Борнуурынхан орой болохоор гадна шавчихна. Би гарч ярьдаг. Ээж минь “Дэнхийчихээд баахан хүүхэд цуглууллаа. Юугаа ярьдаг байна аа” гэнэ.  Сүүлдээ зуны амралтаар настангууд юм яриулах гэж авч явдаг болсон. Аавдаа сонссон зүйлээ ярина. Заримдаа аавыг ОО-д суухаар гадаа нь суучихаад яриагаа дуусгах гээд хүлээнэ (инээв). Тийм л байсан шүү дээ. Одоо хүртэл манай Борнуурынхан дурсдаг. Тэр их үлгэр, домгийг тэмдэглэж эхэлсэн. Ном, зохиол дээр байхгүй аман хуучийг тогтоосон хүүхэд байлаа.

-Тэрнээс ургуулж, зурагт дүрслэлээ олсон байх. Тийм үү?

-Тийм. Урлагийн сургуульд сурч байхдаа эртний баатар их зурдаг байсан. Ардын зураач Д.Амгалан гуай “Битгий ийм юм хамаагүй зурж байгаарай миний хүү. Болохгүй” гэж хэлж байсан. Би өөр юу зурах билээ. Тэгээд үлгэр рүү орчихгүй юу. Үлгэр зурсаар байгаад төгссөн.

-Та цэрэгт явсан хүн. Цэрэгт явсан лам хүн гэхээр сонин санагдаад байгаа юм. Тухайн үед Шашны дээд сургуульд сурах хүн заавал цэрэгт явсан байх ёстой гэсэн шалгуур байгаад таныг явсан гэж сонссон?

-Тухайн үед эрийн цээнд хүрсэн Монгол хүн заавал цэрэгт явах ёстой байсан. Тэрний дагуу өөрийнхөө саналаар явсан. Хүндэт харуулд  алба хаасан. Манай хүндэт харуул рот байснаа бателон болж өргөжсөн. Нуруу жигдлэх үеэр миний нуруу өндөрдсөн ю. Ингээд комендантын цэрэг болж, халагдсан. Тэнд очсондоо баярлаж явдаг шүү. Эр хүн хатуу хөтүүг үзэж байж зовлонг даах, аливаа юмыг туулах чадварыг цэргийн алба сайн олгодог байж. Миний алба хаасан анги их сайхан анги байсан. Цэргээс халагддагийн даваан дээр бэртчихсэн. Эмнэлэгт байж байгаад халагдахад ажил хийж болохгүй гэсэн тодорхойлолттой гаргачихдаг юм байна. Эмнэлэгт байхдаа Гэсэр хааны тухай уншина. Ер нь шашны ном үзье гэж бодоод Гандангаар явсан юм. Тэр үед элсэлт ч авч таарсан. Тухайн үед цэрэгт яваагүй лам байвал татвар авдаг байсан. Тэр татварыг Гандан өгөхөд хэцүү байсан учраас цэргийн алба хаасан хүнийг ламаар элсүүлнэ гэж зарласан. Тэгээд би элсэлтэд тэнцэж, тэндээс шашны урлагийг хөөж хоёр сайхан багштайгаа уулзсан хүн дээ. Миний хоёр багш хуучин Булган аймгийн Вангийн хүрээнд шавилж байсан уран Данзан гэж хүн байлаа. Маш сайхан юм хийнэ. Бас Архангай аймгийн Батцэнгэл сумын Таравчинбо хийдэд шавилж байсан Доржжанцан гэж хүн байсан. Хоёр буурлын дор их юм сурсан даа.

-Данзан гуай бас  цам дэглэдэг байсан уу?

-Тийм. Цамыг сэргээсэн хүн шүү дээ.

-Та Шашны дээд сургуульд сураад  дараа нь Дарамсалад явж сурсан байдаг. Үүнийг онцлох болсоны шалтгаан нь та  Дарамсалад явахдаа багагүй хэцүү үйл явдалтай учирсан байдаг юм билээ. Их ядуу. Очоод орох орон байр байхгүй. Халуун усны газрын жижигхэн өрөөнд модон ортой, бөгс эргэх зайгүй. Бас дэрээс нь мөнгөгүй. Их л хэцүү нөхцөлд сурч байсан гэж сонссон. Тэр талаар ярьж өгвөл сонин байх болов уу гэж...?

-1990 онд Энэтхэг явж суралцахаар шийдсэн. Шашны урлагийг сайн судалж, улам төгс болгох юм бол явах ёстой гэж бодсон. Дүйнхорын ван болох гээд Данзан багштай хамт явна гэж байтал намайг оюутан гээд    болиулчихдаг юм байна. Тэр их сонин. Бакула багш намайг Энэтхэгт очиж урлагийн сургуульд сурна гэхийг дэмжиж “Виз гаргаж өгнө. Очих юм бол туслах хүнд захиа бичиж өгч явуулна. Харин чи гадаад паспорттой болоодох” гэж айлдсан. Гэтэл би явахгүй болчихсон байдаг. Тэр үед П.Очирбат Ерөнхийлөгч надад их сайн байсан юм. Намайг “Их сонин хүүхэд” гэж онцгойлж үзнэ.  Нанжин гэдэг туслахад нь утасны дугаараа үлдээчихнэ. Очиж урлагийн мөрөөдлөө ярьдаг байлаа. Тэгээд сандраад  ү утасдаад “Надад маргааш гэхэд паспорт хэрэгтэй байна” гэж хэлсэн. Лам нар явах гээд байдаг. П.Очирбат Ерөнхийлөгч “Гадаад явдлын яам дээр яваад оч” гэж хэлсэн. Маргааш нь миний гадаад паспорт бэлэн болчихлоо. Тэр үед чинь гадаад паспорт тий амархан гардаггүй байлаа. Гадагшаа явах хүн     20 ам.доллар солиулдаг. 90 он гэдэг чинь 20 дугаар тогтоол ч гараагүй үе байлаа. Ингээд багш дээрээ гүйгээд очлоо. Багш ч их гайхсан. “Чи яаж ийм паспорт гаргуулав аа” гэж асуудаг юм байна. Ерөнхийлөгч туслаад гаргачихлаа гэтэл “Та хоёр хамаатан юм уу” гэж асуусан. “Үгүй, үгүй. Зүгээр л танил” гэж гэж хариулсан.  Багш ч гайхаад виз гаргаж өгсөн. Гандан дээр очсон чинь их азтай. Гандангаас нэг хүний илүү билет захиалсан байсанаа буцааж амжаагүй байж таарсан. Манай хамба дэмжиж, би ч билетээ аваад, Шашны сургуулийн захиралтай, ангийнхантайгаа уулзсан. Манай ангийхан үнэмшиж өгдөггүй. Гурав, дөрөвхөн хоногийн дотор ажлаа бүтээгээд багшийгаа дагаад Дүйнхорын ванд явсан. Очтол Далай ламын ах Норов Ренбуучи гэж хүн байсан юм. Тэр лам Монголоор сайхан ярьдаг. Тэр хүн монголчуудтай уулзах Далай ламд айлдсан. Далай лам “Энэ хүүхдийг сурга” хэмээн Соёлын сайддаа тушаадаг юм байна.  Тэгээд л би үлдсэн. Гандантай гэрээ хийгээгүй учраас стипенд олддоггүй. Би 200 ам.доллар нууж гарсан ухаантай. Тэрүүгээрээ AZz нийтийн хоолны газарт  өдөрт нэг л удаа хоол идвэл арван сар тэсэх байлаа.  Өдөрт ганц удаа хоол иднэ. Ном авах мөнгөгүй учраас калькан цаас авч номын сангаас хэрэгтэй бүх номоо авч хуулна. Одоо бодоход овоо зузаан ном хуулсан байдаг шүү.

-Зурах хэрэгсэл ч байхгүй байсан гэсэн?

-Сүүлдээ ч их турсан, ядарсан. Хурдан сурахгүй бол мөнгөгүй болж байдаг. Хүний нутагт удаан байж болохгүй. Өөрөө мэргэжлийн зураач байсан учраас түүртэж, түүртэж гурван жил сурдаг зүйлийг гурван сард туулчихсан. Бүх зүйлийг үзсэн. Тэнд сурдаг гадны оюутнууд ч их гайхна. Жилийн дараа хамба лам ирж, Түвдүүдтэй уулзаж, Гандангаас энэ хүүхдэд   стипенд өгөх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Стипендтэй, өглөгийн эзэнтэй, зөндөө олон гадна, дотны шавьтай болсон. Сурах бүх нөхцөл ч бүрдсэн.

-Гурван жил сурсан уу?

-Тийм. Гурван жил орчим байсан.

-Монголдоо ирэхэд Мэгжид Жанрайсагийг бүх ард түмний хандиваар босгож байсан. Тэр үйл явцад багштайгаа хамтран зөвлөж оролцсон. Мэгжид Жанрайсаг бурхны мэлмийг нээсэн. Энэ бол хувь тавилан юм?

-Тухайн үеийн Соёлын сайд Жанрайсагийн шүншлэгийг хийх ажлыг сур гэж даалгасан. П.Очирбат Ерөнхийлөгч ч Д.Чулуундорж Элчин сайдад “Энэ хүүхдэд ном үзэхэд тусалж байгаарай” гэж захисан байсан. Ховор номыг Элчин сайдын яам дээр хувилдаг.  Нямдаваа гэж Төрийн ёслолын хэлтсийн дарга гэж хүн байсан даа.  Тэр хүн тусална. Тэр олон номыг хувилж, Элчин сайдын яам дээр хадгална. Шүншгийг судалсан.

-Болор толь гэдэг судар уу?

-V Далай ламын шүншгийн их судар. Хамгийн гол нь бүх зүйлээ сурчихсан байдаг. Монгол хүн Жанрайсагийн шүншгийг хийх ёстой. Гадны хүнээр хийлгэхгүй гэсэн бодлого баримталсан. Тухайн үед дуудагдаж ирсэн. Тэгээд Жанрайсагийн шашны зөвлөхөөр ажилласан. Дотор талын бүх шүншгийг гардан хийж, орчуулж, Шашны дээд сургуулийн оюутнуудад зааж, мэлмийг нь нээж дуусгасан. Улсаас анх удаа лам нарт одон өгч байсан байх аа тэр үед.  Ингээд намайг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор,   Гиваасамбуу гуай “Алтангадас”  одонгоор  шагнуулсан. Тухайн үед одонгоо авчихаад  хоёулаа орхимжоороо одонгоо нуучихаад л явж байлаа. Тэр үед лам хүн одон авч байгаагүй л үе байсан шүү дээ.

-1990 онд Сүхбаатарын талбай дээр цуглаан болсон. Тэнд таны сонин зураг байсан. Тухайн үед лам нар ном уншсан. Ямар ном байлаа даа?

-Өндөр гэгээний маань бүтээсэн охиосон  Цагийг тохинуулагч буюу Жанлав цогзолмаа гэдэг   номыг онголчууудын их эв эеийн төлөө уншсан.  Янз бүрийн атаа хорсол, муу тэмцлийг арилгах зорилготой ном. Өлсгөлөнгийн сүүлчийн өдөр л дөө. Маргааш нь Засгийн  газар огцорсон. Манай хэдэн залуус “Монголчууд ийм хэцүү байдалд байхад бид зүгээр сууж болохгүй” гэхэд өвгөн лам нар “Битгий яв. Аюултай. Юу ч болж магадгүй” гэж хориглосон.  Аргагүй шүү дээ. 1937 он зүрхэнд нь орсон хүмүүс. Тэгээд хэдэн залуучууд нийлж, нууцаар талбай дээр очиж, ном уншсан.

-Юуных нь нууц байх вэ дээ. Орон даяар цацагдсан юм чинь?

-Харин тийм ээ.

-Маргааш нь Засгийн газар огцорсон сонин тохиолдол байдаг юм билээ. Тэнд таны зургийг олж харсан юм байна. Та Монголд орхигдож, мартагдаж байсан Буддын шашны уламжлалт зан үйлийн нэг шарил хайлуулах ёс заншлыг сэргээсэн. Өмнө өгсөн ярилцлагуудаас чинь уншиж байлаа. Нямба бясалгал хийж өөрийгөө оршуулсан хүний зүрх нь өндгөн чинээ болчихоод шатдаггүй үлддэг. Тэр ямар учиртай юм бол. Яагаад тэгж үлддэг юм бэ?

-Хүн гэж сонин, гайхамшигтай амьтан. Эд баялаг, хувцас хэрэгсэлд шунаж амьдарвал амьтан хүртэл амьдардаг л байхгүй юу. Нохой, гахай үр төлөө гаргаад өсгөөд амьдарч байна. Шоргоолж хүртэл үүрээ бариад өндгөө гаргаж амьдарч байна. Хамгийн гол нь хүн гэдэг чинь амьтанлаг биш. Хүн гэдэг мөн чанараа ойлгож, амьдрах нь гол юм. Энд Буддын шашны үүрэг чухал. Хэн ч зовлонг хүсэхгүй. Зовохыг хүсэхгүй амгалан руу тэмүүлдэг. Зовлон гарч байгаа гол шалтгаан нь юу вэ гэдгийг хайх хэрэгтэй. Нэгэнт зовлон гэж байна. Үхэж, төрж байна. Олон янзын хэцүү дарамт байна. Энэ бүгдээс зайлсхийж өөрийгөө амар амгаланд хүргэе гэх юм бол ерөөсөө дотоод зовлон гарч байгаа мөн чанарыг таних хэрэгтэй. Үүнийг ч Бурхан багш таньж, мэдэж, тайлбарлаж өгсөн байдаг. Энэ бидний сэтгэлд агуулагдаж байгаа нисваанис буюу муу сэтгэл юм. Хүн болгон хүн болсон л бол 84 мянган муу сэтгэлтэй байдаг. Яах вэ. Харам нь байхад өглөг нь байж л таараа. Уур байхад анир амирлан байж л байна. Иймээс муу сэтгэлийг сайнд нь урвуулах хэрэгтэй. Яагаад гэвэл хилэнцээс зовлон гарч байна. Буян буюу зөв сэтгэлээс амар амгалан гарч байна. Хорвоогийн хууль нь тэр. Зовлонг эцэслэхийн тулд муу сэтгэлийг сайнд урвуулах дадлыг хийх нь чухал. Дадлыг  хийхийн тулд 84 мянган  муу сэтгэлийг хянаж чадахгүйгээс хойш бие, хэл, сэтгэлийн үйлдэл дээр барьж авдаг юм. Хүн биеэр гурван зүйлийн нүгэл хийдэг. Сэтгэлээр дөрвийг үйлддэг. Үүнийг арван хар нүгэл гэж томъёолсон. Тиймээс хэлээр дэмий чалчихгүй, хов зөөхгүй, ширүүн үг хэлэхгүй, худлаа ярихгүй байх хэрэгтэй. Биеэр амьтны амь хөнөөхгүй, буруу ёслолыг болих хэрэгтэй. Бие, хэл, сэтгэлээр үйлдэгдэж байгаа арван хар нүгэл чинь эргээд амьдралыг бүтээх бодитой хүчин болж хувирдаг. Үйлийн үр үйлдэх юм бол бидний сэтгэлд энэ мэдээлэл суудаг. Энэ нь хэзээ нэг цагт боловсорвол үр нь гарна. Түүн дээр нь аюул буюу зовлон гардаг. Тиймээс хүн энэ насандаа ухаарч, бүрэн төгс гэгээрэлд хүрч бурханлаг байдлын төлөө тэмцдэг байх хэрэгтэй. Бурхан багш тэгж чадсан. Өөрөө амьдралаараа туулж, бүрэн төгс гэгээрсэн. Тэр хүн үлгэр дууриалал болсон учраас хүний эцсийн оргил нь бурханлаг байдал. Тиймээс хүн гэдгээ байнга санаж, бурханлаг болохын төлөө аян замд орж байна. Шашин гэдэг чинь үнэний сургааль. Зөв амьдрах сургааль юм. Ийм замаар явж үзсэн улсыг ерөнхийд нь онцгой байдлаар оршуулдаг. Осор цоржийг  нас барахад манай багш чандарлах хэрэгтэй гэж айлдсан. Чандарлах гэсэн чинь мэддэг хүн байдаггүй.  Дундговийн Чойрын хийдэд Заваа Дамдин багшийг насан эцэслэхэд чандарласан хүн нь Мятав гэдэг хөгшин байсан. Тэр хүнийг хайж, олж тэр үйлийг заалгасан, сэргээсэн дээ.  Дарханы Хашхүү хамбыг чандарлахад түүний бүх бие үнсэн нурам болсон хэрнээ зүрх нь нойтноороо жижигхэн агшаад үлдсэн байсан. Их онцгой л доо. Гайхамшигтай хүмүүс байна. Тэдний заримыг нь занданшуулж байна. Бид IX Богдыгоо саяхан занданшууллаа.

-Та зандашуулах ажлыг удирдсан уу?

-Түвдүүдтэй хамт хийсэн. Тэр хүмүүсээс суралцсан. Миний ганц сураагүй зүйл байсан. Хэдхэн өдрийн өмнө Богдынхоо нүүр царайг шууж, алт өргөж, бүрэн төгс шүтээн болгож дууссан. Энэ гайхамшигтай үйл болсон.

-Хэр хугацаанд хийсэн бэ?

-Гурван жил зарцуулсан.

-Бакула багшийгаа бас ингэж оршуулсан уу?

-Үгүй ээ. Бакула багш маань Ладакад таалал хураасан. Тэнд нь чандарлаж, энд авчирсан. Түүнийг Монгол түмний шашныг сэргээсний төлөө дүрийг нь шууж бүтээж, чандарыг нь оршоосон суваргыг нь 110 килограмм шахуу цагаан мөнгө, 2000 гаран шигтгээтэй, хоёр метр гаран өндөртэй мөнгөн суварга хийж оршуулсан. Энэ нь Битүб хийдийн шүтээн болоод байж байна.

-Номын хүчинд нэвтэрсэн хүмүүс өөрсдийгөө амьд ахуйдаа хатаагаад бие нь шүтээн болж үлддэг гэсэн. Тэр нь магадгүй Итгэлт хамбын шарил байх. Сая манайхаас 200 гаруй жилийн түүхтэй шарил олдсон?

-Тухайлбал,  Зая Гэгээний II, V дүрийг гаргаж, хашаанд булж нуусан нь  их эвдэрсэн байсан. Тэрийг дахин сэргээж янзалсан. Тухайн үед толгойн хэсгээс нь шувуу тоншоод эвдрэл үүссэн байсан. Тэр бүх эвдрэлийг засч, цэвэрлэж, залахад бэлэн болгон хүлээлгэн өгсөн. Ийм хүнийг зориудын заншуулдаг. Өөрөө зориудийн бус байдлаар муудахгүй хатдаг лам нар байдаг. Тайландад хүртэл бодитоор байна. Өөрийнхөө муу сэтгэлийн үйлийг барчихаад муу үйлийн хий нь байхгүй болчихдог. Тэгэхээр муудах шалтгаан байхгүй болчихно.  Тэгээд өөрөө аяндаа хатаж, занданшдаг. Өөрөөс нь зандангийн үнэр үнэртсэн бодь олон байна. Тайландад байх хоёр, гурван ламын шарилыг үзсэн. Хүмүүс очод мөргөнө, залбирна. Санасан, зорьсон зүйл нь бүтдэг гэж итгэдэг. Бурхан багшийг таалал хурааж чандарлахад бүх яснууд нь таван өнгийн эрдэнийн үрэл болж хувирсан.  Цагаан үрэл болж хувирсныг ариутгах шарил гэж нэрлэсэн.  Ариутгаад тавихад үржинэ, олширно. Тийм газарт байгаа зүйлд ад хавьтдаггүй. Үүгээр дамжуулж Бурхан багштай учирсан мэт адислагатай болдог. Агуу улсуудтай холбогдох хүчин болдог. Манай Аглагийн хийдэд 77 том лам нарын биеэс гарсан иргэнслэл байна.  Түүнд мөргөх юм бол тэр олон лам нартаа уулзсан мэт болдог. Түвд, Энэтхэг, Монголын сайчуудын нандин юм байна. Занданшуулж шүтдэг учир нь энэ ламаар дамжуулж тэр хүний ариун сайхан гэгээрсэн сэтгэлтэй нэгдэж, холбогдох хүчин болгож хувиргаж байгаа үйл юм. Тэр хүний сэтгэл оюун хаана ч байж болох. Үлдээсэн биеэрээ дамжуулж, тэнд байгаа хүмүүст сайн үйлээ түгээж байгаа хэрэг юм.

-Та сая IX Богдыг оршууллаа гэж ярилаа. Монголын найман Богдыг бүгдийг нь тэгж оршоосон гэдэг байх аа?

-VIIIБогдоос гадна Монголын том том хувилгааныг бүгдийг нь занданшуулсан. 1937 онд коминтерны бодлогоор хуваагдсан. Бусдын бодлогоор биднийг хооронд нь хувааж, хэрэлдүүлсэн. 2000 гаран жилийн түүхтэй мянга гаран сүм хийдийг үнс нурамтай хутгаж, бүтээсэн соёл урлагийг үгүй хийсэн. Алтан ураг, дээд язгууртан, лам нарыг буудан хороосон. Чингис хаан Хүннүгийн үеэс хойш Монгол бурхны шашинтай байсан. Монголын бүх соёл урлаг Буддын шашинтай барилдсан байлаа. Ц.Дамдинсүрэн гуай хүртэл “Бид Монголын уран зохиолыг Буддын шашнаас салгах юм бол усан дотроос хуурай чулуу авахтай адилхан” гэж хэлсэн. Эргээд сэргэж байгаа нь сайшаалтай. Шашин, соёл гэдэг нь аливаа улсын дархлаа, бусдад уусахгүй байх. Үндэстэн үндэстнээрээ үлдэх. Монголчууд хоорондоо нэгдэх, бутрахгүй байхад гол үүрэг гүйцэтгэгч нь Дандарын шашин. Үүнийг бид ойлгож, хайрлаж, хамгаалах ёстой. Үүгээр ганцхан Монгол биш Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тувагийн оюун санааны нэгдэл байх учиртай.

-Монголчуудад нэгдэх хоёрхон боломж байж магадгүй. Нэг нь Чингис хаан, түүхээр бахархах. Тэр ч өнгөрлөө. Чингис хааныгаа архин дээр хүртэл тавиад өглөө. Нөгөөх нь монголчууд шашнаар нэгдэх магадлалтай. Гэхдээ 1937 оны коминтерны бодлогын үр нөлөөнөөс үүссэн сэтгэлгээ одоо хүртэл тавьж чадахгүй байгаа юм шиг.   Тэр айхтар хандлагаа зүрх сэтгэлээсээ авч чадахгүй, шашнаа доромжилдог, дооглодог, шүтдэггүй. Тийм нэг дорд сэтгэлгээ байна. Үүнийг яаж чөлөөлөх ёстой юм бэ?

-Мэдэхгүй л байгаа юм. Үүнээс бүх асуудал гарч байна. Хүнийг хүн байлгадаг суурь хүмүүжлийн уламжлалаа хийгээгүй хаячихсан. Хүнийг хүн болгож хүмүүжүүлдэг зүйл чинь сайн мууг мэдүүлдэг. Үйлийн үрийг ойлгуулдаг байлаа шүү дээ. Тэгэхгүй эрдэм, мэдлэгээр цэнэглээд хаячихсан. Сайхан эрдэмтэн, мэргэн, доктор болгочихож. Хүүхдийг хэвлийнд байхаас нь эхэлж, ерөнхий боловсролын бүх тогтолцоонд хүнийг хүн болгодог ёс заншил, үнэн зөв түүхийг сургаж, суулгаж өгөх хэрэгтэй. Тэр цагт Монгол хүн болно.

-Сэтгэлгээний боловсрол алга?

-Түүнээс гадна бид Монгол хүн болох ёстой. Монгол хүн болно гэдэг чинь түүхээ мэддэг, ёс заншлаа дагадаг, шашнаа хүндэлж байж үүнийг амьдралд хэрэгжүүлдэг байх ёстой. Боловсролын тогтолцоонд үүнийг бодлого болгож оруулах хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол Монгол хүн Монголоосоо урваж байгаа юм шиг сонин байдал үүслээ.  ҮнэхээрСэтгэл өвдмөөр байна.

-Сэтгэлийн бузар хэл, ам, үг, яриагаар үйлдэж байгаа бузар арай л хэтэрч байна. Үүнийг орхиоч гэхээр бүгдээрээ амь зуух, амьдрахын төлөө явж байна гэдэг. Таны нэг хэлсэн үг байдаг. “Гэгээрэх нь амь зуухаас амархан юм” гэдэг?

-Бид зовлонг хүсэхгүй л байгаа бол ерөөс жаргалыг хүсч байгаа бол хүссэн хүсээгүй өвөг дээдсийн нарийн зүйлийг ойлгох хэрэг гарна. Үүгээр замнах л хэрэгтэй. Өөр гарц байхгүй. Хүнийг зовлонг эцэслэнэ гэдэг нь сансрын эргүүлгийг бүрэн туулахын ухаан. Төрсний эцэст үхнэ биз дээ, хүн гэдэг чинь. Үхсэний дараа төрөл авах гэж зуурдад очино. Зуурдаас төрөл авна. Дахиад л үхнэ. Тиймээс үхэл гэдэг айхтар зүйлийг ялах хэрэгтэй. Ялна гэдэг нь цэвэрлэх. Үхлийг цэвэрлэхээр хүний бие тааллыг олдог. Зуурдыг цэвэрлэхээр төгс жаргалангийн лагшин ирнэ. Энэ бүгдийг цэвэрлэхээр хувилгаан бие бүтдэг. Хүссэн, хүсээгүй бид үхлийн тухай нарийн судалдаг.  Үүний дараа бясгалгаар томъёолж, дадуулдаг. Үхлийн бичил давхцахад нойртой яг адил байдаг. Унтахын 30 хувь хураагддаг. Ингээд нойртой энэ бяслалгыг урвуулж өдөр бүр үхлийг урвуулах бясгалал хийдэг. Хүний зуурдын бие зүүдний биетэй жам зохилддог.  Зүүдний иогийн бясгалаар зуурдын биеийн бясгалал хийж болно. Сэрүүн байгаа цагтаа бие, хэл, сэтгэлээ хямгадаж, өдөр бүр арван хар нүглийг үйлдэхгүй, арван цагаан буяны талд баттай зогсох хэмжээнд дадууд хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, идэж, уух, явах, суух зэргийг ганцхан удаа хянаж болно биздээ. Ингэсний эцэст нэг л өдөр амьдралыг зөв зам дээр зогсоно. Хүний нас богинохон. Нас нэмэгдэхгүй, хорогдоод байна. Эрүүл саруул агшин бүрийг жаахан ч гэсэн гэрэлт ирээдүйтэй барилдуулах хэрэгтэй. Имй сайхан зүйлийг уламжилсан улс орон ховор байна шүү.

-Бурхны шашин хамгийн энэрэнгүй, шинжлэх ухаанжсан, хүн төвтэй гэж би ойлгодог. Гэтэл энэ шашинд сурталчилгаа байхгүй. Орчин цагийн хэллэгээр менежмент алга. Харийн шашин ч юм уу, өөр шашин орж ирээд хүүхдийг ходоодоор нь даллаж байна. Хараагүй хүнийг нүдний эмнэлэгт аваачиж өгөөд л урхидчихдаг. Гэтэл бидний өв уламжилж ирсэн бурхны шашин дуугүй л байгаад байх юм?

-Олон сайхан лам нар гарчихаж, ажиглаж байхад. Гол зохиолууд шинэ үсэг дээр орчуулагдан гарч ном болж байна. Ганжуур, Данжуурыг хүртэл шинэ үсгэн дээр хэвлэж эхэллээ. 1987 онд Гандан хийдэд шавилж байхад тэр үеийн өвөгчүүд 70, 80 гарчихсан өв уламжлалаа авч үлдэж чдах болов уу гэсэн айдастай байсан. Харин тал дээр нь ийм болж байгаад баярлаад байгаа шүү. Юмыг сайн талаас нь хараад сурсан болоод тэгж байж магад. Сайнтай муутайд сав дүүрнэ. Ард түмэнд ийм хүлээлт ч байна. Лам хэлээд өгнө гэхээс илүү хүн үүнийг өөрөө ухаарч, хайх хэрэгтэй. Бурхан багш “Би ирээд хилэнцийг чинь угаагаад арилахгүй. Би эрдэм мэдлэгээ юүлчихгүй ээ. Яаж гарах арга замын тухай номыг айлдаж өглөө. Үүнийг ухаарч аваад амьдралдаа хэрэглээд сайн сайхан болох бүх боломж танд байна. Тиймээс та авна уу байна уу. Таны мэргэж ухаан. Амьдралыг зөв ойлгох таны чадвар. Иймээс аврал надад биш хувь хүн чамд байна шүү” гэж хэлж байсан. Иймээс бид зөв үзүүр рүү орох хэрэгтэй.

-Аврал ч байна. Зовлон ч бидэн дотор байна?

-Тэгэлгүй яах вэ. Зовлонг хүсэхгүй л байгаа бол шалтгааныг устгах хэрэгтэй. Тэр нь бурхны айлдсан ном дотор бий.

-Монголчууд бурхны зурсан зургаар л амьдарч байна гэж ярьдаг. Тэгэхээр бурхан бидний заяа төөргийг зурдаг байх нь уу?

-Тэр бол бүүр төөрөгдөл юм.

-Тэгээд биднийг ий зовлонтой зурсан байна гээд  Бурханд  гомдоод байдаг шүү дээ?

-Үгүй, үгүй. Өөр номын номлол тийм байх. Хүн бид хязгааргүйгээс төрөл авсан. Бид өөр өөрсдийнхөө хураасан үйлийн үрээр явж байгаа. Бид хүн болох буяныг хураасан байна. Хүний биеийг ашиглаад бүрэн төгс сансрыг эцэслэж, зовлонгоос гарах аргыг Бурхан багш гэгээрч, гэтэлж үзүүлж бидэнд айлдаж өгсөн байна. Авралын замыг минь зааж өгсөн байна. Тиймээс бид бурханд талархах хэрэгтэй. Хүн бүр бурхан байх албатай. Усны чанар тунгалаг боловч шороо эргүүлэхэд булингартдаг. Тэнгэрийн өнгө хөх боловч үүл гарч бүдэгрүүлдэг. Хүний сэтгэл бурханлаг боловч муу сэтгэл, нисваанисаас буртлагдсан байгаа учраас түүнийг цэвэрлэх хэрэгтэй. Нэг ч гэм байхгүй бурхны ёсыг огоорч барж, эрдэм боловсролыг тэтгэдэг зүйлийг бурхан гэж томъёолдог. Олон бурхан байдаг мөн чанар л ийм байна. Тиймээс өөрөө өөрийнхөө үйлийн үрийг өөрсдөө л зурж байгаа юм. Тэгээд л хүн л гоморхоод байдаг. Өөрийгөө танин барих хамгийн чухал. Дотоод номтонтой ажиллаж байж өөрөө өөрийгөө олно. Энэ сайхан биеийг олж, номтой учирчихаад, ард түмний хүү болчихоод жирийн амьтны сэтгэхүйгээр яваад үхэх юм бол найман гишүүн төгөлдөр далайн эрэгт ангаж, цангасан хүн очоод ус ууж чадалгүй үхэхтэй адил. Ийм сайхан биеийг олчихоод ашиглаж шимийг нь авахгүй бол алтан саван дотор цэр хийсэнтэй адил зүйл болно.

-VIII Богдын тухай их сонин зүйл олж уншсан. Энэ хүн 1924 онд таалал төгссөн. Тэр үед Х.Чойбалсангийн тушаалаар Баруун наран гэдэг газарт оршуулсан. Тэнд нууцаар лам нар очиж мөргөдөг гэсэн. Та тэр дунд явж мөргөдөг гэх юм?

-Дувсан, Данзан багш нар Цагаан сарын шинийн гурван, наймны үүрээр очиж ном уншдаг байсан. Тэр үед би оюутан байсан учраас багшийгаа дагалдаад түшиг тулгуур нь болоод явдаг байлаа. 

-Тэгэхээр VIII Богдын шарил бидний үед байна гэсэн үг үү. Тэрийг устгаагүй аваад үлдсэн гэсэн үг үү?

-Манай лам нарын л яриа шүү дээ. Гандан чинь Орос цэргийн байр байсан юм. Алтан дээвэртэй, Гандан дуган чинь морины жүчээ  байж.   Дотор нь байгаа гурван сүм бүгдээрээ манай Богдуудын шарилын сүм. VIII Богдын шарилын сүм одооны номын сан байсан. Орос цэргүүд байрлахдаа бүгдийг нь гаргаад хаячихсан байсан. Тэр үед Х.Чойбалсан Гандангаар эргэж явж таарч “Энэ хүнийг ингэж болохгүй” гээд модон хайрцаг хийлгэж Нарангийн энгэрт тусгай газарт тавиулсан юм. Хуучин сүмийн багана барьдаг чулуугаар хөшөө босгосон. Тэр үед нэрийг нь тавьчихвал иргэд мөргөж, гороолоод байж магадгүй хэмээсэн гэдэг. Тэр дунд Орос сувилагч Галя гэж хүүхэн явж таарсан. Ингээд тэр хүүхний нэрийг тавиад байрлуулсан гэж ярьдаг. Өөр юм мэдэхгүй юм.

-Яг одоо байгаа юу. Эсвэл та нуугаад байна уу?

-Мэдэхгүй юм. Нууц биш ээ. Өвгөн лам нарын л яриа юм даа.

-Сонин бөгөөд олзуурхууштай мэдээ. Байгаа бол байж л байг. Тийм үү?

-Тийм ээ.

-VIII Богдын “Ирээдүй ишилсэн Бошгууд” гэсэн номыг орчин цагийн Монгол хэл дээр гаргасан?

-Данзан багш маань таалал хураахын өмнө уулын гурван цагийн номыг айлдсан бошго байдаг. Намайг тэрийг унш гэж өгсөн. Их ч уншсан. Багш маань цагийг их шинэчлэх гэж оролддог байсан юм шиг. Энэ бошгыг халахгүй бол ирээдүйд дэлхий сөнөх ч юм уу муу үр дагавар гарах магадлалтай.  Хүмүүсийн дунд ийм, тийм шашин аварна гэсэн яриа гарах болсон. Ганц VIII Богд биш V, Жанрайсагийн айлдсан бошгуудыг нэгтгэж нэг ном болгож дундаас нь хэлсэн зүйлийг хүмүүст хүргэе гэж бодоод олон нийтэд зарласан. Энэ дотор олон юм бий. Задлаагүй ч юм бий. Олон хүнд ч хүрсэн. Өвөр Монгол, Буриадад нэвт тархсан. Уг нь үүнийг унших юм бол Буддын шашинд чадлыг олсон хүмүүс ирээдүйд үнэнийг хэлдэг. Цагтай, онтой нь хэлж байна. Тэр бол эрдэм. Ид шид биш. Энэ бүгдийг эрдмээр олдог. Яаж аврагдах аргыг заадаг. Манай V Богд үнэхээр гайхамшигтай. 37-хон насандаа таалал төгссөн. Юмыг их айхтар хэлнэ. Шашны наран үхнэ гэж хэлсэн. Тэр нь 1924 он байсан. Цагаан морин жилд урд зүгээс шашны наран мандана. Тэр жил Бакула Рембүүчи ирж номын айлдвар айлдсан. Хойноос ирнэ гэж бас хэлж байсан. Тэр нь ардчилал болж чөлөөт нийгэмд шилжиж, бүх зүйл өөрийнхөөрөө болох үе байсан. 19911, 1921 оны бүгдийг нь айхтар хэлсэн байдаг. Манайхан ийм зүйлийг уншиж, мэдэж байвал их ухаарал өгнө дөө.

-“Бүү март. Мартвал сөнөнө” гэсэн үгэнд тохирох зүйл болсон юм. 2003 онд Хамбын овооноос 575 хүний яс гарсан. Тухайн үед дандаа ар дагзандаа, духандаа буудуулсан бууны оромтой.  Мөн орхимж гарсан. Хүн бүр сэртхийсэн. Та очиж олон хүний сүнсийг амирлуулж, ясыг цэвэрлэж суварга болгосон?

-Яг тэр үед өвгөн лам нарын нас өндөр болчихсон. Мань хэд нь гар хөлийн үзүүрт зарагддаг байсан. Бага ч байлаа. Ганданд хүмүүс ирж та нар янзалдаггүй юм уу гээд хэлдэг байсан. Сонин хэвлэлээр ч их гарсан. Хугацаа ч өнгөрсөн. Багш нар минь намайг очоод учрыг нь олоод ир. Юу ч болсон битгий буцаарай. Лам нар байх юм бол янзлахгүй бол болохгүй шүү гэж хэлж байсан. Тийм айхтар аллага явагдсан газарт лам нар байх юм бол аливаа нэг хүмүүс буруугаа хүлээж, хүлцэл өчиж байгаа бол буудсан газар гээд цэвэрлэхгүй орхиж болохгүй. Ямар ч улс оронд тийм юм болсон газрыг эрж, хайж олоод ясыг нь гаргаж, оршуулга үйлддэг. Улмаар хойдохыг нь амирлуулж гэмээ цайруулдаг. Хойч үедээ дахин ийм үйлдэл гарахгүйн тулд сургамж болгодог. Гэтэл бидэнд яг ингээд янзалсан нэг ч зүйл байхгүй байсан. Анхны долоо гэж яриад л байдаг. Яг үнэн хэрэгтээ очоод гаргаад судлаад, цэвэрлээд, хөшөө босгосон билүү.

-Цогцолбор байгуулъя гэж санал гаргаж байсан?

-Санал гаргасан. Албан ёсоор зөв ч ажилласан. Тусгай, тагнуул, шүүх эмнэлгийнхэн гээд баг бүрдүүлж гарсан. Бүтэн үлдсэн бзх гавлыг нууцаар авч үлдсэн юм. Яагаад гэхээр XIX зууны сүүл XX зууны эхэн үед хүн судлалын бодитой зүйл байдаггүй юм байна. Цаашлаад лам нар ингэсэн гэхэд нотолгоо болгох зорилготойгоор авч үлдсэн. Зураг, бичлэг хийсэн. Тухайн үед сонгууль болох гээд энэ тухай ярьж болохгүй хэцүү байсан. Тэр олон хүний ясыг тоолох гэхээр хоорондоо холилдчихсон. Дунд чөмгийг нь харьцуулж, хослуулж 575 гэсэн тоог гаргасан. 300 гаруй гавлыг хадгалж байна. Анагаахын дээд сургууль, Шүүх эмнэлэгт ч бий. Хэлмэгдэгсдийн музейд ч өгсөн. Аллага явагдсан 13 газар байна. Ренчин гуай Хөвсгөлд гаргаж үзүүлж тухайн үедээ дуулиан болгоод буцаагаад булсан шүү дээ.  Энэ бүгдийг цэгцлэх ёстой юм. Эхнийхийг нь үзүүллээ. Дараа нь янз бүрээр хэлүүлж үзсэн. Ном үзсэн тулдаа тэсээд ард нь гарсан.

-Таныг анх тэр газарт очиход маш их салхитай, шуургатай байсан. Дараа нь ном уншсаны дараа цаг агаар тогтуун болж талбиун болсон гэдэг. Тийм юм байсан уу?

-Янз янзын зүйл болж байсан. Янзан бүрээр ярьж байсан даа.

-2009 оны долоодугаар сарын 9-нд Монгол Төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг амилуулсан. Энэ ямархуу үйл болсон юм бэ?

-Чингис хааны их ойг тэмдэглэх гээд орон даяар хөдөлж эхэлсэн. Есөн хөлт цагаан туг ямар нэг зан үйлийн оршуулгагүй байсан. Үүнийг амилуулах болоход ямар уламжлал байна гэдгийг судалсан. Дорнод аймгийн Булган суманд Чингисийн тугийн сүм гэж байсан. Тэр газарт Чингисийн хар тугийг тахиж, тайж байсан. Эрдэнэзуу хийдэд Чингисийн цагаан тугийг тахиж, тайдаг байж.  . Энэ бүх намтар, түүхийг олж эмхтгэсэн. Ой зохион байгуулах комисс, Төрийн түшээ, 30-аад эрдэмтэн орсон юм. Тэнд уламжлалын тухай тайлан тавьсан. Хоорондоо ч ярилцсан, яаж амилуулах тухай. Ихэнх нь шашны зан үйлээр хийхгүй гэсэн. Ингээд 20 гаруй баримт дэлгэсэн. Эрдэмтэд ч ойлгосон. Зан үйлийг оршуулгаар үйлдсэн. Хэлэлцэж байгаад л үйлдсэн.

-Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол түмнийг үеийн үед харж, манаж явах Очирваань бурхныг бас хийсэн. 18Х12 хэмжээтэй, зээгт наамлаар бүтээсэн байхаа ?

-21 аймаг, Буриад, Тувагаас үйлчид ирсэн. Бид Гандан дээр байрлаж, би эх загварыг нь гаргасан. Очирваанийг голлуулж, дор нь Чингис, Өгөдэй, Хубилай хааныг зээгт наамлаар гаргасан. Энэ наамлыг бүтэн жил хийсэн. Бүхэл бүтэн баримтад кино хийсэн. Монголд хийгдсэн хамгийн сайхан зээгт наамлан бүтээл болсон. Одоо Ганданд хадгалагдаж байгаа. Монгол туургатан нэгдэж хийсэн гэхээр бахархалтай.  Монголчууд бид хаадуудаа бурхан болгодог Дорно дахины уламжлалтай. Тэрний дагуу бүгдийг нь шүтээн болгон тавъя. Чингис хааны тахилга, сантай, таны өмнөөс бүх зүйлийг зайлуулдаг, хариулгатай зохиол зөндөө байна. Энэ бүгдийг хэлж санал оруулсан.

-Чингисийн хөргийг амилуулна гэдэг нь маш их зан үйлтэй байх?

-Шүтээн бүтээх нь уламжлал. Манай шавь нар арван хэдэн жил сурч байж ард нь гарч байна. Маш сайн сургалт, уламжлал хэрэгтэй. Төрөөс өгсөн гол даалгавар бол Чингис хаанын нүүрийг Тайваны Чингис хааны төрхтэй төстэй хийгээрэй гэж байсан.

-Та шашны уламжлалт хэчнээн зан үйлийг сэргээсэн бэ?

-Багш нараас 36 зүйлийн уламжлал өвлөж авсан. Заримыг нь Түвд багш нараас ч авсан. Ихэнхийг нь Монгол лам нараасаа авсан. Эдгээрийн ихэнх нь урлагийн төрөл. Энэ бүгдийг сэргээж, хүүхдүүдэд уламжлуулж, ном зохиолыг хийнэ гэж багш нартаа ам өгсөн юм. Хүнээс юмыг нь авсан юм чинь багш нар маань мөнх бусыг үзэхээр өрөнд орсон хүн шиг болдог юм байна. Сэтгэл зүгээр байж чадахгүй юм билээ. Идэр залуу цагаа хүүхдүүдтэй ноцолдож өнгөрөөлөө. 84 хүүхдэд үүнийг зааж, сургасан байна. Бүгдээрээ юмаа хийгээд сайхан л явж байна. Уран гэж жигтэйхэн. Зарим нь бараг надаас илүү сайхан зүйл урладаг болж. Тэднийгээ хараад баярлах юм. Мөн бүтээл хийж байхад шавь нар минь туслах юм. Монгол түмний уламжлалт урлаг сэргэсэн. Гол зорилго бол онолын номыг хийх, хийж эхэлж байгаа. 50-60 цуврал Монголын уламжлалыг харуулсан ном гарах байх. Энэ жил тавыг нь гаргахаар төлөвлөөд ажиллаж байна.

-Аглагийн хийдийн байрлаж байгаа газар нутгийг яаж шинжсэн юм бэ?

-Төрсөн нутагтаа нэг зүйл хийе гэж бодсон. Хийхдээ нэг модон байшин бариад номондоо анхаарч, шүтээнтэй гаръя гэж тэр газрыг сонгож эхэлсэн. Багадаа хонь малаа хариулж явсан нутаг юм. Садангийхан маань урд талд нь өвөлжинө. Юм хийгээд эхэлсэн чинь урлагийн хүн  болоод ч тэр үү өөр нөхцөл бодол орж ирэх болсон. Монголд шашин дахин сэргэж байгаа юм чинь монголчуудтайгаа нийлээд Буддын шашны цогцолбор бүтээж эргэл мөргөлийн орон болгоё гээд зүтгэсэн. Хурааж, цуглуулсан бүх нандин зүйлээ зөөсөн. Сүм хийд барьсан. Нэмж 56 гаруй чулуу сийлсэн. Хамгийн том нь арван метр. Монгол оронд 2000 гаран жил шашин сэргэсэн. Мянга гаран сүм, хийдийн туурь байхад Аглагийн хийдийн арван метр бурхан шиг ганц бурхан гарч ирэхгүй л байна шүү дээ. Энэ үнэхээр сайхан зүйл болж үлдэнэ. Орон хийд, сүм гэдэг чинь Пүрэвбатын юм биш. Олон нийтийн өмч. Түмний төлөө зориулж байгаа бүтээл. Бүтээн байгуулалтыг хийхэд 22 метр Бурхан багшийн Алтан сүм байгуулах гээд гол зүйлээ босгочихоод байж байна. Урлагийн сонин, чамин ясан сүм гээд түүнтэй холбоотой олон зүйл хийж байна. Миний зурсан бүх бүтээл тэр хийдэд үлдэж байна. Улс харин сайхан дэмжиж зам тавьж өгч эхэлсэн. Улс хөрөнгө гаргаж, орон нутгийн өмч байхаар барьж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас ч их анхаарал тавьсан. “Эко ОО” хүртэл хийж өглөө. Бүтээн байгуулалт бүрт монголчуудын хандив, тусламж шингэсэн. Хоёр жил зүтгэчихвэл ард нь гарчих байх. Таван жил ажиллалаа.

-Уг нь та амиа бодсон бол тэнд байшин барьчихаад суугаад байх байж?

-Анх тэгэх гэж байсан юм. 

-Тэгвэл амар байхгүй юу. Хэл ам гарахгүй...?

-Энэ сайхан зүйлийг сурчихаад нэг ч бүтээлгүй явчихаар бас л...сонин санагдсан. “Мөнхөд дуурсагдах үйлсийг бүтээх юм бол мөнхийн рашааныг олсонтой адил” гэж Борнуурын ИТХ-ын дарга Ууганаа надад хэлсэн юм. “Ямар сайхан үг вэ хүү минь. Хэн ингэж хэлэв ” гэхэд “Багшаа надад тэгж бодогдсон юм”  гэж хариулж байсан. Үнэхээр шашин соёлын бүтээл бүтээлээ. Гар бие оролцлоо. Энэ газрыг олон хүн тойрно, эргэнэ, мөргөнө. Тэр хүн энэ ариун газартай үйл барилдаж байгаа юм. Энэ бүгд ариуслын төлөө. Монгол хүн бүр янз бүрийн буруу санаа агуулахгүйгээр сайхан ерөөл тавьвал бидний үр хойчийн хоол шүү дээ. Ватиканы музейд ороход 50 евро өгдөг. Түүгээр нь тэр улс  нь амьдарч байна шүү. Турк хүртэл. Тэр хэдэн аварга сүмүүд ард түмнийг нь тэжээж байна. Том яриад байж магад. Мөрөөдөж л явна. Гайгүй юм хийчих юмсан гэж бодож байна даа.

-Таны бүтээлийн сүмд байдаг Луст уулын эзэн гүрвэл, Гарьд уулын газрын эзэн, Зургаан соёот газрын заан, Эвэрт могой, Луу барын дундаас төрсөн барс луу гээд лусын шүтээн юм уу. Их сонин?

-Аглагийн газар их хэцүү газар байсан. Газар нутаг нь ч өвөрмөц. Мөргөлийн замаар явахад Бурхан багшийн намтар байгаль дээр тал нь байсан. Талыг нь би сийлсэн юм. Байгаль хүний бүтээл хоёр нийлж бүхэл бүтэн Бурхан багшийн намтар болж бодь мөрийн зэрэг гэх мэт зүйлтэй барилдаж байгаа учраас сонин мэдрэмж төрсөн. Манай дор 20 гаруй булаг цуглардаг. Наадам хүртэл догширч хөлддөг. Наадмын дараа хайлдаг. 70 метрийн урттай, гурван метрийн өндөртэй далан барьчих юм бол 90 метрийн урттай байгалийн нуур тогтох боломжтой. Нуурын голд гайхамшигтай лусын сүм босгож, гүүрээр явж очдог. Сүмийн голд том уул байна. Уулан дотор нууртай. Хүрхрээ мэт байж, агуу болгонд лусын хааны ордонтой. Хүн ороход амьд байгаль дотор орсон юм шиг сэтгэдэл төрөхөөр бүтээх гэж байна. Мөн амьтныг нутагшуулж байна. Овоо л дасч байна. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэн ховор эмийн ургамал зэргийг нутагшуулахад туслана гэсэн. Бүгдээрээ нийлж байгаад ард нь гарчихвал ч сайхан байна. Хурдан л ард нь гармаар байна. Хүний нас мөнх биш юм даа. Хэзээд би яваад л өгнө. Амьдшуу байж байгаа дээрээ өдөр шөнөгүй зүтгэж байгаад энэ бүгдийн ард гарчихвал хэрэг байна. Өөр зүйл ч бодогдохоо больж. Хувийн амьдрал байхгүй шүү дээ.

-Хамгийн сүүлд хэзээ кино театр орсон бэ гэдгээ мартсан гэдэг?

-Сонин хэвлэлд ярилцлага өгөөгүй бас дөрвөн жил өнгөрч. Харин чиний урилгыг авч ирлээ. (инээв)

-Өндөр Гэгээн Занабазарын Төвхөн хийд гэж байдаг. Тэр хийдэд Өндөр Гэгээн Занабазар алдарт бүтээлүүдээ туурвисан байдаг уу?

-Төвхөн хийд гэж тэр хүний өөрийнх нь гол бүтээл, бясгалын төв нь. Өндөр Гэгээтэн тэнд  уран бүтээлээ туурвиж байсан.   Соёмбо үсгээ тэнд өрж байсан гэдэг юм шүү.

-Өндөр Гэгээний Ногоон дарь эхийг харж байгаад таныг өөрийнхөө Ногоон дарь эхийг бүтээсэн гэсэн. Үнэн үү?

-Би Өндөр Гэгээний шүтдэг. Гайхамшиг. Европ дахинд тархсан урлаг өөрөө гайхамшиг шүү дээ. Суут бүтээлүүд өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг хөлдөө сөхрүүлээд байж л байна. Урлаг гэж ийм гайхамшигтай. Өндөр Гэгээн бүтээлээ хийснийг харахад  сэтгэл ариусахаар бие давхар ариусдаг юм байна. Бие чинь 32 лагшин 80 найргаар чимэгдээд 112 шинжээр хувьсан өөрчлөгдөж, ариуссан сэтгэлийн бие ямар гоё байдаг вэ гэдгийг үзүүлсэн. Бурхан багш түүний хувь хэмжээг айлдсан. Тэрний дагуу Өндөр Гэгээн бүтээлээ бүтээсэн. Тэр бүтээлийг Бурхан багшийн номлосон тэгээр шалгахад хэвэнд хийсэн мэт таарсан. Энэ талаар хүмүүст танилцуулах зорилготой лекц тавьсан. Гэтэл Түвд, Балбын бурхадыг шалгахад 60 хувьдаа ч хүрэхгүй байсан. Бүгд хувь, хэмжээний алдаатай байсан. Улс орны онцлогоос хамаарч бурхан гэдэг чинь өөр байдаг зүйл биш. Ариун, шалгарсан гэдэг нь нэг л байдаг. Манай Өндөр Гэгээн мундаг гэж ярьж болохгүй. Гол нь нотолгоо чухал.

-2005 оны наймдугаар сарын 25-нд Төрийн ордны өмнө байсан бунхнаас Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг авч, буцааж амирлуулсан. Тэр үйлийг бас л та хийсэн?

-Би хийгээгүй л дээ. УИХ тогтоол гаргасан шүү дээ. Засгийн газрын шийдвэр ч гарсан. Хамба лам бид хоёрыг дуудаж, туслаач гэсэн санал тавьсан. Лам нарын даалгавар, багш нарын үгээр “За” гэсэн. Шашныхаа ард цэрэг шүү дээ, би. Тэднийхээ гарын үзүүрийн боол байхгүй юу. Өөр юу байх уу.  Өөрөө дур мэдэж нэг ч үйл хийгээгүй. Хөндсөн, хөндсөн. Хэзээ хөндөх цагийг нь тогтоож, гаргаад зан үйлийг нь гүйцэтгээд Х.Чойбалсан, Д.Сүхбаатар хоёрыг хөндөж, Алтан-Өлгийд хөдлөшгүйгээр оршуулсан.

-Та ч мөн ч их бичүүлсэн дээ?

-Бас мөн ч их тайлбарласан. Хэлээгүй бол яаж тайлбарлах боломж олдох вэ. Бичсэн учраас надад тайлбарлах боломж олдсон.

-Сүүлийн үед та огт ярилцлага өгөхөө больжээ.  Зөндөө хийсэн, бүтээсэн зүйл байдаг. Жишээ нь, Бодь мөрийн зэргийг орчин цагийн Монгол хэлэнд хөрвүүлчихсэн. Очирваань бурхныг амилуулсан. Мөн Алтай Таван Богдын Хүйтний оргилд гарч монголчуудынхаа сайн сайхны төлөө даатгаж Тэнгэр овоо босгосон. Энэ бүхнийг ярихгүй дуугүй яваад байхаар орчин үеийн залуучууд мэдэхгүй өнгөрч байна?

-Хийх юм зөндөө байна. Яваандаа мэднэ байлгүй дээ.

-Буддын шашин дотогшоо бясалгаад байх юм. Гадагшаа ярьж, хэлэхгүй бол болохгүй дэг ээ?

-Үзэх юм их болохоор ярих дур, хүсэлгүй болчих юм. Чамтай ярихад ямар ч сэтгэлийн хөдөлгөөн төрөхгүй, болсон зүйлийг болсноор нь хэлж байна. Өөр яах билээ. Миний зан өөрийгөө засч, залуурдах. . Би тэгсэн гэж дөвийлгөх биш. Хамгийн гол нь хийж буй зүйлд минь буруу ойлголт төрчихгүй байгаасай гэж хичээгээд явж байна.

-Борнуур сумын төв дээр байгаа Содон судлалы музей гэж сонин музей байх юм. Та тэр музейн үзмэрийг хэдэн жилийн турш цуглуулсан бэ?

-Энд тэнд явж байхад Монгол айл бүрт сонин зүйл байдаг. VIII Богд хүртэл өөрөө их сонин хүн байсан. Дандаа сонин хачин зүйл цуглуулж авдаг. Богдхааны ордон музейд халуун орны шувуу, яст мэлхий, гүрвэл, арслан, бар хүртэл байдаг. Түүний цуглуулсан зүйлээс үлдсэн нь тэр. Байхгүй болсон зүйлийг хэн мэдлээ. Говийн Ноён Хутагт бас тийм л байсан. Багш дээдсийг яагаад тэгдэг юм бол гэж боддог байлаа. Дараа нь монголчуудын сонин содон ном сударт эртний амьтан шинжиж үзэхэд бэлгэ дэмбэрэлтэй зүйл их байдаг юм байна. Тийм юм хааяа олдохоор бэлгэшээнэ. Нэг удаа нэлээн хүнд осолд орсон юм. Бараг үхэхээ шахсан. Гаадаа хамба өнгөрөхөд ач нар нь номыг нь янзалж өгөөч гэж гуйсан юм. Гэрт нь очиход цөөн хэдэн ном, бурхан гэсэн чинь жижигхэн гүнгэрваань дотор байсан. Амьд байхдаа өөрт байсан бүх зүйлээ өгөх хүндээ өгөөд зохицуулчихсан байсан. Эрдэмтэн, лам хүнд юу л байна бурхан шүтээн л байхаар байсан. Тэгээд би бодсон. Хүн гэдэг чинь ямар гайхамшигтай юм бэ. Цуглуулсан зүйл нь байхгүй хойгуур янз бүрийн хүний гараар орно гэж бодоод үрэн таран хийлгээгүй өөрөө цэгцэлж чадсан байгаа байхгүй юу. Тэр нь надад бахархал төрүүлсэн. Нэг харсан над шиг шаазгай шиг хүн алга байна. Өөрийгөө харсан. Осолд орсон нь ч хэрэг болсон байх. хүн хэзээ ч явж магадгүй юм байна гэж бодсон. Байгаа дээрээ бүх зүйлийг цэгцлэх ёстой юм байна гэж бодоод “Содон судлалын үзмэр” гэж байгуулсан. Тэр дотор байгаль, амьтны гаралтай сонин содон зүйлийг цуглуулж, музей болгосон. Одоо бүртгэжүүлж, зураг авч үлдээнэ. Бусдын тусын тулд өөрийгөө зориулна гэж би ном үзэж байна. Багш нар маань дамжуулаарай гэж ном зааж өгсөн. Тэрнийгээ биелүүлэхгүй бол болдоггүй юм билээ. Яараад байгаа шалтгаан энэ.

-Муу ёртой юм бэ....яараад байна гээд байдаг?

-Лам нар унтаад өглөө босохдоо амьд байгаадаа баярладаг байсан гэсэн.  Муу сэтгэлээс хамаг гай гараад байгаа юм. Хар муу сэтгэлээс болж бид ядуурдаг. Бусдын сайн сайхны төлөө хийсэн үйлийн буян аяндаа орж ирдэг. Эдийг хүртэл хураахад хоёр арга орж байна. Нэг нь муу сэтгэлээр хүн, амьтан залилаад хурааж болно. Тэр бол аюул, зовлон хураах ангалыг үүсгэж байна. Харин бусдын төлөө сайхныг зориулвал бурхан ивээж, тэтгэдэг. Ажил үйлс хүртэл сайхан бүтнэ. Ийм сайхан лам нарыг зөндөө харсан.

-Үйлийн үр гэдэг зүйл удамшдаг уу, өвлөгддөг үү?

-Үйлийн үр гэдэг чинь их нарийн. Үхэхээ мэдсээр байж мөнх юм шиг атгалаад байдаг. Юм бүхэн шүтэн барилдсан хоосон гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Өөрөө хүртэл үнс, нурам болоод байхгүй болно биз дээ. Ямар ч эд материал бүтсэн юм чинь эвдэрнэ. Хурааж хуримтлуулаад тэр нь байхгүй болчихоор тэнгэр нурж, амьдрал сүйрч байгаа мэтээр шаналах нь аюул. Хэлээр хов зөөнө гэдэг чинь бусдыг салгах аюул болж байгаа биз дээ. Түүний оронд эвсүүлвэл тэрнээс их буян ирнэ. Дэмий чалчихгүй байх хэрэгтэй. Худлаа ярихгүй байх хэрэгтэй. Энэ бүгдийг хийгээд байвал тодорхой хэмжээний мэдээлэл болж суугаад боловсроно. Эцэст нь үр гарна. Хомхой сэтгэл, буруу үзэл хамгийн аюултай. Үүнийг мэдэх л хэрэгтэй. Сахил гэдэг чинь бид нарыг зовлонд уягдах хорвоод бүх зүйлийг хааж өгдөг хуяг болдог. Хүн заагаагүй байхад муу юмыг сурчихаад байна. Уурлах, ширүүн үг хэлэх гэдгийг сурчихаж. Тэгж чадсан юм чинь эсрэг талд нь байгаа зүйлийг яагаад дадуулж болохгүй гэж. Энийг дадуулах чинь ном байхгүй юу. Үүнийг ухаарч, жаахан хичээвэл болно.

-Над шиг хүнээс юм шалгаагаад суугаад байвал энэ нүгэл болох уу?

-Та бусдыг мэдээсэй гэсэн зөв сэтгэлээр хийвэл сайн. Та түрүүн үйлийн үр гэж айхтар зүйлийг ярилаа. Та нар нэг гэр бүл. Ээж, аав нь муу юм хийхэд хүүхэд нь дуурайгаад хийнэ дээ. Баясана, дэмжинэ. Нэг хүн хийхэд нийтээр дэмжихэд дараа нь хамт зовох үйлийн үр болдог.

-Тийм учраас өвлөгдөж байгаа юм шиг харагддаг байх нь?

-Мэдэхгүй байгаа учраас аюул гарч байна гэж хольдог. Манай Буддын шашин их эрүүл саруул ухаан. Судлаад, үзээд номоор нь явбал их сайхан.

-Хуучны лам, мэргэж хувилгаанууд нууц тарнийн аргаар утас зангидаж, үг хэлээ үлдээдэг гэх юм. Тэрийг нь таныг тайлж уншдаг гэсэн?

-Би тийм юм мэдэхгүй шүү дээ. Нууц тарнид нэвтэрсэн мундаг хүмүүс бие сэтгэлийн сөрөг энергийг тасалж, сайнд нь урвуулах, өөрөө өөрийнхөө бие, амьсгалтай ажиллахад тодорхой хэмжээний амжилтад хүрнэ. Түүгээр аливаа нэг шидийг бүтээж, янз бүрийн ирээдүйг харах, ид шидийг харуулах нь номын явдлаар зөв явсны илрэл. Говийн Ноён Хутагт усыг үлээгээд архи болгодог байсан биз дээ. Тэр хүн архинд дийлдэх хүн биш байгаа биз. Сэтгэлээр олсон өөрийнх нь шид.

-Та тэгж чадах уу?

-Би сурах гээд хичээгээд л байна. Тэд нар шиг болно гэсэн ерөөл тавиад л байна. Энэ их ажлын хажуугаар болох байх. Миний хийж байгаа ажил буяных учир буян болох байх аа.

-Та мэргэлдэг үү?

-Нэг их мэргэлээд байдаггүй. Гэхдээ мэргэний ном мэднэ. Шинжийг голчилдог. Зориуд шоо хаяад таагаад байж болохгүй. Мэргэ гэдэг чинь сахиусны өмнөөс нян бүтээлийг хийж байгаад тарни, уншлагыг тоонд хүргэж байж, сахиусны өмнөөс тоон дээр нь босч үздэг. Тэр хүн тэгэхээр бодитой хэлж чаддаг. Чамайг хараад мэргэлье гэж бодъё. Гэтэл чамайг мэргэлэх шаардлагагүй. Хүн шинж гэсэн айхтар зүйл байдаг. Хүн болох биеийг хураахад сэтгэлийн хуваарилалт өөр өөр. Дотоод сэтгэлийн хүч таны гадна талын дүрийг бүтээж байгаа. Хүн болгон адилгүй байгаа биз дээ. Хамар, нүд, гарын алганы хээ хүртэл өөр байдаг. Яагаад өөр байна гэхээр хураасан үйл нь өөр. Тэр үйл нь бидний биеийг бүтээж байгаа. Тэр үүднээс алганы хээ харж байгаад тийм хувь заяатай энэ тэр гэж ярьдаг. Газрын бүтцийн өөрчлөлтийг харж газар шинжинэ гэж айхтар зүйл байна. Хаалга тогшиход цохилох цохилтоос сэтгэлийг уншдаг хүн байсан гэдэг. Алд гаран мод, алга төдий төмөр байна уу гэж цохиход хүрз байна уу гэж цохиж байна гэж уншсан байдаг.

-Хүн дандаа бурхнаас юм гуйдаг. Тэр маань ч бүтэхгүй байна. Энэ ч болохгүй байна гээд л. Аль эсвэл ямар нэг зүйлийг залбирч даатгадаг. Бурхнаас юм хүсэхээ болих юм бол тэр гэгээрлийн шинж мөн үү?

-Бид эхлээд бурхныг зөв ойлгох хэрэгтэй. Бурхан гэдгийг дээр хэлсэн. Нэг ч сэтгэлийн гэм байхгүй. Эрдэм болгоныг олсон сэтгэл хаана байна түүнийг бүтээнэ. Бурханд залбирахдаа, даатгахдаа бурхан шиг болъё хэмээн бодож, заасан сургаалаар явна гэж ижил сэжим үүсгэж, түүнтэй зөв харьцаа тогтоох хэрэгтэй. Нар гэрлээ тусгахад амьтныг ялгадаггүй. Бүгд дээр нь жигд тусна. Дулмаа дээр тусгана. Дорж дээр тусгахгүй ээ гэдэг биз дээ. Бурхны адисгал, дээдийн ном нарны гэрэлтэй адилхан байдаг. Буруу, хойшоо харсан нүхэнд нар тусдаггүй нь нарны буруу биш. Нүх хойшоо харснаас болдог. Түүн шиг биед зөв итгэл, сүжиг байхгүй бол буруу харсан нүхтэй адил. Мянга бурханд залбираад нэмэргүй. Ач тусыг нь авахгүй. Яагаад гэвэл миний сэтгэл сайн бүгдийн үүдийг хаачихсан. Иймээс бурханд хандахад аврал эрэх, сэтгэлийг үүсгэх зан үйл рүү ордог. Энэ талаар зайлшгүй тодорхой зүйлээс сурч, үнэнийг тайлснаар ач үрийг нь авах аргаа олно. Ийм зүйлийг мэдэхгүй бол мянган ном уншуулаад засал авахгүй. Насаараа нэг зүйлийг гуйлаа. Ийм сайхан зүйл айлдаж байхад нэг ч өргөл өгсөнгүй. Тэд дундаа нэг хормигчтой байсан гэдэг. Тэрнийгээ ээлжилнэ. Нэг өдөр өнөөх хоёр үүнийг бурханд өргөе. Гадагшаа гарахгүй. Өлсөж үхвэл үхнэ л биз. Үхэхээсээ өмнө нэг сайхан буян үйлдэе. Ингэж хорвоод амьдарч байхаар сайхан бүхнээ өргөе гээд өгч орхиж. Бурхан багш энэ дунд их гайхамшигтай өглөг ирлээ. Энэ хааны өгсөн торго энэ тэр гээд хуй хуй торго авчирхад “Биш ээ. Хуучин хөх даавуу байгаа” гэсэн гэдэг. Бурхан багш түүнийг нь гартаа барьж байгаад сэтгэлийн өглөгийг өргөсөн. Хаан маш их зүйл өгсөн ч өлсч үхэхгүй нь ойлгомжтой. Баян хүн юу ч өгсөн болно. Ардаа амьдрах зүйлтэйгээ үлдсэн. Гэтэл тэр хоёр гуйлгачин амьдралаараа дэнчин тавьж өргөл өгсөн байна. Энэ бол өргөлийн дээд гээд хадаг гэдэг эдийг даавууны төлөөлөл болгож, өглөгийг дээд гэж үзсэн.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Аглаг хийдээс ярилцлагад минь хүрэлцэн ирсэнд баярлалаа. Таны юу хүссэн есөн арвин хүсэл биелэх болтугай.

-Ерөөл бат оршиг.