Л.Мөнхбаясгалан зорилгодоо хүрлээ
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан УИХ-ын гишүүдэд захидал бичжээ гэсэн дуулиан гэнэт л нэг өдөр дэгдэж билээ. Юун захиа яах гэж бичсэн хэрэг вэ гэдэг сониучирхал сэтгүүлч биднийг чангаасан нь үнэн юм. Харин түүний захиа эхнээсээ л сэтгэл хөндөж билээ.
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан УИХ-ын гишүүдэд захидал бичжээ гэсэн дуулиан гэнэт л нэг өдөр дэгдэж билээ. Юун захиа яах гэж бичсэн хэрэг вэ гэдэг сониучирхал сэтгүүлч биднийг чангаасан нь үнэн юм. Харин түүний захиа эхнээсээ л сэтгэл хөндөж билээ.
Тэрбээр захиандаа “Таны цаг хугацаанаас хэлтлэн байж энэхүү захиаг өргөн барих болсны учир гэвэл хорт хавдар хэмээх аймшигт өвчин Монголд газар авч байгаад сэтгэл зовсных билээ. Учир нь миний бие болон тэнгэрийн оронд одсон ээж минь энэ өвчний золиос болсон юм. Ээж минь оройтож оношлуулсан учраас хорвоог орхиж, харин би эрт оношлуулсан учраас амьд үлдэж чадсан билээ. Энэ аймшигт зовлонг бие сэтгэлээр туулсан хүний хувьд олон хүний амийг аврахсан, Монголын минь олон мянган өрх тийм зовлонг бүү туулаасай гэж эх хүний хувьд, сэтгүүлч хүний хувьд бодох боллоо. Тиймээс “Цензургүй яриа” нэвтрүүлгийн оролцогч төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын одод, соён гэгээрүүлэгчид, мөн энэ нэвтрүүлэгт оролцоогүй ч Монголын ард түмний хүндэлж хайрладаг эрхэм хүмүүст хандаж байгааг минь хүлээн авна уу” гээд Монгол Улс элэгний хорт хавдраар дэлхийд нэгдүгээрт, ходоодны хавдраар хоёрт, улаан хоолойн хорт хавдраар гуравдугаар байрт орсныг дурдаад, манайдаа ганцхан байх ХСҮТ-д өнөөг хүртэл орчин үеийн компьютер томограф байхгүй, тус эмнэлгийн өргөтгөл таван жилийн турш царцаж байгааг 2016 оны улсын төсвөөс шийдэж өгөхийг хичээнгүйлэн гуйсан захиа байсан.
Бас Л.Мөнхбаясгалан энэ бүхнийг эхлүүлэхдээ өөрийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон 60 зочиндоо тулгуурлан нийгэм улс төрийн хамтарсан лобби бүлэг байгуулж байгаагаа мэдэгдэж “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аяныг санаачилсан. Энэ бүлэг тун амжилттай ажилласан. Монголын төр, нийгийн зүтгэлтнүүд урлаг соёл, спортын одод, улстөрчид бүгд л түүнийг дэмжиж, хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, дархан аварга А.Сүхбат, Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга С.Батцэцэг, жүжигчин Б.Амарсайхан, дуучин Т.Ариунаа, яруу найрагч Ц.Хулан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, УИХ-ын даргын зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа гээд олон хүн хүч түрсэн билээ. Энэ аяны хүрээнд УИХ-ын гишүүдийн ширээн дээр сануулга тавьж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйлт зохион байгуулж байлаа.
Харин аравдугаар сарын 29-нд “Чингис” зочид буудалд томоохон хэмжээний хүлээн авалт зохион байгуулсан юм. Томоохон гэж хэлдэг нь бас учиртай. Тэнд УИХ-ын 20-иод гишүүн, үүн дотор Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Х.Тэмүүжин, УИХ-ын дарга З.Энхболд, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, яруу найрагч Ц.Хулан, поп Т.Ариунаа, “Номин талст” хамтлагийнхан, бурханч лам Г.Пүрэвбат, гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, У.Далантай, Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн гээд олны танил атлаа хэзээ ч тэр бүрий нэг дор цугларахааргүй эрхмүүд Хавдрын эсрэг аянд нэгдэж уйлах нь уйлж, дуулах нь дуулав. Аянд нэгдсэн эрхмүүдээс их аварга Асашёорюүг төлөөлж ээж Г.Пүрэвбадам, “Түшиг” их дэлгүүрийн захирал Г.Баттүшиг болон “Голомт” банк тус бүр 10 сая, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Оюунхорол, С.Эрдэнэ нар нэг сарын цалингаа, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, НАМЗХ-ны даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ нар тус бүр хоёр сая, “Норовбанзад” сан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нар тус бүр нэг сая, хуульч академич С.Нарангэрэл 500.000 төгрөг, дуучин Т.Дэлгэрмөрөн шинэ CD-гээ, “Хөх тэнгэр принтинг” компани “Сахиусан тэнгэрүүд” номоо хандивласан бол “Таван богд” групп, “Улаанбаатар” их дэлгүүр, “Түшиг” групп бүх үйл ажиллагааны турш ивээн тэтгэсэн байна.
Жирийн нэг сэтгүүлчийн санаачилж зохион байгуулсан аян гэхэд Монголын урдаа барьдаг алдар цуутай эрхмүүдээр гоёсон үдэш байлаа. Энд танхимыг амьсгал даран чимээгүй байхад хүргэсэн нэг зүйл бол сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн илтгэл байсан юм. Энэ тэндгүй хурал семинар дээр тавигддаг илтгэлүүдээс тэс өөр байсан. Илтгэл эхлэхдээ түүний бодит амьдралаас сэдэвлэсэн бөгөөд өөрөө болон ээж нь хорт хавдар тусч өөрөө эдгэж, ээж нь бурхан болсон эмгэнэлт түүхийг “Харандааны адал явдлаар” зурж ихээхэн өвөрмөц байдлаар үзүүлсэн нь олон хүний аньсагыг чийгтүүлж орхисон.
ХСҮТ-ийн өргөтгөл баригдаагүйгээс болж хагалгаанд дугаарлаж буй 10 хүн тутмын гурав нь 45 хоног тутамд хорт хавдар нь биеэр нь тархсаны улмаас оройтдог тухай, өргөтгөл баригдаагүй таван жилд хэчнээн хүнийг Монголын төр үхэл рүү түлхсэнийг сэрхийтэл сануулж, эрт оношилгооны компьютер томограф байхгүйгээс дөрвөн хүн тутмын гурав нь оройтож эцсийн шатандаа оношлогдож байгааг, хорт хавдрын улмаас Монголд өдөрт 10 хүн нас барж байгааг хэлснээрээ түүний илтгэл хурц болсон. Мөн Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр манай улс ХСҮТ-д захиалсан 7 сая евро буюу 15 тэрбум 600 сая төгрөгийн технологийн өндөр түвшний эмнэлгийн багаж хэрэгслийг өргөтгөл нь баригдаагүйн улмаас гараашид буулган хадгалж буй зургийг ч үзүүлсэн.
Уг хүлээн авалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд ХСҮТ-ийн хүлээгдэж буй өргөтгөлийн барилга болон компьютер томографийг суурилуулах мөнгийг 2016 оны улсын төсөвт тусгахаар болсон тухай баярт мэдээг авчирсан юм. Тиймээс “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аян тийнхүү 21 дэх хоног дээрээ зорилгодоо хүрсэн билээ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан энэхүү аяныг нэг жилийн өмнө хорт хавдрын улмаас хорвоог орхисон ээжийнхээ гэгээн дурсгалд зорилуж хийснээ өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн нь олон хүний талархлыг хүлээжээ. Ингээд түүний фэйсбүүк хуудастаа бичсэн өөрийнх нь сэтгэгдлээр энэхүү бичил сурвалжлагаа өндөрлөе.
“Зорилгодоо хүрлээ”
“Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аян яг 21 дэх хоног дээрээ буюу өчигдөр аравдугаар сарын 29-нд зорилгодоо хүрлээ. Бидний зорилго бол эрт оношилгооны компьютер томограф болон ХСҮТ- ийн өргөтгөлийн барилгыг дуусгах 4.5 тэрбум төгрөгийг 2016 оны улсын нэгдсэн төсвөөс хассан байсныг буцааж суулгахын төлөө УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон урлаг соёл, спортын одод, ард түмний хайрлан хүндэлдэг нийгмийн зүтгэлтнүүд, жирийн ард иргэдийн төлөөллөөс бүрдсэн асар том лобби бүлгийг байгуулж ажилласан. Харин “Чингис” зочид буудалд болсон тус аяны хүлээн авалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд улсын нэгдсэн төсөвт уг мөнгийг суулгах УИХ-ын шийдвэр гарсныг дуулгасан баярт мэдээ сонсгов. Ийнхүү “Цензургүй яриа-Хавдрын эсрэг” аянд оролцсон бүх хүмүүстээ, мөн уг нэвтрүүлгийн зочиддоо гүн талархал илэрхийлье. Та бид хамтдаа чадлаа. Олны хүч оломгүй далай гэж энэ билээ. Мөн нэр бүхий хүмүүс хандив өргөсөн. Энэ тухай мэдээллийг тусад нь хүргэх болно. Хайрт ээжийнхээ гэгээн дурсгалд зориулсан энэ ажлыг ижий минь тэнгэрийн орноос харсан байх аа. Олон хүний амь нас, эрүүл мэндийг аврах сайн үйлс учраас таныхаа араас босгосон гэрэлт суварга билээ...
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин