Генсекийг хүлээсэн тамгын даргын томилгоо
Олимпийн тэнгэрт Монголын далбаа намирсан тэр үдэш төрийн тэргүүн Н.Энхбаяр өөрийгөө “Азтай Ерөнхийлөгч” гэж төв талбайд зарласан.
Олимпийн тэнгэрт Монголын далбаа намирсан тэр үдэш төрийн тэргүүн Н.Энхбаяр өөрийгөө “Азтай Ерөнхийлөгч” гэж төв талбайд зарласан. Монгол Улс олимпийн аваргатай болсонд баярласан сэтгэлээр хэлсэн энэ үг нь түүний ирээдүйн улстөрийн амьдралд ч таарч байна. Тэр 2005 онд улстөрийн гол хоёр хүчин болох МАХН, АН-ын зөвшилцлийн Засгийн газрын үед Ерөнхийлөгчид нэр дэвшиж байв. Хэрэв Н.Энхбаяр Ерөнхийлөгчид дахин нэр дэвшвэл дөрвөн жилийн өмнөх улстөрийн нөхцөл байдал нь өнөөдөр ч бүрджээ. Тэр дахиад л МАХН, АН-ын хамтарсан Засгийн газрын өнгөн дээр Ерөнхийлөгчид нэр дэвших нь. Хэтрүүлж хэлбэл, 2005 оных шиг МАХН, АН-аас хоёулангаас нь Ерөнхийлөгчид нэр дэвших ховорхон боломж Н.Энхбаяраас өөр нэр дэвшигчдэд тохиож байсангүй. 2005 оныхтой ижил үйл явдал өнөөдөр давтагдаж АН Засгийн газар дахин багтаж, намын удирдлага нь “Алтан гадас”-т ахин шилжсэнээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд ахин ялах магадлалыг нэмэгдүүллээ. Дөрвөн жилийн өмнөх улстөрийн түүхийн хүрд ингэж буцаж эргэснээр Н.Энхбаярын хувьд сонгуульд ялах нь МАХН-аас дахин нэр дэвших эрхээ олж авахаас ч амар боллоо.
Ерөнхийлөгчийн сонгуулийг албан ёсор зарлаагүй ч, намууд сонгуулийн кампаниа эхлээд байна.
Тэд долдугаар сарын 1-ний үйл явдлыг эхний сэдэв болгов. Энэ өдрийн үймээний сэдэл нь улстөр байсан. Төгсгөл нь ч улстөр байх бололтой. АН-ынхан долдугаар сарын 1-ний хэрэг явдлаар ял авсан хүмүүст зориулсан өршөөлийн хуулийн тухай ярьж байна.
МАХН-ынхан Ерөнхийлөгчөөр уучлал үзүүлж улстөр хийх санаагаа цухалзаж эхэллээ. Харин Ерөнхийлөгч Н.Энхбаярын хувьд одоогоор МАХН-аас нэр дэвших эрхээ олж авах, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга, албан тушаалаараа дамжиж МАХН-ын удирдах зөвлөлд өөрийг нь төлөөлдөг Тамгын газрын даргын томилгоонд илүү санаа тавьж байна.
МАХН-ААС ХАМААРСАН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТОМИЛГОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар даргагүй нэг бүтэн, дэд даргагүй хагас жил болох гэж байна. Энэ албыг хашиж байсан Т.Билигт, М.Чойжилсүрэн нар МАХН-ын томилолтоор нэг нь хотын дарга, нөгөө нь УИХ-ын гишүүн болж хашиж байсан албан тушаал нь эзгүйрчээ. Тамгын газрыг нь удирдах итгэлтэй хүн олдохгүйдээ Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэг жилийг үдсэнгүй. Харин улстөрийн нөхцөл байдал түүнд Тамгын газрын даргаа томилох бололцоо олгосонгүй. Тамгын газрын дарга бол Ерөнхийлөгчийн ажлын албыг удирддаг төрийн өндөр албан тушаал. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх гэж байгаа учраас энэ томилгоо одоо улстөрийн агуулгатай болов. Энэ өдрүүдэд Ерөнхийлөгч Н.Энхбаярт өөрийнх нь Тамгын газрын дарга бус, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо илүү сонин байгаа. Төрийн тэргүүний Тамгын газрын чадварлаг удирдагч биш, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргатай гар нийлэх, өөрийг нь МАХН-ын удирдлагуудтай холбож чадах улстөрийн албан тушаалтан төрийн тэргүүнд хэрэгтэй боллоо. Энд гурван шалтгаан бий. Нэгдүгээрт Ерөнхийлөгч Н.Энхбаяр МАХН-аас Ерөнхийлөгчид дахин нэр дэвших магадлал өндөртэй. Хоёрдугаарт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бол МАХН-ын дүрмээр тус намын удирдах зөвлөлийн гишүүн байдаг. Гуравдугаарт нэгэнт удирдах зөвлөлийн квоттой учраас төрийн тэргүүнийг МАХН-тай албан ёсоор холбох ганц амьд холбоос нь Тамгын газрын дарга. Энэ утгаараа Тамгын газрын дарга Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийг шууд удирддаггүй юмаа гэхэд сонгуулийн ерөнхий менежерээс дутуугүй эрх мэдэл, үүрэгтэй оролцоно. Өмнө нь С.Баяр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Н.Багабандийн сонгуулийн кампанийг шууд удирдаж байсан тохиолдол бий. Тийм учраас МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны, эсвэл тус нам доторхи бүлэглүүүд генсекээ сэм тохиролцсоны дараа л Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тодорч мэдэх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын томилгоо МАХН-ын генсек хэн болохоос шууд хамааралтай боллоо.
ТАМГЫН ДАРГЫГ УЯСАН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТОМИЛГОО
Сонгуулийн кампани эхлэх гэж байгаа учраас Ерөнхийлөгч шинээр томилох Тамгын даргадаа төрийн ажлын туршлагыг ганц шалгуур болгохгүй нь мэдээж. Өмнө нь сонгууль удирдаж байсан туршлага, эсвэл сонгууль удирдах дадлагыг бас харгалзаж байгаа. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийг болон МАХН-ын өнөөгийн удирдлагуудын харилцааг зөөлрүүлж чадах, улстөрчийнхөө нэр хүнд, хувийн харилцаагаар тус нам доторхи бүлэглэлүүдийн дунд ойлголцлын зуучийн үүрэг гүйцэтгэх чадвартай хүнийг л Ерөнхийлөгч хайж байгаа. Магадгүй олсон ч байх. Ерөнхийлөгчийн халаасанд Д.Идэвхтэн, Т.Очирхүү, Л.Амарсанаа, У.Барсболд, Г.Шийлэгдамба гэсэн таван хүний нэр явааг хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэв сонгуулийн кампаниа гол шалгуур болгож байгаа бол эдгээрээс хамгийн боломжтой нь Л.Амарсанаа, У.Барсболд нар.
Нэр дэвшигчид бүгдээрээ нийгэмд болон МАХН дотор “Ерөнхийлөгчийн хүн” гэх хаягтай ч, Т.Очирхүүд сонгууль удирдсан урьдын туршлага байхгүй. Д.Идэвхтэний хувьд 2004 онд МАХН-ын сонгуулийн менежерээр ажиллаад хүлээсэн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдэл хийж байсан. Л.Амарсанаа сонгууль удирдаж байгаагүй ч, тэрээр намын ажлын туршлагатай. Гэхдээ хэт хатуу, хуучны арга барилдаа үнэнч, менежерийн биш, даргын байр суурианаас асуудлыг шийдэх гэж зүтгэдэг дутагдалтай. У.Барсболд бол сонгуулиар Н.Энхбаяртай гар нийлж ирсэн туршлагатай. Тэрээр Н.Энхбаярын УИХ-ын гишүүний хоёр ч удаагийн сонгуулийг удирдан ялуулж байв. Харин У.Барсболд, Л.Амарсанаа нар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг илүү сонирхож байгаа болов уу. Уг нь Тамгын газрын дарга бол сайдын зиндаатай төрийн өндөр дээд албан тушаал. Гэхдээ яг энэ цаг үед эдлэх эрх мэдлээрээ ч, захиран зарцуулах мөнгөөрөө ч МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргынх Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас илүү байх магадлалтай. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга бол намын байраа босгох их бүтээн байгуулалтыг удирдана. Дээр нь хамтарсан Засгийн газрын үед УИХ дахь намын бүлэг болон танхимын сайд нарт намын бодлогоор шууд үүрэг өгөх эрх эдэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн компанийг ч удирдана. Тэгэхээр Ерөнхийлөгчийн халаасанд яваа гэх нэрсээс ганцхан Г.Шийлэгдамба л үлдэж байна. Ерөнхийлөгчид тууштай үнэнч явж ирсэн, замын дунд бүлэглэл фракц солиогүй, одоо ч ойр дотно зэргээрээ Г.Шийлэгдамба бол хамгийн бодитой нэр дэвшигч юм. Гол нь Г.Шийлэгдамбатай хэр ойлголцох, гар нийлэх эрхэм МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болох нь түүнийг Тамгын газрын дарга болох үгүйг шийдэх болов уу.
Л.Амарсанаа, У.Барсболд нараас гадна Т.Гантулга, У.Хүрэлсүх нарын нэр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргад яваа. Гэхдээ эцсийн сонголтыг намын дарга С.Баяр хийж нэг, эсвэл хоёр хүний нэрийг намын Бага хуралд оруулж санал хураалгана. Хэнийг гэдгээ тэр эцсийн мөчид буюу санал хураахын өмнө л зарлана. Энэ нь С.Баярыг бусад улстөрчөөс ялгадаг гол зан чанаруудын нэг. Дашрамд дурдахад сонгуулийн дараахь хамтарсан Засгийн газраас эхэлсэн улстөрийн зарим үйл явдлаас харвал долдугаар сарын 1-ний үйл явдал С.Баярыг улам ч хашир болгосон бололтой. С.Баярыг ам ангайтал намын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх өрсөлдөөн дөрвөн хүнээс хоёр, эсвэл нэг болж цөөрөхгүй л байх. Ер нь бол У.Барсболд, Л.Амарснаа, Т.Гантулга, У.Хүрэлсүх, дээр нь Г.Шийлэгдамба, энэ тавын дотроос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга ч, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ч тодрох болов уу.
ЗАГАСЧНЫ МОРЬ УСГҮЙ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бол төрийн тэргүүний ажлын албыг удирддаг атлаа улстөрийн албан тушаалтан байдаг. Монгол Улсад Ерөнхийлөгчийн алба бий болсон 1993 оноос хойш М.Энхсайханыг эс тооцвол дандаа МАХН-ын гишүүн-Тамгын газрын дарга, дэд дарга нар ажиллаж иржээ. МАХН-ын Удирдах зөвлөлийн 21 гишүүний нэг суудал бол хэн байхаас үл хамааран Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад зориулагдсан ногоон гэрэлийн суудал байдаг. Ийм шалгуураар Н.Багабандийн үед Б.Батхишиг, Н.Энхбаярын үед Т.Билигт нар МАХН-ын удирдах зөвлөлд багтаж байлаа. Дүрмийн энэ заалт, урьдын жишгийг гадныхан сайн ойлгодоггүй.
Ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болж намаасаа түдгэлзсэн төрийн тэргүүний ажлын албыг МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн удирдаж, нам бус Ерөнхийлөгчид мөн л намын томилолттой, намын гишүүн зөвлөхүүд зөвлөдөгийг гайхдаг. МАХН-ын удирдах зөвлөлд Ерөнхийлөгчийн төлөөлөл заавал байх ёстой юм уу гэж асууж байсан хүн ч бий. Жишээ нь, Манайд Ерөнхийлөгчид улстөрийн бодлогын зөвлөх гэж бий. Тэр нь мөн л МАХН-ын гишүүн. Тийм учраас намын бодлогын зөвлөхийн үүргийг давхар гүйцэтгэдэг гэж зарим хүн шүүмжилдэг.
Ерөнхийлөгчийг намаар дамжиж сонгодог ч, олонхи улсад төрийн тэргүүний институц нь бүхлээрээ улстөрийн намаас үл хамааралтай байдаг ажээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилгаар парламент төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгосн уг хуулийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Уг хуулиар яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга гээд түүнээс доошхи бүх төрийн албан хаагчид нам бус болох учиртай. Загасчны морь усгүй гэдэг шиг санаачилсан хуульдаа Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа улстөрийн албан тушаалтан хэвээр үлдээжээ.