Ерөнхийлөгч Н.Энхбаяр Тамгын даргаа томиллоо. Хэвлэлийнхний таамаг зөрсөнгүй. Одоогоос жилийн өмнө нийслэлийн Засаг дарга болох гэж зүтгээд  хотын бүлгийн  өмнө намын даргынхаа хамтаар хүчгүйдэж явсан  Л.Амарсанаа энэ албанд  очлоо.  Ерөнхийлөгч улстөрийн шалгуураар  МАХН-ын “гал тогоо”-ноос  Тамгын даргаа томилно гэсэн ажиглагчдын дүгнэлт ч гажсангүй. Сонгуулиас хойш  генсек ч үгүй, гэр ч үгүй яваа  МАХН-ын нарийн бичгийн дарга нарын нэг нь  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болж дэвшив.  Намаасаа түдгэлзсэн төрийн тэргүүний ажлын албыг МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн  тэргүүлэхээр боллоо. Тамгын газрын аппаратыг чадварлаг удирдах бус, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр, С.Баяр нарын “хүйтэн дайн”-ыг зөөлрүүлэх, МАХН-тай ойлголцуулах хүндхэн үүргийг шинэ дарга  Л.Амарсанаа хүлээж байна. Сүүлийн хоёр сонгуульд МАХН-ын төв аппаратыг удирдсан түүний  ажлын байр  ийнхүү Төрийн ордонд шилжсэнээр  тус намын ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөгчдийн тоо нэгээр цөөрөв. Одоо хэвлэлийнхний болон ажиглагчдын таамгаар УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, намын нарийн бичгийн дарга У.Барсболд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, сайд асан Г.Шийлэгдамба нар ерөнхий нарийн бичгийн даргад тунаж үлдэж байна.   Гэхдээ Л.Амарсанаа  өрсөлдөөнөөс гарсан ч, түүнийг Тамгын даргаараа томилсон Н.Энхбаярын дам сонирхол энэ албан тушаалаас бүрмөсөн “яваагүй” нь  тодорхой.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь ганцхан. Харин энэ албан тушаалаар дамжих сонирхол нь  гурав байгаа юм. Нэгдүгээрт МАХН-ын нийтлэг сонирхол, хоёрдугаарт намын дарга С.Баярын, гуравдугаарт  Ерөнхийлөгч Н.Энхбаярын сонирхол.

МАХН-ын нийтлэг сонирхол.  МАХН-ынхан өнгөрсөн 87 жилийн түүхэнд сонгуулийн ялалтынхаа дөчин хувиас татгалзаж,   намынхаа байрыг шатаалгаж,  хээрээр гэр хийн айлд хоног төөрүүлж явсангүй. Н.Багабандийн хэлснээр 1997 оноос хойш МАХН-ын гудамжинд үргэлжилж байгаа баяр долдугаар сарын 1-нээр тасарлаа. Парламент, орон нутгийн дараалсан хоёр сонгуулиар МАХН-д морь цаг тохиосон ч, тэр нь хэтэрхий их хохирол авчрав.  Дарга шүтдэг, хэт  босоо удирдлагатай, бараг л цэрэгжсэн байгууллагын дүрэмтэй  энэ намын Удирдах зөвлөлийн шийдвэр доод шатандаа өнөөдрийнх шиг  хүчгүйдэж байсан түүх ч  МАХН-д байсангүй. Жилийн өмнө Ц.Батбаярыг хотын даргаас огцруулах гэж намын Удирдах зөвлөл бүрэлдэхүүнээрээ зүтгээд  дийлээгүй. Тэгвэл өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Засаг даргаар томилуулахыг үүрэг болгосон Удирдах зөвлөлийн шийдвэрийг Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Архангай,  Говь-Алтай, Дорнод зэрэг  хэд хэдэн аймгийн намын хороод  хүлээж авсангүй. Зарим аймгийн намын хороо орон нутгийн бие даасан тоглолт хийж, намын бодлого, Удирдах зөвлөлийн шийдвэрийг  ИТХ-ын гадна үлдээлээ.  Байгуулагдсан цагаасаа хойш, хамтарсны ашгийг гаргаж  хурд харуулж чадахгүй байгаа хамтарсан Засгийн газарт эргэлзэх, тээнэгэлзэх хэсэг ч бий болов.

 Энэ бүхэн нь МАХН-д орон тооны хүчтэй лидер үгүйлэгдэж байгааг харууллаа. Намын даргаасаа илүү  тодордоггүй юмаа гэхэд, С.Баярыг  Ерөнхий сайдын ажлаа хийх үед нь намынхаа ар талыг аваад явчих хүчтэй ерөнхий нарийн бичгийн даргыг хүсч байна, МАХН.  Энэ нам гадаадад сургууль төгссөн, гадаадын хэд хэдэн хэлтэй, тэр хэрээрээ боловсролтой  нэгнийг шууд  ерөнхий нарийн бичгийн дарга болгож үзсэн. Тэр нь өдгөө сайд болсон Ё.Отгонбаяр.  Гэхдээ түүнд намын ажлын туршлага дутаж,  том намын ерөнхий нарийн бичгийн даргын зиндаанд байж чадаагүй.  Тийм учраас л МАХН-д улстөрийн өнөөгийн орчинд  боловсролоос илүүтэй намын ажлын туршлагатай, бие хүн нь хүчирхэг лидер хэрэгтэй байна.  Бас аль нэгэн бүлэглэлийн МАХН дахь суурин төлөөлөгч биш, намын дотоод эв нэгдлийг хангах, зөрчилтэй хэсгийн  дунд зуучийн үүрэг гүйцэтгэх  чадвартай,  зөрчилддөг лидерүүдтэйгээ хувийн сайн харилцаатай улстөрч бол МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ерөнхий формат юм. Н.Багнабанди, Л.Энэбиш, С.Баяр нар шиг хүчтэй ерөнхий нарийн бичгийн даргын орон зай МАХН-д ханхайж байна.

 Ер нь МАХН том нам учраас үе үеийн ерөнхий нарийн бичгийн дарга нар нь дандаа төрийн өндөр албан тушаалд очиж ирсэн түүхтэй. Хувь хүн нь хүчирхэг эсэхээс хамааран очих албан тушаалын эрэмбэ нь тодорхойдлогдож байв.  Жишээ нь, Н.Багабанди, Н.Энхбаяр нар намын ерөнхий нарийн бичгийн даргаас улсын Ерөнхийлөгч болтол дэвшсэн бол Л.Энэбиш агсан УИХ-ын дарга, С.Баяр Ерөнхий сайд болжээ. Харин Д.Идэвхтэн УИХ-ын дэд дарга, Ё.Отгонбаяр сайд болжээ. Тэгэхээр  улстөрийн карьераа өсгөх хамгийн боломжтой албан тушаал бол  МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга юм.  

С.Баярын сонирхол. Намын дарга С.Баяр улстөрийн өнөөгийн нөхцөлд өөрөөсөө дутуугүй хүчирхэг хүнийг ерөнхий нарийн бичгийн даргад санал болгох болов уу.Улстөрийн өнөөгийн нөхцөл байдал  гэдэгт хамтарсан Засгийн газрын орчин, Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийг нэрлэж болно. Хэдийгээр тэр намын дарга ч, бас кабинетын зарчмаар ажилладаг хамтарсан Засгийн газрын тэргүүн. Түүний хэлэх үг, хийж байгаа үйлдэл нь МАХН-ын дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдын алтан дундажийн тэнцвэрийг  барих үүрэгтэй, Ц.Элбэгдоржийн хэлснээр бас л түүхий өндөг атгаж яваа нэгэн. С .Баяр  МАХН-ын даргын  байр суурианаас хэлэв үү, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд  хамтарсан Засгийн газрын бодлогыг илэрхийлэв үү гэдгээс улстөрийн орчин  яаж ч эргэж болно.  Тийм учраас түүнийг Ерөнхий сайд байх үед нь  МАХН-ын дуу хоолой болчих хүн л С.Баярт хэрэгтэй.  Гэхдээ хүчтэй хүн сонгоно гээд өөрийг нь эзгүйчлээд нам дотор ч, Засгийн газарт ч бага оврын төрийн эргэлт хийчих хэт хүчирхэг, бас итгэлгүй  нэгнийг ерөнхий наргийн бичгийн даргад санал болгохгүй гэдгээ С.Баяр сайн мэднэ. Өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газрын тогтвортой байдлыг удаан хадгалахад зориулж намын ажлыг явуулах   хүнийг санал болгох нь л  С.Баярын хамгийн гол сонирхол

Н.Энхбаярын сонирхол. Шинээр томилогдох намын ерөнхий нарийн бичгийн дарга МАХН-ыг чадварлаг удирдах нь Н.Энхбаярт тийм ч чухал биш. Түүний хувьд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас дахин нэр дэвших эрхийг олж авахад зуучлах, дэвшлээ гэхэд сонгуулийн кампанийн сайн менежер болж чадах хүнийг ерөнхий нарийн бичгийн дарга болохыг сонирхож, хүсч  байгаа. Энэ бол Ерөнхийлөгчийн хамгийн том сонирхол.

 Дээр өгүүлсэн  гурван сонирхол  нэг цэг дээр  уулзах эсэх нь ерөнхий нарийн бичгийн дарга хэн болохоос шууд хамаарна. Энэ гурван сонирхлыг нэг болгож,  чаддаггүй юмаа гэхэд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй авч явах ерөнхий нарийн бичгийн даргын эрэл МАХН дотор  үргэлжилж байна.

Ерөнхий наргийн бичгийн даргад дүрмийн дагуу намын дарга  санал болгоно. Одоогоор С.Баяр санал болгож мэдэх, эс бөгөөс танхимаас нэр дэвших магадлал өндөртэй дөрвөн хүн бий.

У.Хүрэлсүх. Тэр  хамгийн магадлал өндөртэй нэр дэвшигч.  Намын ажлын туршлага гэх гол  шалгуурыг зуун хувь хангаж байгаа. 1992 онд МАХН-ын апаратад ажиллаж эхэлснээс хойш намын удирдах зөвлөлийн гишүүн болтлоо дэвшсэн. Найман жил УИХ-ын гишүүн, хоёр танхимд сайд явсан. Эрх мэдэл, үүрэг нь  Зүүний хүчний холбоонд шилжээд байгаа МАСЗХ хэмээх асан байгууллагыг үүсгэн байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан. Ер нь МАХН дотор өөрийг нь хүрээлсэн, өөрт нь үнэнч багтай хоёрхон хүн бий. Нэг нь Зүүний хүчний холбоотой У.Хүрэлсүх, нөгөө нь хотын бүлэгтэй М.Энхболд. Хэдийгээр намын дарга ч өөрийг нь хүрээлсэн ийм хүчирхэг баг С.Баярт ч байхгүй.  Зүүний хүчний холбоонд МАХН-ын цөм болсон 35-аас дээш насныхан багтдаг. Харин намын бодлогыг 2000-2008 онд УИХ-д байсан гишүүд тодорхойлж яваа.  Хэрэв С.Баярын халаасанд МАХН-ыг  хөзөр болгож багтаавал дөрвөн түүз нь М.Энхболд, Т.Бадамжунай, Сү.Батболд, Ц.Нямдорж нар юм.  Гэхдээ гол хөзөр  ихэнхдээ М.Энхболдын өнгөөр  гардаг.  Эдгээр “түүз”-үүдийн  алинтай ч дотно холбоо үүсгэх, ойлголцох чадвар хийгээд урьдын уламжлалт сайн харилцаа У.Хүрэлсүхэд бий.  Тэгэхээр намын удирдлагууд, нам доторхи бүлэглэлүүдээс хамгийн их дэмжлэгтэй нь У.Хүрэлсүх юм.  Түүнээс гадна хэлье гэснээ хэнд ч хэлчихдэг нь У.Хүрэлсүхийн бас нэгэн давуу чанар.  Энэ нь 2000-2004 онд МАХН-ын бүлэг  дотор ганцаараа сөрөг хүчин болж явсан, 2005 онд Ц.Элбэгдоржийг Засгийн газрыг огцруулах  намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг цээжээрээ хамгаалж явсан шатсан тугтай тэмцэл зэргээс нь харагддаг.  Хамгийн сүүлд  төрийн банкны мөнгөөр казино тоглосон, Фургон машин авсан  хэрэгт холбогдож улстөрийн маш хүнд нөхцөлд  ялгүй гарч ирж чадлаа. Түүний хэргийг прокуророос цагаатгажээ.  Гэхдээ энэ муу нэр У.Хүрэлсүхээс тийм  амар салахгүй ээ.  Хуулийн байгууллагын шийдвэр тэгж гарсан ч, улстөрчийнх нь нэр хүнд нэг хэсэгтээ сэвтэй л явнаМАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргад түүний хүчтэй өрсөлдөгч нь  У.Барсболд. Тэрээр У.Хүрэлсүх шиг цагдаа шүүхээр яваагүй ч, газартай холбоотой муу нэр түүний улстөрийн карьерьт одоо ч  нэрмээс болдог. Үүнтэй адил хэдийгээр цагаатгасан ч гэсэн төрийн банкны мөнгөөр казино тоглосон гэдэг нэг нэр, хоёр хоч У.Хүрэлсүхээс амар салахгүй байх аа. . Энэ бол олны өмнө ил явдаг улстөрчдийг тойрдоггүй, дайрдаг хувь тавилан бололтой.  Энэ талаасаа, “Хадагалмж” банкны хэрэгт шалгагдаж байсан гурван хүний нэгийг Засгийн газрын танхимд сайд, нөгөөг нь намд ерөнхий нарийн бичгийн дарга болголоо гэх олны хэл амаас намын дарга  С.Баяр болгоомжлохыг үгүйсгэхгүй. Үүнийг эс тооцвол У.Хүрэлсүхийн өмнө ногоон гэрэл асахыг анхааруулсан шар гэрэл анивчиж байна.

У.Барсболд. Намын ерөнхий нарийн бичгийн даргад хэн ч байсан хүчтэй өрсөлдөгч болж чадах дараагийн хүн бол У.Барсболд. Одоо намын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа нь  түүний намын ажлын туршлагатайг илтгэнэ. Намын аппаратыг чадварлаг удирддаг, сонгуулийн шаггүй сайн менежер учраас л Н.Энхбаяр хоёр удаагийн сонгуулиа удирдуулсан байх. Ер нь МАХН дотор баруунд боловсрол эзэмшсэн, хоёр танхимд сайд явсан, сонгууль удирдаж байсан туршлагатай цөөхөн хүний  нэг нь У.Барсболд. Эзэмшсэн  боловсрол, баримталдаг  соёл нь улстөрд түүнийг хэтэрхий зөөлөн нэгэн болгон харагдуулдаг. М.Энхболд, У.Хүрэлсүх нарынх шиг хүчирхэг биш ч, “Улаан сарнай хөгжил-хөдөлгөөн” гэх сульдаж яваа баг У.Барсболдод бас бий.  Тус намд багтай хоёр л хүн бий гэдэгтэй адил МАХн-аас иргэний нийгмийн байгууллагуудтай хамгийн сайн ойлголцож чадах бас л хоёр хүн бий. Энэ бол  өөрсдөө иргэний нийгмийн байгууллагаар дамжуулж нэг хэсэг  нам дотроо улстөр хийж явсан “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн  У.Барсболд, Онц их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн Т.Гантулга нар юм.   МАХН-ын залуу, шинэ үеийн коммунистуудаас тэс өөр байж чаддаг нь У.Барсболдын давуу чанар юм. Магадгүй энэ нь хуучин школтой лидерүүдээс дэмжлэг авахад мань хүнд  саад болдог байх.  Уг нь намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал У.Барсболдын өмнө байнгын шар гэрэл асч байгаад л эцсийн мөчид улаанаар солигдчихдогы. М.Энхбодыг намын дарга болоход ч, С.Баярын үед ч ерөнхий нарийн бичгийн даргад байнга яригддаг хүн бол У.Барсболдын нэр байнга гарч  байлаа. Энэ удаа яахыг цаг хугацаа л харуулах байх. Одоо харагдаж байгаагаар л болнамын дарга С.Баяр  түүнд итгэхгүй байгаа ч  юмшиг. Хэрэв итгэдэг байсан бол Ё.Отгонбаярын дараа ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг У.Барсболдод биш, яагаад Ц.Сүхбаатарт гүйцэтгүүлсэн юм бол  гэсэн асуулт гарна.

Т.Гантулга. Ерөнхий нарийн бичгийн даргад бодитой өрсөлдөгчдийн нэг нь Т.Гантулга. Тэр бас л намын ажлын туршлагатай.  Аймгийн намын хорооны даргаас намын даргын улстөрийн бодлогын зөвлөх хүртэл дэвшсэн.  Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун зэрэг “ланжгарууд”-тай хамт намын дарга Н.Энхбаярт зөвлөж явсан нь Т.Гантулгын намын ажлын туршлагыг, нөгөө талаас улсөтрийн талаар хоосонгүйг харуулна.  У.Хүрэлсүхээс эрч хүч, У.Барсболдоос боловсрол мэдрэгддэг  бол Т.Гантулгаас аль аль нь харагддаг. Энэ тухай яруу найрагч Ц.Хулан “Гантулга бол улстөрийг аядуу бөгөөд шаргуу хийдэг нь Онц их хурлын төлөө хөдөлгөөний удирдаж байх үед нь мэдрэгдсэн” гэж ярилцлага өгсөн байсан. У.Хүрэлсүх, У.барсболд нараас  ялгарах давуу тал гэвэл хөдөлгөөн байгуулж явахдаа Т.Гантулга хэвлэл мэдээллийнхэнтэй дотно холбоо үүсгэж чадсан. Хэрэв   тэрээр  хэвлэлийнхний дэмжлэгээр Онц их хурлын төлөө хөдөлгөөн байгуулж бужигнуулаагүй бол өнөөдөр МАХН-ын ээлжит бус их хурал хуралдаагүй, С.Баяр намын дарга болоогүй, улмаар тус нам сонгуульд ялалт биш, ялагдал хүлээсэн байхыг хэн ч үгүйсгэхгүй.  Үүгээрээ 2008 оны сонгуулийн ялалтын нэг суурь нь Онц их хурлын төлөө хөдөлгөөн юм.  Зарим улстөрийн ажиглагч Т.Гантулгыг МАХН-ын ээлжит бус их хурлаар улстөрийн карьераа дуусгалаа гэдэг. Тухайн үед тэрээр намын дарга М.Энхболдыг огцруулж болохгүй гэж “тэнэгтсэн” юм.  Үүнийгээ сонинд “тухайн үед би хүн чанар, албан тушаал гэсэн хоёр сонголтын өмнө ирсэн. Тэгээд эргэлзэлгүйгээр хүн чанарыг нь сонгочихсон, алдаагүй гэдэгтээ одоо ч эргэлздэггүй” гэж өөрөө  тайлбарласан байна лээ.  Үнэхээр түүний өөрийнх нь хэлснээр манай өнөөгийн улстөрчдөөс хүн чанар үнэртэж, сэтгэл мэдрэгддэг бол сайн л хэрэг.  Харин Т.Гантулга улстөрийн биш, намын ажлын карьертаа удахгүй болох намын Бага хурлаар жинхэнээсээ  цэг хатгаж  мэдэх юм.  Тэрээр ерөнхий нарийн бичгийн дарга болж чадахгүй бол Төрийн нарийн бичгийн даргын албаа үргэлжлүүлнэ. Төрийн албаны хуулийн дагуу намаасаа түдгэлзэнэ.  Хэрэв Т.Гантулга генсек болбол Онц их хурлын төлөө хөдөлгөөн байгуулахдаа ярьж гарч ирсэн, 25 дугаар их хуралд хэлэлцүүлсэн МАХН-ыг шинэчлэх үзэл санаагаа хэрэгжүүлнэ.   У.Хүрэлсүх бол намын аппаратын ажлын урьдын уламжлалыг үргэлжлүүлнэ. Үүгээрээ тэд ялгаатай.   Гэхдээ  яг өнөөдөр намынхаа бодлогыг тодорхойлж яваа лидерүүдтэй  харилцааны улстөр хийж, тэдний дэмжлэгийг авахад  У.Хүрэлсүхийнхтэй дүйцэхүйц хэлхээ холбоо Т.Гантулгад байхгүй.  Иймд Т.Гантулга улстөрийн сэдвээр  доктор болтлоо эрдмийн ажил хийсэн хүний хувьд үйл явдлыг мэдэрч дараагийн  гэрэл солигдохыг хүлээлгүйгээр өөрөө тоглоомоос гарч мэдэх л юм. 

Г.Шийлэгдамба. Түүнийг Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд, Байгаль орчны сайд байсан гэдгээр нь хүмүүс  андахгүй. Зарим нэг нь “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны нэг хөрөнгө оруулагч байсан гэх хэвлэлийн мэдээгээр мэдэх байх.  Харин намын ажил хийж явсан эсэхийг олон нийт мэдэхгүй. Хийж яваагүй учраас тэр шүү дээ. Г.Шийлэгдамба  намын ажлын туршлагаар дээр өгүүлсэн гуравтайгаа өрсөлөдхгүйн дээр ерөнхий нарийн бичгийн даргын гол шалгуурын гадна үлдэж байна. Үүгээрээ  тэрээр бодитой өрсөлдөгч байж чадахгүй нь. Иймд түүний өмнө анивчсан шар ч үгүй, шууд улаан гэрэл асч байна гэсэн үг. Харин  түүнийг Байгаль орчны сайдаар томилох үед Ц.Нямдорж “энэ Шийлэгдамба гэж хоёр талаасаа хоёр кранаар өргүүлсэн нэг нөхөр дээшээ  яваад л  байх юм аа гэж “хэлсэн. Энэ удаа ч бас  кранаар өргүүлж ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөх гэж байхыг  үгүйсгэхгүй.  Харин краныг нь хэн жолооддогийг нотлох баримт алга. Хэвлэл хийгээд улстөрийн хүрээнийхний мэдээгээр бол Г.Шийлэгдамба нь Ерөнхийлөгч Н.Энхбаярт тууштай үнэнч яваа залуу улстөрч юм гэнэ лээ.    

Хэн ерөнхий нарийн бичгийн даргаар тодрох эцсийн шийдвэрийг бага хурлаас гаргана. Тэр шийдвэр яаж гарах нь С.Баярын саналаас ихээхэн хамаарна. Эдгээр нэр дэвшиигчдээс тэс өөр хүн гарч ирэхийг ч үгүйсгэхгүй. Хэрэв намаас залуу хүний эрч хүчийг шалгуур болгохгүй, өөрөө жижгэрэхгүй гэвэл Ерөнхийлөгч асан Н.Багабанди ч энэ албанд томилогдохыг үгүйсгэхгүй. Гол нь намын даргын ард намын ажлыг даах лидерийг хайж байгаа ч, тэр нь хэн байх нь Н.Энхбаярыг МАХН-аас дахин нэр дэвших эрхээ олж авахад ямар нэгэн байдлаар нөлөөлөх  юм.

Байргүй, орон тооны байдаг ерөнхий нарийн бичгийн даргагүй, намын дарга нь Ерөнхий сайдын давхар албатай, зургаан нарийн бичгийн даргынх нь гурав нь сайд, нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын дарга болоод явчихсан, тооны хувьд удирдлагын хомсдолд орж эзгүйрсэн  МАХН-аар нэг иймэрхүү сонинтой!