Сианьд болсон хачирхалтай явдлыг сурвалжилсан минь
Энэ өдрүүдэд дэлхийн II дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг дэлхий нийтээрээ тэмдэглэж байгаа билээ. Дайны явцыг эргүүлсэн түүхт тулалдаануудыг дурсаад байхаас бус түүхэнд бичигдэж үлдэх өөр үйл явдлуудыг тэр бүр мэддэггүй.
Энэ өдрүүдэд дэлхийн II дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг дэлхий нийтээрээ тэмдэглэж байгаа билээ. Дайны явцыг эргүүлсэн түүхт тулалдаануудыг дурсаад байхаас бус түүхэнд бичигдэж үлдэх өөр үйл явдлуудыг тэр бүр мэддэггүй. Хэрэв жингийн тухай дээр тавьж үзвэл миний очсон энэ Сиань хотод эртний Тан улсын хаадын усанд орж сэрүүцдэг харшид 1936 оны 12 дугаар сард болсон хэдхэн өдрийн үйл явдал Хятадын түүхнээ баларшгүй тод мөр үлдээсэн, Хятад ба Зүүн Ази дахь дайны түүхийг эргүүлсэн тийм нэгэн түүхэн явдал өрнөөд өнгөрчээ.
Дэлхийн II дайны түүхийг бүтээлцсэн эрхмүүдийн дотор Дундад Иргэн Улсын удирдагч асан генералиссимус Чан Кайшийн нэр бичээстэй байдаг, харин араас нь генерал Жан Сюэлян, Ян Хучэн нарыг бичсэн нь бараг үгүй.
Миний очсон энэ газар бол байгалийн халуун рашаанаараа алдартай Линьтун гэдэг газар. Сиань хотоос 26 км-т өндөр уулын ар бэлд байрлах эртний хаадын лавиран. Тэнд Чан Кайши нэг үе байрлаж, тэндээс Хятадыг залуурдах санаатай, иргэний дайныг командалж байжээ. Хожим нь БНХАУ-ын Ерөнхий сайд Жоу Эньлай ч энд ирж алжаалаа тайлж халуун рашаанд биеэ тордож байсан юм билээ.
Би өөрөө түүх сонирхдог судалдаг, бас хобби ч гэх үү, дэлхийн түүхэнд ул мөрөө үлдээсэн газруудаар аялах донтой. Түүндээ хөтлөгдөөд тэнд очсон хэрэг л дээ.
Тайбэйд Чан Кайшийн мемориал гэдэгт өмнө нь зочилж байсных, энэ удаа түүний амь нас хутганы ирэн дээр очсон тэр будлианд явдлын жимээр хагас өдөр аяллаа. "1936.12.12"- энэ бол ХХ зууны Хятадын түүхэнд бичигдэж үлдсэн тэр өдөр л дөө.
Юу хэмээвээс Чан Кайши өвлийн тэр өдрүүдэд Сианьд штабтайгаа нүүдлэн очиж эрх мэдлийг тэндээ төвлөрүүлээд Гоминдан намд үнэнч хоёр генерал болох Жан Сюэлян, Ян Хучэн нарт Маогийн Улаан арми руу довтлон сөнөөхийг үүрэг болгожээ. Хэрэв тушаалыг эс дагавал Гоминданы их цэргээр даран устгана хэмээн дарамталжээ. Харин цаад хоёр эх оронч нь татгалзжээ.
Японы эсрэг дайнд үхэл хагацал үзэн тэмцэж ядан байхад юун иргэний дайн бэ? Өвөр хоорондоо хядалцаж ханалаа. Одоо Сталин багшийн зааснаар Нэгдсэн фронт байгуулж, гоминдан, коммунист гэлтгүй нэг арми болоод японыг хоёр талаас нь довтлон сөнөөе хэмээн тэр хоёр хариу өччээ. Тэр хоёр хариу болзлоо хугацаа заан хатуу тулгасан ба түүнийг нь ч Хятадын олон нийт талархан хүлээн авч Чан Кайшийг олон талаас нь шахаж шаарджээ. Мань жанжин гэдийж гүрийсээр байгаад өөрөө баривчлагдах нь тэр.
Байрлаж байсан байрныхаа цонхоор ам мөлтөс үсэрч гараад ой дотуур эрчээрээ гүйж уул даваад уулын энгэр дээр баривчлагдаж байсан гэх газруудаар нь би явж үзлээ. Ийм нөхцөлд мань хүнийг цэргийн шүүхээр оруулаад цаазалчихсан бол түүхэнд "Генералиссимус Чан Кайши" гэж бичигдэн үлдэхгүй байсан байх. Гэвч хятад ухаан түүнийг аварчээ. Ял оноох нь бүү хэл хэдэн талаас нь уучлан өршөөгөөд дахин Ерөнхий дээд командлагчаар залав. Баривчлагдсан түүнийг суллуулахын төлөө ХКН-аас зуучлахаар Жоу Эньлай тэнд очиж түүхэн үүрэг гүйцэтгэв. Мөн Сталины телеграмм Москвагаас зааварлав. Гэх мэт бөөн юм болж байж мань хүн суллагдан, 1937 оноос иргэний дайнаа эх орноо чөлөөлөх дайн болгохоор шийдвэрлэсэн түүх цааш өрнөжээ.