Ялтын бага хурал

Энэ өдрүүдэд 70 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Дэлхийн II дайны төгсгөлийн үеийг Ялтын (Крымын) бага хурлын тохиролцоогоор тавьсан билээ. Ялтын (Крымын) бага хурлаар Монгол Улс олон улсын статусаа олж аван, улмаар Японы эсрэг чөлөөлөх дайнд оролцсоноороо тусгаар тогтнолоо баталгаажуулжээ.

Ингэхэд Ялтад яг ямар үйл явдал болсныг түүхээс эргэж сонирхъё. Гитлерийн эсрэг эвслийн орнуудын лидерүүдийн хоёр дахь уулзалт 1945 оны 2 дугаар сарын тэр өдрүүдэд Ялта дахь Ливадын цагаан ордонд явагдаж, II дайны дараахи дэг журмыг хэлэлцжээ. Цөмийн эрин эхлэхээс өмнөхөн Гитлерийн эсрэг эвслийн их гурвал сүүлчийн удаа уулзсан нь энэ байв. Мэдээж дайны дараахи Европ (Польш, Герман, Балкан, Европыг чөлөөлөх, дайны хохирлын төлбөр), мөн шинэ НҮБ, түүний Аюулгүйн Зөвлөл ба вето тавих эрх зэрэг нь хэлэлцэх хэргийн голд байсан, харин манай тив, бүс нутагтай холбогдох хэсгийн тухайд тусдаа баримт бичигт тусгагджээ. Зүүн ба Зүүн өмнөд Азид Япон эзэгнэж байсан ч “Алс Дорнодын хувь заяа” гэдэг утгаар СССР-ийн Алс Дорнодоор баримжаалж шинээр геополитикийн орон зай томъёолж гаргаж ирсэн хэмээн үзэхээр юм.

“Алс Дорнодын хувь заяа” гэдэг ухагдахуунд хамгийн эхэнд Монголын хувь заяа яригдаж байсан ба тэр үеийн БНМАУ-ыг “Гадаад Монгол” хэмээн геополитикийн нэрээр нь томъёолж Дундад Иргэн Улсаас (тэр үеийн Хятад) де-юре (де-факто бол бүр 1911 оноос яригдана) тусгаарлах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн билээ. Тэр тэмдэглэлт өдөр бол  1945.02.11, И.Сталин, Ф.Рузвельт, Уинстон С.Чөрчилль нарын гарын үсгээ зурсан хэлэлцээр. Хэлэлцээрийн гурван заалт товч тодорхой, утга төгөлдөр, оновчтой. Түүнд ингэж өгүүлжээ. 



Германыг буулган авч, Европт дайныг дуусгаад 2-3 сарын дараа Зөвлөлт Холбоот Улс нь дараахи нөхцөлтэйгээр Японы эсрэн дайнд Холбоотнуудын талд орж байлдана.
  1. Гадаад Монголын (БНМАУ) status quo-г хадгална;
  2. 1904 онд Япон Орост зэрлэгээр халдахад зөрчигдсөн Оросын эрхийг сэргээнэ; тухайлбал а)  Сахалин арлын өмнөд хэсэг, түүний эргэн тойрны бүх арлыг Зөвлөлт Холбоот Улсад буцааж олгоно; b) Зөвлөлт Холбоот Улсын эрх ашгийг давуу харгалзан худалдааны  Дайрен боомтыг интернационалчилна. СССР-ийн тэнгисийн цэргийн бааз болгон Порт-Артурын арендыг сэргээнэ; c)  Дайрен боомт руу гарах боломж олгох үүднээс Дорнод Хятадын төмөр зам, Өмнөд Манжуурын төмөр замыг хамтран ашиглана. Эхний үед Зөвлөлт-Хятадын хамтарсан нийгэмлэг байгуулах замаар ашиглах ба Зөвлөлт Холбоот Улсын эрх ашгийг давуу харгалзан үзнэ. Гэхдээ Хятад нь Манжуурт бүрэн эрхээ хадгалах болно;
  3. Курилын арлуудыг Зөвлөлт Холбоот Улсад шилжүүлнэ.

Гадаад Монгол ба нэр дурдсан боомт, төмөр замуудын тухай хэлэлцээрийг генералиссимус Чан Кайшигаар зөвшөөрүүлэх шаардлагатай. Маршал И.В.Сталины зөвлөснөөр Ерөнхийлөгч (Ф.Рузвельт) тэгж зөвшөөрүүлэх арга хэмжээг авна. Зөвлөлт Холбоот Улсын дээрхи санаархлуудыг Японыг ялсны дараа үг дуугүй хангах болно гэдгийг Гурван Их Гүрний Засгийн газрын тэргүүнүүд зөвшөөрлөө. Хятадыг японы дарлалаас чөлөөлөхөд зэвсэгт хүчнээрээ тусламж үзүүлэхийн тулд  СССР ба Хятадын хооронд Найрамдал, холбооны тухай гэрээ Хятадын Үндэсний Засгийн газартай байгуулахад бэлэн байгаагаа Зөвлөлт Холбоот Улс өөрийн зүгээс илэрхийлж байна гэжээ.

Ийнхүү Ялтын хэлэлцээрийн заалтын дагуу СССР Японд дайн зарлан 1945.08.08-нд олон фронтоор дайнд орсон. Харин тэр чөлөөлөх дайны өмнөх оршил болгож дэлхийн II дайн  Ази-Номхон далайн бүс нутагт хэрхэн өрнөж ирсэн түүхээс сонирхъё.

Тэнхлэгийн орнууд ба Японы нөлөөний хүрээ

Мэдээж энэ их дайн “Тэнхлэг” ба түүний холбоотон орнуудаас Гитлерийн эсрэг эвсэл болсон дээрхи холбоотон гурван гүрэн, улмаар Европ, Ази, Далайн арлууд, Африкийн зарим бүс нутгийн эсрэг өдүүлсэн дайн байсан.

“Тэнхлэг” гэдэг нь III Рейх ба Японы эзэнт гүрний хооронд Евразийн 70 дугаар дорнод өргөргөөр нөлөөний хүрээгээ хуваасан нэр томъёо. Герман-Япон-Итали-Испанийн хооронд байгуулсан Коминтерний эсрэг пакт, Герман-Италийн өөр нэг пактын үндсэн дээр 1940.09.27-нд буй болсон цэрэг-улс төрийн эвслийг “Тэнхлэг” гэж нэрлэх ба “Шинэ дэг” тогтоосон нөхцөлд нөлөөний хүрээгээ хязгаарлах, цэргийн тусламж харилцан үзүүлэх тухай гурвалсан пакт гэдгийг  Герман, Итали, Япон тэр өдөр байгуулсан байдаг.

“Тэнхлэг”-ийн дайны ажиллагаанд оролцсон он сар өдрүүдийг нарийвчлан гаргавал III Рейх  1939.09.1 – 1945.05.08, Италийн Вант Улс 1940.06.10 – 1943.09.08, Японы эзэнт гүрэн 1941.12.07 – 1945.09.02 гэж бичигджээ.
 
“Тэнхлэг”-ийн холбоотон улс гэдэгт хэн хэн хэзээ элссэнийг гаргавал:
Словак  1939.09.01; Албани 1940.06.10; Унгар 1941.04.11; Ирак 1941.05.01; Румын, Хорват, Финланд нь 1941 оны 6 дугаар сард; Япония, Манж-Го нь 1941.12.07; Болгар 1941.12.13; Таиланд  1942.01.25; Хятадын Ван Зинвэйн Засгийн газар  1943.01.09; Бирм 1943.08.01; Филиппин 1944 оны 9 дүгээр сараас гэхчлэн жагсаж байна.

Японы нөлөөний хүрээн дэх “Аугаа их Дорнод Азийн харилцан хөгжил цэцэглэлийн бүс” гэгчид гишүүн байсан орнууд нь дараахи байдлаар оршиж байв.

Манж-Го улс 1937.07.07 – 1945.08.15;
Мэнзян улс 1939.09.01 – 1945.08.15;
Хятадын Ван Зинвэйн дэглэм  1940.03. 30 – 1945.08.15;
Бирм Улс 1943.08.01 – 1945.03.27;
Филиппиний хоёрдугаар БНУ 1943.10.14 – 1945.08.15;
Вьетнамын эзэнт гүрэн 1945.03.11 – 1945.08.15;
Кампучийн Вант Улс 1945.03.09 – 1945.08.15;
Лаос улс 1944.04.08 – 1945.08.15;
Чөлөөт Энэтхэгийн Түр Засгийн газар 1943.10.21 - 1945.08.15;

Ази дахь их дайны түүхээс

Дэлхийн II дайны өмнөх гол гол үйл явдал, урьдчилсан угтвар дайнууд Азид өрнөсөн байдаг билээ. 1931 онд Япон нь Манжуур ба Хойд Хятадыг эзлэн авсан нь эхний гол үйл явдал. 1937.07.07-нд Манж-Го улсыг зарласан өдөр Япон нь Хятадын нутгийн гүн рүү давшилтаа эхлүүлсэн. Японы давшилтыг Хятадын арми тогтоон барьж чадаагүй. Харин хилийн чанадад энэ түрэмгийллийг эгдүүцэн хүлээн авсан. Их Британи, АНУ, Нидерландаас Японы эсрэг эдийн засгийн хориг тавьсан. СССР энэ хэрэг явдлаас холуур байгаагүй. Харин ч Японтой шууд хиллэх болсон тул 1938-1939 онд өөрийн Алс Дорнод  дахь Хасан нуур, Монголын Халхын голын районд Японтой хилийн будлианд татагдаж орж, улмаар томхон хэмжээний байлдааны ажиллагаа өрнүүлжээ.

Японы хувьд дайны хоёр театр тэр үед өмнө нь нээлттэй, аль нэгийг нь сонгож төгс ялалт хангах, эсвэл хоёр театрт зэрэг тулалдах хоёрын нэгийг сонгох ёстой болов. Энэ нь СССР-ийн эсрэг умаршаа, эсвэл Хятад ба Солонгос, Зүүн өмнөд Ази руу урагшаа байлдах явдал байв. Ингээд өмнөд чиглэлийг эргэлтгүй сонгож авчээ. Түүнийгээ ч 1941.04.13-нд Москвад байгуулсан Төвийг сахих тухай гэрээгээр нотлон харуулж, уг гэрээг хэлбэрэлтгүй 5 жилээр мөрдөхөөр болжээ.

Нэгэнт ар шилэн дээрхи аюулаа (СССР-ийг хэлж буй) ийнхүү шийдвэрлэсэн тул Япон нь өмнө зүг довтлох, чингэхдээ өөрийнх нь эсрэг дайсагнан буй АНУ ба Британи, Нидерландын нөлөөний хүрээний Номхон далайн бүс нутаг руу дайтахаар бэлтгэж эхлэв. Бэлтгэлийг шуурхайлуулаад 1941.12.07-нд Япон нь Хавайн арлуудын Пёрл-Харбор дахь тэнгисийн цэргийн бааз руу гэнэт цохилт өгөв. Ийнхүү АНУ-ыг өдөн дуудлаа. Мөн тэр үеэр Япон-Хятадын дайн эрчимжиж, дэлхийн II дайны гал дүрэлзсэн нэг талбар болж хувирлаа.

Ази дахь дайны гол, том талбар бол мэдээж Хятад байсан юм. Япон-Хятадын дайн 1937-1945 онд явагдсан, үргэлжилсэн хугацаа, үхэл хагацал, хохирлоороо бол Зөвлөлтийн Аугаа их эх орны дайнаас дутахгүй, Европ дахь дайнаас ч давахаар тоон үзүүлэлттэй. Үүний сацуу Франц-Тайландын дайн гэж 1940-1941 онд зэрэгцэн өрнөсөн баримт бий.  

Японы хувьд Хятадад явуулсан дайнаа хэд хэдэн үе шаттай авч үздэг. Жишээ нь 1939-1941 онд Зүүн өмнөд Хятад руу эрчимтай давшиж, эзлэн авсан. Хятадын дотоодын мөргөлдөөн, хямралаас шалтгаалан дорвитой няцаалтыг Хятад үзүүлж чадаагүй. Энэтхэг-Хятадын хойгийн хувьд Япон шууд дайнд оролцолгүйгээр эхлээд Францыг тэндээс хөөж гаргахаар Тайландыг тухирсан. Тайланд нь Францын Энэтхэг-Хятадыг эзлэн авсны дараа Японы шахалтаар Франц дахь фашист дэглэмийг хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр Британийн ба Францын ашиг сонирхолд шууд заналхийлсэн ба 1941 оны 6 дугаар сар сараас Японы цэрэг Зүүн өмнөд Ази руу чөлөөтэй давшиж орж иржээ.

Харин Пёрл-Харборын сүйрлээс хойш Япон нь Номхон далайн бүс нутагт өргөн хэмжээний дайн өдөөжээ. Үүнд Филиппиний операц, Малайн операц, Холланд-Ост-Индийн операц гол үйл явдалд орно.

Пёрл-Харборыг довтолсны дараа Японд АНУ, Их Британи, дүрвэн гарсан Нидерландын Засгийн газар, Канад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африкийн Холбоо, Коста-Рик,   Доминикан, Сальвадор, Гондурас, Венесуэл дайн зарлаж, хариуд нь Герман, Итали, Румын, Унгар, Болгар АНУ-д дайн зарлажээ.

Пёрл-Харборыг довтолсны маргааш нь Япон нь Хонконг дахь британийн цэргийн баазыг бүслэн, Тайланд руу цэргээ илгээж, Британийн Малай, Америкийн Филиппин рүү халдаж эхэлжээ.Тайланд нь эхлээд эсэргүүцэл үзүүлсэн боловч Японы шахалтаар цэргийн холбоотны хэлэлцээрт гарын үсэг зурж, АНУ, Британид дайн эргүүлээд зарлажээ. Тайландын нутгаас японы нисэх хүчин Бирмийг бөмбөгдөн, 12 дугаар сарын 10 гэхэд японы цэрэг Гуам арлыг эзлэн, 23-нд Вейк, 25-нд Хонконг япончуудад эзлэгдэв. Малайз дахь британийн цэргийн ангиуд хоорондоо таслагдаж, батлан хамгаалах бэхлэлт нурав. Тэгснээр японы цэрэг Сингапур руу хуурай газраар нэвтрэн оржээ. Сингапурыг 1942.02.15 гэхэд Япон бүрэн эрхшээлдээ оруулжээ. Тэр хавьд байлдаж байсан британи, австралийн 70 мянган цэрэг олзлогджээ. Филиппиний арлууд дээр япончууд бүрэн эзэгнэжээ. 1941 оны сүүлч гэхэд Минданао, Лусон арлыг эзлэн авч, Батаан, Коррехидор арлууд америкийн цэргийн хүчээр тогтож үлдэв. 1942.01.11-нд Холландын Ост-Инд буюу өнөөгийн Индонез, Малайзын зарим нутаг руу японы цэрэг халдаж, Борнео, Целебс арлуудыг эзлэв. Хоёр 7 хоногийн дараа гэхэд японы флот Ява тэнгист британи-холладын эскадрыг сөнөөж, сарын дараа гэхэд холбоотнуудыг буулган авав.

1942 оны эхнээс Номхон далайн ихэнхи арал японы халдлагад өртөв. Бисмаркийн шүрэн арлууд, Шинэ Британи арал, Соломонын арлууд, Гилберт арал, Шинэ Гвиней гэхчлэн дараа дараалан Японы мэдэлд орж байлаа. 1942.03.08-нд Бирмийн Рангун хот японы мэдэлж очиж, 4 дүгээр сар гэхэд Бирм тэр чигтээ Японд эзлэгджээ. Ингэснээр Хятад-Британийн цэрэг хоорондоо таслагдаж, Хятадаас Британи хөөгдөн гарчээ. Ингээд Энэтхэг рүү халдах бэлтгэл ажилдаа Япон шилжжээ. 1942.05.06 гэхэд Филиппин дэх америк,  филиппиний сүүлчийн гарнизууд цагаан тугаа өргөн бууж өгчээ. Ийнхүү Япон нь Пёрл-Харборыг довтолсноосоо хойшхи хагас жил хүрэхгүй хугацаанд Зүүн өмнөд Ази, Баруун хойд Номхон далайд хяналтаа тогтоож чаджээ. Үүнийг цэргийн түүхчид цэргийн урлагийн гайхамшигт ялалт хэмээн дүгнэх нь бий. Америк, британи, холланд,  австралийн цэрэг, орон нутгийн цэрэгтэй хамтран байлдаад байлдаад Японы өмнө ийнхүү сөхөрчээ.

Ази дахь дайны төгсгөл

Ийм л аюултай дайсныг бутниргэх үүргийг Ялтын бага хурлаар СССР өөртөө хүлээн авсан билээ. Европт дайн дууссаны дараа антифашист эвслийн орнууд Японы эсрэг дайнд бэлтгэв. Ингээд 8 дугаар сарын эх гэхэд Японд дайн зарлах улсын тоо 60 орчимд хүрээд байв. Тэр 60 улсын дотор БНМАУ хүндтэй байрыг эзлэнэ. Нэгэнт Европ дахь гол холбоотон нь мөхсөн, өөрийнх нь эсрэг ийм олон улс орон дайн зарласан, холбоотнууд хэзээ мөдгүй довтлох нь тодорхой болоод байхад Япон бууж өгөх, дайнаас гарах арга хайсангүй, муйхарласан хэвээр байв. Ийм нөхцөлд дайныг эцэст нь тултал, бүрэн ялалт хангатал өрнүүлэхээс өөр сонголт холбоотнуудад байсангүй.

Ялагдах нь тодорхой, 1945 оны хавар Индонезоо алдсан, Энэтхэг-Хятадын хойгоос ухарч байсан, дайнд Япон орон, япончууд туйлын сульдсан үед 1945.07.26-нд АНУ, Их Британи, Хятадаас Японд тавьсан тулган шаардлагыг (ультиматум) хүлээн авчихсан бол хожим атомын бөмбөгөөр хуйхлуулж, Зүүн хойд Хятадад цэргийн ялагдал хүлээж хохирол амсахгүй л байсан болов уу. Гэвч Япон нь энэ ультиматумын өөдөөс салаавч үзүүлэн үл тоомсорлосноосоо болж өөртөө үхэл дуудсан юм. Юу гэвэл 1945.08.06-нд хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа цөмийн дайны цохилт амсчээ. Японы Хирошима, Нагасаки хотууд атомын бөмбөгөөр бөмбөгдүүлжээ.

Европт дайн дууссаны дараа гурван сарын хугацаанд Улаан арми Европоос цэргээ Алс Дорнод руугаа татаж, дайныг эхлүүлэх үүрэг хүлээснийхээ дагуу 1945.08.08-нд Японд дайн зарлан маргаашаас нь эхлэн хоёр 7 хоногийн шуурган давшилтаар Манж-Го дахь Квантуны армийг бутниргэв. “Өнөө өглөө Зөвлөлт Холбоот Улс дайнд оролцсоноор биднийг гарах гарцгүй болгож, дайныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болголоо” хэмээн Японы Ерөнхий сайд Сузуки Цэргийн дээд зөвлөлийн хуралдаан дээрээ мэдэгдсэн нь хэрэг дээрээ ялагджээ, бууж өгөхөөс аргагүй боллоо гэдгийн илэрхийлэл байв. Маргааш нь буюу 1945.08.10 гэхэд Япон нь Потсдамын бага хурлын нөхцлүүдийг хүлээн авахад бэлэн байгаагаа зарлав. Тэр нь Япон дахь засаглалын тухай юм. 1945.08.11 гэхэд АНУ өөрийн хатуу болзлоо (Потсдамын бага хурлын нөхцлөөс ч хатуурхсан) Японд тулгав. Ингээд 1945.08.14 гэхэд Японы Эзэн хаан эрх мэдлээсээ татгалзсанаа зарлаж бууж өгөхийг бүх дайчиддаа мэдэгдэв.

Гэвч фронт дээр дайн үргэлжилсээр байлаа. Тэр Япон 1945.09.02-нд үг дуугүй бууж өгөх актанд гарын үсэг зурах хүртэл үргэлжилсэн бөгөөд АНУ гэхэд л 1945.08.28-нд Японыг эзэлж эхлэн, бууж өгөх актанд гарын үсэг зурснаас хойш ч Зөвлөлтийн цэрэг Курилын арлуудыг эзэлсээр байжээ.

Монгол-Зөвлөлтийн цэрэг чөлөөх дайнд

Энэ дайнд Монгол, Зөвлөлтийн цэрэг хамтран үүрэг гүйцэтгэж Зүүн хойд Хятад, Хойд Хятад, Өвөр Монголыг чөлөөлөх их үйлсийг гардан бүтээсэн билээ. Цэргийн түүхийн ном хэвлэлээс үзвэл, 1945 оны 5 дугаар сараас 8 дугаар сарыг хүртэл Алс Дорнод руу цэрэг, байлдааны зэвсэг техник татах ажиллагаа СССР-т явагджээ. Үүнд 400 мянган цэрэг, офицер, 7137 их буу, миномёт, 2119  танк орж байна. 1940 оноос байлдааны байнгын бэлэн байдалд байлгасан Алс Дорнодын цэргийг дахин бүлэглэж, Европоос очсон цэрэгтэй нэгтгэн, гурван фронт буй болгожээ.

Өвөр Байгалийн фронт: бүрэлдэхүүнд нь 17, 39, 36 ба 35 дугаар хээрийн армиуд, гвардын  танкийн 6 дугаар арми, Монгол-Зөвлөлтийн морьт-механикжуулсан групп, агаарын цэргийн 12 дугаар арми, Өвөр Байгалийн агаарын довтолгооноос хамгаалах цэрэг – фронт командлагч нь Зөвлөлт Холбоот Улсын маршал Р.Я.Малиновский;

Алс Дорнодын 1 дүгээр фронт: бүрэлдэхүүнд нь 35, 1, 5, 25 дугаар хээрийн армиуд, Чугуевын оперативын групп, 10 дугаар механикжуулсан корпус, агаарын цэргийн 9 дүгээр арми, Приморийн агаарын довтолгооноос хамгаалах цэрэг – фронт командлагч нь Зөвлөлт Холбоот Улсын маршал К.А.Мерецков;

Алс Дорнодын 2 дугаар фронт: бүрэлдэхүүнд нь 2, 15, 16 хээрийн армиуд, буудлагын 5 дугаар тусгай корпус, агаарын цэргийн 10 дугаар арми, Амар мөрний агаарын довтолгооноос хамгаалах цэрэг – фронт командлагч нь Зөвлөлт Холбоот Улсын маршал А.М.Василевский;

Монгол-Зөвлөлтийн морьт-механикжуулсан групп дэх Монголын ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан удирдаж, группын командлагчаар армийн генерал И.А.Плиев томилогдож, Говь-Хянган-Мүгдэний чиглэлийн операцыг удирджээ.

Монгол-Зөвлөлтийн морьт-механикжуулсан группын байлдаан явуулсан талбар нь тэр үеийн БНМАУ-ын нийт нутаг дэвсгэртэй тэнцэх өргөн уудам нутаг байжээ.

Генерал Оцузо Ямадагийн командалсан Квантуны армид  1.4 сая цэрэг офицер, 6260 их буу, миномёт, 1150 танк, 1500 нисэх онгоц байсныг бодохул хэрэв Японы Эзэн хаан бууж өгөх зарлиг буулгаагүй бол ямар том дайн дэгдэж, хэдий хэр хугацаагаар үргэлжлэх байсныг хэн ч мэдэхгүй.

"Засгийн газрын мэдээ" сонины 2015.08.24 № 158 (182) дугаараас