Монгол газар зүйн хувьд далайд гарцгүй ч санхүүгийн хувьд бол далайд гарцтай улс. Олон улсын санхүүгийн далайд чөлөөтэй хөвөхийн тулд бусад улс орны тогтоосон ёс жаягийг дагах учиртай.

Эдүгээ бид бяцхан цөөрөмдөө бяцхан завиараа их усанд аялах бэлтгэлээ хийж байна. Засгийн газар нь бондоо олон улсын зах зээл дээр гаргах нь тухайн орон хөлөг онгоцоо том далайд гаргаж байгаатай адил хэрэг. Аль нэг улсын Засгийн газар 10-30 жилээр хугацаатай өрийн бичгээ гадаадын зах зээлд гаргахыг бие даасан улсын өр (sovereign bond) гэдэг.

Хувь хүн биш, хувийн компани биш, өөрөө татвар цуглуулж чаддаг Засгийн газар нь гаргадаг учир хөрөнгө оруулагчид өрийн бичгийг нь худалдан авч хугацааны эцэст гаргасан хөрөнгөө хүүгийн хамт эргүүлэн авдаг. Энэ хөрөнгө оруулагчид бол хувь хүмүүс, компаниуд, хөрөнгийн сангууд, өөр улсын Засгийн газар зэрэг санхүүгийн зах зээлийн гол тоглогчид. Засгийн газар нь ийм бонд гаргаж, олон улсын санхүүгийн далайд гарч чадвал тухайн орны хувийн компаниуд ч дагаад гарах боломж нээгддэг.

Засгийн газар нь бонд гаргаснаар тухайн орны эдийн засаг, төрийн менежментийн үр өгөөж, засаглалын сахилга батыг хэмжиж болохуйц мэдээлэл, тогтолцоо үүсдэг учир дэлхийн орнуудын Засгийн газар, хувийн компаниуд нь энэ замаар томоохон хэмжээний хөрөнгө босгодог. Бонд гаргахаас өмнө тухайн орны зээлжих чадварт хөндлөнгийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани үнэлгээ дүгнэлт өгч, бусад оронтой харьцуулан зэрэглэл тогтоосон байх шаардлагатай.

Тийм төрөлжсөн 2-3 компани байдаг бөгөөд түүний нэг болох Standard and Poor’s (S&P) компани Монгол Улсыг 2010 оны нэгдүгээр сард BB буюу хөрөнгө оруулахад бэрхшээлтэй, бонд нь “хаягдал” ангилалд орохоор дүгнэсэн байдаг. Тийм ч учраас Монголын Засгийн газар олон улсын зах зээл дээр бондоо өнөөдөртөө шууд гаргаж чадахгүй байгаа. Монгол Улс яагаад энэ зэрэглэлд байгаа, юу хийж байж зэрэглэлээ дээшлүүлэхээ нарийвчлан тогтоож, ажиллах шаардлагатай байна.

Юуны өмнө улс төр, макро эдийн засгийн тогтвортой байдал, бизнесийн тодорхой, тунгалаг орчин нөхцөл, хээл хахууль бага, төр засгийн үйл ажиллагаа ил тод байх талаар тодорхой олон ажил Монголд хийгдэх ёстой гэж гадаад, дотоодын ажиглагчид үзэж байна.

Ямар ч гэсэн Монгол Улсын Засгийн газар бонд буюу Засгийн газрын урт хугацааны өрийн бичиг дотоодын зах зээл дээрээ гаргах, харин Хөгжлийн банкны гадаад, дотоодын зах зээлд гаргах бондод баталгаа гаргах тухай содон хэдэн алхмыг өнгөрсөн долоо хоногт хийлээ. Засгийн газраас хоёр хэсэг бонд гарган дотоодын зах зээл дээр борлуулах зөвшөөрөл өгөхийг Сангийн сайд Их хурлаас хүссэн. Эхний 127 тэрбум төгрөгийн бондын орлогоор улсын төсвийн алдагдлыг нөхөхөд 55.5 тэрбумыг, үлдсэн 72 тэрбумыг нь төрийн албан хаагчид болон бусад иргэнд орон сууц авах хөнгөлөлттэй зээл олгоход зарцуулах гэнэ.

Дараачийн 110 тэрбум төгрөгийн бондыг гаргаж, орлогыг нь ноос, ноолуурын 12 компаниудын байгуулсан “Монгол ноолуур” гэдэг шинэ нэгдэлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, гадаадын зах зээл дээр гарах, ажлын байр нэмэгдүүлэхэд нь зориулж олгох гэнэ. Энэ нийт өрийг дараа дараачийн улсын төсвөөс гаргана гэсэн үг. Ноолуурын нэгдэл гэдэг нь авсан өрөө эргээд төлдөг л байгаа даа.
Бондтой холбоотой дараагийн чухал үйл явдал бол түүхэндээ анх удаа Засгийн газар төрийн Хөгжлийн банкны бондод баталгаа гаргах шийдвэр юм. Удалгүй ажлаа эхлэх Хөгжлийн банк эхлээд 5 жилийн хугацаатай 300 тэрбум, удалгүй 10 жилийн хугацаатай 250 тэрбум, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн бонд тус тус гаргаж, дотоодын зах зээл дээрээс хөрөнгө босгох юм байна.

Харин Хөгжлийн банк өөрийн бондын үндсэн болон хүүгийн өрийн төлж чадахгүй болсон тохиолдолд Засгийн газар өмнөөс нь төлнө гэсэн үг. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бараг арван хувьтай тэнцах хөрөнгийг зээлээр аваад барилга, эрчим хүч, зам, хүнд аж үйлдвэрийн цогцолбор зэрэг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулж, 15 жилийн турш улсын төсөвт суулган, суурь болон хүүгийн төлбөрийг нь өгч байгаа нь зарчмын хувьд хөрөнгө оруулалтыг зээлээр хийж байгаа хэрэг.

Дэд бүтцийн томоохон байгууламжуудыг хур дан барьж, орон нутагт бизнесийн орчин бүр дүүлэх нь улс орны хувийн секторын хөгжил, тэдний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд нааштай нөлөөлж, татвар төлөлтийн суурийг өргөтгөж байгаа хэрэг гэж албаныхан үзэж байна. Нөгөө талаасаа санхүүжилтийг төсвөөс шууд хийж чадахгүй учир эхлээд зээлээр авч барьчихаад дараа нь цувуулаад төлж буй хэрэг.

Мөн Хөгжлийн банкны бондын төлбөр нь жилийн 4.75-7.0 хүртэл хувийн хүүтэй юм байна. Гэтэл арилжааны банкны нэг жилийн хадгаламжийн хүү түүнээс нь хоёр дахин их байгаа. Ийм учраас энэ бонд хувь хүмүүс, арилжааны банкууд, компаниудын сонирхлыг шууд татахгүй.

Анхдагч зах зээл нь буюу бондын анхны борлуулалт идэвхтэй биш болно байх. Харин нэгэнт зарагдсан бондыг эзэмшигчид нь хоорондоо худалдах буюу хоёрдогч зах зээл дээр арилжааны банкууд идэвхтэй оролцож хөрөнгийн бүтцийн зохистой харьцааг бүрдүүлэхэд тус болох юм.

Эсвэл арилжааны банкуудын заавал байлгах ёстой нөөцөөс дээрх бондуудыг авахыг зөвшөөрвөл ямар ч хүүгүй байлгахын оронд 6.0 хувь авч байгаа учир бонд худалдаж авсан хэмжээтэй тэнцүү хэмжээний, жилийн 6.0 хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгож болох юм. Зах зээлийн бодит хүүгийн хагасыг нь бондын хүүгээр нөхүүлнэ гэсэн үг. Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой, зах зээл дээр өөрийн шав тавих зорилготой гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын банкууд түлхүү оролцох магадлалтай. Гадаадын том банкуудын хувьд 700 гаруй сая доллар бол том хөрөнгө биш. Гадаадын зах зээл дээр бонд гаргаж хөрөнгө босгох нь зээл авч байгаа хэрэг бөгөөд хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаснаас илүү ашигтай. Хувьцаа гаргаж хөрөнгө босгох нь эзэмшлээ зарж, ашгаа үргэлж хуваалцана гэсэн үг.

Гэвч энэ том бүтээн байгуулалтыг зээлээр хийхдээ хувийн болон нийтийн ашиг сонирх - лын асар их зөрчилтэй манайх шиг оронд маш сайн гэрээ байгуулж, бүх ажиллагааг эхнээс нь дуустал ил тод байлгахгүй бол “авлигын сан”- гаа зээлээр томруулсан арга хэмжээ болох магадлал өндөр юм.

Нөгөө талаас том төслүүдийг өгөөжтэй, төлөвлөсний дагуу цагт нь зохион байгуулж чадахгүй бол манай Засгийн газрын зээлжих зэрэглэл улам буурч, гадаадын зах зээлд бонд гаргах хугацааг улам бүр хойшлуулах эрсдэлтэй.

Монгол Улс Засгийн газрын бондоо гадаадад гаргахын тулд төслийн алдагдлаа багасгаж, түүнийг гадаадын зээл, тусламжийн мөнгөөр хаадгаа больж, төсвөө захиран зарцуулах эрхийг Засгийн газар, Их хуралтайгаа хамтран эдэлдгээ зогсоох зэрэг наад захын арга хэмжээ авах шаардлага гарч байна. Биеэ даасан улсын бонд гаргах нь санхүүгийн дэд бүтцийн хамгийн чухал хэсэг юм.