Төвдөд аялсан тэмдэглэл
Орой утсаа үзтэл Магнай “Хамт Кайлас явах уу?, хөгшөөн” гэсэн мессеж ирүүлж. Мань эр л нэг оккульттэй зуу татангаа сонин хачин ярьж байгаад гэнэтийн санаа төрж дээ гэсэншүү юм бодоод тоосонгүй. Гурав хоногийн дараа ахиж яриад “Миний саналыг бодож үзэв үү хөгшөөн” гэж байна.
Орой утсаа үзтэл Магнай “Хамт Кайлас явах уу?, хөгшөөн” гэсэн мессеж ирүүлж. Мань эр л нэг оккульттэй зуу татангаа сонин хачин ярьж байгаад гэнэтийн санаа төрж дээ гэсэншүү юм бодоод тоосонгүй. Гурав хоногийн дараа ахиж яриад “Миний саналыг бодож үзэв үү хөгшөөн” гэж байна. Бодсоноо хэлтэл “Би юу гэж гэв гэнэт хамаагүй юм бичиж байх вэ? Их сонин газар юм байна, жаахан юм үзэж ажлын ядаргаагаа гаргая. Чи л элдэв долоон юм бичээд байдаг, “Чандмань чулууны тухай бичсэн юмыг чинь үзлээ, Монголд чи л овоо юм мэддэг бололтой юм (манийгаа явуулж байхгүй юу) хамт явбал сонирхолтой биш үү” гэлээ. Үнэ хөлс нь ямархуу юм бол гэсэн шүү юм ярьтал “Гайгүй, бүгдийг нь судалсан, Нараа тэндэх бүхнийг хамгийн боломжтой хувилбараар зохицуулчихна” гэлээ. Нараа бол Магнайн найз Хорчин залуу, тун дажгүй эр, бид хамтдаа эрчүүлийн хийдэг бүхнийг хийсэн дээ. Ахиад нэг хүн нэмэгдвэл зардал багасна, би Чимэдээд хэлсэн, чи нэг яриач” гэлээ.
Орой нь Чимэдээ утасдаж байна. “За муусайн хувьсгалчид яахаараа шашин номын мөр хөөх болчихдог юм, нүглээ дундлах нь уу, хүнд ч хэлэхгүй хуйвалдаад... ” гэж ёжилж байна. “Хамт явъя, чи бидний шашин гэж хаашаа харсан юм байдаг юм. Зүгээр л жаахан сонин содон газруудыг үзье л дээ. Хүн хүрдэггүй, хаалттай нууцлаг газраар явах тусам сонирхолтой. Улиг болсон хөгшин европын чулуун амбаар үзэх биш, өмд гутлын наймаа хийх биш, толгойгоо сэргээе, ирээд ярих ч юмтай. Ер нь нөхөр минь чи жаахан барцадтай байгаа шүү, цагдаатай заргалдаад, өдөр шөнөгүй гүйсэн ажлаа хөгийн юмнаас болж ажлаа алдаад... Хийморио сэргээ, нисваанисаа дар, нүглээ наманчил” гэж явууллаа. Мань хүн чөлөөт бүсийн дарга байхдаа Засгийн газрын хуралдаанд яарч яваад цагдаатай шөргөөцөлдөж өнөөх нь юун ч бэлэн оператор байж таарсан юм сайтаар матарлаж, засаг ч солигдож ажлаа ч өгөөд байсан юм. Мань хүн ч зөвшөөрч зардал ч 7600 юань болж байтал хэрэг бишдэв. Яг билет захидаг дээр ажил нь шахагдаад явж чадахаа байчихав.
Ингээд ахиж зардлаа тооцоод нийтдээ жуулчны компанид өгөх, гарын бэл нийлээд 9800 юаниар явах болж, нэгэнт шийдээд ажлаа зохицуулсан учир захилаа даа. Хамгийн хямдаар тооцож байгаа юм. Ямар мөнгөө үрж ядсан баян тарган биш вагонаар л ирж очих болов. Бээжин хүртэл нэг хоног, Бээжинд нэг хоноод Лхас хүртэл 40 цаг, Лхасаас Шигацэгаар дайраад Кайлас хүртэл нэг хоног, Кайласыг гороолоход нэг хоног, буцаад Лхас-Бээжин-Улаанбаатар маршрутаар маш шахуу явахад 11 хоног аялах юм. Мөнгөнд Лхас ирж очих, Лхасад байх буудал, хоол, үйлчилгээ цөм багтсан байв. Бас гарын бэлтэй явахгүй бол хүний нутагт яагаа ч билээ. Төвд рүү жуулчны компаниар л дамжуулж очдогоос зүгээр л яваад очно гэж саналтгүй. Ерөнхийдөө Хятадад байх зардал нэмж гаргахгүй гэсэн үг бөлгөө...
Өглөө эрт Улаанбаатараас хөдлөв. Магнай гар утсаараа зураг аваад “Кайлас явлаа” гэж жиргэв. Надад ямар “хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл” байх биш. Эх орон нэгтнүүд маань сайн муу ерөөл хараалыг сайхан хольж үдлээ. Хол явж буй хүнд муу үг хэлдэггүй л юм, хар нүдээ хуу татаад л хараал хэлж эхэлдэг хүн байдаг л юм байна. Гэхдээ дандаа сайн үгээр үдвэл замд барцадтай, хар цагаан холилдвол дээр. Монголчууд дандаа зөв явбал тэнгэр таалахгүй гэдэг тул хааяа “хазаар гүйлгэх төдий” муу юм хийчих нь зөв л гэдэг юм. Гэхдээ яаж зүгээр байх вэ? “Муусайн популистуудтай явахаар дандаа матар болно шүү” гэж Магнайг явуултал “Тэрэндээ тулбал чи ч популист” гэсэн хариу барилаа. Хоёул вагон ресторанд орж шар айраг шимэн зам хурдлуулах арга хэмжээ авлаа. Зургадугаар сарын сүүлчээр хот орчим гандуу цагаан байсан, гэтэл говь сайхан ногоорсон байв. Аргагүй л нар хур тэгширсэн зун болж байв.
Бид явж, Бээжин сууж байгаа хойно яваад ч очлоо. Нараагийн дүү Алдарт хэмээх залуу тосч авав. Баруун вокзалынх нь хажууханд буудалд бууж хөлс тоосноосоо салав. Магнай элдэв ёжоор билбүүрдсэн хэлийг чинь Сычуан хоолны халуун ногоогоор түлж, амыг чинь таглана гэж дагуулж гарсан ч өөр хоолны газар сонгов. Нэг хүн 250 юань төлөөд “хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уух” юм болов. Ёстой л нөгөө Гүржав шиг “Танайд лууны мах бий юу?” гэж асуумаар газар санж. Монголчуудын иднэ гэж юу байх вэ? Хоёрын хоёр нас гүйцсэн эр атлаа нийлээд хажуугийн ширээний зэнзгэр хүүхэн, самган хоёрын идсэний хагаст хүрэх ч юм идэж чаддаггүй золигууд санж. Амь нь хаана байна гэмээр хятадуудын хаагуур нь ордог юм бол тэр их хоол. Тэгээд яахав сурснаараа шар айрагтай найзлав. Бид хоёрын уусан хятадуудын идсэн хоёр яг тэнцэв ээ. Үйлчлэгч нь “Цөл гатлаад ирсэн юм шиг ямар гээч ангаж цангасан амьтад вэ?” гэж бодож байгаа нь царайнаас нь илт. Цөл гатлаад л ирсэн юм чинь.
Харин гараад буусныхаа хаяаг бараадах болтол Магнай Бээжинг мэддэгээ надад гайхуулах гэж алхаад хүрчихнэ гэж чирч гүйгээд хоёр цаг таваргаж, эцэст такси барьж 15 минут давхиад, өрөөндөө орж давсгаа суллаад тэр өдрийн ажил “0” баланслав. Баруун вокзал, Төвд хоёрын нэр их адилхан “Шизан” гэж дууддаг юм юм уу даа. Магнай баруун вокзал асуугаад Хятадууд Төвдийг заагаад эрхбиш чигээ олж байсан болов уу гэж дараа нь бодогдож билээ.
Маргааш нь үд хүртэл унтаад үхэр байхгүй тул сэрүүлгээр сэрээд өдрийн 13 цагт эзэлсэн байршлаа орхих болов. Гудамжинд гарч 10 юаниар ламен, бууз идэж, пиво уув. Урд өдрийн төсөв хэтэрсэн, дотор жаахан тиймхэн байсан, нөгөө талаар жинхэнэ ардын хоол идэх хүсэл гурав ийм сонголтод хүргэв. Японд бол ардын хоол хайсаар метроны “рамен” олж хүртэж билээ. Ламен бол манай гурилтай шөл, хятадууд “татмал гурил” гэхээр бид их өөр хоол гэж бодоод гүйж ороод гурилтай шөл хүртчихдэг. Япончууд “л” үсэг хэлж чадахгүй тул “Рамен” гэж, харин лал, өнгөт нүдтэнгүүд хотон уйгураар дамжуулж нэрийг нь сурахдаа “лагман” гэж, Оросууд тэднээс сурахдаа “лапша” гэж, монголчууд түүнийг “лавшаа” болгож аваад андуурдаг болж амар сайхандаа жаргасан ажгуу. Хятадууд гурилаа татаж сунгана, харин бид хэрчиж чанана.
Хятадын “гудамжинд хооллох соёл” гэж нэг юм байна. Улаан зам дээр ширээ дэлгээд дарсан, амталсан ногоо, хоол хошоо зарчих юм. Хүн нохой нь холилдоод тоос тортог боловч тоох юм алга. Үй түмэн хүний бас ч гэж олон нь ингэж амьдралаа залгуулдаг байх. Манайд бол ариун цэвэр мэргэжлийн хяналт цагдаа гээд бүгд ирж нэг цагийн дотор ачаад явна. Уг нь Европчууд, тэд гэлтгүй соёлжсон орнууд Бээжингийн олимпийн өмнө энэ “муухай заншлаа” хая, бүх тамирчид “сур харвалтаас өөр төрөлд” амжилт үзүүлэх нөхцөлгүй болох нь гэсэн хатуу шаардлага хүргүүлсэн юм билээ. Гэвч хятадууд урдаас нь “Энэ бол манай соёл” гэж хэлээд бүр Ван фужин гудмандаа хоолны гудамж нээж адарсан тул яаж ч чадаагүй аж. Соёлын эсрэг соёлоо сөргүүлж байхгүй юу. 10 юань өгөөд ахиад жаахан хачир авчих уу гэж соёлтой загнатал “ид ид цадталаа ид” гэх юм.
Тэндээсээ вокзалын хоолны газарт орж сэрүүцэн суутал хоёр нөхөр монголоор ярихыг сонсов. “Өвөрмонгол ах дүүс хаа хүрч явна” гэвэл “Өмнөдийн хот руу аялж явна” гэлээ. Бид Лхас зорьж яваагаа хэлбэл “Төвдөд самуун болсныг мэдээгүй юу?” гэж байна. Дөнгөж Монголоос ирсэн, Төвдийн талаар мэдээлэлгүй байна гэлээ. “Ямар ажил хийдэг вэ?” гэж асуухаар нь “Та нарт юуны хамаа” гэвэл “Вагонд ямар ажил хийдэг вэ? гэж асуувал төрийн албан хаагч, сэтгүүлч гэж хэлж болдоггүй юм шүү, оруулдаггүй юм” гэж зөвлөв. Үүгээр миний бие буцах болзлоо 200 хувь, Магнай 100 хувь хангаж байсан тул мэргэжлээ сольж “гэр ахуйн барааны дэлгүүрийн эзэн” хэн гэдэг билээ, тиймэрхүү юм бодож олов. Бас дипломат паспорттай дэлгүүрийн худалдагчид байх уу? аайн. Оройн 20 цагт Лхас явах галт тэргэнд суулаа.
Ортол купе нь зургаан ортой болж таарав. Залуувтар эр эм хоёр, бас нэг хөгшин самган хоёр хамт явах болжээ. Хүн ам ихтэй болохоор вагон нь хүртэл ийм байдаг юм байх даа гэлцээд, бичиг үсэг үл мэдэгчийн зиндаанд хүрсэн бидэн хоёр дээд, доод суудлаа олох гэж тасалбар дээрх ханзыг нь замын нөхдөөр тайлбарлуулав. Дүрсийг нь харвал “… you” гэж байгаа мэт дундах зураас нь урт ханз болбаас уулын оройд залрахыг илтгэмой гэсэн тул “билэгшээсээр” оройн дээд очирдарийн суудал дор заларвай.
Өмнөд бүсэд эрт харанхуй болдог тул тэгсгээд унтах болов. Хятадын төмөр замаар явахад манай төмөр замаар явахад сонсдог рок хэмнэлийн бөмбөрийн нүргээн, 45 км/цагаас хэтэрдэггүй яст мэлхийн хурд харин ч нэг байхгүй юм. Хурд нь цагт 160 км. Хөнгөн тэргэнд яваа аятай л бөмбөлзөх юм. Нуулгүй хэлэхэд ядрахаараа хурхирдаг гэмтэй, өглөө нь Магнай Монголын төмөр замын дуунд дарагдсан хурхиралт чинь шөнө унтуулсангүй гэж гомдол мэдүүлэв. Дунд давхарын эмэгтэй инээгээд толгой сэгсэрч байхыг бодоход Монголын төмөр замын сүр хүчинд дарагдсан “баатар эрийн чимээг” харин ч нэг нижигнүүлсэн бололтой.
Маргааш үдээс хойш Хөх нуурын тал нутгийн үзэмжийг цонхоор харсаар явлаа. Утасынхаа цэнэгийг бартал зураг авав. Түүх сонирхдог, уншдаг хүний хувьд олонтаа уншиж байсан газруудыг ялангуяа Хөх нуурыг үзсэндээ нүд сэтгэл баясав. Нээрээ л Хөх нуур гэж нэрлэхээс аргагүй номин өнгөт сайхан нуур юм гээч.
Миний ээж эх талаасаа хошуудын цагаан ястан хүн байсан юм. Ховдын Булганы
торгууд дотор нэг сум хошууд байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ээж баатуд
элкэнийх. Дашмагны нь тамга ташуу зураас, малиа тамгатай гэдэг ч бил үү дээ.
“Баатуд явсан газар зайсан үгүй” гэж Халимагт хэлэгддэг дайчин овог. Цагаанзам
гуай л энэ үгийг хэлж өгсөн юм, өөрөө баатуд юм билээ л. Уг дээд нь Хавт
Хасарынхан. Юань гүрэн унахад Хорчны Агсгалдай ноёны хоёр хүүгийн нэг албат
ардаа аваад Ойрадын Тогоон тайшид түшсэнд охиноо хатан буулгаж, хошууд болгосон
юм билээ. Дунд дөрвөн ойрдын цэргийн жагсаалын манлай болсон учраас тэр. Хожуу
дөрвөн Ойрдын үед холбооны тэргүүн байгаад хошуудын таван барс эвдрэлцэж, дүү
Хөндлөн увшийг алаад хатан Юм-Агасыг дөчин дөрвөн хоёрын цаазаар тэргүүлэгч
болсон Цорос Баатар хунтайжид буулгачихсан гэдэг юм. Тэр муу болж хошууд
холбооны тэргүүнээс буужээ. Таван барс гэдэг нь өнөөх алдарт “Убаш хунтайжийн
туужид” гардаг Байбагус баатар, Ханхонгор ноён, Хөндлөн увш, Очирт сэцэн, Гүүш
хан нар юм уу даа. Хөндлөн увшийнхан Хо өрлөгийг дагаж нүүгээд Ижилд зуу гаруй
жил болоод буцаж нүүхэд ирсний хойчис нь Булганы хошуудууд.
Бусад нь Гүүш хан Төрбайхын үед Хөх нуурт ирж суурьшаад, хожим Галдангийн хадам Очирт сэцнийхэн ирснээр хошуудын ханлиг байгуулж, Зүүнгарыг Манжаас халхалж байсан ба Монголчууд болсон хойно яаж зүгээр байх вэ? Далай ламаа шүтэх мөрөөрөө шүтэхгүй цэрэглэж очоод Төвдийг эрхшээж, Өглөө кинонд Сүхбаатарын хэлдэг шиг “Төрийн хүнд ачааг өөртөө авч түмэн шавийнх нь хэргийг түүнд үлдээгээд” гурван ч хаан угсаа залгамжлан суусан байна. Гуравдугаар хаан Лхазанг Зүүнгарын Галданцэрэн хааны илгээсэн их, бага Цэрэндондовын алдарт аян дайнаар Төвдөд алснаар ноёрхол нь унасан юм. Бямбын Ринчин гуай “Цогт тайж” кинондоо Хошуудын таван барсын нэг Төрбайхыг “дайсан” гэж харуулснаас биш уг нь Халх-Ойрдын хямралыг зохицуулсан учраас халхын хангуудаас “Дай гүүшир” буюу “их эелдүүлэгч” цол авсан хүн юм билээ. Цөхүр Цогтыг буруулав гэж шарын шашинд орсон Халхын ноёд ч Төрбайхад тал өгч улааны шашны Цангийн хаантай холбоолсон Цогтыг дэмжээгүй юм билээ... Үй, Цан бол доод төвдийн нутаг дахь ханлигууд л даа. Энэ бол түүх, бид эвдрэхээрээ тэр гэхийн тэмдэггүй болтлоо эвдрэлцдэг улс, одоо ч нэг их эвтэй байгаа юм алга. Одоо ч омогтой хэд нь халх, ойрд, хасгаараа дуудалцаж л байх, овгоо хөөвөл Жалайр Нурсултан Назарбаев ч манай л угсаа нэгтэн. Ер нь түүхийн зөв бурууг ярьдаг нь ч бид биш, тухайн цагтаа бүгд л зөв гэснээрээ зөрж зүтгэсээр хүний хоол болсон улс, бид. Нэг замаар яваагүй юм, ёстой л нэг сүүлтэй мянган толгойтой могойн үлгэр болсон.
Хошуудаас одоогийн бидний хамгийн сайн мэдэх нь Дээд монголын Сүмбэ хамба Ишбалжир. Манай цагаан сарын албан ёсны зурхайн литийг зохиогч. Дээд монгол гэдэг нь газрын өндөрөө хэлж байгаа юм. Түүнээс арьсны үзэл биш.
Харин Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номд нэг сонин хэсэг байдаг юм. Хүрээний нэгэн лам Оссендовскид: “Галданцэрэнгийн үед Гималайг давсан аян дайны үеэр Ойрадын цэрэг хоёр зам болж ороход нэг зам нь төөрч 3000 цэрэг нэгэн агуйгаар ороод гарсан гэх бөгөөд тэд Шамбалын оронд хүрээд буцсан тул баруун талд ухаантай хүн олон төрдөг болсон домогтой” гэж ярьсан байдаг. Самадийн агуйнууд таарвал хоёулаа яваад орвол гэгээрдэг юм болов уу, ирвэсийн хоол болох болов уу? Бас Оссендовскиг гаргаадаггүй, орчуулагч Ж.Нэргүй ах Кайласын нөгөө талаас авсан зураг захисан нь санагдана. Төвд явах гэж байгааг минь дуулаад замдаа уншиж яв гэж Палладий Кафаровын тухай ном өгснийг нь харж явлаа. Орчуулга гэсэн гэвч үнэндээ мань хүний бүтээл байв. Кафаровын замаар өөрөө аялж, газар усны нэр сэргээн тогтоож, холбогдох бүх баримт сэлтийг цуглуулсан орчуулж, эшлэл зүүлтийг ч хангалттай хийж. Хэрэв орчуулгыг ингэж хийдэг бол уншсан бүхэн гэгээрчих байх.
Магнайд Мулдашевын “Бурхны хотын эрэлд” номыг өгвөөс харин тоож ч харсангүй, мань эр Кайласын талаар Мулдашевыг царайчлаад байхааргүй мэдлэгтэй бололтой. “Уул болгоныг пирамид гэж хараад байвал энэ цонхоор зөндөө л пирамид харагдаж байна даг” гэж тэр хэлсэнд би номоо цааш нь хийлээ. Ном уншаад таг болсон намайг орхиод яагаад Кайласыг зорьж байгаагаа Хятадуудад тайлбарлах гэсэн Магнайн оролдлого цаадуулынх нь англи хэлний бэрхшээлээс илүүтэй үзэл санааны хаалттай тулгарав.
Хятадууд: “Яагаад ууланд гороо хийх гэж?” Төвдөд сүм хийд, бурхан зөндөө”...
Магнай: Энэ уул бол пирамид. Буддистууд, бонгийхан, хиндүчүүд бүгд энэ уулсыг шүтнэ. Пирамид энд энд бас энд гэж Магнай гар утсан дээр бөмбөрцгийн газрын зураг дээр Мисир, Перу, Карибийн тэнгисийг заана. Нарны сүм, Хеопсийн цац суварга мэднэ ээ? Танай Хятадад ч саяхан пирамидууд нээгдсэн, дарга нар чинь Та нараас нуугаад байгаа юм.
Хятадууд: Дарга нар яахаараа пирамид нууна гэж?... Сүм хийд байгаа шүү дээ...
“Наадуул чинь шашингүй үзэлтэн, чи 90-ээд оноос өмнөх үед Монголчуудад ийм юм ярьсан бол яг наадуул шиг чинь гайхаж хоцорно, эсвэл чамайг шашин сурталдсан хэргээр ачих байсан” гэж түүнийг хэрээс хэтэрсэн чармайлтаас нь салгах гэж оролдов. Англи хэлтэй орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан эмч хүүхэн “Бид шашинтай гээд би намын гишүүн” гэж бахархав. Ах нь Хятадын Ерөнхий сайдтай найз гэнэ.
“Нээрээ тийм, Мао танай бурхан, Улаан ном нь танай судар, намын хурал мөргөл байх, тийм үү?” гэж Магнайг ёжлоход Хятадууд ихэд хөгжин инээлдэв. Танайд коммунист нам байхгүй юу? гэхэд нь “Манай коммунист нам мутацид орсон, ардчилсан болж хувирсан”. “Намын мутаци гэж юу вэ?... Монголчууд ямар шашинтай вэ?” “Зөндөө шашин байна, христ, лал, буддизм, бас тэнгэр шүтнэ. Манайх ардчилсан улс” гэж шашин ярьж байж ардчиллаараа бахархав. Би тэсгэл алдан “Алив Магнай, явъя, халбага пиво ууя” гэлээ.
Хөх нуурын намхавтар дов толгод, алсад харагдах цэнхэр уулс. Оросын аялагчдын дүрсэлсэн тэр нутаг хэвээрээ. Хааяа цөөвтөр хоньд бэлчих ба нүүдэлчдийн цайсан майхан, талд босгосон дарцаг хиур болсон овоонууд харагдана. Төмөр замын хажуугийн газруудыг хэсэглэн тор татсан нь бэлчээр хуваарилсан байж магадгүй юм, учир нь тэр торон хашаан дотор сарлаг хонь бэлчих байх нь олонтаа. Ингэж бэлчээрээ хашсан улс ямар юмны нь нүүдэлчин байх билээ дээ? Монголчууд Америкчуудаар бэлчээрийн менежмент заалгаж тэнэгтсэн, Хятадууд бас дотоод монголчуудын бэлчээрийг “менежментэлж” байгаа нь энэ. 5000 жил нүүдэлчин явчихаад хар шар хятадуудаар, тариачдаар бэлчээр яаж ашиглахаа заалгадаг бид эрх чөлөөний тэнэг. Харин тэд бол хөөрхөс хүний эрхэнд өөрсдөө мал шигээ хашигдан зовсон улс аа.
Ланжоу, Синин гэх мэт мужийн төв хотуудад түр зогсоод өгсөөд байлаа. Хятадууд эелдэг улс юм. Вагоны гудманд утсаа цэнэглээд суухад биднийг бостол тэвчээртэй хүлээнэ. Цонхоор зураг авахад зай тавиад өгнө. Нүүрнээс нь инээмсэглэл салахгүй. Урд нь Хонгконгод ажиллаж байсан гэх нэг Хятад залуутай найзархах болов. Мань хоёрын англи хэл ч дээ, яахав бас 30 хувьтай юм яриад байх юм аа. Их үндэсний үзэлтэй эр ээ, манай Хонгконгчууд Тайваныхныг дуурайж Европ нэр авдаг нь буруу л гэнэ. Бараг л эх орныхоо бүтээн байгуулалтад хөлс хөдөлмөрөө зориулахын тулд Төвдөд “илгээлтээр” очсон нөхөр юм даг уу?
Амдо (манайхан Андуу гэдэг) буюу доод төвдийг өнгөрөөд нэгэн зэлүүд өртөөнд түр зогсож, бид ч тамхилахаар гарлаа. Өртөөний нэрийг асуувал “Дэ лин ха” гэж бичсэн байна. Ямар утгатай үг вэ? гэвэл Төвдүүд Хятад үг гэж, Хятадууд Төвд үг байх гэж, мэдэхгүй гэлцэв. Замын хоёр талд адууны дэл мэт оройгоороо чулуутай жижиг уулс олон байх аж. Тэгэхээр нь энэ Монгол үг байна, “Дэлэн хад” гэж байна. Энэ уулсыг харцгаа, яг адууны дэл шиг байгаа биз гэвэл бүгд зөвшөөрч, яахаараа монгол нэртэй байдаг билээ? гэлцэв. Өө энэ хавь, Хөх нуураас нааш дээд монголчуудын нутаг гэж явдаг юм аа гэвэл “аан” гэлцэж байна. Ямар түүх ярилтай биш, харийн тэд байтугай хамаатны бид хүртэл түүхээ зөвшөөрдөггүй шүү дээ...
Сининээс өнгөрөх үед вагон ресторанд Төвдүүд ороод ирдэг юм. Бид хоёр яах вэ дээ, зам хурдлуулж л сүүхгүй юу. Зургаан хүнтэй купений дээд давхрынханд ресторан хамгийн тохитой газар мөн биз? Тэгмэгц хятадуудын тав тухтай байдал алдагдаж, ресторан эзгүйрэв. Төвдүүд шар айраг захиж, хятад үйлчлэгчид дурамжхан үйлчилнэ. Ажаад байхад Ланжоугаас цааш явахад төвдүүд дуу орж, нааш явахад хятадууд дуу орох юм. Цуваанд хятадууд ба Төвдүүдийн сууж яваа хэсгийг ресторанаар заагласан байх ба жуулчин, албан ажлаар голдуу яваа хятадууд дан купегээр нутгийн төвдүүд нь ихэвчлэн суудлын вагонаар явдаг бололтой.
Өмнө нь шар айраг захитал вагоны үйлчлэгч олдохгүй Магнай хайж яваад Төвдүүдийн сууж явсан вагон рүү орчихсон юм. Гэтэл нүд нь орой дээрээ гарчихсан буцаж ирээд “Ээ Хуягаа минь, бид ёстой жаргаж яваа юм байна, тэр Төвдүүдийн сууж яваа хэсэг ёстой аймаар” гэсээр ирсэн юм. Уг нь бид хоёр зургаан хүнтэй купенд суулгаж, ядаж дөрвөн хүнтэй купе захиалаагүй жуулчны компанитай заргалдана гэж ам шүдээ өгч явсан хоёр шүү дээ.
Өндөрлөг газар руу явж байгаа вагонуудынх нь цонх онгойдоггүй, учир нь хүчилтөрөгчийг гуурсаар өгдөг. Хэрэв цонх нь онгойвол вагонд хүчилтөрөгч дутах аюултай тул битүү хийдэг аж. Хөөрхий Төвдүүд гадуурхагдсандаа биш, зардлын хямдыг бодоод суудлын вагонд чихдэг бололтой. Хөдөө нутгийн малчид ямар байх билээ, ер нь хятадын зах зайдуу нутгийнхны жишгээр бохирдуу явдаг юм билээ. Олон хүнд жорлон цөөн, хэрэглээ муутайгаас бохир нь хальж шал нь бохирдох энүүхэнд. Дүүрэн хүнтэй вагоныг тэр бүр цэвэрлэж дийлэхгүй тул тэгсгээд зууралдаад л явдаг бололтой юм. Вагоны гудмаар Төвдүүд ачаа бараагаа зулж, дээр нь хажуулах ба 40 цаг явдаг бүгчим вагонд зогссон өртөөнд л салхи оруулах тул агаар ямар байх нь ойлгомжтой. Дээр нь нь олон хүн үндэсний ханцуйгаа сугалдаргалсан зузаан хар дээлтэйгээ явах юм.
Төвдүүд шар айраг уулаа, жаахан халамцлаа. Дуулж байна. Харин биднийг зугтаад явчихдаггүй овоо гарууд уу, үгүй юу? гэсэн байртай хяламхийцгээнэ. Тэдний ачаар бидний үйлчилгээ эрс сайжрав. Хятад үйлчлэгчид хань татаж, бид хоёрыг гаргахгүй санаатай гар хөдлөхөд л хайгаад олддоггүй үйлчлэгч шар айраг зөөн гүйдэг боллоо. Төвдүүдээс илүү халамцсан бид “Төвд нөхөд сайн явж байна уу, Монголоос явж байна, Кайлас үзнэ” гэвэл “Аа Монголчууд уу, Ар монголоос явна уу, даши дэлээг” гэлцэн шуугиад хялалзах нь алга болов. Магнай пивоо аваад Төвдүүдтэй нийлье гэсэн авч би хаширлав. Элдэв юм болох вий, бид ч шартай, эрх чөлөөтэй улс задгай амтай элдвийг ярина, тэд ч догшин улс, халамцуу нэмээд дэмий юм дэмий” гэж цааргалсаар гарав. Төвдүүд бол хутгыг гарамгай эзэмшдэг улс, лам харгүй гэж Монгол ламаас сонсож байсан билээ. Эвгүйтвэл дүрчихээс буцахгүй улс гэдэг юм билээ. Хэдий вагонд ч гэсэн. Дөч хүрэхээрээ хүний хашир ихэддэг бололтой. Ер нь болгоомжилсон нь болсон, Лхасад нэг тиймэрхүү юм болсон билээ. Будалингийн хамгаалагч Төвдүүдтэй хэрэлдэж “Төвдүүд нь хятадгээд, хятадууд нь төвд гээд Та нар ер нь яах гээд байгаа юм” гэж хэрэлдэхэд Магнай нэг их инээж билээ.
Хятад гэснээс манай нэн ухаалаг, түүхч, зохиолч ахын яриа санаанд оров. Нэрийг нь бичих гэхээр манайхны тэнэг мугуйдаас айх юм байна шүү. “Тэр нөхөр” овог сэргээх үед овгоо авах болж л дээ. Тэгээд ааваасаа асууж. Аав нь “Чамд хэлээд яах юм, чи авахгүй л дээ” гэж. “Авна аа, авна” гэж шалсаар хэлүүлтэл “Шар хятад” гэж. “Юун хятад” гээд л босоод ирэхгүй юу. Аав нь инээгээд “Тээр хэлээгүй юу” гэжээ. Тэгээд “Наадахийг чинь авахгүй авахгүй” гээд ээжийнхээ Бэсүд овгийг авч. Аав нь “аминдаа арчаа муутай, тарвагачин, анчин” овог гээд дургүйдуу байжээ. Бэсүд нар анч, аж ахуйч бус, ёстой нөгөө “урт дурын улс” гэнэ. Тэгээд одоо авах уу гэхээр “Хар тангадын хараал хүрсэн улсад хамаагүй овог авч болохгүй” гээд нэг их чанга инээдэг юм.
Үнэндээ бол монголд олон хятад овог бий. Шар, хар, цагаан хятад гээд л. Тэд бол яг үнэндээ “кидан” овог юм. Ялангуяа баруун халх, хуучин Найманы нутаг, Алтайн ар өвөр, Хар Киданы нутагт олон бий. Тэр өнгө бол зүгийг зааж байгаа юм. Ер нь найман өнгө байна. Найман өнгө есөн хэлийн улс гэдэг чинь найман зовхисийн олон хэлтэн гэсэн үг. “Хар Кидан” бол Умард Кидан л гэсэн үг. Ляо улсаас салж хойд зүгт хаант улсаа байгуулсан, Зүрчидүүдийн нэхэлээс салж, алс баруун хойд зүгт нүүсэн хэрэг. Хар тангад, цагаан Төвд гэдэг нь хойд, өмнөд Төвдийг л хэлж байгаа хэрэг. Гималайн наад дор “Цагаан монгол” буюу монгор, ту үндэстэн байдаг нь өмнөд монгол л гэсэн үг. Хар тангад нь амдо, Гималайн доод биеэс Куньлуны нуруунд хашигдсан Ся улс, нангиад, төвд, хятад (кидан), хотон, уйгур, монгор холилдсон ёстой есөн хэлийн улс байгаад Чингис хаан үнсээр хийсгэв шүү. Тэр цагт Монголчуудад “Бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор” гэсэн “Хар тангадын хараал” туссан юм гэдэг. Тийм болохоор л хүний нэр ч нуух юм байна шүү. Харин хятадуудыг урдын цагт “нангиад” буюу өмнө зүгийнхэн л гэдэг байсан.
Тэгсээр Төвд хүрэх замын хамгийн өндөр даваан дээр зогслоо. Вагоны маршрутад бичсэнээр бол далайн төвшнөөс дээш 5200 метрт гарчээ. Гарч тамхилахаар яарав. Битүү вагонд тамхи зөвшөөрөхгүй, тамбурт хааяахан татах авч эмэгтэйчүүдийг бодоод тэр бүр баагиулаад байж болохгүй юм. Бас анхааруулснаар агаар сийрэгших тул эндээс (Germu гэсэн байв) цааш тамхийг бүрмөсөн хориглоно гэж вагоны хананд бичжээ. Нэг сайн тамхилж авъя гээд гартал толгой эргэж байна. Уусан юмны шид биз гэж бодоод асаагуураа дартал гал авалцдаггүй. Өндөр газар хүчилтөрөгч бага учраас тэр ажээ. Ашгүй нэг нь төөнүүрийн асаагууртай байж зовлон нэгт тамхичдынхаа тамхийг асааж өгөв. Нэг тамхи татаад ортол хөл гуйвж, цээж давчдаад, амьсгаа боогдох мэт болов. За болохоо ч байх нь гэж бодоод, купендээ яаран орж, үйлчлэгчээс хүчилтөрчийн гуурс нэхэж авлаа. Дуслын систем шиг хоолойтой үзүүртээ холбогчтой дундаа хамрын нүх рүү орох хоёр сэртэнтэй гуурс өгөв. Түүнийгээ яаран зүүж, вагоны хананд байдаг хүчилтөрөгчийн аппараттай холбосонд нойт оргисон цэвэр хүчилтөрөгч сэрүү татуулан үлээв.
10 орчим минут болоод дотор цэлмэв. Гэвч амьсгалахад хүнд болж, цээжний дээд хэсэгт хөндүүрлэх боллоо. Харвал хятадууд бүгдээрээ хүчилтөрөгчийн гуурс зүүжээ. Тэр чигээрээ гуурстайгаа унтахаар шийдсэн ч хоёул ярилцаад юу юугүй хүчилтөрөгчийн аппаратад биеэ дасгаад дэмий, цаашид уруудах тул хэрэглэхгүй байх нь зөв гэж шийдлээ. Даваанаас цааш бол уруудсаар Лхасад хүрэх бөгөөд д.т.д 3800 метрт очих юм.
Хүмүүс төсөөлөхдөө Гималайг гүнзгий хавцлаар хэрчигдсэн чулуун уулсын орон гэж боддог бололтой юм билээ. Төмөр замыг тувт өндөр тулгуурт бетон гүүрэн дээгүүр тавьсан гэж төсөөлж байсан ч яг үнэндээ тийм гүүрээр тун ховор гарсан ба харин хотуудад орохын үед ялангуяа Ланжоугийн шаварлаг бэсрэг уулс, шар мөрний гольдрилыг дамнуулсан гүүр олон байх юм.
Вагоны цонхоор харж явахад яг манай Архангай хавьцаа яваа юм уу гэж санагдана. Тачирхан өвстэй хөндий, цуварсан чулуурхаг намхан уулс, ганц ялгаа нь мөнх цаст уулсын цуваа хаа сайгүй харагдана. Заримдаа хөндийгөөс огцом өндөрссөн мөнх цаст уулс харагдана. Европ аялагч жуулчид л өөрийн нутаг оронтой харьцуулж үржил шимгүй хатуу чулуурхаг хөрсний тухай бичсэнийг бид хэтрүүлж төсөөлдөг байх, үнэндээ монголын уулс хоорондын хөндийгөөс ялгарах юмгүй. Нөгөөтэйгүүр Балба Энэтхэг талаас аялсан жуулчид төсөөллийг бүрдүүлдэг. Харин олон зууны туршид монголчууд Хөх нуур талаас нь энэ хөндийг төвдүүдтэй булаалдаж байсан биз ээ.
Мөнх цаст уулсын усаар тэжээгдсэн тавиу (бас уудам гэж болохооргүй юм) хөндий ногоорч, их устай олон салаа голууд урсана. Голын ус тунгалаг бус, бодвол уулнаас буухдаа хөрс шороо зөөдөг бололтой, чухам ийм голууд нийлж Шар мөрнийг үүсгэдэг. Голуудын бэлчрээр хөрс нь нимгэн агаад зарим газраар хайрга чулуу ил гарсан байх нь үлд туссан мэт харагдана. Нуурууд олонтаа тааралдах ба Төвд 5000 гаруй нууртай гэнэ. Мөнх цаст уулын голууд улсын хөндийн нууруудад цугладаг ажээ. Нуурууд нь үзэсгэлэнтэй сайхан харагдах агаад голдуу цэнгэг устай. Монголын хээр талыг бодвол усаар үнэхээр хангалуун аж.
Харин чулуурхаг нимгэн хөрстэй тиймээс энэ нь оршуулгын зан үйлд нь нөлөөлж, тас шувуунд хаяж өгдөг ёс дэлгэрсэн бололтой. Уулын нимгэн хөрстэй газар талийгаачийг ухаж булах хэцүү, хэрэв түргэн зайлуулахгүй бол элдэв өвчин тахал дэлгэрч болзошгүй. Булдаг ёс зузаан хар шороон хөрстэй европ зүгийн соёл аж. Монголчууд нэг үед нас барсан хүнээ ил тавьдаг болсон нь Төвдөөс нөлөөлсөн бололтой. Монголд араатан, чоно элбэг бол төвдөд шувуунд л найдахаас өөр аргагүй мэт, ялангуяа томоохон суурин сүм хийдийн орчимд. Харин өнөөдөр Монголчууд Орос заншил, Төвд ёс хосолсон “Монгол маягийн” оршуулгатай болжээ.
Лхас хот ногоон модон дунд байхыг хараад энэ өндөрлөгт, их хүйтэнд мод ургуулахын хэцүүг гайхтал хөтөч маань “Өвөлдөө -10 хэмээс илүү хүйтэрдэггүй” гэхийг сонсоод гайхаж билээ. Тийм дулаан уу гэвэл, танайд ямар вэ? гэж байна. Өвөлдөө -30 бол дундаж гэвэл агдасхийн чичирч байх юм.
Өндөрлөг газар хүчилтөрөгчийн дутагдал ихтэй гэдэг ч үнэндээ Лхас хавьд бол Монголчуудад нэг их мэдрэгдэхгүй л байх. Нэг ч удаа хүчилтөрөгч хэрэглээгүй. Манай хамгийн өндөр цэгт 4653, Лхасад 3800. Ойролцоох аглагийн хийдэд очиход 3900 орчим метр өндөр авч юу юугүй унаад өгөхөөр биш, харин өгсөж гүйнэ гэж саналтгүй, амархан ядрах ажээ. Бид өндөрлөг газрын хүмүүс, байнга 1300-1500 метрт байдаг, хөдөө гадаа Ховд, Хөвсгөл явахдаа тоодоггүй учраас сүрхий мэдрэхгүй байсан биз. Харин говь, талынханд мэдрэгдэж магадгүй. Ер ажрахгүй байгаа Магнайгаас аль нутгийн угшилтай билээ? гэж лавлахад Завхан, Ховдынх гэж байна, тэгэхээр маньтайгаа адил, бүр яах ч үгүй гэсэн үг. Хүчилтөрөгч сийрэг орны мань мэтийн хар хөх нөхөд давхцаад давчдаад байхгүй дээ.
Харин вагонд яваа өмнөд нутгийн, нам дор газрын хятадууд бол баларч байна аа. Хана түшиж жорлон орж бөөлжөөд буцаж ирээд орон дээрээ унаад өгөх хүн олон, хамт явсан хятад аялагчдаас хоёр хоногийн дараа сүм хийдийн орчим тааралдахад нүд нь бүлцийж, царай нь шингэрсэн байх ба амьсгаа нь давчдаад уруудахын түүс болсон улс байх юм. Юун мөргөл, удахгүй 2000 метр доошлоно гэж их баярласан шинжтэй ярих. Ер нь Хятадууд нэлээд мухар сүсэгтэй улс даг. Гэхдээ мань мэт шиг уул хайрхан гэхээс илүүтэй бурхан сүм талдаа сүсэгтэй. Суурин иргэншлийхний л зан, өөрсдөө хийчихээд түүнээ шүтээд унадаг. Нэг талаас урлаг ч гэсэн тийм л юм шүү дээ, өөрсдийн хийснийг бахаддаг. Харин нүүдэлчид бид урлагийг гоёо чимэг төдий ойлгох ба тэнгэр хангай, уул ус шүтлэгтэй.
“Драк Ерпа” гэгч самадийн хийд үзэж явахдаа их хүчилснээс цээжний дээд хэсэг хөндүүрлэж байснаа ханилгаж цэр ховхорч эхэлсэн бөгөөд хүчилтөрөгч дутаснаас “уушги бүх хүчээрээ” ажилласнаар Улаанбаатараас утаанаас үлдсэн бүхэн цэвэрлэгдэж байгаа бололтой. Тэр ч байтугай тоо нь цөөрсөн ч тамхиа татсаар явсан шүү. Тамхи рекламдаж байгаа юм биш, Төвдийн агаар тамхи хоёрт нийлээд намайг унагаж учраас жишээлж байгаа царай нь энэ. Ер нь бол хэрэггүй хог л доо. Эсбөгөөс сүм хийдийн орчим шатаасан арцны утаан манан дунд явахад ч унаад өгөхийн зовлонгүй юм. Харин Шигаце, Кайлас зүг рүү дөтлөхөд амьсгал давхцах, багтрах шинж л илэрнэ үү гэхээс багтраад уначихгүй л дээ. Хоёр гурав хоноод бүрэн дасч байна.
Ер нь Төвдөд очих хүн онгоцоор очих дэмий юм байна. Онгоцны тусгаарлагдмал орчноос гэнэт өндөрлөг газрын агаарт шилжвэл Монголчууд ч барьц алдаж мэднэ гэнэ. Харин буцах хүн онгоцоор буцсан нь дээр дээ, мөнгөтэй бол. 40 цаг купенд явах тийм ч хүсмээр эд биш, ялангуяа хоол таарахгүй хүнд. Өгсөх хүн тэр 40 цагт аажим дасаад очдог тул гэмгүй юм байна.
Вагоны хоол гэж тал өндөгнөөс өөр махны бараагүй таван төрлийн “өвс”, мантууг хоол голдоггүй хүн бол хоёр идээд оччихож болно, харин хоол голдог хүнд бол горьгүй. Вагонд ормогц билет паспортыг хурааж авдаг, гэхдээ мэргэжил, зорилго энэ тэр асуусангүй. Билетний оронд пластик карт олгож байна. Харин жуулчны компанийн өгсөн бичгийг хальт уншиж үзсэн. Тэр бичиггүй бол “назад”. Буухын өмнө билет паспорт буцааж өгөв.
Төвдүүдийн хоёр давхар цагаан байшин, чулуун хэрмэн хашаа, сарлагийн аргалийг манайх аргаль хатаадагтай адил шавж овоолсон хүрэн овоолго жирэлзэн өнгөрсөөр. Төмөр замын дагуух автозамаар машинууд хурдална. Лхас орохын наахантай цагаан хөнгөн тэргүүдээр “хамгаалуулсан” Хятадын Т-80 маягийн танкууд ачсан бэсрэг цуваа зөрж өнгөрөв. Ямар нэг юм болоогүй байгаа?. Түгшихээс илүү зулын гол болж байгаа лам харчих юм биш байгаа гэх сониуч бодол төрнө. Гэвч бурхны оронд нүгэл байгаа даа. Ум...
Зочин
unshigch
Лол
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
mongol
mongol
зочин
зочин
Зочин
garmaa
garmaa
garmaa
батт
Хэхэ
Magnai magnai
Зочин
Zaluu
Zaluu
Зочин
Зочин
202.179.20.186-д
Зочин
Зочин
Зочин
zochin
20217920218
Баагий
Баагий
С
Нараа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ИРГЭН
ИРГЭН
Зочин
Za boli boli
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Уншдаг
Зочин
Zulai
He he
yu wee
улсболд
улсболд
Зочин
МАГНАЙ
Зочин
Зочин
Зочин
БАТ-ЭРДЭНЭ
kk
kk
Зочин
Зочин
Зочин
ЕГЗӨР -т
Зочин
Й
ЕГЗӨР
ЕГЗӨР
Мгл
Мгл
Зочин
Зочин
Зочин
(43.242.242.245)-д
Зочин
Зочин
Нийтлэлчид
Нийтлэлчид
Bars
Bars
111
Зочин
зочин
батбаяр
Хаха шаах юмаа
Зочин
Зочин
Амраа
munkhuu
munkhuu
mongolhvv
mongolhvv
Зочин
Зочин
Зочин
Хүлээлт
Хүлээлт
Зочин
Зочин
шоогоо
Таалагдав
Зочин
Зочин
Зочин
Зочин