Нуурыг шанагадаж, худгаа сэргээнэ гэв үү?

Төгрөг нуурын хөвөөгөөр...

Өнөөгийн улстөрийн энэ донсолгоо, энэ шуугиан бол үеэ өнгөрөөж байгаа тогтолцоо гал унтрахын өмнө дүрэлздэг шиг, эргэж нэг ноцож буй үйл явц байх. Дутуу алсан чоно аюултай гэж энэ! Халимагийн нэг дуу байдаг юм. “Сөөм хамартай Франц” гэж, Напальонтай байлдаж байх үед зохиогдсон гэдэг. Уг дуунд: 

Сөөм хамартай Францтай

Сөө (шөнө) өдөргүй цавчилдав

Цавчилдая гэж цавчилдсангүй

Оросын төлөө цавчилдлаа

Төгрөг нуурын хөвөөгөөр

Төгөөлөн (тойрон) явж алалдав

Алалдая гэж алалдсангүй

Амины нь аргад алалдлаа... гэж. 

Одоогийн үйл явдал яг нэг иймэрхүү л байх шиг!

Х.Баттулга “Төгрөг нуурын хөвөөгөөр төгөөлөн цавчилдаж” байх шив. Тэгнэ ээ, тэгэх нь ч аргагүй. Мань эр хэтэрхий олон дайсан цуглуулчихсан юм л даа. Дайснууд нь түүний байгуулсан “үл үзэгдэх” эзэнт гүрнийг нураахыг хүсэж байгаа юм. Харин эсрэг тал нь Ухаа худгаас морио усалчихаад л элдэж байна. 

2017 оны түүний ялалт бол олигархуудын хувьд “Гайт агшин” байлаа. Одоо тэд тэр ялалтыг нь Х.Баттулгын “Гайт агшин” болгох гэж улайрч байгаа юм. Д.Трамп анх Ерөнхийлөгчөөр сонгогдоод АНУ-ын санхүүгийн системийг “самарсан”. Элбэж байгаад унагаж авсан ч одоо буцаж ирээд самарч байна. Харин Монголд яг энэ үйл явц давтагдах вий гэхээс манай олигархууд үхтлээ айж байна. Түүх давтагддаг, эхнийх нь инээдэм, удаахь нь эмгэнэл гэдэг дээ! 

Х.Баттулгын ялалтын дараа хүмүүс анзаардаггүй ч Монголын нийгэмд томоохон суурь өөрчлөлт болсон юм. Энэ өөрчлөлт бол олон жил улиглан ярьсан “Олигархуудын засаглал” задран унаж эхэлсэн. Х.Баттулгын дайснууд бол тэр олигархууд байсан, тэдний хэлдгээр “Женко” гэгч бол тэдэнтэй нэгэн үе бизнес хийж байсан, тиймээс ямар арга замаар энэ дэглэм тогтсоныг сайн мэддэг хүн. Улстөрийнхөн бол “Олигархууд муухай” гэж чанга хашгирахаас хэтэрдэггүй, яаж зогсоохоо ч мэддэггүй хүмүүс. Ер нь зогсоох сонирхолгүй байсан. Учир нь тэднээс тэжээгддэг, хэр чанга хашгирна төдийчинээ их мөнгө авдаг л хүмүүс шүү дээ! Харин тэднийг мэддэг хүн л тэдний тогтолцоог задлаж чадна! Чухам ийм учраас манай олигархууд түүнийг “тэжээвэр” улстөрчдөөс ч илүү үзэн ядаж, айдаг юм. Тиймээс одоо л дарж авахгүй бол Монголын олигополизм сүйрэх гээд, түүх болох гээд байна! 

Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсноос хойш манайхан өнөө их ярьдаг, үзэн яддаг байсан олигархуудаа мартчихсан юм. Женко тэдэнтэй тэмцэж л байг, бид сонгочихсон, харж л байя, тэгээд нэг юм болох биз... 

Харин нийгмийн томоохон хүрээ тэр чигтээ олигархуудын “Шөлөндөө!” гэсэн дуудлагад дасчихсан байв. Их ч шөл цутгасан даа! Х.Баттулгын эсрэг 2017 онд бүрдсэн МАНАН-г дамнасан бүлэглэл бол Элбэгээгийн ур чадвар ч биш, М.Энхболдын мөнгө ч биш харин “Шөлөндөө!” гэдэг уриа л байсан юм. Шөлийг нь хүртэж байсан хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ. Харин монголчууд шөлөнд живчихээгүй л дээ!

Мухар зам

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад төмөр замтай их зууралдаад байхад нь гайхдаг л байлаа. Өөрөө ямар юм хэлэх биш! Хүн юм хэлсэн ч тоох биш, улам цаашаа зүтгээд л байдаг зөрүүд хүн л дээ. “Төмөр замаас үүдсэн комплекстой хүн юм” гэж боддог байлаа.

Улстөрийн тогтолцооны томоохон шинэтгэл хэрэгтэй гэж ялангуяа манай Г.Уянга их шахаж байсан. Буухаасаа нэг жилийн өмнө зөвлөхүүдээ бүгдийг нь халахдаа “Завьтай нь хөмөрч байна!” гээд инээж байсан. Бид гараад “Завин дээрээ өөрөө сууж байгаагаа мэдэхгүй л байгаа юм байх даа?”... Тэгээд үй олон учраа мэдэхгүй сэвсэн залуус, боловсролгүй чадваргүй хүмүүсийг цуглуулаад мухар төмөр зам руу шаачихсан.

Яахав яагаад тэгж улайраад байсны учир саяхан тайлагдсан л даа! Элбэгээ ч яагаад нөгөө талдаа гарчихсаныг ойлгосон. Манай олигархууд нэгдэж өмнөд хөрш рүү нүүрс зөөдөг төмөр замыг мэдэлдээ аваад түүгээрээ дамжуулж улсаар нь үүрд базах гэж байсан юм билээ. Түүний төлөө хоёр улсын гэрээг хүртэл ЗГ-ын архиваас аваад нуучихсан байсан. Равсалын сунгасан гар хаа хүрдгийг үзүүлсэн. Төрийн өндөрлөгүүдийг Элбэгээг, Алтанхуягийг нэг, нэг амбаараар л худалдаад авчихсан байсан. 

Төмөр замын гацаа бол хэн хэн нь барих дургүйдээ биш, хэн нь эзэн суухад л байсан юм билээ. Тулга яахав ганцаараа дийлэхгүй тул Ерөнхийлөгчийн байр сууринаас хүчлээд улсын төмөр зам тавих гэж зүтгэж. Харин түүнд нь онол чойр ярьдаг амьтад биш, дуулгавартай, ажилсаг, үнэнч гүйцэтгэгчид хэрэгтэй болсон тул тэр амжих гээд завиа сольчихсон юм билээ л дээ. Тэгсэн тулдаа төмөр зам овоо урагшилсан. Яг холбох болоход манай Оля нар холболтон дээр нь гацааж, мань эрийг “Үндсэн хууль” өөрчилж байгаад дэвшүүлэхгүй болгож амжжээ. 

Уг нь Оля нарыг салгаж цохиж болдоггүй юм уу гэж их боддог байсан. Гэвч Монгол жижигхэн учраас тэднийг салгах боломжгүй юм билээ л дээ. Сахал Эрдэнэбилэгийг салгаад, дараа Сү.Батболдыг салгах гэж оролдоод амжсангүй. Сү.Батболд албинтай учраас зөрж хагалаад У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгосон тул олигархууд амь дүйж үлдсэн. 

Гэвч Тулга явсан ч нөлөө нь арилаагүй юм. Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүхийн оронд Л.Оюун-Эрдэнэ үлджээ. Шадар сайдаар С.Амарсайхан үлджээ. Хотын дарга дээр Д.Сумъяабазар үлджээ. Санхүү-эрх мэдлийн том сүлжээ. Ганцхан найдваргүй цэг байсан нь УИХ-ын дарга Г.Занданшатар байсан, тэрээр “Үндсэн хууль” өөрчилж, сул талаас нь хавирсан. Тулга өөрөө л УИХ-ын нэг их тоогоогүй юм. Гэвч аюул тэнд байв.

Х.Баттулгыг явснаас хойш түүний энэ нууцлаг эзэнт гүрнийг задлах гэж олигархууд бүх хүчээрээ үзэлцсэн. Д.Сумъяабазарыг амар холдохгүй болохоор нь Х.Нямбаатараар сольсон. Тун оновчтой алхам байв. Учир нь Х.Нямбаатар хуульзүйн сайд байхдаа “нөгөөдүүлийн” бүхий л баримт материалыг барьчихаад хааш нь ч хөдөлгөхгүй байв. Д.Сумъяабазар явж, Х.Нямбаатар ЗГ-аас холдсоноор Л.Оюун-Эрдэнэ маш том тулгуураа алдсан, гурван хөлтэй сандал дээр сууж үлдсэн. 

Д.Сумъяабазарын бөх тэх нь яахав, мань эрийг уул уурхайн сайд байхад л “Баялгийн сан”-гийн ажил эхэлсэн. Үүнээс л олигархууд болгоомжилж байсан. Л.Оюун-Эрдэнэ яаж ийгээд “Баялгийн сан”-гийн хуулийг түлхэж, олигархуудад эзэмшиж буй ордуудынхаа 34-51 хувийг санд тушаахыг шаардаж эхэлснээр энэ дайн дэгдсэн. 

Ерөөсөө Үндсэн хуулинд заасан ард түмний баялгийг 100% эзэмшиж байснаараа олигархууд баян бөгөөд нөлөөтэй байв. Тэд Засгийн газруудыг дураараа унагаж, Ерөнхий сайдуудыг сольж, хүссэн хүнээ сайд, агентлагийн даргаар тавьж, хэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болохыг шийдэж байсан. Тэд төрийн өмнөөс гадаад худалдааны, төмөр замын хэлэлцээр хийж, олсон мөнгөө гадаадад байршуулж, хууль хяналтынхныг дураар хөдөлгөж, хольж сольж байсан. Өмнөд хөрштэй төмөр замын холболтыг барих ажлыг тохироход Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь “Төр энэ ажлыг хийхгүй, манай хувийн компаниуд л хийх ёстой” гээд бүрэн эрхээсээ татгалзтал эрхшээсэн байсан хэрэг. Харин “Үндсэн хууль”-ийн өөрчлөлт ЗГ-ыг дураараа өөрчлөх боломжийг нь хааснаар олигархууд түр гацаанд орсон юм. 

Тэд үлгэрлэвээс Өмнөд Солонгос маягийн загвар мөрөөдөж, үүрд далд засаглана гэж мөрөөдөж байсан юм. 100 хувь орд эзэмшинэ гэдэг хязгааргүй эрх мэдэл гэсэн үг. Тэд дуртай хөгжмөө захиалж, Монголчууд түүнийг нь сонсож, бүжиглэж байсан юм. Гэвч гайтай “Женко” тэдэнд саад болжээ. 

Харин энэ бүхний эцэст би одоо ч нэг л юмыг гайхдаг. Хэрэв Тулга тэдэнтэй хэлэлцэн тохирсон бол дахин сонгогдох л байсан. Тэднийг ямар танихгүй биш, уулзаж учрахгүй биш! Сахал Эрдэнэбилэгийг хориод, “Эрдэнэт”, “Хөтөл”, “Таван толгойг” улсын мэдэлд аваад, Сү.Батболдыг ОУ-ын шүүхэд өгөөд, Рио Тинтотой заргалдаад л яваад байсан. Үнэндээ овоо юм хийсэн байгаа биз? Ахиад нэг алхсан бол “MCS”, “МАК” руу орох байсан юм. Гэвч амжаад мулталчихсан хэрэг.

Нөгөөдүүл нь “Женко” бүхнийг ганцаараа эзэмших гэж ингэж байна гэж ярилцдаг юм билээ. Ганцаараа барах уу? Түүнд гурил талхны үйлдвэр, хуучин зочид буудал л байсан. Ямар хүчээр бүхнийг эзэмших юм? ЕТГ нь хүртэл хүнээр дутаж байсан, энэ ч хартай зангаас нь болсон тал ч бий. 

Ийнхүү алдаа нь арвин ч бай, яаж ийгээд цөөхөн гэр бүлийн үл үзэгдэх гарт баригдсан Монголчууд амьсгаа авсан юм. Бүх баялаг цөөхөн хүний гарт төвлөрч байсан нь задарч, ард иргэд Таван толгойгоос ноогдол ашиг авч эхэлсэн. Х.Баттулга үзэлцээгүй бол үүнийг авахгүй байсан юм аа!Мэдээж энэ зуур үймээн бужигнаан, элдэв хориг хаалт, шалгалт, шүүх маргаанаас болоод эдийн засаг донсолж, ковид нэрвэж юм юм л болсон. Ингээд олигархууд дутуу алсан могой шиг үлдчихсэн юм. Олигархуудын засаглалтай хийсэн тэмцэл ингээд мухар замд ороод гацчихсан! Одоо үүнийг “Яах вэ?”

Баялгийн тэгш хуваарилалт.

Хүмүүс сонин шүү, ингэж мөнгө авна чинээ бодоогүй байсан. Мөнгөө авсан хэр нь “Манай олигархуудын гарт энэ бүх мөнгө очоосой, тэд л бүтээн байгуулалт хийж улсаа хөгжүүлнэ” гэж ч байх шиг. Тэгдэггүй юм аа, ухаант ардууд аа! Цаадуул чинь ашгаа оффшорт шаачихаад шингэн шөлөөр цөөн хэдийг нь угжаад та нарт ингэж хэл гэдэг юм!

Одоо олигархуудыг гуйгаад царай алдаад байна л даа, манай засаг. Орд эзэмшиж буй компанийнхаа цэвэр ашгийн 34 хувийг өгчихөөч, бид ард түмэнд тараах гэсэн юм. Урдаас нь “Май, чи муу! Огцруулчихна шүү!” л гэж байгаа биз дээ? Эдийн засгийн хэллэгээр бол “Муусайн гуйлгачингуудад сохор зоос ч хялайлгахгүй! Овоо нэг цоохор дээлтэй сайн эртэй болсон гэл үү? Тэрийг чинь нууранд живүүлчихье л дээ!” гэж байгаагаас ялгаа юун? Маш энгийнээр энэ л шүү дээ!

Тэгээд ард түмэнд нь болохоор “Наад хулгайчууд чинь биднээс аваад Та нарт өгнө өө, гонж, хуваагаад л идчихнэ!” гэнэ. Ард түмэн нь энэ жоом шиг үржсэн хулгайчуудыг цатгаснаас авахгүй байсан ч яадаг юм” гэнэ. Энэ бол чөтгөрийн тойрог л доо! Гэхдээ ноогдол ашиг авч мөнгөний амтанд орсон хүмүүс одоо үүнээсээ салах нь юу л бол!

Одоо болоо юм биш үү? 30 жил биш гэхэд сүүлийн 20 жил аль өнгөтэй өөдтэй ордуудыг эзэгнээд дангаараа идэж уугаад цаддаггүй юм уу? Бүгдийг нь авъя ч гээгүй, зүгээр л “Цэвэр ашгийнхаа 34 хувийг санд тушаа!” гэж байна. 

Үлдсэн 66 хувь Од, Оджаргал, Нямтайшир, Номтойбаярын гэр бүлд хангалтгүй юу? Энэ чинь 3,5 сая Монголчуудад бүгдэд нь оногдох ёстой ашгаас хоёр дахин их ашиг шүү дээ! Ер нь хүн ханаж цаддаггүй юм байна л даа! К.Марксын хэлснээр “Домбоноос гарсан бирд шиг” болсон хөрөнгөтнүүд олз ашгаа хэнтэй ч хуваахыг хүсдэггүй учраас одоо ахиж сулраад ЗГ-ыг ч, УИХ-ыг ч, Ерөнхийлөгчийг ч худалдаж авч олзоо ганцаараа хүртэхийг л эрмэлзэж байна. 

Үүний тулд одоо Тулгыг хүлээд, улмаар ЗГ-ыг унагаад өөрийн дуулгавартай хүнээр Ерөнхийлөгч тавих л гэсэн төлөвлөлт хэрэгжиж байна. Харин төлөвлөлт нь маш эмх цэгцтэй, нэгдсэн удирдлага санхүүжилттэй, дэг журамтай хэрэгжиж байна. 

Ирэх сонгуулийн чимээ

Энэ удаад У.Хүрэлсүхийг дахин дэвшүүлэхгүй юм байх. Найдвартай, өөрийн хүн дээр. Дахин дэвшүүлэх Үндсэн хуулийн боломж байхгүй тул ашиглаад хаяна гэж тооцсон. Ард нийтийн санал асуулга явуулаад У.Хүрэлсүхийг дахин дэвшүүлэх “Үндсэн хууль”-ийн өөрчлөлт рүү орно гэж тооцсон ч Л.Оюун-Эрдэнэ хөдлөхгүй байна.

Тиймээс МАН-аас хэнийг ч дэвшүүлсэн гарна гэж тооцсон. Ганцхан гацаа байгаа нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байгаа үед Х.Баттулга дэвшвэл ялагдана гэж үзэж байгаа юм. Яагаад ялагдах учиртайг өмнө хангалтай тайлбарласан. 

Тиймээс одоо Тулгыг барьж хүлэх гэж улайрч байна. Үүний тулд Л.Оюун-Эрдэнэ ба Х.Баттулгын хэлхээ холбоог таслах ёстой. Хамгийн шулуухан арга бол Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг унагаад Ерөнхий сайдаа солих. Нөгөө талаас АН-ын дарга архичинг солиод эвслийн ЗГ-ыг задлах. 

Тулгатай хөөцөлдөөд барахгүй бол АН-аас Ц.Элбэгдоржийг дэвшүүлэх хувилбар бий. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тэр дахин дэвших эрхтэй байж болно. Энэ боломжоороо тэр У.Хүрэлсүхээс илүү найдвартай. 

Хэрэв Ц.Элбэгдоржийг дэвшүүлж чадалгүй Х.Баттулгыг дэвшүүлээд алдчихвал ХҮН, Номтойбаярын эвслээс хуваагч дэвшүүлээд үзнэ. Олон угсраа мэх бэлдсэн. Гэхдээ өнөө хулгар нь “гүлдийсээрээн” байгаад гараад явчихвал толгой дээр нь цахиур хагалах нь дамжиггүй. Тиймээс алхам бүрээ тооцож, боломж бүрийг шавхан ашиглахыг зорьж байна. Хамгийн гол нь эзэмшиж буй ордуудаасаа олдог цэвэр ашгийн 34-51 хувийг “Баялгийн сан”-д алдчихвал балрах гээд байгаа улс шүү дээ! Х.Баттулгын толгой ийм л үнэтэй.

Хамаа алга, Тулгын хулгар толгойгоор үүнийг сольчихож болно гэж үү? Хэрэв тэгье гэвэл цаадуул чинь хулгарыг нь ч авна, Тавантолгойг нь ч авна гэх улс болохыг харж байгаа биз? Толгой дээр нь зайдалсан олигархуудаас салах чадал Монголчуудад бий юу?