“Удирдагч гэж ямар замаар явахыг хэлээд зогсохгүй өөрөө үлгэрлэн тэр замаар дагуулаад газарчлаад явах  тийм  хүнийг л хэлдэг.”

Жон Си. Максвелл

 
Бид бүгдээрээ үндэсний удирдагчийн эрэлд гараад удсанаа одоо л дор бүрнээ хүлээн зөвшөөрч эхлэв. Чингис хаанаасаа эхлээд Чойбалсан, Сүхбаатар, Цэдэнбал даргын зураг, хэлсэн үг тэргүүтэн, нийтийн дунд ихэд тарж Цэдэнбалын эсрэг “Монгол тулгатны 100 эрхэм”-ээр ярьсан Лоохууз гуайг зарим нэг нь хараан зүхэх ажээ. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг ч нийгмийн сэтгэл зүйд нөлөөлсөн нь ойлгомжтой.

Ардчилал дөнгөж гарч эрх чөлөөтэй болсон ерэн оноос хойш бид Чингис хаан гэж хашхирсаар байсан атлаа ганц өөдтэй кино ч хийлгүүлээгүйгээр энэ хийрхлийн мөн чанар харагдана. Одоо л жоохон намдах өнгөтэй ч бас л талбай энэ тэрээ нөхөн нэрэлсэн хэвээрээ …

Нэг л их том удирдагч эрсээр л… Н.Энхбаярыг дахиж улс төрд орж ирээд үндэсний удирдагч болчих вий гэсэн айдас бол дээгүүр, энэ чинь нээрээ манай үндэсний удирдагч байсан юм биш үү… гэсэн эргэлзээтэй хий найдвар бол доогуур. Бүгд дор бүрнээ хэн нэгэн элбэрэлт их хааныг хүлээсээр л…эрж хайсаар л…

Бодит байдлыг тэгш амгалан сэтгэлээр хамтдаа тунгаах гээд үзье.

Эхлээд бид гуравхан сая хүнээсээ  хөгшид хүүхдээ хасахаар нэг сая гаруйхан хүнээс лидер хайх болно. Энэ нэг саяын хагас нь бүр нарийн яривал гуравны нэг нь  улс орон аваад явчих ухаантай, туршлагатай, ажилсаг бас олондоо нэртэй мөн дээр нь  хөрөнгө мөнгөтэй хүнээ тоолбол 3000 давахгүй ч байж мэднэ.

Яагаад заавал хөрөнгө мөнгөтэй гэж онцолсон бэ гэвэл өнөөдөр мөнгөгүй хүн төрд гарч ирнэ  гэж бодоод ч хэрэггүй. Одоогийн тогтсон жишиг бол намдаа нэг тэрбумыг хандивлаад өөрийнхөө сурталчилгаанд нэг тэрбумыг гаргах бэл бэнчинтэн л тэр оргил өөд явдаг бөгөөд гаргасан сүйтгэлээ хэдэн зуу дахаин эргүүлж олж авдаг хонжворт сугалаа, казино маягийн юм болоод удсан.
        
Дээр өгүүлсэн гурван мянгаас бас гуравны нэгийг нь бид танина аа.

Энэ мянга дотор өмнөх, одооны нийлсэн УИХ-ын 76 хийгээд Засгийн газар, энд тэндхийн том, бага дарга нар голдуу эрхмүүд, олны танил, за тэгээд зурагтаар олонтаа гардаг мань мэт зохиолч, сэтгүүлч, дуучид, бөхчүүд, мэдээж хэрэг Сарандаваатангууд гэх мэтээр таньж ядаад байхааргүй гайгүй баримжаатай. Ихэнхдээ энэ мянга дотор л сонгууль болдог.

Улс төр угаасаа холын зайн гүйлт болохоор сайн мууг нь таньсан хүндээ бид итгэх нь гарцаагүй. Гэнэтхэн нэг их ухаантай, ажилсаг, бүтээлч хүн гэнэт төрчихдөггүй болохоор энэ мянгаасаа хайх нь өнөөх “айлаас эрэхээр авдраа уудал “ гэсэн сургаалтай яг таарна.

Хэрвээ сайн удирдагч гараад ирвэл өнөөх үлдсэн хоёр мянгаас сайн мэргэжилтэн шилж олоод багаа бүрдүүлэх нь энгийн ойлгомжтой юм. (Гэвч одоо бол харамсалтай нь огт тэднээс шилдэггүй хамаатан садан, ах дүүс хийгээд нам дотроосоо бас л мөнгөөр үнэлэгддэг болохоор)
        


Өнөөдөр ийм санаа өвөрлөж яваа маш олон хүн дээгүүр бий. Тэд  их мөнгөтэй болохоор тэдэнд их хүч чадал байгаа. Олон жил дошны атаман хийчихсэн тэдэнд улсын атаман болъёо гэсэн хүсэл бараг бүгдэд нь байгаа. Одоо цаг бол яг бага хаадын төрийн эрхийн төлөөх тулаан эргэж ирчихээд байгаа ч арай ч тэр үе шиг хэдхэн сар, хэдхэн хоног хааны сэнтийд суух дээрээ хүртэл хурцдаагүй байна, азаар.
        
“…Би боддог юм, ямар хүн цөхөрдөг, ямар хүн цөхөрдөггүй юм бол гэж. Ганцаараа байдаг хүн их цөхөрдөг шиг байгаа юм. Ганцаараа учраас хүмүүсийн хэлдгээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тэгээд цөхөрдөг шиг байгаа юм. Тэгэхээр ганцаараа байж болохгүй юм байна. Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн. Нийтээрээ байвал хүчтэй. Ганцаараа бол хамгийн өндөр албан тушаалд суусан ч адгуус болж хувирч байгаа юм…” гэж Н.Энхбаяр саяхан хэллээ. Тасарч үзээд газардсан хүний үг болохоор үнэн.
        
Гэтэл саяхнаас ерөнхийлөгчийг бүх ард түмнээр биш их хурлын хүрээнд сонгодог болгоё гэсэн яриа их явах боллоо. ( Дошны атаманууд дотроо үзэх нь).
Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай ярианд энэ мэт олон анхаарал татсан сэдэв байгаа билээ. Зарим нэг нь ерөнхийлөгчийг гүйцэтгэх засаглалаа мэддэг болгоё гэж байхад эсрэг байр суурьтай нь харин ч ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлая, ерөнхий сайдыг хааны зэрэгт аваачъя  гэх мэт… Тэгэхээр одоо хаан болох хүсэлтэй хүн хэрхэн Үндсэн хуульд хязгааргүй эрхт хаан суух аргаа хийхээр зэхэж байх шиг. Энэ жич өөр асуудал мэт боловч үндэсний удирдагчтай болох гэсэн ард олны хүсэл сонирхолд нийцэх эсэхийг ч асуухгүй бидний оролцоо улам бүр хумигдаад ирэхийн дохио ч байж мэднэ.

Энэ тухай эс өгүүлээд ард олны дунд ямар удирдагчийг хүсээд байна вэ? Түүнд нь тохирох хүн байна уу? гэсэн асуудалдаа эргээд оръё.
 
         БИД ЯМАР УДИРДАГЧИЙГ ХҮСЭЭД БАЙНА ВЭ?
 
Францын ардын шахуу болчихсон нэг яриа санаанд буулаа. Францууд “Эм хүнд нэг л эр хангалттай байдаг бол эр хүнд 3 эмэгтэй хэрэгтэй болдог. Эхнийх нь ээж шиг нь хайртай халамжтай тийм эмэгтэй, удаах нь санаа сэтгэл нягт нийлдэг яриа хөөрөө таардаг эмэгтэй, эцэст нь ор хөнжлийн ажилд гарамгай тачаангуй эмэгтэй… Харамсалтай нь энэ гурван чанар нэг эмэгтэйд байх нь тун ховор” гэж ярилцдаг аж.
        
Тэгвэл улс төрд бол өөр. Зөв удирдагч зөв хүмүүсээр танхимаа бүрдүүлж чадвал  төрийн зөв уураг тархи бий болно. Зөв бодлоготой, зөв танхимтай бол доош мөн тийм яамд, агентлагуудтай болж төр бүхэл болж ажил урагшилдаг. Харамсалтай нь өнөөдөр ийм баг дутагдаад байна. Шат шатандаа нам дагасан шат шатандаа  “цавчих” бодолтой хүмүүсийн л бөөгнөрөл.
        
Сайн удирдагчтай буюу ерөнхий сайдтай боллоо гэж бодъё. Сайн танхимтай ч болж гэнэ. Гэтэл эдийн засгийн тал дээр бат суурь хөрстэй болсон цагт л ардчилал ёсоороо ургадаг хэмээн Пак Жөнхый хэлсэн байдаг.

Бид гаднаас гурав дахь хөрш буюу шуудхан хэлбэл гол нь мөнгөтэй, биднийг дагуулаад чирээд явчих “сайн ахыг” хайгаад өнөөг хүртэл олсонгүй. Харин дотроо бол газар доор байгаа баялагаа гайгүй үнэд хүргээд зарчих бизнес  ухаантай удирдагчаа ч  олсонгүй мөнгөтэй гадны хүнд өгөөд өөрөө бас “цавчих бодлоготой” л хорин таван жил манаргажээ.
        
Ингээд бодохоор өнөөх удирдагч маань өмнөх үеийнхэн шиг улс төрч, эсвэл цэргийн эрхтэн  гэхээсээ зах зээлийн гэх энэ шинэ  нийгэмд гурван сая хүнтэй айлыг аваад явчих бизнес хар ухаантай хүн эхлээд хэрэгтэй байгаа мэт!

Эм Си Эс-ийн ерөнхийлөгч Ж.Оджаргал шиг доороо ажиллах багаа сайн боловсон хүчнээр бүрдүүлдэг бас улаан, хөх ялгахгүй өргөн сүлжээтэй… З.Энхболд шиг шударга, нэр цэвэр, бас ч гэж шуудайд хийсэн үхрийн эвэр шиг нөхдийг тайван удирдаад суугаа туршлагатай бас яс зуумтгай… Х.Баттулга шиг ардын хүүхэд атлаа том сэтгэдэг, зорьсондоо хүрдэг нь Жүдо бөх, Чингисийн хөшөө, Майдар эко хот, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр замын сүлжээ… гэх том юманд зорьдог, эх оронч бас бөх шинжтэй… Н.Энхбаяр шиг шөрмөсөө таслуулсан ч шөрмөстэй хэвээрээ үлдэх дайчин, бас эрдэмтэй, бурханд үнэн сүжигтэй… Ч.Улаан шиг нүүрний буянтай, олонд эв найртай… Ц.Элбэгдорж ерөнхийлөгч шиг уран цэцэн ярьдаг… гэх мэтээр энэ олон чанартай бас болоогүй өндөр нуруутай өргөн цээжтэй гээд яриад байвал хоосон төсөөлөл л хөгжинө. Хэзээ ч  нэг хүнд энэ бүхэн цогцлох нь огт үгүй  бөлгөө.

Чингис хаан яагаад хүчирхэг хаан байсны нууц нь өөрийнхөө доорх зөвлөхүүдээ нутаг ус, яс үндэс харгалзахгүйгээр ухаантныг тойруулж цуглуулаад тэднийхээ  үгийг нь сонсоод зөв удирдан чиглүүлдэгт л байсан болохоор хэнд ямар бодлого, төлөвлөгөө байгаагаар л уралдах нь хамгийн зөв сонголт болох буй заа.

Үүнийг л мөрийн хөтөлбөр, төрийн бодлого хэмээдэг буюу.
 
…1960~70 оны эхэн үе. Аж үйлдвэрийн салбар бараг түүхий шахуу байсан энэ үед манай улсын цор ганц баялаг нь “Солонгос хүн гэх ажиллах хүч” л байлаа. Гагцхүү энэ баялгийг ашиглаж байж л идэх хоолтойгоо залгаж, улс орноо өөд татах нь бидэнд оногдсон хувь тавилан байлаа…хэмээх үгээр Солонгос улсыг арваадхан жилийн хооронд Азын бар болгож чадсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Жөнхыйн тухай “Солонгосын сэргэн мандалт” ном эхэлсэн байдаг.

Бидэнд ч ялгаагүй Монгол хүн хэмээх нэлээд чансаатай ажиллах хүч л байна. Харин бодлого тодорхойлоод дагуулаад явчих хүн нь алга.

Тэгэхээр цөмөөрөө үндэсний удирдагчийн биш үндэсний хөгжлийн бодлого тодорхойлогчийн эрэлд гарах цаг болжээ!