Нэг нь буцаж нөгөө нь ирж байгаа хоёр үе...
Би ой өнгөрч яваа нялх охиноо тэргэндээ түрсээр Урлан бүтээх төвийн үүдэнд ирлээ. Залуу Ленин зогсож байна. Лениний хөшөө Ленноны хөшөөгөөр солигдох үед л ардчилал жинхэнээрээ ирнэ гэж дээр хэн нэгэнд би цэцэрхэж байснаа санав. Мөн ч гэнэн байж дээ...гэж өөрийгөө шоолон бодсоор дөнгөж сая унтсан охиноо сүүдэр бараадуулан тэрэгтэй нь тавьчихаад утсаа оролдож суулаа.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ
16-р зүйлийн 5-р заалт
Би ой өнгөрч яваа нялх охиноо тэргэндээ түрсээр Урлан бүтээх төвийн үүдэнд ирлээ. Залуу Ленин зогсож байна. Лениний хөшөө Ленноны хөшөөгөөр солигдох үед л ардчилал жинхэнээрээ ирнэ гэж дээр хэн нэгэнд би цэцэрхэж байснаа санав. Мөн ч гэнэн байж дээ...гэж өөрийгөө шоолон бодсоор дөнгөж сая унтсан охиноо сүүдэр бараадуулан тэрэгтэй нь тавьчихаад утсаа оролдож суулаа.
Тэгтэл яг охины ард нэгэн сандал дээр бас ч болоогүй нэг цайвар малгайгаа дэрлэсэн эр бөх унтаж байлаа. Охин тэр хоёр нэг кадрт их сонин харагдсан тул утсаараа зургийг нь авлаа. Надад бол их сайхан зураг болчих шиг бодогдов. Тэгээд өнөөхөө нүүр номондоо Нойрсож буй хоёр. (нэг нь буцаж байгаа нөгөө нь ирж байгаа хоёр үе) гээд тавьчихлаа.
Охин өнөөх бөбөөчин хоёр таг унтсаар л... Төдөлгүй хүмүүсийн ихэнхэд өнөөх зураг таалагдсан болтой лайк цувж эхлэв. Гэтэл бас зарим нэг хүн “Ийм аймшигтай хүнтэй хүүхэд ойртуулаад байхдаа яахав дээ... Ийм заваан хүнээс хол байлгаач... Заавал ийм зураг тавих хэрэг байсан юм уу?” гэх мэтээр ихэд сэжиглэж байгаа харагдана.
Эх улс нялх хүүхдийг бөбөөчинтэй хамт ойртууллаа. Тэгээд муухай зураг тавилаа гэдэг бас ч аргагүй. Эх хүн болоод л нялх үрийг маань харамлаж, хайрлаж, сэжиглэж байгаа хэрэг.
Би тэсэлгүй эргүүлээд ... Яахав дээ нэг хүн унтаж л байна билээ. Эрүүл байж мэднэ, согтуу ч байж мэдэх хүн харагдсан. Унтаж л байг. Заваан маваан гэх ямар хэрэг байнаа. Ямар ч зовлонтой хүн юм билээ, ганц үг сольсон биш... Би наана нь охиноо унтуулах гэж сүүдэр бараадаад удаан суухдаа зураг авчихсан юм. Зовсон нэгнээ битгий ад үз ээ! Чи бид ч яаж явахыг хэлж мэдэхгүй шүү дээ... гээд бичтэл хүмүүс дахиж юм бичихээ больчихлоо.
Тэгээд би бодлоо. Манай гэрийн хавиар маш их орон гэргүй бөбөөчид байдаг газар. Бүр хэзээнээсээ л энэ хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хавийн энэ газар нэг хачин архины угшилтай орон. Би ДУДС-д сурч байсан болохоор энэ хавийг эртнээс мэднэ. Ийм л газар эрт ч байсан, эдүгээ ч хэвээр байсаар л байгаа нь сонин.
Тэгээд би гэрээс гарах, гэртээ ирэх тоолондоо бөбөөчидтэй таарах бөгөөд өөрөө ийм зовлонт ужиг өвчнийг мэдэх учир шар тайлах хэдэн цаас өгдгөөс гадна хажуугаар тэд намайг маш сайн таниад байдгийн учрыг сүүлд мэдэж билээ. Би анхандаа за яахав телевизээр хорин долоон жил гарсан намайг таньдаг л биз, согтуу хүн ичих гэж байх биш дээ... гэж хайнга боддог байлаа.
Гэтэл надтай таарч өглөө шар тайлах мөнгө байнга гуйдаг, би ч байнга өгдөг хүмүүс ихэнх нь сэхээтнүүд байдаг ажээ. Би хэлж мэдэхгүй байна л даа. Нийт орон гэргүй гудамжаар гэр хийж, олсон хэдээрээ архи ууж сэтгэлээ зассаар яваа тэдний хэдэн хувь нь сэхээтнүүд гэдгийг гаргасан тоо байгаа гэхэд ч эргэлзэж байна. Тэр ч байтугай нэг удаа Ташкентад консул хийж байсан хүнтэй ч таарч байлаа. Тэд нар зовлонгоо нэг их яриад байдаггүй юм байна.
Та ингэж явахдаа яахав дээ гэж баахан харамсаад дагуулж ресторанд орж хоол идье гэхэд... Хэрэггүй хэрэггүй чи хэдэн цаас өгчихвөл би өөрөө хоол унд уух идэхээ зохицуулна гэж байлаа...Үр хүүхэд гэж байгаа биз дээ гэж асуухад хүйтрэхээр очноо одоо хэрэггүй. За за тэр яахав ээ гээд над руу горьдсон нүдээр харж байлаа. Би халаасаа ухан хорин мянган төгрөг өгөхөд үнхэлцгээ хагартал баярлаад алга болж билээ.
Яагаад гэвэл тэдний амьдрал бидэнд падгүй учраас тэд проблемаа огт ярьдаггүй бололтой. Ер нь ч проблемаа хүнд битгий ярьж бай! Тэдний хорин хувь нь огт сонирхохгүй харин үлдсэн наян хувь нь хаа сайгүй чамайг муулж ярина гэсэн мэргэн үг ч байдаг.
Архиа л олж согтож байвал бусад нь тэдэнд пад байхгүй. Тэгээд ч социализмын үеийн цагаан гартнууд ихэнхдээ сэтгэлийн хатгүй, архинд дуртай, тийм нэг нялцгайдуу улс байдаг. Гимнастикчин байсан, зураач байсан, багш байсан, бүр телевизэд хамт ажиллаж байсан олон хүнийг би нэрлэж чадах ч нэрлэмээргүй байна.
Эхлээд мэдээж архи гэгч донтох өвчинд нэрвэгдээд ааш гэж адсага болж эхнэрээсээ сална. Ганцаараа болж аваад баахан дураараа ууж наргиад бие нь дийлэхээ байж хүүхэд дээрээ очих ч архиа уусаар ад болоод нэг өдөр хөөгдөнө. Тэгээд найз нөхөд, ер нь наашаа харсан болгоноор хэсэг хоног төрүүлж байгаад тэд ч анхаарахаа байж нэг өдөр гудманд гарч, траншэйнд орно.
Эр хүн зарим талаараа эмэгтэй хүнээс ч хэврэг. Эхийн өврөөс эхнэрийн өвөрт шилжсэн нь ихэнх нь. Тэгээд ч социализмын үед дээд боловсролтой л бол ямар хоол хувцсаар дутах биш. Ингэж явтал өнөөх зах зээлийн хар шуурга дайрахдаа эхлээд сэтгэлийн хат муутайг сэгсэрч хийсгэдэг ажээ.
Самбуугийн Сүрэнжав гэж бараг л бүгд дуулсан байх. Тэр хүнтэй би нэг удаа Хүүхэд залуучуудын театрын өмнөх траншэйнд таарч гэрт нь орж үзэхэд хэд хэдэн орос, монгол ном уншаад тэр нүхэндээ сууж байсан билээ. Олон ч алдартангууд ийм замаар орсныг ч бүгд л санаж байгаа байх. Миний санаанд олон хүний нэр байвч бас л нэр дурдмааргүй байна.
Ямар ч хувьсгал яагаад дандаа сэхээтэн давхаргыг үгүй хийдэг юм бүү мэд... 1930-аад оноос тэр үеийнхээ сэхээтэн лам нараа дээрээс нь эхлээд толгой дараалан хядсан. Тэгээд одоо бидний дээд үе ихэнх нь “Хоньчин Найдангууд”...
Арай гэж их, дээд сургуультай болж сэхээтэн давхарга бэлдсэн ч, баруун зүүний нугалаа, сэхээтний төөрөгдөл энэ тэр гэж үргэлж сэхээтнээ хавчсаар 1990 онтой золгосон байдаг. Б.Ренчин гуай хүртэл 10 жил шоронд хоригдож явсан. Тэрээр
“Мундашгүй эрдэм сурахад нас даанч богино
Мунхгуудын дунд амьдрахад нас даанч урт” хэмээн халаглан бичсэн байдаг.
Өнөөх харгис хатуу зах зээлийн шуурганд эхлээд өнөөх л сул дорой, найдваргүй, урвагч болж мэдэх... хэмээн энэ өмнө зогсоо Ульяновын сургаснаар нээрээ л “найдваргүй давхарга” л хамгийн түрүүнд найдваргүй архичид болж эхэлсэн. Ингээд өнөөдөр болоход харин бид бүгд тэднийг жигшин зэвүүцэх ажээ.
Ийм анги одоо хаа сайгүй бий болсон. Ганц Монголд ч биш. Прекарият хэмээх бүхэл бүтэн анги энэ даяаршлын уртаас урт сүүдэр болон гарч ирээд одоо тэр сүүдэр дэлхий дахиныг нөмөрчээ.
Манайд төр анхаарчихмаар хэдхэн хүн уул нь байдаг юм шүү дээ. Эхлээд тэтгэврийн насны 200 мянга орчим хүн, дараа нь энэ гэр оронгүй бөбөөчдийн арми. Барууны орнууд шиг ажилгүйчүүдийн тэтгэвэр өгөөд сүйд болохоо байг ээ. Ядаж нэг нүдээрээ ч болсон харчихмаар...
Ийм армийг зөвхөн төр л харж үзэх ёстой юм.
Нэгдүгээрт, эд нар бүгд архинд донтох сэтгэцийн маш хүнд өвчтэй хүмүүс. Дараа нь мэдээж гэр орон ажил төрөл байхгүй. Гэтэл одоо дээр дооргүй хажуугаар нь хамраа чимхэж гарах нь холгүй болжээ. Хэвлэл дээр “хүн хог” хэмээн хээв нэг бичнэ. Зарим нь эднийг устгах хэрэгтэй ч гэж хэлж, бичиж байсан. Ядаж сонгууль болж байхад жоохон ч гэсэн анхаарсан дүр эсгэх болов уу гэж өмнөх сонгуулиудын үеэр ч харж л байсан. Нэг нүдээрээ ч тоож харалгүй өнгөрсөөр л...
Одоо ч эдний тухай ярьдаг бичдэг сэтгүүлч ч алга болж, улс төрийн гэгч эрхмүүдийн толгойд бол хэзээ ч орж ирж байгаагүй ч байж мэднэ. Ер нь тэдний авах дадал нь сэрснээс бус өгөх дадал нь бүр устсан хүмүүс! Хотоос холдуулмаар юм... асрах газар нэртэй шорон барьчихмаар юм л гэж бодож байсан бол дээд. Хамгийн аймшигтай нь үүнд бид нүд дасаад дараа нь сэтгэл хөрчихжээ.
Нэг тэрбум гурван зуун сая (Хамгийн сүүлчийн мэдээгээр 1,403,040,980 бөгөөд секундэд нэг хүн шинээр төрж арын тоо нэмэгдэж байдаг байна) хүнтэй өмнөд хөршид бол гурван сая хүн үхэж байхад юу ч мэдрэгдэхгүй. Харин бид гуравхан сая арай чүү хүрсэн болохоор манай хамгийн ховор, үнэтэй баялаг бол хүн! Тэр дундаа үхэхэд ойрхон байгаа дээр дурдсан тэтгэврийн энэ архичин хэмээх нэр хочтой “хүн хогууд” билээ.
Эдний дунд цагтаа сайхан хөдөлмөрлөж бараг л хөдөлмөрийн баатар болох шахсан улс ч байж л байгаа. Хөдөлмөрийн баатрууд ч тийм ч сайнгүй явааг харж болно. Төрөх үнэн, үхэх үнэн энэ хорвоод ирээд буцах гэж байгаа ийм хүмүүсийг л амар сайханд нь жаргаах бол төрийн бүр үүрэг байлтай.
“Насны бөгсөнд л муухай үхэхгүй юм шүү...” гэж Монгол хүн бүр боддог. Эргээд дээрх зургийн тухай яриа руугаа оръё. Нэг нь буцаж байгаа нөгөө нь ирж байгаа хоёр үе... гэхдээ бидний үр хүүхэд ч ямар явахыг бид даанч урьдчилан хэлж чадахгүй!
Ер нь ч өнгөрсөн гэгч байхгүй яагаад гэвэл өнгөрсөн учраас. Ирээдүй гэгч бүүр хоосон яагаад гэвэл болоогүй учраас. Харин өнөөдөр л бодьтой хэмээн Бурхан багш айлдсан байдаг.
Өнөөдөр л бид ийм хүмүүсийнхээ тухай, настан буурлуудынхаа тухай хэлэлцэж аргыг нь олохгүй бол маргааш чи ч, чиний хүүхэд ч тэдний дэргэд очихыг хэн ч хэлж мэдэхгүй!