2015.07.18-ны Бямба гариг, 14.00 цаг.

Бранденбург мужийн нэгэн дүүргийн – Вассманнсдорф тосгон. “Герман-Монголын ардын наадам”. Энэ зар ба урилгыг аль ноднин зун миний найз доктор Удо Хаазе бидэнд гардуулж байсансан.



Тэр маань Берлиний Шёнефелд дүүргийн засаг даргаар 23 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Шёнефелд дүүрэг бол нийслэлийн Баянгол дүүрэгтэй ах дүүгийн харилцаатай. Энэ жилийн наадам нь Монгол-Германы ардын дипломатыг  хөгжүүлэхэд нэмэр хандив болсон үйлс болоод зогсоогүй бас Баянгол дүүргийн 50 жилийн ойг тэмдэглэсэн үйл явдал  болжээ.

Баянголчууд наадмаа энэ 7 хоногийн өмнө 18-нд тэмдэглэсэн бол тэнд Берлин хотын захад орших энэ тосгонд монгол наадмаа мөн тэр өдөр зэрэг тэмдэглэж Баянгол дүүргийн төлөөлөгчдийг албан ёсоор урьж оролцууллаа.

Он сар өдрийн давхцал талаасаа ч энд ч, тэнд ч ихэд бэлгэшээж байлаа. Баяр тэмдэглэх, наадамлах нэрээр Монгол орны талаар үнэ төлбөргүй асар том сурталчилгаа явагдсаныг нь би энд зориуд тэмдэглэе.



Найз Удо маань монгол наадмыг 12 дахь удаагаа дүүрэгтээ зохион байгуулж байгаа нь энэ юм. Уг нь алдар суугаа дуурсгасан нэртэй монголч эрдэмтэн байхаар бэлтгэгдсэн боловч энэ найз маань улс төрийн албанд зүтгээд,  гэхдээ Монгол гэдэг орныг ямагт дэргэдээ байлгаастай, тэр нь ч Вассманнсдорф дахь энэ лут наадам байдаг болов уу гэж би үздэг юм. Гэхдээ Монголын талаар олон сайхан үйлс бүтээсний нэг нь энэ наадам мөн л дөө.



Долдугаар сарын 11-нд монголчууд бид үндэсний их баяр наадмаа эндээ дэнж хотойтол наадаж тэмдэглэсэн бол хилийн чанадад, тэр дундаа Европт, тэгээд бүр Европ дахь монголчуудыг цуглуулаад ингэж наадсан тохиолдол өөр байхгүй юм. Дэлхийн өнцөг буланд монголчууд наадмаа тэмдэглэлээ л гэдэг. Тийм мэдээ бишгүй  ирдэг. Харин тэр суугаа орных нь төр засаг оролцоод  ийм өндөр ач холбогдол өгөөд тэмдэглэсэн нь Германаас өөр бий болов уу? Тэр утгаар би ихэд олзуурхан сурталчилж бичиж байна л даа. Бранденбург мужийн удирдлага, Улаанбаатар дахь ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх очиж оролцсоныг нь би хэлж байна. Мэдээж Берлин дэх манай ЭСЯ бүрэн бүрэлдэхүүнээрээ, Элчин сайд нь өөрөө биечлэн оролцож, үг хэлж нээлт хийж, ЭСЯ-ны консул нь наадмаа хөтлөн явуулсныг нь би олзуурхлаа. Ардын дипломатын томхон арга хэмжээг ингэж л хийх ёстой юм байна.  



Наадмын гэрүүд, асар майхнууд, наадмын хуушуур, Европын олон орноос зорьж очсон монголчууд, монгол бөхчүүд, Прагаас нүүж очсон монгол ресторан, Баянгол дүүргийн хүндэт иргэн Вилли Белгерийн 8 ханатай уянгын нүсэр том гэр, тэр гэрт явагдсан Монголын тухай лекц, сурталчилгаа гээд бичвэл нэг нийтлэлээр зогсохгүй тул зөвхөн гэрэл зургаар фото-нийтлэл болгон дор толилуулсныг хүлээн авна уу.