“Нэрээ гологсод” өгүүллээ бичихдээ Улаанбаатарын бэлгэдлүүдийн тухай нэг юм байгаа гэж бичсэнээ саяхан санав. Компүүтрээ ухаад үзтэл нөгөө нэг юм нь байж байна. Амласан ёсоор эхний хэсгийг та бүхэнд хүргэж байна. Мистик, оккульт энэ тэрийг ойлгодоггүй хүнд цагийн гарз талдаа. Яахав завтай хүнд сонин болгоё. Угаасаа урт бичдэг гэмтэй, энэ ч бас л урт болчихлоо. Зарим уншигчийн зөвлөсний дагуу хэлэхэд “урт юманд” дургүй хүмүүс уншихад хэцүүг урьдчилж сануулъя. Уг нь “жуулчдыг мунхруулах” ном болгох санаатай нухаж байгаа юм.


    ХААЛГА

Бид “Хот орно” гэж ярьдаг. Энэ үгийнхээ утгыг анзаардаггүй. Хот гэдэг айл байна, тийшээ очдоггүй, ордог, ордог бол заавал нэг хаалгатай байх ёстой байх нь ээ? Хот айлд бол очно, учир нь тэднийхэн нүүчихдэг учраас. Бид Дархан ороод ирлээ, Эрдэнэт ороод ирлээ, аймгийн төв ороод ирлээ гэж ярьдаг.

Түмний болон төөргийн буянаар өрнө, дорнын цөөнгүй хотоор “оржээ”. Анзаарсан нь хотод  заавал хаалгаар ордог. Одоо ч “мийгаа хотууд” өргөжөөд тооноор нь гараад явчихдаг болж. Гэхдээ л хаалга заавал байдаг. Хаалга нь хаана байна? Бээжингийн Чань мин хаалганы тухай бид өдөр бүр л ярьдаг. Яаж ярьдаг гэвэл чамин эд байна, чамин бараа авъя, чамирхлаа гэхчилэн. Манай жинчид хойд хаалгаар нь орж, гудамж дагуух худалдааны лангуу, мухлагаас лэнсий бараа түүж, түүнийгээ гэртээ авчраад чамин бараа гэж гайхуулдаг байж. Энэ үгээр одоо ч чамирхсаар. Монголчууд умард нутаг дахь хотоо орхиод Умард нийслэл Хятадад байгуулахдаа хот мандлыг сүрхий дэглэжээ.

Харин манай Хорхорумыг Мингийнхэн ирээд сүйтгэчихсэн, манайханд хот хамгаалах тухай ойлголт байдаггүйгээс ийм юм болсон шиг байгаа юм. Хариуд нь Хөхтөмөр жанжин бүгдийг нь толгойгүй чөтгөр болгосон. Мингийнхэн Хасбуу тамга (хас-чулуу, буу(бао)– эрдэнэ(хят) нийлээд хас эрдэнийн тамга. Манайхан хаш чулуу гэж ярьдаг нь буруу хаш гэвэл ногоо болно, баклажан гэдэг санагдана) олох, Хөхтөмөр жанжнаас ял асуух, алтан ургийн хүн олж авчрах зорилго тавьсан, аль ч биелээгүй харин ганц хотыг маань сүйдэлчихсэн юм билээ.

Ром хот орлоо. Колизейн дэргэдэх Ялалтын хаалгыг үзэж сонирхлоо. Ромын жанжид ялалт байгуулан суу алдраа мандуулж ирэхдээ Ялалтын хаалгаар морилдог байж. Энэ бол хотын үүд. Хаалганы соёл эндээс л эхтэй болов уу? Энэ ёс өрнө дахинд төдийгүй дорно дахинд тэр ч байтугай коммунист Умард Солонгост хүртэл уламжилжээ. 15000 тонн боржин чулуугаар барьсан Пенъяны “Ялалтын хаалга” нь нийслэлээ Японоос чөлөөлсний дурсгалд босчээ.

Елисейн амсарт байрласан Парисын “Триумфальная арка” бол Францын ялалт, суу билгийн оргил үеийнх. Энэ бол хотын хаалга. Орох үүд юм. Хот бүр орох үүдтэй байдаг. Тэр үүд нь ялалт, сүр хүчийг илтгэж байдаг. Берлиний Бранденбургийн хаалгыг бол бүгд мэднэ.

Уг нь монголчууд хаалгаар орохдоо босгонд бүдэрснийг алж үүдээ ариулж хүндэлдэг догшин заншилтай улс. Хожим шарын шашин дэлгэрсэнтэй холбоотой байх ёс зөөлөрч, гарахдаа босгонд бүдэрснийг “гарз гарна” гэж, заавал буцааж оруулаад галд аргал өргүүлээд гаргадагсан. Харин орохдоо бүдэрснийг эерүүлж “олз ор” гэж заавал хэлдэг. Харин өнөөгийн монголын нийслэл орох үүдгүй, гарах хаалгагүй босго тотгогүй, тиймээс “хот орно” гэж явсан хүн орж гарснаа ч төсөөлдөггүй болчихжээ.

Шинэ хотоос жишээ нь Хасгийн шинэ нийслэл Астана ч хаалгаа мартаагүй байна. Онгоцны буудлаас “хот орох” замд гоёмсог “Ялалтын хаалга” бий. Чухам юуны ялалтад зориулахаа одоохондоо шийдээгүй байх шиг байна, гэвч агуулгаараа Хасгийн ард түмний хөгжил дэвшил, тусгаар тогтнол бол ялалт юм гэж ойлгож байх шиг.

Манай нийслэлд хаалга байхгүй биш байсан. Энгельс гуайн гудамжаар Наран улсын гүүр тавьтал хөндөлдөөд байхаар нь нураагаад хаячихсан. Нэг оросын хөшөөнөөс ч дор үзэж тоогоогүй, гэтэл бид чинь хотынхоо хаалгыг эвдээд хаячихсан байхгүй юу. Түүхэн дурсгал талаасаа хэдэн хүн улстөржиж дуугарсан, 50 жилийн түүх гэж юу байдаг юм гээд нэг л шөнө байхгүй болгосон. Чухамдаа бол дайснууд хотод орохын тулд хаалгыг нь хамгийн түрүүнд эвддэг байх.

Уг түүх нь Климент Ефремовичийг “Хүрэн халзан тоомсогоороо (багадаа төмсгөөрөө гэж дуулж багшдаа чихээ халуу оргитол мушгиулж байсан толгой) Хүрээд ирэхэд нь...” угтах гэж барьсан гэдэг. Үйлдвэржилтийн өмнөх үе болохоор Яармагт наадам тараад буцахдаа хотдоо ордог газар хаалга барьж. Бэлгэдэж, өнөөгийн Ерөнхийлөгчийн хэлдэгээр ерөөл бодож, сүү өргөж угтдаг “цагаан хаалга” гэж нэрлэсэн үү?, эсвэл анх цагаан шохойгоор будсан учраас тэгж нэрлэсэн үү, ямар боловч “цагаан хаалга” л гэдэг байсан.

Сүүлдээ ч дүрэм мэдэхгүй жолооч нарын замд тээглэсэн гай болж, эцэстээ Наран гүрний барьсан нарны гүүрний сүрэнд дарагдаад унажээ, манай ялалтын хаалга. Цаг өөр болж, Халх голын ялалтыг Оросын ялалт гэх нь холгүй болсон үе юм даа. Харин Япончууд албаар ялалтын хаалгыг нураах гэж гүүр тавьсан энэ тэр гэж балайрах үндэслэлгүйг эртхэн сануулахгүй бол цуурхал зохиохдоо горьгүй шүү дээ, манайхан.

“Хүчтэй улаан цэргийг ганцаараа командалсан Боршийлоо” гуай манайд уг нь ялалтын хаалгаар л морилсон хэрэг. Хүндтэй зочноо хүндтэй хаалгаар л угтана.

Өнөөдөр хаана хаалга барих вэ? Нөгөө “Магеллан хаагуур гарсан бэ?” гэдэг шиг “Д.Сүхбаатар хаагуур ирсэн бэ?” гэж асуугаад зам тогтоогоод, хаалга барих гэхээр орчин үеийн түүхчид Хүрээг чөлөөлөх тулалдаан болоогүй, дайснууд нь Хиагтад хиарчихсан гэлцээд байдаг. Таван замын байлдаан, Халх голын байлдаан, Чөлөөлөх дайн, Байтагт ялсан улсын сүр нийслэлийн хаахна, ямархан хаалганд тэмдэглэгдэх хувьтай юм бол? Бодвол Буян ухааг тоссон болдогийн оройд л нэг хаалга барихгүй бол орох үүдгүй, гарах хаалгагүй, хаяа хатавч нь мэдэгдэхгүй хот болжээ.

Хэрэв “арын хаалга” хэрэггүй гэж байгаа бол наран ургах зүг нэг хаалга байх л учиртай юмсан. Монгол ёсоо бодвол. Уг нь хот гэдэг их айл учраас хэдэн ч хаалгатай байж болох л доо. Богд хан уулыг арласан манай нийслэл яг улстайгаа адил зүнээс баруун тийш сунасан урт хот. Тиймээс зүүн өмнө талд нэг хаалга байх учиртай.

Санахад энэ хаалга уг нь Налайхын арын дэнж дээр байсан юм. Налайхынхан нийслэлээ хүндэлж тэр хаалгыг “Хотын цагаан хаалга” гэж нэрлэдэг байж билээ. Өндөр ган хоолойгоор хөл хийсэн грек маягийн хавтгай налуу дээвэр хэлбэртэй гөлмөн төмрөөр бүрсэн оройтой, хөх дэвсгэр дээр улаанаар “Улаанбаатар” гэж бичсэн ур хийц муутай тэр хаалга Налайх хотын бэлгэдэл уурхайчны зээтүү хэлбэртэй хөшөөний хажууд байсныг бидний үеийнхэн санаж л байгаа. Түүгээр л “хот ордог” байсан. Цагаан юм бараг л байгаагүй, бас л бэлгэдэл бололтой, тэгж бодвол саяхан нурсан цагаан хаалгыг бэлгэдлээр нэрлэсэн байж таарах нь. Харин их том хаалга байсан, Хонхороос ч харагддаг.

Налайх хот (тэр үеийн засаг захиргааны дүрмээр 6 мянгаас дээш хүн амтай сууринг хот гэдэг байсан) өөрийн нэг цагаан хаалгатай байсан юм, байсан ч гэж одоо ч байгаа, залуучуудын их наадамд зориулж босгосон. Түүнийгээ зүгээр л “цагаан хаалга” гэж нэрлэдэг байв, “хотын” гэдэггүй. Үндсэн хууль өөрчлөгдөөд Налайх хот дүүрэг болоход хотын цагаан хаалгыг нураагаад хаячихсан. Багануур ч дүүрэг болсныг бодоход Багануурын цаад тал хаалга байгаа бол тэнд л “хотын цагаан” маань байж таарна, үзсэн хүн хэлээрэй. Уг нь манай ард түмэн “Оосор бүсгүй орд цагаан өргөө”-тэй болохыг мөрөөдсөнөөс биш хаалга үүдгүй хавтгай хар балгастай болохыг хүсээгүй. Тэгэхээр амны алдас болох вий гэсэндээ ингэж захиж байгаа юм.

Монголчууд хот байгуулж мэддэггүй бүдүүлэг байгаагүй, Бээжинг яаж босгосон байна? Өнөөдөр л бид ийм бүдүүлэг болчихсноос. Учир утгыг нь мэдэлгүй хаалга үүдээ эвддэг хүмүүсийг бүдүүлэг л гэнэ биз дээ?

Жавзандамба хутагт далан таван Махгалдаа даатгаж, Манжаас тусгаарлаж, хаан ширээнд суухдаа л зарлиг буулгаж хаалга бариулжээ. Тэр нь Ан Ди мин хэмээх хаалга. Энэ хаалга өдгөө Богдын ногоон ордны өмнө буй. Бэлгэдэл төгс ийм хаалга “Хаантай газар байх учиртай” гэж бэлгэдэж заавал босгуулж байсан түүхтэй юм. Хаантай байна гэдэг төр улс тусгаар байна гэсэн үг. Тоньюкукын хөшөөнд “Хаантай хүн билээ бид, хаанаа яачихаад харийн хаанд хүчээ өгнө гэж хэлэлцээд тэрслэн босч дайсан хонь болж бид чоно болж...” гэж бичсэн байдаг. Одоо бол элдэв хаалга илүү зан, нураагаад зам гүүр барих нь дээр л гэж бодож байх шиг байна.

Хот хаанаас эхэлж хаана дуусдаг юм бэ? Эсбөгөөс хаанаас эхэлж, хаана дуусдаг байгаад өргөжин тэлсэн юм бэ? Жинхэнэ “Өргөө хот” гэж яг аль хэсгийг хэлдэг юм бэ? Хүрээ гэгч нь аль юм? Мэдээж тэнд хамгийн үнэтэй, хамгийн их соёл шингэсэн байшингууд байх учиртай. Бас хотын төвийн зохицол эвдэрнэ гэж тэр орчим сүр дарах шинэ үеийн барилга байшин бариулдаггүй. Бүр Бельгийн Антверпен хотын захиргаа хуучны барилгад байсан,  асуувал ер нь Европын хотуудын захиргаа хамгийн хуучны үнэ цэнэтэй барилгадаа байрладаг ёс бий гэнэ. Тэр хуучин байшин соёл шингээснээс гадна, тэр байшинд амьдардаг хүмүүс нь “соёлтой” байдаг. 40 мянгатынхан энэ тэр гэж ярьдаг нь хулигаанчлалыг магтаж байгаа юм биш, зүгээр л соёлжсон гэсэн үг. Тэндэхийн С.Баяр хүртэл яаж соёлтой “шаасныг” бүгд сонсоо л биз?

Уг нь Зүүн хүрээ, Дашчойлин хийд орчим хотын төв, Гандан бол холын дэнж л байсан. Тиймдээ ч Гандан шашны төв болсноос соёлын төвлөрөл болж чадаагүй, хот гэдэг өөрөө их мэдээлэл агуулж байдаг. Төрийн ордныг анх барихдаа тэр морь шээсэн энэ тэрээс хамааралгүй Шар ордонг бараадуулж барьсан юм билээ. Төрийн Шар ордны байршлыг О.Батсайхан түүхч тогтоосон нь одоогийн СУИС-ын урдхантай гэж гарсан.

Бид хот байгуулж сураагүй хэвээрээ л байна. Хот бол засмал зам, дулааны сүлжээ, эмх цэгцтэй барьсан олон байшин л гэж бид боддог яг тэр зангаараа хотоо хөгжүүлэх гэж үзэж тарж байгаа. Гэвч хот бол хүн сүргийн бөөгнөрөл төдий биш, оюун санааны төвлөрөл юм. Тэр тусмаа улсын нийслэл. Бүр гүнзгий судалбал дүйнхор, мандал гэх мэт Буддын гүн ухааны хоосон чанартай ч холбогдоно.

“Хүн, араатан, бурхад”-ын орны тухай бичсэн Ф.Оссендовский “Ногоон нийгэмлэг” ч байж болох, тэр үед моодонд орсон нэг нууц нийгэмлэгт элссэн байж. Засаг нь унахаар Соёны нуруу, Уул Алтай хавиас аврал эрж Агарын орныг хайж явсан билээ. Бомпо, буддизмын домог яг Гитлер, Геббельм шиг итгэчихгүй юу. Тэгсээр “Өргөө” гэдэг “Шамбалд” ирсэн ба төсөөлж байснаас нь тэс өөр Монголын тэр хачин дугуйрсан төвтэй эсгий, модон хоторхуу юм нь ид шид, элдэв домог, хараал шившлэг, эрт эдүгээн галзуурам сониноор дүүрэн, баригдах харагдах нь бохир ч оюун санааны “хот” нь хэн ч бичиж чадамгүй гайхамшгаар сүндэрлэснийг бичжээ. Ихэд гэгээрсэн тэрбээр цагаан засаг сэхэхгүйг ойлгож, улааныхнаас айж зугтаад говийн зах руу ортол Шамбалын үүд нээгдэж... тэгээд ном нь дуусдаг. Уг нь араас нь буцаагаад уншвал их сонин ном шүү.

Доод тивд Агарын орон байх агаад нийслэл нь Шамбал. Хуучуул Агар, Жагарын орон л гэж ярьдаг байсан. Шамбалын дүр зураг говийн зэрэглээн дунд гайхуулан бишрүүлэн харагдахыг Гандирсын хот гэнэ. Манайхан уламжлалаасаа тасарсан тул Агарын орныг “Agarthi” гэх Инг ч юм уу, Мэй ч юм уу үгээр ойлгодог. Өнөөдөр бүр ч төөрөлдөөд Шамбалыг улс орон гэж боддог болжээ. Газар газрын оккультууд энэ ялгааг олохгүй мунгинаж байхад угаасаа мэддэг бид тэднийг дагаад манаргаж байгаа нь хэт орчин үежсэнийх л байх даа. Ф.Оссендовскийн олсон шамбал нь “Өргөө” буюу Улаанбаатар. Харин тэр Шамбалыг бид “Тамбал” болгож байна даа.  

Эдүгээн нийслэл орчин үеийнхний “нүдээр” ирсэн хүн гайхмаар, урьсан хүн ичмээр дамшиг болж. Гэвч учир мэддэг, ухаж боддог, ургуулж хардаг хүнд уг нь гайхмаар сайхан “Гандирсын хот” билээ л.

Одоо Налайх, Багануурыг буцаагаад хот болгож байна, тэгэхээр Налайх Тэрэлжийн замын уулзварт уг нь нэг сайхан хаалга барьчихвал зүгээр юм уу? Ёс уламжлалаа бодвол тэр зүгт дээр, харин хүн ирдэг талдаа гэвэл онгоцны буудал тосож барьсан нь ч дээр. Гадныхан голдуу хот руу орсон уу? Яг хаанаас хот эхэлж байна гэж асуудаг, бид ч гадаадад тэгж асуудаг, хариуд нь хаалгаа л заадаг. Бидний ихэд болгоомжилдог өмнөд хөршийнхөн нийслэлд орохдоо сүрдмээр “Ялалтын хаалга”-тай болбол улсын нэр сүрд тустай.  Ядаж л чөлөөлөх дайны дурсгалыг шингээчихвэл ямар ч “иргэн хүн” Монголчууд хойд нутгийг нь чөлөөлж, коммунист засаг тогтоход нь хүчтэй нөлөөлснийг байнга санах болов уу.
Гэхдээ муу хаалга барьснаас юу ч бариагүй нь дээр шүү.


    БАГАНА

Хотод багана босгодог ёс бас л эртний Ромд тогтжээ. Домгоор бол тэр үед хамгийн их олз омогтой, алдар суутай дайныг Мисирт хийдэг байжээ. Ромын хаад жанжид Мисирт байгуулсан ялалт бүрийнхээ тэмдэг болгож нэг багана авчирдаг байжээ. Өдгөө Ром хотод Мисирээс авчирсан 13 багана байдаг ажээ. Бас л ялалтын бэлгэ тэмдэг. Бодвол 13 их ялалт байгуулсан бололтой. Баганын оройг шовхолж пирамид хэлбэрт оруулсан байдаг. Хожмын сэргэн мандалтын үеэс баганууд орой дээрээ ялалтын бурхан, эх дагина гэх мэт хөшөөтэй болжээ.

Басхүү эртний тахилгын зан үйлтэй ч холбоотой бололтой байдаг. Энэ 13-ийн бэлгэдэл эрт цагт ихээ хол түгсэн. Баруун монголд 13 Алтай гэж ярьдаг нь 13 оргил, бас л сүр хүчний бэлгэдэл юм. Басхүү зарим утгаараа 13 пирамид ч гэдэг. Зүүн Монголд харин өөр “пирамид” бий, энэ нь үлгэрлэвэл Ацтекуудын Нарны сүм шиг хавтгай оройтой пирамид. Хоёр өөр бэлгэдлийн соёл Монголд зэрэгцэн оршиж хиллэж байжээ. Энэ тухай хойно дэлгэрүүлье. 

Тэрхүү баганаа олон түмэнд ялалт сүр хүчний илэрхийлэл болгож үзүүлэхийн тулд босгосон газраа талбай байгуулдаг байж. Ингэж өрнийн хотуудад талбай бий болжээ. Баганат талбай байгуулахдаа заавал усан сан байгуулдаг болж. Энэ нь нэг бол далай гатлуулан авчирсны бэлгэдэл, эсбөгөөс хотын тоос шороог дарах санаа. Одоо Ром орсон хүн анзаараарай, бүх талбай багана өмнө усан оргилууртай. Усан сан нь усан оргилуур болсон хэрэг.

Масоны бэлгэдэл ёсоор бол орчин үед хот байгуулахдаа заавал ийм талбай байгуулдаг гэж ярьдаг. Үүний жишээ нь Вашигтоны харандаа, түүний өмнө усан сан бий. Масончууд Фараон Тутмосоос хойшхи ертөнцийн бүхий л мэдлэгийг хуримтлуулж шинэ ертөнцийг үүсгэх зорилготой гэдэг. Ингэхийн учир нь Атлантидууд лемурчуудын бүх мэдлэгийг хурааж хуримтлуулснаар ихэд цэцэглэн хөгжсөн гэх. Хожим ари үндэстний үе ирэхэд атлантидийн соёлыг цуглуулж, шинэ ертөнцийг бүтээхийг зорьжээ. Өнөөдөр ярьдагаар “масоны” нийслэл Вашингтоны харандааны үзүүрт пирамид дүрсэлсэн ба тухайн үедээ алтнаас үнэтэй байсан хөнгөн цагаанаар бүржээ.

Өдгөө Европ бэлгэдлийн нөлөө ихтэй хот байгуулалтын урлагт эртний Каир, Ромын ёс уламжлал нэвт шингэсэн нь бий. Коммунистууд хотод талбай байгуулахдаа баганат талбай биш, бунхант талбай байгуулж эхэлжээ. Мөн л бэлгэдэлт газар мөн. Бид анзаардаггүй болохоос шарил тахих эртний Мисирийн л ёс шүү дээ. Бурхны шажинтнууд бас л номт хутагт хувилгаадын шарилыг занданшуулж шүтдэг. Итгэл хамба, манай Чойжин ламын сүмд байгаа Ензон хамбын муми, бас саяхан хотод хулгайгаар оруулж ирдэг шарил ч үүнд хамаатай. Чухамдаа В.И.Ленинээс эхэлсэн одоо коммунист улсуудад уламжлал болсон “мавзолей”-нууд (Ким Ил Сон, Ким Жон Ил, Хо Ши Мин) бол эртний Мисирийн хаадын шарилыг занданшуулдаг ёсны л үргэлжлэл. Харин монголчууд хаадын шарилыг нуудаг, өдгөө Сүхбаатар жанжны ч, Богд хааны ч шарил олдохгүй байгаа. 

Өмнө хэлсэн хотуудын жишээг харвал Пенъянд “Жүчэ” цамхаг бий. Умардууд ярихдаа манай цамхаг Вашигтоны харандаанаас ч өндөр гэж хэлдэг, цаад бэлгэдэл нь бид Америкийг ялна гэсэн үг. Ганцхан энэ цамхагийн оройн галыг гэрэлтүүлдэг цахилгаан тасардаггүй. Цамхагийг яг ёс уламжлалаар нь ус бараадуулж Тедонг мөрний эрэгт босгожээ. Бас нэг ийм цамхаг бол Сена Мөрний эрэг дээрх алдарт Эйфелийн цамхаг юм. Тус цамхагийг Парисын хутагтууд жил бүр тахидаг уламжлалтай.

Бас нэг өндөр “пирамид” Умардууд барьж буй нь Рюган зочид буудал. Умард Солонгос Солонгосын  дайнаар сүйдсэн нийслэлээ дахин сэргээхдээ хот байгуулах ёс уламжлал, бэлгэдлийг яс баримталж байгаа юм. Хамгийн шашингүй гэгддэг Умардын удирдагчдын гэр бүл удмаараа Масон болчихоогүй байлгүй дээ. Үнэндээ энэ бүхэн бол Пэнъян бүх Солонгосын нийслэл гэсэн санааг илэрхийлж, түүндээ мөнгө гамнахгүй байгаа юм. Ийм баганууд голдуу нийслэл хотуудад, бас нийслэл байсан хотуудад байдаг. Түүнээс хот бүрт байх ёстой гэж нэг нэг урт шовгор юм гозойлгож, мөнгө идэж болохгүй. Харин өмнөдүүд нийслэлээ Сөүл буюу нийслэл гэж нэрлэсэн нь бас л “Умард Солонгос манайх” гэсэн санаа.

Астанад бас ийм багана бий, зочдод заавал үзүүлдэг. “Бай терек” буюу “баян мод” хэмээх бэлгэдлийн нэртэй. Манай Баянхонгорт ч ийм нэртэй гол бий дээ. Байдрагын гол гэдэг нь түрэгээр Баян модны гол гэсэн үг юм. Ер нь Астанаг Масоны бэлгэдлээр барьсан энэ тэр гэж их ярьдаг, Жалайр Назарбаев гуай масон болсондоо ч биш, нийслэлийг яг ном ёсоор нь дэглэж, бүхий л бэлгэдлийг нь шингээн барьж байгаа л хэрэг болов уу. Лав өнгөрсөн жил Астанад очихдоо чухам үүнийг нь үзэх гэж хоёр өдөр явган таваргасан шүү.

Москвагийн “Останкино” бол Оросын нийслэлийн “харандаа” юм. Баруун Берлинтэй өрсөлдөж, бүх Германы нийслэл болохын хувьд Германы коммунист засгийн босгосон телевизийн цамхаг өнөөдөр хамгийн их жуулчин цугладаг газрынх нь нэг болжээ. Өнөөгийн Германчууд БНАГУ-ын парламентын ордонг нураасан хэрнээ энэ телевизийн цамхагийг буулгаагүй л байна.

Өнөөдөртөө манай нийслэлийн хамгийн өндөр цамхаг телевизийн антенн болж байх шиг. Гэхдээ Улаанбаатарыг байгуулах явцдаа манай “коммунистууд” баганаа мартаагүй юм билээ. Жинхэнэ ёсоор нь босгосон багана одоо Төв цэнгэлдэх хүрээлэнгийн архантай бий. Оройдоо соёмботой, нарийн хээгээр чимсэн тэр баганыг Туул голд ойр босгосон юм. Тэр орчим наадам хийдэг байгаад хожим Төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулсан, гэхдээ тэр үеийнхэн “Голын цэнгэлдэх” гэж нэрлэдэг байсан. Харин үүнийг сонсоод “хүрз барьсан хужаа шиг” бас очоод нураачих вий дээ. Тэр хавийн газрыг чөлөөлж байшин сав барих санаатай хүмүүс үүнийг бол өлхөн хийнэ шүү. Хотын сүр сүлд хаадын ялалт мөнх оршихын бэлгэдэл (түүхийн тэр үед ард түмний гэж юу байхав дээ, түүх хүртэл хаадынх л байлаа шүү дээ) хожим ард түмний хөгжил цэцэглэл ялан мандахын бэлгэдэл ийм баганыг улс бүр нийслэлдээ тахидаг байв. Өнөөгийн тахилга нь баярын жагсаал, үндэсний их баяр наадам, цэргийн парад шүү дээ. Анзаардаггүй болохоос бид жил бүрийн 7 сарын 11-нд тэр “мартагдсан” баганыг л тахидаг.

Энэ ёс уламжлал Монголын тахилгын зан үйлд нэвт шингэсэн. Өмнө орхисноо залгахад цамхаг бол пирамид, пирамид бол уул. Манайд хот байхгүй учраас уул тахидаг ёс тогтсон. Дэлхий дахин эрт дээр цагт саланги тусдаа байгаагүй, соёл эрчимтэй нэвшиж байсан, глобал бэлгэдэл ёс заншил мундахгүй. Ухаандаа Портуун сайд гал тахиад байгаа нь “жинхэнэ монгол ёс” гэдэг нь эргэлзээтэй, магадгүй мань хүн боловсролгүй бөөгийн худал ярианд итгэснээс өөрөө сайтар уншиж судалбал Зароастер (Заратуштра ч гэдэг) ёсны сүрхий тайлгач болж магадгүй. Энэ Перс ёс семитүүдэд ч гүнзгий нэвтэрсэн, цовдлуулагчийг төрүүлсэн жүүдүүд улсынхаа сүлдэнд Давидын од буюу гал усыг бэлгэдсэн зургаан талт тэмдэг тахидаг. 

Тахилгатай уул заавал усан сантай байх учиртай юм. Алтан овоо Ганга нууртай, Отгонтэнгэр Бадар хундага нууртай, Бурхан халдуны дор ч нуур бий. Эртний ёс мэддэггүй хүмүүс тэр нуурыг нь тоолгүй, нэрийг ч мэдэхгүй, уулын орой руу нь зүтгээд байдаг гэмтэй. Богд хан уул ч тахилгатай уул учраас хиймэл нууртай байсан, Богдын цагаан ордны өмнө. Түүнийг нь хожим нэгдүгээр цахилгаан станцыг барихдаа усан сан болгож ашигласан байна. Тэр усан санд 1940-50-иад оныг хүртэл хүүхдүүд наадаж сэрүүцдэг байсан гэнэ, бүр надтай утсаар ярьж хэлсэн шүү. Тэр гайхалтай хиймэл нуурын тухай Оросын жуулчид бичиж үлдээсэн байдаг. Энэ тухай олж уншъя гэвэл Ж.Нэргүй орчуулагчийн хэвлүүлсэн “Аугаа их босуул” номыг уншаарай.

Одоо уул болгоныг тахилгатай болгохдоо ус бий эсэхийг болгоохгүй бол буруу тахилга болно, аз завшаан бус гай түйтгэр дуудна. Зүүн Монголын тахилга тайлгатай уулсын орой хавтгай байдаг, Цэцээ гүний оройд гарсан хүмүүс мэднэ дээ. Энэ нь Майя нарын нарын сүмтэй адил хавтгай оройтой пирамид юм. Харин Баруун Алтайд Мисирийн адил шовх пирамид шүтдэг нь уламжилжээ.

Монголын зан заншлыг бүдүүлэг худал гэдэг хүмүүс наад захын ойлголт авахын тулд “Непко” компани орчуулан хэвлэсэн, одоо олдохоо байсан “Мартагдсан бэлгэдлүүд” номыг уншаад үзээрэй. Түүнд нийслэл хот байгуулах эртний ухаан хийгээд бэлгэдэл учир шалтгааныг бас өнгөц бус тайлбарласан буй. Байгуулсныг дурдсанаас чухам яагаад гэдгийг 33 дугаар зэрэглэлийн масонч л тайлбарлах байх даа. Вашингтон хот бол чухам билгэдлийн цуглуулга бөгөөд үлгэрлэвээс Шамбалыг дүрсэлсэн хот мандал мэт зохион байгуулсан хот гэнэ. Хамгийн соёлгүй Европ цагаачдын улс гэж зарим нь боддог АНУ хамгийн их бэлгэдэл ёс уламжлалтай хот барьсан байна. Тэр ч байтугай харандаанаас өндөр байшин барьдаггүй хуультай юм гэсэн. Харин Астанаг Хасгууд бас л тийм амбицаар бүтээжээ. Ийм юм уншсан хүн бол заавал очиж үзэхийг л боддог юм билээ. Манай Улаанбаатар ч бас ийм бэлгэдлээр “дүүрэн” болохыг Та бүхэн ойлгосон гэж найдна.

Ингэж бодохоор манай либраалууд коммунист хөшөө дурсгал устгаж байна гэж бодоод өөрийн үндэсний нийслэлийн хот байгуулалтын уламжлал, ёс бэлгэдлийг эвдэж хотоо хог болгож байгаагаа анзаарах хэрэгтэй байна. Тэр масон энэ тэрийнх нь гишүүд байдаг бол нөгөөдүүлээсээ асууж үзмээр юм. Яагаад “ямар ч хэрэггүй” цагаан хаалга барьдаг юм, яагаад бас л хэрэггүй харандаа гозойлгоод байдаг юм гэхчилэн. Манайхан харин энд тэнд хөдөө хотгүй бомбоо л босгож байх шив.

Энэ уламжлал өдгөө дэлхий дахинд өвчин болж хотууд цамхагаараа өрсөлдөж эхэллээ шүү дээ. Берлинд хадгалагдаж байгаад саяхнаас больсон, Вашингтонд мөрдөж байгаа буулиар бол тахилын цамхагаас өндөр байшин хотдоо барьдаггүй ёстой. Тиймээс дэлхийн нийслэлүүд өндөр цамхагийн уралдаанд орсон хэрэг шүү дээ. Дэлхийн олонх нийслэл хаалгатай, баганатай л байгаа.

Харин ирээд үзэхээр өнөөх Богдын зүүдэнд үзэгдсэн шиг “шавар хот” л байдаг тул их л урам хугардаг гэнэ. VIII Богд нэгэн шөнө зүүдэндээ ирээдүйн Улаанбаатарыг зүүдэлжээ. Тэр зүүдээ зуруулж хадгалсан ба дүрсэлсэн нь одоогийн телевизийн цамхаг, цамхагийн ёроол дахь 12 давхаруудтай нүгэлтэй адилхан гэнэ. Тэгээд “Ирээдүйд энэ хонхорт шавараар барьсан нүүгэлтсэн их балгас бий болох юм байна даа” гэж хэлсэн тухай домог бий. Гэвч домог гэхэд хэцүү сонсвол тэр зургийг Бурханч Пүрэвбат ламд хадгалдаг гэж сонсов.

Харин Богд хаан багана босгоогүй юм билээ, учир нь Богд хан уул өөрөө тахилгатай уул юм шүү дээ. Гагцхүү тэр тахилгын сударт нь байдаг Хималайн эздийг урьж, Богд хаан уулын сүрийг дарж өгөхийг гуйсан хэсгийн хасах буюу засах хэрэгтэй л байх. Тэр ч байтугай Очирваань бурхныг “Чоносын сүрийг дарагч” гэж цоллодог нь Монголын сүрийг дарах бэлгэдэл юм билээ. Тэр утгаар Отгонтэнгэрийг тахидаг. Харин энэ бэлгэдэл хариулгатай. Далай ламын цолыг монголчууд өгсөн, дээрээс нь Далай ламын төрийн Найчүн сахиусыг нь Отгонтэнгэрийн орчим тахиж байсныг Далай ламын сахиус болгосон гэдэг юм билээ.    
 
Нийслэл маань нэг иймэрхүү мухар сүсгийн ч гэнэ үү, бэлгэдлийн ч гэнэ үү учир жанцантай хот юм билээ. Харьцуулж тайлбарлах гэж нуршсан бол өршөөгөөрэй. Хотын хийгээд хот доторх уул усны нэр хийгээд хотын тойргийн зохион байгуулалт энэ тэрийн тухай их л сонин аймаарч юм шиг, гайхмаар ч юм шиг зүйлс их л байдаг, гэвч түүнийг ойлгуулахад төвөгтэй тул түр орхиё.

Үүнийг бичихийн учир нь аялал жуулчлалд л хэрэг болох болов уу гэснийх. Хот бүр жуулчныг татахын тулд асар их домог зохиож байна. Сонирхдогийн хувьд тэр бүрийг асууж, болбол очиж үздэг юм л даа. Гадаадынхан домог зохиож байхад бид харин байгаагаа сүйтгэж байгаа нь харамсавч барахгүй.  

Хятад, өмнөд, зүүн өмнөд Азийн домог сонссон нь Улаанбаатарыг алтан дээвэрт шар хот гэж төсөөлдөг тухай ч сонсов. Бас Монголын нийслэл алтан хаалгатай, алтан баганатай гэж боддог. Учир нь бүх дэлхийн алт Эзэнт гүрний үед Монголын нийслэлд цугласан гэж итгэдэг, бас бурхны шажинт улс гэж боддогынх гэнэ ээ. Тэдний төсөөллөөр Бурханы шажин умраас умарт дэлгэрч, догшин монголчууд шашныг хамгаалагч, шажныг бадруулагч болж Ариун Буддын өлмийд толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөгтгөсөн юм байх аа. Лу.Алтан товчид Чингис хааны дээд өвгийг Шагжамуни болгож бичсэн шиг домог.

Монгол Улсаас гадна оршигч бүх монголчууд эмээлийн бүүргээ Улаанбаатар руу харуулж тавьдаг ёсон түгжээ. Хаанаас тарсан ч ёс юм, хөөрхөс. Улаанбаатарыг Шамбал шиг л бодож, хэзээ нэгэн цагт тэндээс их гэрэл цацарч бусад монголчуудаа нэгтгэнэ гэж итгэнэ. Вашигтоны тухай Дэн Браун “Мартагдсан бэлгэдлүүд” ном бичсэн шигийг дахин бичих хүсэл байвач Улаанбаатар “Сүйтгэгдсэн бэлгэдлийн хот” болох нь ээ.