“Засгийн газрын мэдээ” сонины 2015.05.25-ны
Даваа гаригийн дугаарт нийтлэгдсэн

Ийм нэгэн нэр томъёо хэвлэлд байнга дурдагддаг. “Стратегийн” гэсэн тодотголтой яригдах нь бий. Гурвалжингийн харилцаа, гурвалжин доторхи өвөр хоорондын харилцаа хэмээн үзэж болно. Эсвэл энэ гурвалжин дотор дэлхийн бодлогыг хайрцагласан тогтолцоо хэмээн ойлгосон ч болно.

Анх 1970-аад онд ийм гурвалжин үүссэнийг олон улсын харилцааны түүхчид “Гурван туйлт харилцаа” хэмээн нэрийдсэн байх ба өмнө нь СССР ба АНУ гэсэн хоёр туйл дэлхийн II дайнаас хойш тогтож ирсний СССР гэх туйлыг Хятадаар эвдүүлэх гэсэн Вашингтоны далд санаа энд оршиж байв.

Гурвалсан гурвалжин бүрэн тогтож амжихгүй явсаар 1990-ээд оныг үзэж, нэгдмэл СССР гүрэн задран салж, түүнийг дагалдан дэлхийн социалист систем задарч, нэг туйл нь алга болжээ. Тэгснээ цөмийн зэвсэг бүхий цэрэг-стратегийн хүчирхэг гүрэн ОХУ мөдхөн гараад ирснээр гурван туйлт систем дахин тогтнох нь уу гэсэн төсөөлөл бууж байв. Нэгэнт л АНУ, холбоотнуудынхаа хамт тасралтгүй өсч дэвжсээр байгаа нөхцөлд Ельцин-Зян Зэминийн өнгөн дээр олон туйлт дэлхийг тэдний үзэмжээр буй болгох ёстой хэмээн үзэж, тэр үнэлэмжээр өнөөгийн Орос-Хятадын түншлэл нөхцөлдөж явна.



Өнөөгийн байдлаар Орос-Хятад-АНУ-ын албан бус гурвалжинд Орос-Хятадын ба Хятад-Америкийн харилцаа нь Орос-Америкийн харилцаагаа бодвол илүү сайн, тогтвортой байна. Ийм байдал нэг хэсэгтээ үргэлжлэх төлөвтэй. Орос, Хятадын хувьд гадаад бодлого ба цэрэг-улс төрийн төлөвлөлтийн салангид олон асуудлаар хамтарсан зохицуулалт хийхэд нь эхний хоёр харилцааны сайжрал дөхөм болох учиртай санж. Гурав дахь харилцаа нь Украины хямралын сөрөг үр дагаврын шууд тусгал болж цааш даамжрах нигуртай.

Ерөөсөө Украины хямрал бол дэлхийн хэмжээнд түгшүүртэй байдлыг дэвэргэж, олон улсын системийг хяналтаас гаргаж, дэлхийн шинэ дэг журмын үндсийг хөндөж буй учраас цаад утгаараа Хятадыг хөндөж таарна. Эдүгээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тахир дутуу хүний адил байдалд орж, Хятадын эрх ашиг тэнд огтоос хөсөрдөж буй. Бүс нутгийн ба глобал олон асуудлаар шийдвэр гаргахдаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тойрч гарах явдал түгээмэл боллоо. Энэ бүхэн нь Орос-Америкийн сөргөлдөөнөөс улбаатай. Ганц НҮБ биш, олон улсын бусад байгууллага, G20 (хөгжингүй 20 улсын бүлэг), бүр Арктикийн зөвлөл (Хойд мөсөн далайн орнуудын зөвлөл) хүртэл Орос-Америкийн сөргөлдөөний золиос болжээ.

Энд оросын нэг үлгэрийг жишээлсэн харьцуулалт байна. Би оросын сайтаас татаж эшлэе. АНУ арслангийн үүрэгтэй биш болжээ. Хэрэв эргэн тойронд нь туулай, буга гөрөөс, тахь байх аваас арслан ямар үүрэгтэй байх, эргэн тойронд нь заан, хирс, бар ирвэс олширвол арслан хэрхэх хоёрын зааг ялгаа их гэнэ. Хятад, Энэтхэг зэрэг заан хирс ирвэс зэрэгцээд гарч ирснийг америкчууд ойлгоод мухардах тийшээ эргэжээ хэмээн оросын тэр сайтад бичжээ.

Хэрэв Орос-Америкийн харилцаа энэ янзаараа удвал цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, олон улсын терроризмтой тэмцэх, бүс нутгийн мөргөлдөөнийг зохицуулах асуудал үгдрэх ба тэр бүгд нь Хятадын хувьд нэмэлт хүндрэл авчирна. Ийм учраас Украины хямралыг үгдрүүлэхгүйгээр цурманд нь хийх, ялангуяа дэлхийн орчин үеийн дэг журмын үндсийг бусниах нөлөөллийг нь багасгах, доод түвшинд хав барьж авахыг Хятад чухалчилна.

Үүний тулд Хятад нь гурвалжин дахь Хятад-Америкийн харилцаанд онцгой анхаарал хандуулах аж. Хятад, АНУ хоёр бол дэлхийн эдийн засгийн тэргүүлэх хоёр гүрэн, тэр хоёрын харилцаа XXI зууны гол баталгаа байх болно. Хятад нь Америкийн хувьд сөргөлдөгч, дайсан нь байхыг үл хүсэх ба түншлэгч байх зорилготой. Орос-АНУ-ын сөргөлдөөнд шүүгч гэрч байхыг хүсэхгүй. Гэхдээ АНУ-ын ганц туйлт ертөнцийг үл зөвшөөрнө, америкчуудынхаар дэлхийн дэг тогтоохыг эсэргүүцнэ. Дотоодын энх тайванч хөгжил гэдгээ сөргүүлэн тавих ба АНУ-тай өрсөлдөх уралдах бус харилцан ашигтай хамтран ажиллахыг чухалчилна.

Гэхдээ АНУ-д хандан их гүрнүүдийн харилцааны цоо шинэ загвар буй болгохыг санал болгож байна. Өрсөлдөх эсрэгцэхийн оронд харилцан хүндэтгэх, хамтран ажиллах нь тийм загварынх нь мөн чанар. АНУ бол Хятадын худалдааны хамгийн том түнш учраас эдийн засгийн харилцаа нь улс төрийнхөөсөө илүү гүн бат, иймд эдийн засгийн агуулгаар АНУ-д Хятад хэрэгтэй, Хятадад АНУ хэрэгтэй.

Хятад, АНУ хоёр эсрэгцэх, мөргөлдөхөөс бүрэн зайлж болно. Аливаа хямралыг үр бүтээлтэй хянаж чадна. Яг үнэндээ Хятад, АНУ-ын хувьд мөргөлдөж сөргөлдөх шалтгаан байхгүй. Тийм учраас олон улсын ба бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалах хамгаалах хариуцлага энэ хоёр улсад аяндаа ногдоно хэмээн Бээжинд үздэг.

Хятад ийн үзэхийн сацуу энэ хоёр гүрэн дэлхийд хошуучилж байх G2 гэж эвслийн загварыг одоогоор хүлээн авахгүй байна. Хятад, Америкийн хоёр туйлыг хүлээн авахгүй, харин олон туйлт тогтолцоог Хятад сайшаана. Нэг болон нэг хэсэг улсын жанжлалын эсрэг тэмцэх гол үүрэг НҮБ-д ногдох ёстой хэмээн үзнэ.

Энэчлэнгээр Орос, Хятад, Америкийн харилцаа гурвалжингийнхаа хүрээнд харилцан адилгүй, зарим нь хохиролтой юм шиг, зарим нь хожилтой юм шиг. Тэгш шулуун, тэгш талт гурвалжин гэж нэрлэхэд түвэгтэй нөхцөл байдал үүсээд байна. Хятад, АНУ хоёр нь энэ гурвалжингийн харьцаанд эсрэгцэн сөргөлдөж болохгүй, Оросын эсрэг ч зогсож болохгүй, Орос, АНУ хоёр Хятадын эсрэг зогсож болохгүй. Украины хямрал дэгдсэнээс хойш Орос нь Хятад-Америкийн хооронд тэнцвэржүүлэгч байж чадахаа байсан. Энэ гурвалжин дотор Бээжин-Москвагийн харилцаа улам бүр солонгорон байна. Гэхдээ зураас нь илүү богино, тэр утгаар тэгш талт гурвалжин байх арга байхгүй хэмээн Бээжинд үздэг.

Эндээс үзвэл, Орос-Хятад-Америкийн гурвалжинд тэгш эрхт түнш нь Орос байж чадахгүй дүр зураг харагдаж байх шиг. Энэ алдагдлыг Орос хэрхэн юугаар нөхвөрлөх вэ? Үүнд геополитикийн хэрэгсэл болж Оросын нүднээ буух нь илт болж буй бүс нутгийн эвслүүдийг зэрэгцүүлэн хөгжүүлж, өрсөлдүүлж, улмаар нэгтгэх замаар Евразиас АНУ-ын ашиг сонирхлыг шахаж гаргах төлөв тэдэнд найдвар төрүүлэв. Үүнд “Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага+Евразийн эдийн засгийн холбоо+Торгоны зам” гэх шинэ тэнхлэг сүүмэлзэх аж. Үүнд Шанхайн байгууллагыг гол холбогч үүрэгтэйгээр Евразийн гүүр болгох ба тэнхлэгийн умард ба баруун хэсэгт Евразийн холбоо, тэнхлэгийн өмнөд ба дорнод хэсэгт Торгоны замын эдийн засгийн бүс байх, холбогч нь ШХАБ байх бүтэц бууж байна. Энд евразийн компромисс хоёр талаасаа гаргана, Евразийн гол гол асуудал, улмаар хувь заяаг энд л шийдвэрлэнэ гэх төсөөлөл оросуудад байх бололтой.  

Харин Хятад оросуудын дээрхи санал төсөөллийг хэр хуваалцаж байна вэ? Мэдээж Евразийн эдийн засгийн холбоотой Хятад шууд хиллэнэ. Шууд хиллэж буй тул бүс нутгийн хамтын ажиллагааг зангидах гарц бэлэн байна. Евразийн холбоо ба Торгоны зам хоёр угталцан ойртох дээр эргэлзээ алга. Торгоны зам нь улс төр, худалдаа, тээвэр, валют, хүн ам гээд бүгдийг хамрах болно. Тэгэхдээ Торгоны замын төслөө өөр ямар нэг эвсэл, форумын эсрэг сөргүүлэх буюу орлуулахыг Хятад зорихгүй. Зэрэг хөгжүүлнэ, зэрэг урагшлуулна, хамт хөгжинө, хамтаараа ашиг хүртэх тийм түншлэлийг буй болгоно. Зөрчил, үзэл бодлын зөрөлдөөн байхыг үгүйсгэхгүй, тэгэхдээ түүнийг хамтын буулт хийлтээр даван туулна. Гол нь эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих ёстой. Төв Ази нь Орос-Хятадын яг дунд орших тул Төв Ази нь тогтвортой байдал, хөгжил дэвшлийг хангаасай билээ. Тэндхийн улсуудад Евразийн холбоо, Торгоны замын аль нэгийг сонго хэмээн тулгаж огтоос болохгүй. Евразийн эдийн засгийн холбоог бодвол Торгоны замын төсөл нь институцийн бүтэцгүй, тэгээд ч эцсийн зорилго нь тодорхойгүй байна. Тэгэхдээ хамтын ажиллагааны талбараа тэр, энэ улсын нөлөөний хүрээний бүс байлгахгүй байвал зохилтой. Харин ашиг сонирхлын бүс байхыг хориглохгүй хэмээн Хятадын улс төрчид ухуулах бөлгөө.

Харин энэ дэвсгэр дээр АНУ-ын эрх ашиг, нөлөөллийг хэрхэх вэ? АНУ-ыг Евразиас шахаж гаргана гэдэг дээр Хятад хөндөлсдөггүй юм аа гэхэд, лав хөхиүлэн дэмжихгүй. Орос-Америкийн хоорондын шинэ “Хүйтэн дайн”-ыг Хятад хүсэхгүй, өөгшүүлэхгүй, Оросын талд баттай зогсохгүй гэж үзэж болох юм.

АНУ-ын хувьд энэ гурвалжинд цаад хоёроосоо илүү үүрэгтэй байгаа. Цаад хоёр нь хүссэн, эс хүссэн ч АНУ өнөөдөр дэлхийн эдийн засгийн мотор, олон улсын арбитр хэвээрээ байна. Орос ч дүүрч гэж бодоход Хятад ямарваа мөргөлдөөний төвд юм уу, мөргөлдөөнд татагдан ороогүйд АНУ баярладаг. Хятадын хувьд зарим хөрштэйгээ газар нутгийн маргаантай. Гэхдээ энэ бол байдаг л хэвийн үздэгдэл, энэ маргаанаа арагш тавиад тасралтгүй 30 жил хятадууд дэвшлийн замаар хөгжиж ирснийг АНУ гол болгодог.  

Америк-Хятадын хувьд дайн хийчих хүсэл сонирхол, боломж аль алинд нь алга. Учир нь энэ хоёр гүрэн хоёр биендээ маш хэрэгтэй. Аугаа их гэж хэлэхээр худалдааны эргэлт, санхүүгийн дэндүү харилцан хамаарал нь дайн хийлгэхгүй, мөргөлдөхгүй байх гол нөхцөл мөн. Америк-Хятадын худалдааны эргэлт 2012 онд $500 тэрбум байсан бол Орос-Хятадынх 2014 онд $88.1 тэрбум буюу тэр оны Хятадын нийт гадаад худалдаанд 2-хон хувь эзэлж байсан баримтыг америкчууд гаргаж тавьдаг.

Ямарваа хоёр том гүрэн нөлөөний хүрээгээ хуваагаад эхэлмэгц нь тэр нь явж явж зэвсэгт мөргөлдөөнд хүргэдэг тэр гашуун сургамжийг Америк, Хятад хоёр ягштал баримтлах авай.