“Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал түүхэн номын төслийн хүрээнд миний бичиж нэмэрлэсэн Жамбын Батмөнх ном хоёрхон сарын дотор зарагдаж дуусаад бестселлерийн нэг бүтээл болсонд зохиогчийн хувьд урамшаад ханахгүй, дараагийн хоёр дахь хэвлэлээ уухайлан бэлтгэж сууна. Эхний хэвлэл маань хэвлэх үйлдвэр рүү шилжсэнээс хойш хувийн номын сангаа сайтар онгичиж, энд тэнд дарагдсан хэд хэдэн ном олж авлаа. Мөн  ахмад дипломатч И.Очирбал гуай надад “Дипломат өвөөгийн дурсамж:  Амьдралын замнал, хүсэл эрмэлзэл, бодрол эргэцүүлэл” номоо дурсгалаа. Эдгээрээс миний энэ зохиолд эшлэгдэхээр олон чухал баримт нэмж оллоо. Тэр бүхнээс түүвэрлэн авч дор толилууллаа.

Жамбын Батмөнх номын II бүлэг, 2.4. Албан тушаалын хэнээтнээс огт өөр нэгэн хэмээх дэд бүлэгт нэмэх шинэ мэдээлэл. Тэрээр хойно Москвад аспирантурт суралцаж ирээд хэдхэн сар МАХН-ын Төв Хороонд суртал нэвтрүүлэгч байснаа дээд боловсролын салбар руу эргэлтгүй шилжиж ажилласан. Аспирантурт явахаасаа өмнө нь ч энэ салбарт ажилласан туршлагатай, харин энэ удаа Эдийн засгийн дээд сургуулийн удирдах албанд очиж байна. Харин өнөөг хүртэл дурдагддаггүй нэгэн баримт бол тэрээр Эдийн засгийн дээд сургуульд дэд захирал байсан үе юм болов уу, 1964 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XVIII чуулганд оролцох ГЯЯ-ны сайд М.Дүгэрсүрэн тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж холын Америкийн Нью-Йорк хотыг зорьжээ. Ерөнхий Ассамблейн II хороонд хоёр сар шахам хамт ажиллаж дотно танилцсан тухайгаа хожим Элчин сайд И.Очирбал дурсан бичжээ.

 -          Батмөнх гуай хамт ажиллахад эвлэг зөөлөн, маш ажилсаг, хорооны хуралд суудлаасаа нэг мөч өндийхгүй яв цав сууж, бусад төлөөлөгчдийн үгийг анхааран сонсож, зарим зүйлийг тэмдэглэн авна. Магадгүй олон улсын энэ том байгууллагын хурал чуулганд анх удаа оролцож, “өрнөд”, “дорнод”, “гурав дахь ертөнц”-ийн орнуудын хооронд явагдаж буй улс төр, дипломатын маргаан зөрөлдөөн түүний хувьд сонирхолтой бөгөөд шинэ санаа бодол төрүүлэхээр байсан биз ээ. Хэдэн жилийн дараа энэ хүн манай нам, төрийн томоохон удирдагчдын нэг болно гэдгийг тэр үед хэн маань ч төсөөлөөгүй билээ (И.Очирбал. Дипломат өвөөгийн дурсамж, 186 дахь талд).      

1960-аад онд, тэгээд бүр манай улс НҮБ-д гишүүнээр элсээд тун удаагүй байхад АНУ-д хөл тавьж, дэлхийн хамтын нийгэмлэгийн хуралд оролцож явсныг нь бодохул Ж.Батмөнх нь тэр үедээ юм үзэж нүд тайлсан монголын тоотой хэдэн сэхээтний нэгэнд зүй ёсоор тооцогдмоор санж. Харин тэглээ гээд ихэрхэж бахархсан нь нэгээхэн ч үгүй. Нью-Йоркт хоёр сар гаран сууж Америкийн амьдралтай газар дээр нь танилцсан гэх сэтгэгдэл, дурсамжийг тэрээр өөрөө болон гэр бүлийнхэн нь, ГХЯ-ны ахмадуудын хэн нь ч ярьж үлдээгээгүй нь түүний даруугийнх, эсвэл бусад нь энэ явдалд огтын ач холбогдол өгөөгүйнх юм болов уу, мэдэхгүй.

Жамбын Батмөнх номын “1984” гэх  III бүлгийн 3.3. “Яргалал”, өвчлөлийн давхцал;             3.4. Хүзүүн дээрээ аль хэдийнэ зайдлуулчихсан хүний тавилан гэдэг хоёр дэд бүлэгт нэмж оруулах түүхэн гэрчүүдийн түүхэн баримтууд нэмэгдэж байна.

Ю.Цэдэнбал болохоо болилоо, оюун ухааны самуурал нь улс оронд халгаатай боллоо гэдгийг олж харсан гэрчүүдэд хожмын Ерөнхий сайд Д.Содном, тэр үеийн ГЯЯ-ны сайд Л.Ринчин, ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд Д.Ёндон, НАХЯ-ны хошууч генерал Б.Банзрагч, Ю.Цэдэнбалын нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Л.Батцэнгэл нарыг нэмж нэрлэе.

Хожим ерөнхий сайд болсон Д.Содном “Амьдрал, бодол” нэртэй номоо 2003 онд бичиж хэвлүүлэхдээ номынхоо хоёрдугаар хэсгийг “Сайнаар дурсагдах зүтгэлтэн” хэмээн гарчиглан Ю.Цэдэнбалын амьдрал, үйл ажиллагаанд дүгнэлт өгсөн байдаг юм билээ. Тэрээр “Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Цэдэнбал Монголдоо амьдрахгүй байсан нь бас бодит шалтгаануудтай” гээд тийм шалтгааныг тоочин бичихдээ биеийнх нь эрүүл мэндийн байдалтай холбожээ.

-          Биеийн эрүүл мэнд нь муудаж, төр засгийн удирдлагад ажиллах чадваргүй болсон нь нэг гол шалтгаан. Хамт ажиллаж байсан бүх хүмүүс Цэдэнбал гуай наяад оны эхнээс мартамхай болж, олон жилийн өмнө болсон зарим үйл явдлыг санаж дахин дахин ярьдаг атал орчин үед, хэдхэн мөчийн өмнө болсон үйл хэрэг, ярьж тохирсон зүйлээ мартаж огт санахгүй болдог байсныг нь мэднэ. Үргэлж сануулж байх, үүний тулд мартаж болохгүй зүйл, шийдэх ёстой зарим асуудлыг нь ойр дотнын хүмүүс нь тэмдэглэж халаасанд нь хийж өгдөг болсон байсан. Тийм байдлыг нь Цэдэнбал гуайн санаа зоригоос гадуур буруугаар ашиглах оролдлого гарч байсан.

-          Олон арван жил төр засгийг толгойлж байсан хүн маань өндөр хариуцлага хүлээж ажиллах ёстой албыг хаших чадваргүй болсон байхад, хэдийгээр хүндэтгэж хайрлаж байх ёстой боловч улс орны ашиг сонирхлын үүднээс ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан нь зөв байсан. Харин Ю.Цэдэнбалын эрүүл мэнд доройтсоныг олон түмэн мэддэггүй, одоогийнх шиг удирдах хүмүүсийн эрүүл мэндийн талаар олонд мэдээлдэггүй байсан болохоор мэдэх аргагүй байсан. Гэтэл зарим хүн Цэдэнбал цоо эрүүл, бүх албан тушаалдаа байх ёстой, түүнийг хэсэг хүмүүс хуйвалдаж ажлаас нь зайлуулсан гэсэн худал яриа гаргаж байсан юм. Ийм нөхцөл байдлаас болж Цэдэнбал гуайг 1984 оны 8 дугаар сараас хойш хэсэг хугацаанд Монголд ирүүлэхээс болгоомжилж байсан нь үнэн.

-          Хэрэв Цэдэнбал гуайн ухаан саруул, хамгийн гол нь хажуугийн хүний нөлөөнд автагддаг болчихоогүй байсан бол өөрчлөлт болон түүний дараахи асуудлыг шийдэхэд хялбар, болгоомжлол бага гарах байсан гэж бодогддог юм.

-          Ю.Цэдэнбал гуайнх Москва хотын төвд тохилог орон сууцтай, эхнэр хүүхдүүд нь бүгд ЗХУ-ын харьяат, хоёр хүү нь тэндээ ажил хийдэг байсан бөгөөд 1985 онд даргын хувийн хадгаламжинд нь байсан бүх мөнгийг гуйвуулж авсан байсан. Цэдэнбал гуай гэр бүлийнхээ бүх гишүүдийн хамт Москва хотод амьдрах бодолтой, нөхцлөө хангасан байсныг энэ бүхэн харуулна.

-          Эх орондоо ирээд буцах боломж байсан бөгөөд тэр боломжийг ашиглаж байсан. Ийм учраас Цэдэнбал гуайг бараг зориуд харийн нутагт хориод байсан юм шиг ойлгож болохгүй (Д.Содном. Амьдрал, бодол, УБ, 2003, 99-100 дахь талд)   

Ю.Цэдэнбал эхнэртээ толгойгоо мэдүүлж, эхнэрийнх нь ширүүн дориун ааш савнаасаа халин Монголын төрийн албыг бужигнуулж эхэлсэн нь тэртээх 1970-аад оны эхэн ба тэр явдлыг эсэргүүцэн, Зөвлөлтийн Элчин сайдад үнэнээр нь мэдүүлж Москвад “зарга” хүргэх зоригтой алхмыг анхлан ГЯЯ-ны удирдлага гаргаж тавьсныг эр зоригийн жишээ гэлтэй санагддаг юм. Тэр тухай ГЯЯ-ны сайд асан Л.Ринчин ийнхүү дурсан ярьжээ.

-          Би ГЯЯ-нд очоод л тэр хүний нам, төр, засгийн ажилд хэт хутгалдаж байдгийг нь ажигласан юм. Тэр хүн өөрийгөө Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн тэргүүн шиг боддог болсон шиг надад санагддаг байсан. Улс төрийн Товчооны хурал хийж байсан ч, Сайд нарын Зөвлөлийн хурал болж байсан ч заримдаа дайраад л орж ирдэг. Нам, төрийн удирдах хүмүүсийг бараг тоохгүй, элдвээр хэлж загнаж байхыг би олон удаа үзсэн дээ. Заримдаа бүр тэр, энэ хүнийг ажлаас нь өөрчлөх, оронд нь түүнийг тавих хэрэгтэй гэдэг ч байсан байх.

-          Бас ажил дээр ирээд загнаж, Төв Хороо, Засгийн газрын өмнөөс шалгаж байгаа юм шиг зан гаргана. Бид даргынхаа гэргийг хүндэтгэлгүй яахав. Гэхдээ юманд бас учир, хязгаар гэж байдаг шүү дээ.

-          Нэг жишээ хэлье. Хоёрдмол харьяалалтай иргэдийн асуудлаар бид Зөвлөлтийн талтай тохиролцож хэлэлцээр байгуулах болов оо. Энэ асуудлаар Зөвлөлтийн тал ч бидэнд санал тавьсан юм. Ингээд манай яам уг асуудлыг боловсруулж, холбогдох дээд байгууллагад танилцуулж, Ю.Цэдэнбал даргын саналыг авч зөвшөөрсөн гарын үсгийг нь хүртэл зуруулсан байлаа. Ингээд Зөвлөлтийн талд өгөх гэж байтал нэг өглөө Филатова гуай ГЯЯ-нд орж ирээд ихэд уурлаж зөвлөлтийн иргэд яагаад хоёрдмол харьяалалтай байж болдоггүй юм бэ? Яагаад Та нар зөвлөлтийн иргэдийг хавчиж байна гээд л ер нь Монгол-Зөвлөлтийн найрамдлын эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол Монголд суугаа хоёрдмол харьяалалтай иргэдийг хавчиж байгаа хуйвалдаан мэтээр дайрч гарлаа. Би тэгэхэд л орос хэлэнд хүнийг дайрч доромжлох муухай үг олон байдгийг мэдсэн. Хүний тэсвэрт ч хязгаар байдаг юм билээ. Би ч бас хэлэх ёстой үгээ хэлсэн л дээ.

-          Ингээд л би Цэдэнбал дарга дээр шууд очиж болсон явдлыг хэлэв. Даргын өөрийнх нь үзэж гарын үсэг зурсан хувийг үзүүлэв. Дарга ч олон юм хэлсэнгүй. Гэтэл авгай орж ирлээ. Дахиад л намайг дайрч загнаж эхлэв. Би бас мөчөөгөө өгөөгүй л дээ. Цэдэнбал гуай ч за хүлээж бай. Үүнийг дахин ярилцъя гэв. Би ч юу гэхэв дээ. За л гэлээ. Авгай гарахдаа “Намайг Цэдэнбалын авгай гэдгийг бүү мартаарай” гэв. Би учрыг ойлгосон л доо (Ш.Цэрэнпил. Таван учраа, УБ, 1996, 133-134 дэх талд).

Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай ана мана үзэлцэж байсан бяцхан түүх энд өгүүлж байна. ГЯЯ руу дайрч орж ирээд ямар ямар авир гаргасан, цаадуул нь тэсвэр тэвчээрээ барж өөрийнх нь (Зөвлөлтийн) Элчин сайдад хэрхэн зарга мэдүүлсэн талаар ахмад дипломатч Д.Ёндон гуайн дурсамжаас бас эшлэнэ.

Л.Ринчин гуайн дурсамжаас түүхнээ ил болоогүй нэгэн баримтыг сөхөж үзье.

-          А.И.Филатовагийн хэт дураараа аашилдагийг Брежнев, түүнтэй хамт ирсэн бусад нөхөд нь энэ үед ёстой яс махандаа шингэтэл мэдсэн билээ. Л.И.Брежнев тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал дуусч онгоцны буудал дээр үдэж гаргах ёслол болж хүмүүс бие биетэйгээ гар барьж байх үед Брежнев гуай Филатоваг бусад нөхдөөс арав гаруй алхам холдуулж нэлээд уурласан байдалтай хуруугаараа Филатоваг зангаж хэдэн үг хэлэв. Үдэж гаргаж байсан хүмүүсийн хамгийн захад би зогсож байсан учир тэдний ярианаас “Амаа хамхиж, хошуугаа татав яв” гэсэн хэдэн үг сонсов. Филатовагийн царай ч эрс өөр болж орхив. Энэ бол Брежневийн өгсөн анхны зэмлэл болов уу. Үүнийг надаас өөр хэн ч ажиглаагүй л дээ. Иймэрхүү зүйлийг би нэг бус удаа ажигласан боловч хэнд ч ярьдаггүй юм (мөн номын 121-122 дахь талд).

Тэгэхлээр логик хөөж бодохул Цэдэнбалыг огцруулсан 1984 оноос лав 10 жилийн өмнө 1974 онд Зөвлөлтийн удирдагчдын хараа хяналтад Цэдэнбалынхан өртсөн юм шиг. Огцруулъя зайлуулъя, болохоо болилоо гэдэг дохио сануулга 1974 онд Кремльд хүрсэн болж таарч байна.

Монгол Улсын Гадаад хэргийн яамыг Тэрүүн хатагтай хэрхэн самарсан тухай түүхэн баримтаас одоо сөхье. ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар удтал ажилласан, өмнө нь Цэдэнбалын туслах явсан Д.Ёндон ийн өгүүлж байна.

-          Л.Ринчин 1976 оны дунд хүртэл 5 жил хагасын хугацаанд элдэв эндэгдэлгүй, шулуун шударга ажиллаж байв. Гэтэл чухам 1976 оны 7 дугаар сараас эхлэн түүнийг халж солих асуудал яригдах болов. Ринчин сайдыг сольж өөрчлөхийг санаачлагч “хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур” нь Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатова байсан билээ. Үүнийг өгүүлэхийн тулд тэр үед болсон нэгэн хачирхалтай явдлын тухай дор тогтож ярья (Д.Ёндон. Сайд нарын томилолт, “Алтан аргамж” Цуврал 7, 2015, 7 дахь талд).

Д.Ёндон гуай цааш нь нөгөө хоёрдмол харьяаллын асуудлаархи Монгол-Зөвлөлтийн хэлэлцээний явц, тохиролцсон баримт бичиг, түүнийг хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагаар батлуулахаар бэлэн болгосон үйл явцыг өгүүлээд цааш нь:

-          Ю.Цэдэнбалын хоёр хүү хэзээ ч Монгол Улсын харьяат байгаагүй юм. Тэднийг харьяатаас хассан мэтээр хожим ярьж бичих болсон нь угаас ор үндэсгүй зүйл. Харин тэдний хоёр хүүг Зөвлөлтөд дээд сургууль төгсөхөд нь социалист орнуудын ЭЗХТЗ-д Монголын нэрээр ажиллуулах буюу Москва дахь ЭСЯ-нд түр томилж хууль бусаар дипломат паспорт олгож байсан нь үнэн. Тэднийг Зөвлөлтийн байгууллагад шилжин ажиллахад дипломат паспортыг нь хурааж авсан байж таарна. Үүнийг л Монголын харьяатаас гаргаж иргэний паспортыг хурааж авсан гэх мэтээр хожим цуурах шалтаг болгон ашиглаж байсан болов уу.

-          Зөвлөлт Холбоот Улстай хоёрдмол харьяаллыг зохицуулах конвенц байгуулж байх үед байдал тэс ондоо байлаа. Тэр үед юмны учир начрыг сайн ойлгодоггүй, хов живээр хоол хийгч зарим нэг хүн “Гадаад яамныхан иргэдийн хоёрдмол харьяаллыг арилгах гэрээ байгуулж, Танай хоёр хүүг Монголын харьяат болгох гэж байна” хэмээн Ю.Цэдэнбалын гэргийд алтан хошуу хүргэсэн байв.

-          Түүнээс болж Ю.Цэдэнбалын гэргий ГЯЯ-нд давхин ирж Л.Ринчин сайдын үг тайлбарыг ч сонсохгүй, түүнийг элдвээр хараан зүхэж дайрсан билээ. Ю.Цэдэнбалын гэргийг анагаахын эмч академич хэмээх Шагдарсүрэн дагалдан ирж хошуу нэмж байсан нь чухамхүү түүний өдөөсөн хэрэг байсан байх.

-          Ю.Цэдэнбалын гэргий эх хүний амнаас гарамгүй муу муухай үг хэлж тийнхүү зүй бусаар авирласанд бид үнэхээр дургүйцэж ЗСБНХУ-аас манай сууж байсан Элчин сайд А.И.Смирновыг урьж уулзан, болсон явдлын талаар товч мэдээлж А.И.Филатовагийн дур мэдэн аашлах зан араншингийн талаар Зөвлөлтийн харьяат иргэнийх нь хувьд анхааруулж хэлэхийг хүссэн түүхтэй.

-          Элчин сайдын яамны Элчин зөвлөх надтай уулзаж дотночлон ярилцсан. Тэрээр “Таны ярьсан зүйлийг бид төвдөө уламжилсан. А.И.Филатовагийн авирлаж буй зан араншин зөвхөн сайд нараар зогсохгүй, дээгүүр зиндааны хүмүүсийг ч эвгүй байдалд оруулж байна. Энэ бүхэн нөхөр Цэдэнбалын нэр хүндэд хортой, бас хоёр орны эв найрамдалд ч тус хүргэхгүй нь мэдээж. Дээс хэдий урт ч цувж дуусах үзүүр бий гэдэг. Ажилд хохирол учруулах аливаа садаа, самуун явдал шувтрах цаг ирэх байлгүй. Гагцхүү Цэдэнбал гуайг л зоримог, тэсвэрлэг байгаасай гэж бодох юм” гэсэн билээ. 

-          Түүнээс хойш төдий л удалгүй 1976 оны 8 дугаар сард Л.Ринчинг ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, нөгөө иргэдийн хоёрдмол харьяаллыг зохицуулах конвенцийг Ю.Цэдэнбал “Өөрөө гүйцэт үзэж танилцаагүй байна” гэсэн шалтаг зааж ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлөөр соёрхон батлуулахыг түр хойшлуулахыг бидэнд даалгасан бөгөөд тэр нь яван явсаар хугацаагүй хойшлуулалт болж хувирсан билээ.

-          Зөвлөлт Холбоот Улстай байгуулсан конвенцээ батлуулах цаг болсныг Цэдэнбал даргад удаа дараа сануулж байсан боловч тэрээр “Хүлээж бай, би судалж үзнэ” гэсээр тийнхүү 8 жилийн нүүр үзсэн. Энэ конвенцээс голлон шалтгаалж Л.Ринчинг ГЯЯ-ны сайдын албан тушаалаас өөрчилж байснаа ч ор тас мартчихсан байлаа     (мөн номын 8-10 дахь талд).

Эндээс юу ойлгогдов? Цэдэнбалын төрсөн хоёр хүү Монголын иргэн байна гэхээс төрүүлсэн эх нь бүр гутарч үхэж байсан юм байна. Цэдэнбалд төрсөн хоёр хүүгийнхээ толгойг мэдэх эрх даан ч байгаагүй юм байна гэж ойлгогдлоо.

Зөвлөлтийн тал ЭСЯ-ны хоёрдугаар хүнээрээ дамжуулан нэг бол задарсан эхнэрээ татаж ав, нэг бол өөрөө гомдолгүй байх шүү гэсэн мессеж Цэдэнбалд өгсөн юм байна. “Зоримог, тэсвэрлэг байгаасай” гэсэн нь тэр үед Цэдэнбалын гэр бүлийн дотоод тэмцэл ямар ноцтой хэмжээнд хүрсэн, улс орны үндэсний эрх ашгийг бусниах хэмжээнд дөхөж очсоныг илтгэх мэт. Гэр бүлийн зөрчил, эхнэрийнх нь ааш араншингаас болж хоёр орны харилцаа бусних дээрээ тулж байсныг илтгэх мэт. Эхнэрээ авч үлдэхийн тулд ГЯЯ-ны сайдаа зольсон мэт сэтгэгдэл ч буух шиг.

Ю.Цэдэнбалынхны хамгаалалт хангамжийг хариуцан ажиллаж асан тэр үеийн НАХЯ-ны нэг эрх мэдэлтэн генерал Б.Банзрагч “Ю.Цэдэнбалын өөрийнх нь ажлаас чөлөөлөгдсөн учир шалтгааны талаар бас өгүүлье” гэж байгаад ийн ярьжээ.

-          Тэрээр 1980-аад оны эхэн гэхэд бүр их мартамхай болж, ажилд томилох хүний нэрийг хүртэл халааснаас цаас гаргаж хэлдэг болсныг орос хэлний багш Галсанг сайд болгосонтой холбон, зарим хүн “авгайн захиалга” гэж ярьж байв. Түүний ухаан мэдрэл, үйл ажиллага суларч, ажлын цагийг нэг бус удаа хорогдуулаад ч тус болсонгүй. Бүр сүүлдээ алба ажил хийж, төр удирдаж чадахгүй байдалд хүрчээ.

-          Аливаа юм хэтэрвэл муу гэдэг. Байгалийн хууль Балыг тойроогүй. Тэр олон жил хэт ажиллаад тархины эд эс нь цагаасаа өмнө эцэж элэгдэж л дээ. Үүний дээр бас зохиомол, зохиомол бусаар ганцаардах, хавчигдах мэт уйтгар зовлон, бас бус нөхцөл байдлаас архи балгадаг болсон аж.

-          Бас үүн дээр нь дуртай цагтаа дуугаа өндөрсгөх насны ханийх нь үглээ мүглээ ч нэрмээс болсон байж магадгүй.

-          Түүний архины шохоорхол харьцангуй эртэвтэр эхэлсэн. Би сайн санаж байна. 1962 оны зун “Авгай хойно, дарга жаахан балгаад болдоггүй ээ” гэж Улсыг аюулаас хамгаалах яамны III хэлтсийн дарга хошууч генерал Д.Батаа надад ажлын далимаар ярьж явсан баримт бий. Энэ байдал цаашхи 20 гаруй жилд улам даамжирсан биз  (Б.Банзрагч. Ю.Цэдэнбалын оноо, алдаа, хувь хүний нь онцлог, УБ, 2001, 37-38 дахь талд)

1962 он гэдэг 1916 оноос хөөгөөд бодвол нам-засгийн нэгдүгээр хүн гэхэд аль 46 настайдаа архинд нэвчсэн, архины хамааралтай нэгэн болж, тэр нь ажлын чадварт нь нөлөөлсөн гэх дүгнэлт эндээс хийж болох мэт. Цаашаа тасралтгүй 20 жил архидсаар алдар гавьяагаа төгсгөжээ гэж бичсэнтэй ялгаа юу байна?

Жамбын Батмөнх номын Батмөнх ба Ардчилал хэмээх V бүлгийн 5.4. Хариуцлагаас би мултрахыг хүсэхгүй гэх дэд бүлэгт МАХН-ын Төв Хорооны 1990 оны VIII бүгд хуралд Ц.Намсрайн хэлсэн үгийг залгуулан оруулах эшлэл Д.Содномын “Амьдрал, бодол” номоос түүвэрлэв. Энд би Батмөнхийн баруун зүүн гарт явсан хоёр том улс төрчийг сөргүүлэх санаа агуулаагүй. Тэрхүү VIII бүгд хурлын индрээс нөхөр Ц.Намсрай нь нөхөр Д.Содномоо “ ... шинэ хөгжлийн замд ороод 70 жилийн нүүр үзэх гэж байгаа, ах дүү социалист орнуудын “сэтгэл харамгүй тусламж”-ийг хүртсээр ирсэн, өргөн уудам нутагтай, асар их баялагтай, цөөхөн монголчуудын дотор ядуу амьжиргаатай, туйлдсан амьдралтай хүмүүс, харж хандах хүнгүй хүүхдүүд байна. Энэ бүхний хариуцлагыг эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх, залах жолооны ард олон жил суусан нөхөр Д.Содном, Сайд нарын Зөвлөл хариуцах ёстой биш юм уу?” хэмээн ам асууж хатуу шүүмжилснийх нь төлөө хожим нөхөр Д.Содном нь юу гэж хариулж вэ гэдгийг “Амьдрал, бодол” номоос нь үг үсэг гээлгүй нэмж эшлэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзлээ..

-          Батмөнх гуай номдоо Содном, Намсрай хоёр хоорондоо санал зөрөх явдал ажиглагддаг байсан гэж бичсэн боловч эдийн засгийн системийг өөрчлөх зарчмын асуудлаар боловсрогдсон олон асуудал чухам бид хоёрын саналын зөрүүгээс болж шийдэгдэхгүй цаг алдаж байсныг тодорхой бичээгүй байдаг юм. Хүмүүсийн санал, үзэл бодол ялгаатай байж болох бөгөөд тийм нөхцөлд удирдагч-лидер нь дундыг барьж суух биш зөв сонголтыг зоримог хийх чадвартай байх нь чухал юм билээ (номын 112 дахь талд)

Энд Содном гуай багаа яг хуулжээ. Содном, Намсрай хоёр хэрүүл маргаан дэгдээгээд улс орны хөгжлийг гацааж байсан гэх нь дутжээ. Үхээнц удирдагчтай байсны гай хэмээн Ж.Батмөнхөө ч нэрлээд тавьчихсан байх шиг.

-          Тэр үед Улс төрийн Товчоог толгойлж  байсны хувьд Батмөнх гуай удирдлагадаа байсан хүмүүсийн дунд дундыг барьж хэт болгоомжилдоггүй, тулгамдсан асуудлыг шуурхай шийддэг, зоримог байсан бол зүгээр байж дээ гэж бодогддог (мөн номын 113 дахь талд)

Хашир нь дэндсэн, шуурхай зоримог биш Батмөнхөө ийн дүгнээд Намсрайгаа сэтгүүлч мэргэжлээр нь дуудаж юм мэдэхгүйн цаад шалтгаан нь сэтгүүлч байсных гээд хэлчихсэн мөрүүд байна. “Талийгаач Намсрай бид хоёр хоорондоо ажил амины аливаа асуудлаар уулзах ярих тохиолдол бага, ойр дотно биш боловч хэрэлдэх муудалцсан явдал нэг ч байгаагүй” гэсэн нь “... олон асуудал чухам бид хоёрын саналын зөрүүгээс болж шийдэгдэхгүй цаг алдаж байсан” гэсэнтэй нь логикийн хувьд авцалдахгүй байна. Бага уулздаг гэсэн нь төрийн ордонд Батмөнхийнхөө баруун зүүн гарт юу хийж суусан улс вэ гэж эргэлзэхэд хүргэмээр юм шиг.

-          Тэр нөхөр маань санхүү эдийн засгийн мэргэжилгүй, зөвхөн сэтгүүлч хүн байсан учраас өмч, үнэ, санхүү зэрэг асуудлыг шийдэхийн нарийн утга учрыг сайн ойлгодоггүй байсан болов уу (мөн номын 112 дахь талд)

Цэдэнбалыг залгамжилбал таарах нөхөр байсансан хэмээн өмнө нь П.Дамдин, Ц.Балхаажав нар харууссан нөгөө лут Намсрай шүү дээ. Нөгөө Зөвлөлтийн аюулаас хамгаалах тусгай албаны шалгуур босгыг давсан, Цэдэнбалын тусгай нууц бичиг хэргийг атгаж явсан тэр Намсрайг үнэлсэн нь энэ. Содномын нэг орлогч байсан П.Жасрай нь Ц.Намсрайтай ойр дотно байсан боловч санхүү-эдийн засгийн талаар олигтой юм хэлж өгдөггүй, хэлж ойлгуулаач гэсэн Содномынхоо үүргийг Жасрай хөсөрдүүлж, хожим Ерөнхий сайд болоод байхдаа 1994 онд “Намсрай Та хоёрыг ойлголцуулж чадаагүйдээ харамсдаг” гэж буруугаа хүлээн хүлцэл өчсөн гэх мөрүүд цаашаа хөвөрч байна. Эцэст нь төр засагт хамт ажилладаг хүмүүс эвтэй найртай, сэтгэл нийлж хамтран суралцаж хамтран ажиллах нь чухал юм билээ хэмээн учирласан мөрүүд байгаагаас үзвэл Ж.Батмөнхийн баг гэж дотроо хөлөө жийлцсэн үл бүтэх нөхөд байсан мэт сэтгэгдэл төрөхөөр бус уу...