Бие гэвч бие биш, гэгээн хоосон солонго.
Хэл гэвч хэл биш, очирын гүн эгшиглэн.
Сэтгэл гэвч сэтгэл биш, амгалан хоосны агаар.
Үзэгдэл гэвч үзэгдэл биш, үнэмлэхүй номын чанар.

        -    Ноён хутагт Данзанравжаа


“Ертөнцийг амьдлаг гэрлийн мандал хэмээн үз” гэж Тантарт өгүүлжээ. Зарим төрлийн мансууруулах бодис ийм мэдрэмж төрүүлдэг. Бүх ертөнц өнгөлөг тунгалаг, модны навч хүртэл ер бусын үзэсгэлэнтэй, гудамжны нүргээн хүртэл гайхалтай аялгуулаг болно. Үнэн хэрэгтээ бодис тансаг ертөнцийг бүтээж байгаа юм биш. Ертөнц угаасаа тийм. Чиний нүд л сүүмгэр учраас түүнийг харж чаддаггүй. Бодис түр зуур нүдийг чинь нээх боловч сэрэхүйн мананг бүрмөсөн арчиж чадахгүй. Удалгүй дасал болж, улам илүү тун хэрэгтэй болно. Бодисоо орхисон үед ертөнц урьдхаасаа илүү бүүдийнэ. Ийм маягаар сэрэхүй чинь улам мохох аюултай. Чи өөрөө хөгжиж цэцэглээгүй учраас тэр. Өөрөө хөгжих юм бол илүү мэдрэг болно. Мэдрэг болохын хэрээр ертөнц өөрчлөгдөнө. Урьд нь огт харж, хүртэж байгаагүй сонин гайхамшгийг нээнэ.

Энэ арга мэдрэг чанарт суурилсан тул эхлээд мэдрэхүй дотроо урга. Хаалгаа хааж, харанхуй өрөөнд бяцхан лаа асааж, өмнө нь суугаад хайрлан бишрэх сэтгэлийг үүсгэж, “Надад өөрийгөө нээн соёрх!” хэмээн залбир. Угаал үйлдэж, хүйтэн усаар нүдээ шавшаад суугаарай. Тэгээд бүхнийг мартаж, тэр лаандаа төвлөрч ажиглаад бай. Таван хормын дараа лаанд олон өөрчлөлт гарах вий. Угтаа лаа биш, чиний нүд өөрчлөгдөж байгаа юм. Чинхүү зүрх сэтгэлээр хандахад бүхий л ертөнц нууцаа дэлгэдэг. Зөвхөн лааны дөлийг ширтэн суухад урьд анзаарч байгаагүй шинэ өнгө солонго тодорно. Гэрэл байгаа газар солонго ямагт байдаг. Гэрэл өөртөө бүх өнгийг агуулдаг юм. Нулимс гарсан ч хамаагүй ширтээд л бай. Нулимс нүдийг чинь угааснаар тунгалаг болгоно. Тэр лаа жирийн нэг лаа биш, адистид оршсон ариун зул санагдах вий.

Өөр олон зүйл дээр туршиж болно. Хэдэн нөхөд маань энэ дасгалыг миний хэлсэн ёсоор чулуун дээр туршжээ. Тэд голын эрэгт гарт таарсан нэг нэг чулууг бариад атгаж, үнсэж, үнэрлэж, амталж, бүхий л аргаар мэдэрчээ. Бүтэн цагийн турш тийнхүү чулуутай элгэмсэн харьцсаны дараа хүн бүгд өөр өөрийн атгасан чулуунд үнэнхүү дурлаж, авч явахыг хүссэн гэдэг. Хөсрийн чулууг хүртэл энхрийлэн мэдрэх юм бол гүн хайранд умбадаг. Сэрэхүй хаагдмал үед эгэлгүй сайхан хүнтэй учирсан ч түүнийг хөсрийн чулуу шиг үзэх болно.

Ертөнцийг амьдлаг гэрлийн мандал хэмээн үз.

Гэрэл хаа сайгүй. Олон өнгө, олон дүрээр энгүй уудамд туяаран байна. Яарч адгах хэрэггүй, хүлээцтэй бай. Адгах юм бол анзааргагүй болно. Аливаа зүйлтэй нам гүмхэн хамт байж л нууцыг нээдэг. Төгс намуун болсон үед бүх ертөнц найрал хөгжим болон дуурьсахыг сонсоно. Зовлон дарамт бүхэн замхарч, дусал ус далайдаа уусан алдарна... Гэвч эхэн үед уран төсөөлөл хэрэгтэй. Мөн бүхий л сувгаар мэдрэг чанараа хөгжүүлбэл зохино. Хэн нэгний гарыг атгаад, түүн доторх амьдралыг мэдэр. Тэр амьдралын эрчмийг өөртөө орохыг зөвшөөрч, мөн өөрийгөө ч урсахад хаалт бүү тавь. Найлзуур модыг түшин суугаад, нүдээ анин, модон дотор асч буй амьдралыг мэдрэх аваас чи хормын дотор өөрчлөгдөх болно.

Хүний мэдрэмж биохимид нь хэрхэн нөлөөлдөг талаар нэгэн эмч туршилт хийжээ. Арван хоёр хүнтэй бүлгэмд. Туршилтын өмнө бүгдээс нь шээсний шинжилгээ авахад хэвийн байв. Тэгээд заримд нь хүчирхийлэл, аймшгийн кино, заримд нь хөгжүүн баясгалантай кино гучин минут үзүүлжээ. ахин шээсний шинжилгээ авахад аймшиг мэдэрсэн хүмүүсийнх илүү өвчтэй, баяр баясгалан мэдэрсэн хүмүүсийнх илүү эрүүл тунгалаг болсон байжээ.

Та нар мэдэрч буй зүйлсээрээ өөрийгөө хөнөөж, эсвэл анагааж байдаг. Бүх ертөнцийг гэрэл гэгээгээр дүүрэн хэмээн мэдрэх аваас биеийн чинь найрлага өөрчлөгдөнө. Энэ бол гинжин урвал. Биеийн хими өөрчлөгдөх хэрээр ертөнц илүү амьдлаг гэгээн харагдана. Түүнчлэн ертөнцийг гэгээлгээр харах тусам бие, сэтгэл ариусна.

Эх сурвалж: “Нууцын ном” (The Book of Secrets) - Ошо