Амьдралыг зүрхээр л танина
“Зам мөрийг хичээл сургуулиар эзэмших аргагүй. Чин зүрхээрээ сэрж мэдрэх нь үнэний мөр” гэж Будда хэлжээ. Зам мөр – Дармыг танихын тулд түүгээр амьдрах ёстой. Цэцэрхэл биш, туршлага л үнэн мэдлэг юм. Хийсвэр мэдлэг хөөцөлдөж явдаг хүнд бодит ахуйг таних чөлөө олдохгүй. Бодит ахуйг танихын тулд өөрөө түүний нэг хэсэг болох учиртай.
- Рүми
“Зам мөрийг хичээл сургуулиар эзэмших аргагүй. Чин зүрхээрээ сэрж мэдрэх нь үнэний мөр” гэж Будда хэлжээ. Зам мөр – Дармыг танихын тулд түүгээр амьдрах ёстой. Цэцэрхэл биш, туршлага л үнэн мэдлэг юм. Хийсвэр мэдлэг хөөцөлдөж явдаг хүнд бодит ахуйг таних чөлөө олдохгүй. Бодит ахуйг танихын тулд өөрөө түүний нэг хэсэг болох учиртай.
“Хайр гэж юу болохыг ойлгосныхоо дараа л хайрлаж үзье” гэж хэлэх хүн байх уу? Хайрлахгүйгээр хайрыг яаж ойлгох юм? Амраг хос гар гараасаа барилцахыг л чи харна. Тэр үйлдэл өөрөө хайр биш. Атаат дайснууд ч гараасаа барилцаж болно. Янаг хурьцлыг хараад ч хайрыг ойлгохгүй. Учир нь, хайргүйгээр зөвхөн хүсэл тачаалаар учралдаж болно. Өөрөө түүний хувь хэсэг болохоос нааш нууц нь үл тайлагдах зүйлс ертөнцөд бий.
Сургууль хичээлээр обьектив юмсыг л мэдэх боломжтой. Шинжлэх ухаан, шашин хоёрын ялгаа энэ. Шинжлэх ухааны хувьд тухайн судлагдахууныг гадна талаас нь судалж болно. Энэ бол үнэнд хандах обьектив хандлага. Харин шашин бол субьектив хандлага. Дотоод ахуйн гүнд орж байж л, дотоод төвөөсөө зам мөр – дарма, эсвэл бурхан гэгдэх зүйлийг ухаарна. Өөрөө бурхан болохгүйгээр бурханыг танихгүй. Бясалгагч болохгүйгээр бясалгалыг ойлгохгүй. Хайрлагч болохгүйгээр хайрыг мэдэхгүй. Мэдэхгүй зүйл рүүгээ орох нь эрсдэлтэй гэж болгоомжлох юм бол хайраас хөндий хувхай цөл хэвээр үлдэнэ. Амьдрал эрсдэлтэй нь үнэн. Эрсдлийг хүлээн авах зоригтой бай. Гагцхүү толгойд шүтэж, тооцоонд хүлэгдэх аваас амьдралын чөлөө учралыг алдах болно. Амьдрах цорын ганц зам бол эрсдэлтэй амьдрах. Үл мэдэгдэх нууцын гүн рүү үсрэх. Тийм учраас итгэл сүсэг хэрэгтэй байдаг юм.
Чин зүрхээрээ сэрж мэдрэх нь үнэний мөр.
Амьдралыг зүрхээр л таних боломжтой. Амьдрал маш энгүүн атал толгой хэтэрхий ярвигтай. Энгүүн зүйлийг ойлгохын тулд чи өөрөө энгүүн байх учиртай. Жаахан хүүхэд амьдралыг илүү хүртдэг, яруу найрагч илүү мэдэрдэг. Түүнчлэн егүзэр (мистик) амьдралыг илүү гүн дэлгэр ухаардаг. Толгойгоо хажуу тийш авч тавиад, гагцхүү уяран хайрлах зүрхээр ханддаг учраас тэр. Хиндү, Лал, Христиан гэхчлэн хэн нэгний загварчилсан нүдээр биш, хүүхдийнх шиг цайлган тунгалаг, гайхан бишрэх нүдээр тэр хардаг.
Чи ч бас туршаад үз. Хааяа толгойгоо авч тавиад, амьдралыг зөвхөн зүрхээрээ мэдэр. Ямар ч үзэл бодлын манангүй тунгалаг нүдээр халиа. Заримдаа модны дор суугаад зүгээр мэдэр. Далайн хөвөө, голын эрэгт хэвтээд долгилох чимээг анирд. Эсвэл эрхис оддыг харж, сүнсээрээ нэгд. Шөнийн түнэр харанхуйд уусан алдар. Энэ бол энгүүн зүрхний зам мөр. Ийм энгүүн цайлган аясаар амьдралд нэвтрэх аваас чи жинхэнэ билгүүн хутгийг олно. Вэд, Библи, Гитаг огт мэдэхгүй байлаа ч амьдралын жинхэнэ дуулал, жинхэнэ Гитаг хүртэнэ. Хүний гараар бичсэн номыг биш, Бурханы мутраар бичсэн амьд номыг бясалгана. Амьдрал бол Бурханы ном. Түүнийг л унш, түүнийг л дуул, түүнийг л бясалга.
Зам мөр, жам ёсыг таних тусмаа чи амар амгаланг хүртэнэ. Хэдий чинээ амарлиж жаргана, төдий чинээ зам мөртэй зохилдоно. Зам мөрөөс гажсан тохиолдолд гуниг зовлонг мэдэрнэ. Гуниг зовлон бол зам мөрөөс гажсаны дохио. Амар жаргалан бол зам мөрт зохилдсоны тэмдэг. Хэр зэрэг зовж, жаргаж байгаагаараа хэмжүүр хий. Би өөрийгөө хэдонист (жаргал цэнгэлийг эрхэмлэгч) гэдгийн учир энэ. Чухамдаа Будда, Махавир, Кришна бүгдээрээ хэдонист. Яагаад гэвэл тэд хүмүүст амар жаргалыг л хүсч, зам мөрийг заасан. Зам мөр нь энгүүн байхуй: Эргэлзээг улам бүр багасгаж, итгэлийг улам бүр хөгжөөх. Эргэлзээнд л эргэлзэж, итгэлд итгэ. Тэгвэл чи төөрөхгүй...
“Зам мөрийг өөрөө дагасан хүн буянтай. Гэхдээ бусдын замналд даган баясах ч үлэмж буянтай” гэж Будда хэлжээ. “Энэ буян шамшигдах уу?” гэж нэгэн хувраг асуужээ. Өөрөө бясалгаж байж л өнө мөнхийн буяныг эдэлнэ. Бусдын бясалгалд даган баясаад түр зуурын буян хүртэх байх даа гэж хувраг эргэлзсэн байна. Будда “Нэг бамбарын галаас хэчнээн ч хүн бамбараа асааж, ашиг тусыг хүртэж болно. Гал дөлөө хуваалцлаа гээд уг бамбар унтрахгүй, урьдын адил ноцсоор байна. Зам мөрийн зол буян ч түүнтэй адил” гэжээ.
Чи бол үр юм. Бусдын хөгжин цэцэглэлтэд даган баяссанаар чиний үр задарч эхэлдэг. Өөрт л ургаж гараагүй болохоор цэцэг ерөөсөө байхгүй гэж битгий үгүйсгэ. Итгэл найдвар, урам зориггүй амьдрал үнэхээр уйтай. Нас л элээхээс биш ургаж хөгжихгүй. Нас элээх нь хэвтээ тэнхлэг, ургаж хөгжих нь босоо тэнхлэгт хамаарна. Хэвтээ тэнхлэгээр хэчнээн ч явсан тэр л хавтгайдаа үлдэнэ. Ургаж цэцэглэж буй бүхэнд баясч гэмээнэ өөрийн ургах заяа дэлгэрдэг. Хэн нэгэн Будда болно гэдэг нь бүгдийн дотор оршигч Буддагийн илэрхийлэл билээ.