-Ардчилсан нам засаг бариад хүчлэн байж эхлүүлсэн хуулийн шинэчлэлийг өнөөдөр хоёрхон хүн нурааж чадаж байна-

Хүн гэдэг байгалийн амьтнаас гадна бас нийгмийн амьтан. Нийгмийн амьтан болохынхоо хувьд нийтээрээ дагаж мөрдөх нэг ижил хэм хэмжээ буюу хуульд захирагдаж амьдардаг. Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэдэг дээ. Эрх тэгш байх гэдэг нь ардчилсан бүх орны Үндсэн хуулиар тогтоосон хүний үндсэн эрх. Тиймээс хүний үндсэн эрхийг зөрчих болон түүнийг зөрчсөн аливаа хууль тогтоомжийг батлан гаргахыг Үндсэн хуулиар хориглодог.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнгөрөгч долоо хоногт “Эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх тухай” хуулийн төслөө Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэн юм. Одоогийнхоор бол Эрүүгийн байцаан шийтгэх хууль. Хуулийнхны хэллэгээр “процессийн” гэж нэрлэдэг уг хуулийн утга нь товчхондоо аливаа гэмт хэргийг мөрдөн шалгах явцад хуулийн байгууллагын ажилтнууд ямар эрх эдлэх, бас эдлэхгүй вэ гэдгийг ялгаж зааглаж өгдөг.

Гэвч хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр сайд Д.Дорлигжав, сайд асан Ц.Нямдорж нарын Байнгын хорооны гишүүдэд хандаж хэлсэн үг, өгүүлбэрээс үзвэл Монгол Улсад хүний эрхийг хүндэтгэх болон “эрх тэгш” байх нөхцөл бодитоор бий эсэхэд эргэлзэхэд хүрэв. Дээр хэлсэнчлэн “процессийн” гэгдэх тэдгээр хуулиар хуулийн байгууллагууд аливаа гэмт хэргийг шалгахдаа ямар эрх эдлэх ба эдлэхгүйг, нөгөө талаас нь уншвал гэмт хэрэгт сэрдэгдэж, шалгагдаж байгаа хүний ямар эрхэнд төр халдах болоод халдаж болохгүйг ялгаж, зааглаж өгсөн. Хүнийг хуульд заасан үндэслэлээр хорьж цагдаж болно, гэхдээ зодож доромжилж болохгүй” гэдэг ч юм уу. Харин Увсын хоёр нөхрийн яриагаар бол “Гэмт хэргийг илрүүлэх нь хуулийн байгууллагын үндсэн үүрэг учраас хүний эрх гээд хэрэг хийсэн этгээдүүдийн толгойг илээд байж болохгүй” гэнэ. Өөрөөр хэлбэл, Монголд гэмт хэрэгтэнд зориулсан нэг хууль, гэм зэмгүйчүүдэд зориулсан өөр нэг хууль үйлчилдэг байх нь.

Тэгвэл “гэмт хэрэгтэн” гэж юу юм бэ? Гэмт хэрэг үйлдсэн этгээд. Хууль тэр этгээдийн үйлдсэн гэмт үйлдэлд нь тохирсон ял шийтгэл хүлээлгэдгээс биш “гэмт хэрэгтэн учраас” гэж ялладаггүй. Тиймээс хуулийн нэр томьёонд ч гэсэн “гэмт хэрэгтэн” гэдэг үг байхгүй. Гэмт хэрэг гэж бол бий. Бас сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан гэж бий. Тэдгээрийг нийтэд нь бид өөрсдөө “гэмт хэрэгтэн” гэж нэрлэдэг, “гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” ч гэж ярьцгаадаг. Харин хуулинд тийм зүйл байхгүй. Учир нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийг тооцолгүйгээр тэр бусдын л адил хүн. Бусадтай яг адил эрхтэй. Тийм учраас хууль гэмт хэрэгтэнг биш, гэмт үйлдлийг нь ялладаг. Тэгэх явцдаа тухайн тухайн хүнд хуулиас гадуур хүч хэрэглэхгүй, хуулиар хязгаарласнаас бусдаар хүний эрх, эрх чөлөөнд нь халдахгүй байхыг шаарддаг. Хуулийн өмнө хүн бүр ижил тэгш гэдгийн бас нэг утга энэ. Зарим хүний яриад байгаа шиг нийгмээ гэмт хэрэгтнүүд, гэм зэмгүйчүүд гэж хуваагаад, түүнийг нь өөрийгөө хүний нийгмийн ёс суртахууны дээд хэмжүүр гээд итгэчихсэн хэн нэг этгээд дээрээс дэнслээд байдаг юм биш. Хуулийн байгууллага хэн нэгнийг гэмт хэрэгт сэжиглэн шалгаж болох ч “Шүүхээр эцэслэн тогтоосноос бусад тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй” гэсэн Үндсэн хуулийн заалт бий.

Тиймээс хэрэг маргаан шийдвэрлэх явцад хүний эрх зөрчсөн, эрүү шүүлт хэрэглэсэн, айлгаж сүрдүүлсэн, хувьдаа болон бусдад ашиг хонжоо гаргасан аливаа үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж шүүхээр шийдүүлдэг байя. Хүний эрхийн энэ мэт зөрчилд яллах чиг үүрэгтэй прокурор биш, шүүх хяналт тавих нь зөв юм байна гэдэг зарчим өмнө өргөн баригдсан Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд байсан. Харин шинээр томилогдсон Хууль зүйн сайд энэ төслийг татаж аваад “Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай” болгож нэр томьёог нь өөрчлөөд, хүний эрхийг хамгаалах, хуулийн байгууллагын эрх дарх, дур зоргыг хязгаарлахаар хийгдсэн хуулийн зүйл заалт, араа шүдийг нь сугалаад хуучин ЭБШХ-иа бараг тэр хэвээр нь буцаагаад өргөн барьчихлаа гэлцээд байна.

Засгийн эрх барьж байгаа Ардчилсан намын 2008, 2012 оны сонгуулиар ард түмэндээ амласан амлалт, сонгуулийн мөрийн хөтөлбөрт,

-Хууль, шүүхийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийг хангахын төлөө ажилладаг жишиг, соёл, дадалд сургана. Төрийн төлөө бус хүний төлөө ажилладаг, иргэний эрхийг дээдэлдэг шинэ үеийн хуульчдыг бэлтгэх, ажлын байраар хангахад онцгой анхаарна

-Иргэнээ чирэгдүүлсэн удаан хугацааны шүүн таслах журмыг өөрчилж, ялимгүй хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг болно

-Хууль зөрчсөн болон эрх нь зөрчигдсөн хүүхэд, залуучуудад баримтлах энэрэнгүй хууль зүйн бодлоготой болно. Хүний эрхийг өмөөлөх эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ /2008 он/

-Шүүхэд мөрдөн байцаалтын шатны шүүхийн бүтцийг бий болгож, хүний эрхийн баталгааг хангана

-Прокурорын байгууллагын хүний эрхийн болон гүйцэтгэх ажлын хяналт, процессийн маргаан шийдвэрлэх чиг үүргийг шүүхэд шилжүүлнэ

-Гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ

-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг Мөрдөх алба болгон нэгтгэн зохион байгуулна /2012 он/ гэж байгаа.

Одоогийн Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч бас,

-Иргэдэд энэрэнгүй, албан тушаалтанд чанга хуулийн орчинг бүрдүүлнэ. Хэрэг маргааныг хүндрэл чирэгдэлгүй шийддэг болно, Жирийн иргэдийн гэмтэн зэмтэн, өөрсдийгөө хууль цааз гэж хардаг хөлдүү, ноён сэтгэлгээг хална.

-Хууль, шүүхийн шинэтгэлийг хийж, иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хуулиудыг үргэлжлүүлэн батлуулж, хэрэгжүүлнэ

-Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг өөрчилнө гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, АН түүний нэр дэвшигчдийн сүүлийн дөрвөн сонгуульд барьж орсон, иргэдээс дэмжлэг авсан гол амлалт нь хуулийн шинэчлэл, хүний эрхийг хамгаалах асуудал. Гэвч энэ чиглэлд АН, түүний байгуулсан Засгийн газар, Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчийн зүгээс хоёр жил гаруй хүчлэн зүтгэж хийж хэрэгжүүлсэн бүх ажлыг өнөөдөр хоёрхон хүн нурааж чадаж байна. Мөрдөх албаны хууль сураггүй боллоо. Цагдаад хийсэн шинэчлэлийг буцаагаад хуучин бүтэц рүү нь оруулчихлаа. Одоо дотоодын цэргийг дахин байгуулах тухай ярьж байна.

Өнгөрөгч мягмар гаригт Хууль зүйн сайд Д.Дорлигжав Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Тахарын албаны хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэн. АН-ын бүлэг дээр маргаан тарьж, шинэ, хуучин хоёр сайдын дунд гал авалцуулсан эдгээр хуулийн төслийг Байнгын хороо хэлэлцэхийг нь дэмжчихлээ. Уг нь яг энэ парламент ердөө хоёрхон жилийн өмнө 2013 онд Тахарын албаны тухай хуулийг баталж, гэрч хохирогчийг хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан ялтан хоригдлыг эрэн хайх, хуяглан хүргэх чиг үүрэг бүхий Тахарын албыг байгуулсан. Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт хүрч ажилладаг энэ байгууллагын жилийн төсөв ердөө 13 тэрбум төгрөг.

Гэвч Хууль зүйн сайд Д.Дорлигжав “төсөв хэмнэх” нэрээр Тахарын албыг татан буулгаж, ШШГЕГ-ын харьяанд шилжүүлэхээр хуулийн төсөл боловсруулсныг дахиад Байнгын хороо дэмжээд явж байна. Сайдын тооцоолсноор Тахрыг татан буулгачихвал төсвөөр нь дотоодын цэргээ тэжээх боломжтой юм байна л даа. Хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын Байнгын хороон дээр төслөө хамгаалахаар орж ирсэн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга болоод Хууль зүйн бодлогын газрын дарга, ШШГЕГ-ын дарга Б.Билэгт /тухайн үед цагдаагийн дарга байсан/, Тахарын албаны дарга Д.Азбаяр нар бүгд /Д.Дорлигжаваас бусад нь/ ердөө хоёрхон жилийн өмнө яг энэ танхимд Тахарын албыг байгуулахаар хуулийн төсөл бариад орж ирж байсан нөхдүүд. Тахрыг татан буулгах асуудлыг нь дэмжээд гар өргөж суугаа Байнгын хорооны гишүүд ч ялгаагүй, бас л өмнөх хуулийг нь батлалцсан хүмүүс. Ямар гээчийн богинохон ой санамж вэ?

Тэр тусмаа “Тахарын албаны хуулийг 2014 оны нэгдүгээр сараас мөрдсүгэй” хэмээн өөрөө гарын үсэг зурсан УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр “Гэрч хохирогчийг хамгаалахад ийм их төсөв зарж, бүхэл бүтэн агентлаг ажиллуулах шаардлагагүй. Өмнө ТББ-ууд ямар ч төсөвгүй хийгээд ирсэн энэ ажилд багахан төсөв батлаад өгчихөд л болоо юм биш үү” гэж хэлэхийг сонссон хүн чихэндээ итгэмгүй. Тахарын албыг татан буулгахыг эсэргүүцэж, хүний эрхийн чиглэлийн 50 гаруй ТББ гарын үсэг зураад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ХЭҮК-ийн даргад хүргүүлсэн мэдэгдлийг “Нэг хүнээр бичүүлчихээд тавин хэдэн байгууллагын нэр барьж сүрдүүлэхээ боль” гэж загнаад сууж байгаа Ц.Нямдорж гишүүнийг харахаар манай энэ хууль тогтоогчдод эрээ цээр, ичиж нэрэлхэх гээч юм үнэндээ л алга. /Ц.Нямдорж гишүүнийг Байнгын хороон дээр яг энэ үгээ хэлж суухад нөгөө “эзэнгүй мэдэгдэл”-ийнх нь эзэд аль хэдийн хэвлэлийн бага хурал хийгээд, эсэргүүцлээ олон нийтэд зарлачихсан байв/ Хууль тогтооно гэдэг ердөө хувь хүний дур зорго болчихсон юм байна. Тийм хүмүүсийн нүдэнд өөрсдөөс өөр юу ч харагдахгүй байх нь ч хэр биз.

УИХ-ын Байнгын хороогоор Тахарын албыг “татан буулгаж” байхтай зэрэгцээд Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Өнөрбаяр “Гэр бүлийн хүчирхийлэл тэвчиж болохооргүй байдалд хүрлээ” хэмээн ярилцлага өгсөн байна. 2014 онд гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг 2013 оныхоос 2.6 дахин, хүчирхийлэлд өртсөн хохирогчдын тоо 3.5 дахин өсч, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн шалтгаанаар таван гэр бүл тутмын нэг нь гэр бүлээ цуцлуулсан дүн гарчээ. Мөн 2009-2014 хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 3048 хэрэг гарч, хүнийг санаатай алсан гэмт хэрэг 66, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг 2727 гарсан байна. Бодит байдал ийм байхад “Гэрч хохирогчийг хамгаалах ажлыг тэр ТББ-уудад нь үлдээ. Төр оролцох хэрэггүй” гээд сууж байгаа УИХ-ын даргыг яалтай. Цайндаа цагтаа орсонгүй гэж цамнаад байнгын хорооны хурал тарааж байгаа гишүүнийг ч яалтай.  

Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн гэрч, хохирогчийг хамгаалах гэдэг бол Тахарын албаны хэрэгжүүлдэг олон чиг үүргийн ердөө нэг нь. Цаана нь шүүх, прокурорын аюулгүй байдал, хоригдол, ялтанг хуяглан хүргэх, эрэн хайх гээд 6-7 чиг үүргийг хуулиар хүлээдэг. Өмнө нь тэртэй тэргүй төсөв мөнгө зардаг, гэхдээ хариуцсан тодорхой эзэнгүй, мэргэжлийн бус хүмүүсийн хийдэг байсан энэ бүх ажлыг л нэг байгууллагад төвлөрүүлээд, мэргэжлийн хүмүүс хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг болсон хэрэг шүү дээ. Харин одоо шүүх, прокурорын аюулгүй байдлыг ШШГЕГ-аар хангуулна гэвэл  хоригдол ялтанг цагддаг шоронгийн хуягууд шүүх, прокурорыг хамгаалах болох нь. Өөрийнхөө яллаад явуулсан хоригдол, ялтнуудтайгаа хамт нэг газраас нэг стандартын үйлчилгээ авна гэсэн үг. Мөн ч тохуутай яа. Одооноос зарим нь “Д.Дорлигжав сайд шүүх прокурор хоёрын байх ёстой газрыг нь яг сайхан оносон байна. Тэр болон шорон юм” гэнэ. Уг нь бол бусад оронд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг хорихоос гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглодог гэсэн. Харин манайд шоронгоо ч хянаад, гэрч, хохирогчоо ч харгалзаад, шүүх, прокурорыг ч хянаж цагдаад эхэлбэл АТГ-тай зэрэгцсэн бас нэг “АТГ” гарч ирнэ. Түүнийг нь бригадын генерал Б.Билэгт удирдана, бүүр гоё!   

Ерөнхийлөгчийг санаачилсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг танилцуулахдаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй зөвхөн хуулиар тэмцэж барахгүй нь. Гэрч, хохирогчдыг хамгаалах чиг үүрэг бүхий тусдаа байгууллага, тогтолцоо хэрэгтэй” гэж байсан. Гэтэл одоо энэ чиг үүргийг нь хагас дутуу ч гэсэн хэрэгжүүлээд явж байгаа Тахрыг устгачихаад дахиад ямар байгууллага байгуулах гэж. Ингэж нэг гараараа бүтээснээ нөгөө гараараа нураагаад явбал АН засаг барихдаа эхлүүлсэн хуулийн салбарын шинэчлэл 2016 он гэхэд эргээд 2012 оны наймдугаар сард байсан тэр цэг дээрээ очих нь үнэн байна. Тэгвэл АН-д “баяртай” гэж хэлэхээс өөр юм үлдэхгүй. Хүний эрхийн үнэлэмж “0”, хууль, шударга ёсны шалгуур “0”, хөрөнгө оруулалт, эдийн засаг нь “0” заачихсан, уул уурхайн жаахан баялгаасаа улстөрчид нь яаж өөрсдөө хувь хүртэх вэ гэж уралдахаас өөр бодлогогүй болчихсон ийм намтай, ийм засагтай өөр юу ч ярих билээ...