Нэр алдраас илүү хүн чанарын тухай бод
“Ард түмний сайн сайхан байдал хамгийн дээд хууль мөн” хэмээн маш эрт үед нэгэн ухаантан айлджээ. Хүн болгон өөрийн амьдралын эзэн байдаг ч ард түмний сайн сайхан байдал жинхэнэ ёсоор хангагдаж, хамгийн дээд хууль хэрэгжих эсэх нь төрийн толгойд заларч байгаа эрхмүүдээс маш их хамааралтай.
“Ард түмний сайн сайхан байдал хамгийн дээд хууль мөн” хэмээн маш эрт үед нэгэн ухаантан айлджээ. Хүн болгон өөрийн амьдралын эзэн байдаг ч ард түмний сайн сайхан байдал жинхэнэ ёсоор хангагдаж, хамгийн дээд хууль хэрэгжих эсэх нь төрийн толгойд заларч байгаа эрхмүүдээс маш их хамааралтай. Амьдрал мэддэг, авьяас билигтэй, оюунлаг бөгөөд хүнлэг эрхмүүд төрийн толгойд байвал хүн ардын амьдралыг хөнгөвчилж өгөх нь тодорхой. Хүн бодлогынх нь төвд байдаг төр хүмүүнлэг төр. Олон түмнийхээ дэмжлэгийг хүлээсэн, хүчирхэг хүмүүсээр удирдуулж байгаа төр хүчтэй. Ард олон төрийнхөө жолоон дээр билиг төгөлдөр, хүчирхэг хүмүүс сууж байхыг харан, тэдэндээ итгэн, тэднээрээ бахархахыг хүсдэг юм.
Улсын Их Хурлын гишүүд ард түмний элч нар. Нийт иргэд, бүрэн эрхт улсынхаа ашиг сонирхлыг бүхнээс дээгүүр тавьж, эрхэмлэх үүрэгтэй тэд. Нийтийн эрх ашиг, нийгмийн ашиг сонирхлыг тугандаа мандуулж байна уу, уландаа гишгэж явна уу гэдэг нь тов тодорхой ив илхэн харагдах тийм цаг үед та бид амьдарч байна. Хувийн явцуу бодол, хэсэг бүлгийн давчуу сонирхолд автан, гадна дотны бэл бэнчинтэй хүмүүсийн гутлын уланд наалдсан шавар шавхай мэт болж доош орон, төрийн түшээгийн өндөр нэр төрийг гутаан сэвтээх вий дээ гэж сонгогчид нь сэтгэл зовнин, сэрэмжлэн болгоомжлон ажиглана. Ард түмний зүрхэн тольтод ил биш далд мэдрэмж хэмээх агуу зүйл бий. Ард түмэн харахгүй, сонсохгүй байсан ч хэн нь хэн бэ гэдгийг маш сайн мэдэрч байдаг. Мэдээлэл хомс, хууль тогтоомжийн нарийн ширийнийг бүрэн мэдэхгүй ч тэд сайн муу, зөв бурууг мэдрэмжээрээ ялгаж салган, үнэлж дүгнэх төрмөл ухаантай, төрөлх чадвартай. Тиймээс сонгогч олондоо зөвөөр мэдрэгдэх, эерэг үнэлэгдэх сайн үйлсийн төлөө, том эрх ашгийн төлөө чармайн зүтгэх нь төрийн түшээдийн эрхэм үүрэг.
Дэлхий ертөнц даяарших үйл явц түргэсч байна. Эмээлээсээ өндөр даваа даваагүй, эхнэрээсээ өөр танилгүй гэх үг түүх болон үлдэж, үнэхээр хол хоцорчээ. Төрийн бодлого тодорхойлж, хууль тогтоож байгаа УИХ-ын гишүүд дэлхийг харах нүдтэй, дэлхийн энтэй сэтгэх сэтгэлгээтэй, дэлхийн хэмжээний боловсролтой байх том шалгуур цаг үеийн шаардлага болон тавигдаж байна. Их хурлын гишүүд улс орны амьдралын бүх салбарыг хамарсан хууль баталж, дэлхийн улс орнуудтай харилцах бодлого тодорхойлох үүрэгтэй учир тэр бүхнээ төгс мэдэх, нарийн судлах шаардлагатай. Хэдийчинээ ихийг мэднэ, төдийчинээ ихийг чадах болохоор гишүүдэд тавигдах тэргүүн зэргийн шаардлага нь өндөр боловсрол, өргөн мэдлэг. Их хурал өөрөө амьдралын их сургууль, мэдлэг сэлбэх оюуны сан хөмрөг. Хүрээнд суусан чавганцын чих гийнэ гэдэг шиг өөрөө төдийлөн мэрийхгүй байлаа ч Их хуралд суугаа хүний чих онгойж, ухаан тэлж байдаг юм. Их хуралд сонгогдмогц өндөр боловсрол, өргөн мэдлэг өөрөө дагаад ирэхгүй нь тодорхой. Их хурлын гишүүд биеэ боловсруулах ажилдаа өдөр тутам, цаг үргэлж санаа тавьж байх ёстой. Мэдэх юмаар маруухан, тэгээд мэдэхийг оролддоггүй хүн хоёр давхар сул талтай гэдгээ үг дуугүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Аль нэг гишүүний мэдлэг боловсролын хэмжээ түвшин ямар вэ? гэдгийг таньж мэдэх түвэгтэй биш. “Тавхан үгэнд танигдана” гэдэг шиг хэлж байгаа үг ярианаас нь ив ил, тов тодорхой. Их хурлын гишүүд нийгмээ мэдлэг боловсролоороо үлгэрлэн хөтөлсөн, нийгмийн оюун ухааны цөм байх ёстой. Их хурлын гишүүдээс орчин цагийн мэдлэг боловсролын сор болсон гэрэл гэгээ цацран гийж, түмэн олноо гэрэлтүүлж байгаасай гэж сонгогч түмэн нь харж хүлээж байдаг билээ.
Төр төмбөгөр, ёс ёмбогор. Төрийн албанд зүтгэж байгаа хэн боловч төмбөгөр төрийн ёмбогор ёсыг сахин дагах нь зүй ёсны хэрэг. Төрийн хүний ноён нуруу цэх шулуун, бат тогтвортой, даамай даацтай байх учиртай. Төрийн хуулийг хэлбэрэлтгүй сахин хэрэгжүүлж, тогтсон зарчмыг тууштай баримтлан, төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр чин шударгаар зүтгэж байгаа түшээдэд түмэн олон итгэлээ өгч, дэмжсээр байх болно. Шулуун шударга, хэлснээ хэрэгжүүлдэг, за гэвэл ёогүй, бүтээлч сэтгэлгээтэй, шинийг тусган авах торгон мэдрэмжтэй, эрсдэл хийн шийдвэр гаргах эр зоригтой, эргэж хургах, урваж шарвах муу зангүй, төлөв төвшин төрийн хүний шилдэг шинжүүдийг өвч шингээсэн хүмүүс төрийн эрхэнд заларч байгаасай гэж ард олон хүсч байна. Төр эрхэмсэг. Төрийн эрхэмсэг шинжийг уламжлан тээгчид нь яах аргагүй Их хурлын гишүүд. Төрийн эрхэмсэг шинж Их хурлын гишүүдийн дотроос нь гэрэлтэж, гаднаас нь тодорч, төрийн хүн ийм л шинж төрхтэй, эрхэмсэг чанартай гэдгийг үлгэрлэж байх учиртай. Төрийн түшээдийн үг хэл, үйлдэл хөдлөл бүхнээс нь төрийн эрхэмсэг шинж ил тод мэдрэгдэж байхаар биеэ авч явбал зохино. Төрийн хэрэгт суралцахтай хамт төрийн эрхэмсэг шинжид суралцах хэрэгтэй. Төрийн эрхэмсэг шинж төрөө дээдлэх түмэн олны хүндлэлийг бадрааж байхуйцаар тод томруун харагдаж, ив илт мэдрэгдэж байх учиртай.
Парламентын гишүүд мэтгэлцэх урлагийн мастерууд, илтгэх чадварын сорууд байх өндөр шаардлагыг өөртөө тавьж ажиллах хэрэгтэй. «Хамаатан садан чинь хаяж, нөхөд чинь урваж, албаны шатнаас унасан ч гэсэн илтгэх чадварыг эзэмшсэн л бол та хэнд ч давагдашгүй хэвээр үлдэнэ» гэх Уинстон Черчелийн хэлсэн үг парламентын гишүүдийн байнга санаж явах үгсийн нэг зайлшгүй мөн. Аливаа асуудалд хүлээцтэй, ухаантай ханд. Ухаантай байхыг хүсвэл бусдаас ухаалгаар асууж, бусдыг анхааралтай сонсч, тайван хариулж, цааш нь юу ч хэлэхээргүй бол ярихаа больж чаддаг арга барилд суралцах шаардлагатай. Амаа хамхихгүй чалчаа хүмүүстэй үгээр уралдан сөргөлдөх, хэрүүл өдөх, хэрүүлд оролцох хэрэггүй. Хэрүүлд хоёроос доошгүй хүн хэрэгтэй. Хэзээ ч тэдний нэг болохгүй байхыг бод. Юм юманд хошуу дүрж, ийш тийш үсчсэн хэрүүлчид дуртай хүн үгүй. Маргаж, мэтгэлзэж байхдаа уур хилэнгээ барьж сур. Уурласан үедээ унагасан ухаангүй үг үзэн ядалт, гай зовлонгийн галыг өөр дээрээ дуудах осолтой. Үг яриаг хэн ч хэлж чадах бол ухаан цөөхөн хүнд заяадаг. Ухаан муутай үг хэлчихсэн бол эргэж бодон, бусдаас ичдэг шигээ өөрөө өөрөөсөө ичдэг бай. Өөрөөсөө ичсэн хүн ухаангүй үг барагтай л бол дахин хэлэхгүй. “Зогсолтгүй чалчиж айлгаснаас ухаалаг ганц хоёр үг хэлэх нь дээр”. Бусдыг тэвчээртэй сонс. Ялангуяа үнэнийг. Үнэн цөс мэт гашуун байлаа ч сонсох хэрэгтэй. Мэдэж байгаа бүхнээ ярих гэж битгий яар, харин ярьж байгаа зүйлээ төгс мэдэж бай. Ухаанд орж ирсэн болгоноо яаран тэвдэн урсган гаргахаа азна. Ухаанд чинь орж ирсэн зүйлийн талаар хоёр дахин, бүр гурав дахин бодож байж амнаасаа унага. Шийдвэр гаргахдаа долоо хэмжиж, нэг огтлох алтан зарчмаар оролц.
УИХ-ын танхимаас “чихнү чимэгтэй аялгуут сайхан монгол хэл” сонсогдож байх ёстой. Хэлж байгаа үг, илэрхийлж байгаа санаа бүхнээ эх хэлнийхээ аялгуут сайхнаар тодотгож, явцуухан ядруухан хэдхэн үгэнд эргэлдэх биш яруу тансаг, баялаг шигшмэл үгээр ярьж байх нь төрийн түшээдийн эрхэм үүрэг. УИХ улс төрийн соёлын хүндэт индэр байх ёстой. Их хурлын гишүүдээс боловсролтой хүмүүсийн соёлтой үг цоглог эрэмгий цуурайтаж байхыг түмэн олон хүсэмжилдэг юм. Хэлэх хэлэхгүй үгээр бие биенээ зүхэн доромжилж, хуруу гарын бүдүүлэг дохио зангаагаар өрсөлдөгчдөө чичлэн, төрийн хүний эрхэмсэг чанарыг шавар шавхайд хутгах ой гутам, олхиогүй үйлдэл гаргахыг түмэн олон хүлцэн тэвчихгүй.
УИХ-ын гишүүд ард түмнийхээ уламжлал заншил, ёс суртахуун, үнэт соёлын хөтөч, үлгэрлэн дагуулагч байх ёстой. Ёс суртахууны дээд хөгжил болон ёс суртахууны дээд нөлөөллөөрөө танигддаг шилдэг хүмүүс байхыг төрийн түшээдээс шаардана. Ёс суртахуун нь зөвхөн ил харагдах гадаад ёс зүй төдийгүй, санаа бодлын дотоод мөн чанарын илэрхийлэл. Их хурлын гишүүд цэвэр ариун ёс суртахуунтай байж өөрсдийн биеэр нийгмээ үлгэрлэн дагуулах үүрэгтэй. “Хүн оюуны болон ёс суртахууны хөгжлөөрөө хэдийчинээ өндөр байна төдийчинээ эрх чөлөөтэй байж, амьдрал түүнд төдийчинээ их баяр хөөр бэлэглэнэ”. “Ёс суртахууны төлөвшил нимгэн газар аугаа их хүн байдаггүй” учир УИХ үндсэн ажлын зэрэгцээ гишүүдийнхээ ёс суртахууны байдалд анхаарч байх нь зүйн хэрэг.
УИХ-ын гишүүд хатуу зөөлний хайлш мэт байж, тэсвэр тэвчээрийг уян зөөлөн сэтгэлтэй сүлэлдүүлэн, онч мэргэн шийдвэр гаргахыг чухалчлан хичээх үүрэгтэй. Нөхцөл байдал хэдийчинээ хүнд бэрх байна, төдийчинээ хатуу чанга чанар, шийдэмгий зоримог шийдэл хэрэгтэй. Сайн ёс зүй нь сайн хуулиас илүү их ач холбогдолтой гэх үг бий. Их хурлын гишүүд ямар ч үед ёс зүйн зарчмаа ёсчилон дагахыг эрхэмлэвэл зохино.
Хэлэх амархан, хийх хэцүү. Хэцүүгийн жаргал, зовлонг эрх баригчид л үүрч эдлэх үйлтэй. Жаргал нь түмэн олныхоо төлөө хийсэн ажилтай, бүтээсэн бүтээлтэй, хэлэх үгтэй нүүр бардам байдагт оршино. Хийх зүйл хязгааргүй их, хийх боломж нь цаг хугацааны хийгээд хөрөнгө санхүүгийн хязгаартай. Хүлээлт уул нуруу мэт том. Хүлээлтийг хугаслахаар хуруу хумсаа хуйхлан зовно. Хэчнээн сайн хийлээ ч мөнхийн сэтгэл дундуур шүүмжлэгчдийн үг хэлний бай болж зовно. Хийж амжаагүйн төлөөнөө зовно. Бүгдийн сэтгэлд нийцэх бүрэн дүүрэн үйлийг бурхан ч гүйцэлдүүлэхэд бэрх гэж сэтгэлээ тайтгаруулан, хийхийн төлөө зүтгэж, хийсэн бүтээсэн ажлынхаа үр дүнг харж, бахархан омогших тун урамтай.
Төрийн түшээд өндөр нэр алдрын эзэд мөн. Гэхдээ л нэр алдраас илүү хүн чанарын тухай бодох хэрэгтэй. Сонгуульт алба хугацаатай. Эзний алба ээлжтэй гэдэг шиг өндөр нэр алдар мөн л хугацаатай, харин хүн чанар хугацаагүй. Хугацаа өндөрлөх хүртэл хүнээрээ үлдэх шаардлагатай. Өөрсдийнх нь төлөө хэн илүү санаа тавьж, сэтгэл гарган зүтгэж байна тэднийг ард түмэн дэмжсээр байх болно.