Бүтээлчийг алахыг хүсвэл зүгээр л худалдаад  авчих.

Э.Лимонов



Манай сэхээтэнгүүдийн ихэнх нь түүний цагаачилж явахдаа бичсэн “Это я- Эдичка” номыг уншаагүй гэхэд сонссон байж таарна. Тэрээр энэ анхны романаа 1976 онд Нью Йоркод байхдаа бичиж 1979 онд Парист хэвлүүлсэн бөгөөд франц, англи болон бусад 12 хэлээр олон зуун мянган хувь хэвлэгдэн таржээ. Тэр романы гол дүр Эдичка бол өөрөө юм гэж тэрээр бичиж байлаа. Энэ ном анхандаа Оросод нууцаар тарааж уншдаг ном байснаа Ригад анх 100 000 хувь хэвлэгдэн гарснаас хойш 1991-1993 онуудад 600 000 хувь хэвлэгдэн борлогджээ. Харин яагаад ч юм бэ манайд одоо болтол энэ номыг огт орчуулан гараагүй нь сонин.

ОХУ-ын улс төрч, зохиолч, яруу найрагч, нийтлэлч, намтар түүхэн роман, эссэ, богино өгүүллэг бичдэг  Үндэсний Большевик намын дарга тэрс үзэлтэн энэ нөхөр бүр 17 настайгаасаа л эхлэн номын дэлгүүрт ачигч, барилгачин, ном борлуулагч хийж гараагаа эхэлсэн бөгөөд 1958 оноос л бичиж эхэлсэн байна. 1974-1991онд тэрээр Оросоос гарч барууны оронд цагаачлан амьдарч байжээ. Нью Йоркод хэдэн жил амьдраад 1980 оноос Францад очиж суурьшиж 1987 онд Францын иргэн болсон ч 1991 онд Оростоо буцаж ирэв. 1993 онд тэрээр Үндэсний большевик нам үүсгэн байгуулсан. Харин  2003оны 4 сарын 15 нд  нууцаар зэвсэг цуглуулсан гэх хэргээр 4 жил хорих ял авсан бөгөөд тэнд сууж байхдаа цээжээр ямар ч эх үүсвэр харалгүй олон ном бичсэний нэг “Бадрангуй суутнууд” ном бөгөөд Б.Одгэрэлийн орчуулгаар манайд 2009 онд хэвлэгдэн гарчээ.

 Тэрээр номынхоо оршилд…25 р камерт энэ номыг бичих үед миний бүхий л эд хөрөнгө маань гучь жарын харьцаатай зурагдаж гүйцсэн царсан банзан ширээ,тэмдэглэлийн хоёр дэвтэр, гурван үзэг тэгээд л гүйцээ. Он тооллыг шалгаж болох толь бичиг лавлах номын алинч надад байсангүй …хэмээн онцолсон байдаг. Тэрээр Оросын ерөнхийлөгчийн сонгуульд 2009 он 2012 онд оролцох гэсэн ч сонгуулийн хороо зөвшөөрөөгүй юм. Түүний тухай бичих маш хэцүү . Яагаад гэвэл тэрээр маш олон номтой, үй олон нийтлэлтэй, маш олон зүйл улс төрийн үйл ажиллагаатай нөхөр. Хувийн амьдрал нь ч мөн л тийм. Дөрвөн эхнэр сольсон. Түүний анхны эхнэр Анна Моисеевна Рубинштейн экспрессионист зураач байв. Оёдлын, бичгийн хоёр машинаар хорвоог өөрчлөх дэврүүн яруу найрагч, зураач хоёрын хамтын амьдрал олон жил үргэлжлээгүй бөгөөд түүнийг Москвад эргэн ирсний дараа Анна амиа хорлосон гэдэг. 1973 онд гэрлэсэн хоёр дахь эхнэр Елена Шарапова "Энэ бол би - Елена" хэмээх дурдатгалын ном гаргасан байдаг. Харин тэр ном гарсны даараа тэрбээр өөрөө энэ номын тухай бичихдээ…Эдичкаг Еленатай харьцуулах нь Христосыг Мариа Магдаленатай зүйрлэхтэй адил юм…Яахав түүнд туслаа та нар..Гэхдээ хариу нэхээд яахав дээ.. Хайр өөрөө хариу нэхдэггүй , мөн хайр шиг өөрөө тайвшрал сэтгэл ханамжтай хамт байдаг юм ерөөсөө байхгүй.. хэмээн бичиж байжээ. Яагаад түүнийг Мариа Магдалена гэх янхан байсан хүүхэнтэй зүйрлэсэн бэ гэвэл Роман Полански, Мик Жаггер, Грейн Жонс нартай нөхөрлөж буйг харсан Лимоновын эцэс төгсгөлгүй хардалт, байцаалт хамтын амьдралд нь цэг тавьсан хэмээн Елена хожим дурссан билээ.      

АНУ-д анхны нөхрөө даган очиж, загвар өмсөгчөөр ажиллангаа дуулж, зохиол бичиж, олны танил болсон Наталья Медведеватай 1983 онд Э.Лимонов танилцжээ. Орост буцаж ирснийхээ дараа буюу  танилцсанаасаа 12 жилийн дараа тэд харилцаагаа тасалсан ч бүсгүйг нас барах хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүй. Улс төр, сэтгүүл зүйд хутгалдан, хүнд хэцүү он жилүүдийг хамт туулсны дараа Лимонов “Хайр эрсэн харгис бүсгүйгээр сэтгэлийнхээ шархыг эдгээхийг хүссэн тэр үед Наталья миний амьдралд гарч ирсэн” хэмээн бичжээ. 1988 онд тэд тус тусынхаа замыг хөөж, Лимонов галт зэвсэг хууль бусаар хадгалсан хэргээр шоронд хоригдож байхад Наталья Москва дахь гэртээ амьсгал хураажээ. Түүний дараа өөрөө 55 настай байхдаа 16 настай эхнэртэй болсон ч 2005 онд салж Екатерина Волкова хэмээх жүжигчин хүүхэнтэй суужээ.

Ер нь тэрээр Оросод эргэж ирсэн амьдралаа хар бараанаа эргэж төрсөн амьдрал минь гэж хэлдэг. Тэрээр нэг удаа “Бусдын анзаардаггүй жижиг зүйлийг анзаарахад л зохиолч, нийтлэлч хүний гол чадвар оршино” гэж хэлсэн. Жишээ нь М.Булгаковын тухай бичихдээ түүний “Мастер Маргарита” бол 1 р т түүхэн романы пароди, 2 рт энэ бол залирхаг зохиол бөгөөд  “12 сандал” “Алтан тугал” хоёрыг тун их санагдуулдаг. “Нохойн зүрх” бол пролетари ангийг гутаасан новшийн памфлет гэж дүгнээд харин “Цагаан гварди” бол яах аргагүй сайн зохиол …сайн ном гэх мэтээр бичнэ.

 Жон Ленноныг алуулчихлаа гэж эхнэр нь утастаж хэлэхэд тэр новш үхвэл таарна. Нэг муу пенсний өвгөн орчин бохирдуулахаас аварч , цаад залууд нь талархмаар юм байна гэж хэлж байжээ. Тэгээд ч зогссонгүй  “Мөнгийг баячуудаас илүү мөрөөддөг ганцхан анги бий. Тэр нь ядуус юм” гэж тэр Жоны нутаг нэгтэн Оскар Уйлд хэлсэн байдаг.   Битлсийн түүх өөрөө бохир. Мөнгөний төлөөх зүйл. Тэдний дуунууд нэг л тийм баячуудын гэрт байдаг хүүхдийн өрөө шиг ягаан өнгөтэй. Хэт дундаж пролетарийн дуунууд…гэх мэтээр бичсэн байдаг.   

Түүний харах өнцөг бусдаас шал өөр юм. Ийм маягаар шоронд байхдаа бичсэн номонд 40 орчим нэр нөлөөтэй хүмүүсийн тухай өөрийн хамаагүй өнцгөөр бичсэнийг харж болно. Түүнийг нэртэй “тэрс үзэлтэн” гэдэг ч  “ хүүхдээрээ хөгширсөн өвгөн”  гэж бас дүгнэдэг.

 Мэдээж мянга гаруйхан үгтэй нийтлэлээр түүний тухай өгүүлэх ямарч боломжгүй бөгөөд харин түүний ишлэлүүдийг хүргэвэл тэр хэн бэ гэдгээ хагас хугас ч өөрөө хэлж өгөх болно. Гэхдээ түүний ишлэлүүд ихэнхдээ улс төрийн өнцөгтэй хэн нэгнийг дайрсан байх нь элбэг. Фэйсбүүктэй нь тавьснаас хэдийг дор оруулав.

 -Барууны үзэл ч гэж байхгүй, зүүний үзэл ч гэж байхгүй. Систем гэж бий түүний дайсан л гэж бий.
  -Улс төр бол урлагийн хамгийн дуураймал арга ядсан хэлбэр нь юм.
-“ Тогтвортой байдал ” гэж их ярих юм тэр чинь баячуудад л  хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй  хүнд л хамаатай үг. Та бидэнд  бол ямар ч “тогтвортой байдал ” хэрэггүй. Зөрчил тэмцэл  мандтугай. Ардчилал  мандтугай…гэх мэтийн үгсийг тэр үргэлж хаа сайгүй ярьж хэлж явдаг.

Түүний зохиолууд манайд бараг орчуулагдаагүй болохоор тодорхой ярих их хэцүү ажээ. Түүний номноос харин орчуулан гаргахыг орчуулагч мэргэн гүүш нарт зөвлөх байна. Хүн бүрийн үзэл бодлыг бид харж унших хэрэгтэй билээ. Ялангуяа Орос орон бидэнтэй тун адилхан болохоор Э.Лимоновыг заавал харах ёстой юм.

Битлсын “LEТ IT BE ” гэдэг дуу бараг л “ом сайн амгалан болтугай” гэдэг шиг байгаараа л бай, эсвэл байгаагаар нь хариу үйлдэлгүй харж сур  гэсэн утгатай дуу шүү дээ. Эдуард Лимонов маш их хариу үйлдэл хийдгээрээ тэрс үзэлтэн гэх нэр зүүсэн. Хариу үйлдэл хийгээд байгаа зүйл бол өнөөх эго шүү дээ!

Монгол ухаан гэгч аливаа зүйлд хуруу, хошуу дүрж, дунд нь орж хутгалдах биш хөндлөнгөөс хариу үйлдэл хийлгүй байгаа юмыг байгаагаар нь харж ажиглаад “долоо хэмжиж нэг огтлох ухаан” билээ.

Энэ талаасаа бол түүнийг заавал л уншчихмаар хүн дээ. Түүний дургүй Битлсын “Байгаагаараа л бай” дуунд энэ тухай дуулдаг. Энэ дуу бараг л хүн төрөлхтний дуу билээ. Тэр үед Битлынхэн бүгд бясалгалд суусан байсан болохоор тэдэнд ийм дорнын гүн ухаан суусан байсан хэрэг.

When I find myself in times of trouble
Mother Mary comes to me
Speaking words of wisdom, let it be
And in my hour of darkness
She is standing right in front of me
Speaking words of wisdom, let it be

Let it be, let it be
Let it be, let it be

Whisper words of wisdom, let it be



Ядарсан цагтаа өөрийгөө олж харахуй дор
Ялгуусан гэгээн бурхан хүрч ирээд
Өмнөөс минь харж зогсоод
Өө битгий тоо байдгаараа л бай хэмээн
Харанхуйн дундаас шивнэх шиг болдог.

Байдгаараа байж л бай
Болох юм болно доо хэмээн
Бодол дотор минь шивнэх шиг…


хэмээн дуулдаг билээ.

Байгаа юм байгаагаараа байхын  нэг том жишээ бол дээр өгүүлэх гэж оролдсон тэрс үзэлтэн анхаарал татагч Эдуард Виниманович Лимонов бөлгөө.