•    Дэлхий дахины ардчилал шинэчлэгдэх үйл явц явагдаж байна

Дэлхий дахины ардчилалд хямрал нүүрлэсэн мэт. Өрнийн аж үйлдвэржсэн орнуудын ардчиллын загвар үнэмлэхүй зөв биш боллоо. Гурав дахь ертөнц рүү ардчиллыг нэвтрүүлэх үйл явц бүтэлгүйтлээ. Гурав дахь ертөнцийг авилгалын хорт вирүс чөдөрлөлөө. Тэнд дарангуйлагч засаглалын төрөл бүрийн хэлбэр оршсоор байна.  

Терроризмтой тэмцэх үйл явц нь терроризмын хэт айдас болж хувираад өрнийн орнуудад тагнуулын ба тусгай албаны байгууллагыг хяналтгүй орхиж тун магад. Тусгай албаны хяналтгүй авирлах нь хүний эрх ба эрх зүйт төрд нь далдуур аюул учруулж болох талтай. Тагнах чагнах, хардах сэрдэх нь ихэдвэл тэр нь нууцаар буглах нийгмийн хорт хавдар болж хувирна. Хааяагүй ард түмний засаглалын зарчмаас ухрах хандлагатай болсон мэт. Үндсэн хуулийн шүүхээр адислуулах, парламентаас гадуур Үндсэн хуулийн шүүх шийдвэр гаргах нь ардчилал доройтож буйн шинж болно.



“Хаврын синдром” гэж манайхан ярьдаг даа. Цас хайлаад хаврын урь ормогц улс төр бужигнадаг, гудамжны тэмцэл өрнөдөг үзэгдлийг тэгж нэрлэдэг. Тэгвэл энэ 2015 оны хавар дэлхийд тэр чигт хаврын синдром авчрахаар дүр зураг буулаа хэмээн британийн дүн шинжилгээний Economist Intelligence Unit (EIU) гэх төвөөс Ардчиллын өдрийг тохиолдуулан лүндэгджээ.

Зөвхөн сүүлийн 5 жилээр авч үзвэл, дэлхийн 90 гаруй улсад олон түмний эсэргүүцлийн тэмцэл өрнөжээ. Ялангуяа Европ, Ойрхи Дорнод, Умард Африк, Латин Америкт тэмцэл ширүүн өрнөсөн байна. Үнэндээ ч “Арабын хавар” гэх нийгмийн доргилтын гэрч нь би өөрөө болсон yчраас энэ сэдвийг зориглон хөндөж байгаа маань энэ л дээ.   

Харин энэ 2015 онд Европыг улс төриийн ноцтой өөрчлөлт, доргилт хүлээж буй гэдэг дээр уухайлмаар зүйл ерөөсөө ч биш. Улс төрийн доргилт, томоор ярьвал Европ дахь ардчиллын хямралын гол шалтгаан нь популист намуудын рейтингийн гэнэтийн өсөлт болох аж. Эрх баригч элит ба жирийн сонгогчдын хооронд асар их ангал зай гарсныг «Сириза» гэх радикал зүүний нам, түүний лидер Алексис Ципрас гэх нөхөр Грект засгийн эрх авснаар илтгэн харуулав. Ангал гарна гэдэг нь бүх түвшний сонгуульд сонгогчдын идэвхи суларсан, улс төрийн намуудын гишүүд ба дэмжигчдийн тоо эрс цөөрснийг бас хэлнэ.  

Их Британид жишээ нь ирэх 5 дугаар сард бүх нийтийн сонгууль явагдана, улс төрийн тогтворгүй байдлын босгон дээр тэр улс тулж ирээд байна хэмээн EIU үзжээ. Тийм тогтворгүй байдал удтал үргэлжилнэ. Тогтвортой ажиллах Засгийн газар гарч ирэх боломжийг Нэгдсэн Вант Улсын тусгаар тогтнолын нам (UKIP) хэмээх популист нам алдагдуулах ба тэр нам сонгуульд оролцсоноор консерватив, лейборист намуудын аль алиных нь саналаас үлэмж хумслах ба нэг нам дангаараа Засгийн газраа бүрдүүлж чадахгүй, эвсэж таарна хэмээн EIU таамаглажээ. Эх орондоо болох үйл явдлыг ёрлож байгаа хэрэг шүү дээ.

Грекийн жишгээр хэт зүүний, эсвэл хэт барууны, радикал элдэв намууд уламжлалт барууны ба социалист эрх баригч намуудын орыг авахаар сонгуулиудад уухайлан оролцож тун магадгүй юм. Өөрийнх нь үндэсний Засгийн газрын тавьсан гадаад өр, олон улсын зээлдүүлэгчдээс Грект явуулсан бодлогоор популизм хийж улс төрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэхэд л ялж болдог гашуун, анхны жишээг энэ орон илтгэн харуулсан бол Европын Холбооны бусад хэд хэдэн оронд ингэдэг жишээг давтаж болох талтай. Британийн тандалт судалгааны эл төвийн үзэж байгаагаар, Дани, Финланд, Испани, Франц, Швед, Герман, Ирландад сонгуулийн дүн урьдчилан тооцоолсноос өөрөөр гарч болох гэнэ. Учир нь эдгээр улсад популист намуудын алдаршил (нэр хүнд ч байж болно) ямагт өсч, харин эрх баригч элит намуудын нэр хүнд унаж иржээ. Лалын шашинтан цагаачдын элдэв авир төрх, ерөөсөө цагаачид ба гадаадынхныг нутгийн уугуул иргэд зүхэх явдал зэрэгцэн нэмэгдсэн нь популистуудад идэвхжиж хөрс бүрдүүлчихэж. Францад лалын хэт даврагчид цуврал аллага үйлдлээ. Нөгөө талд нь баруун радикал үндэсний фронт намын рейтинг суга өсөх нь тэр.

Бас нэг судалгаа байна. Их сонин. Юу гэвэл 1978 оноос хойш өнөөг хүртэл G7 бүлгийн орнуудад сонгогчдын идэвхи ямагт буурсаар ирснийг илтгэх график EIU гаргаж үзүүлж байна. Италид сонгогчдын идэвхи 100 хувь руу дөхөж, Германд 80-аас дээш, Британи, Япон, Канадад 80 орчим хувьтай байсан бол 30 жилийн турш ямагт уруудсаар уруудсаар эдүгээ 60 орчим хувь дээр, харин АНУ, Францад 50 хувь хүрвэл зол юм гэх дээрээ тулжээ.

Сонгуульд дургүй болох нийгмийн үзэгдлийг популистууд тун шуурхай, оновчтой, овжин ашиглаж болдогийг Грек харуулчих шиг. Улс төрийн уламжлалт намууд ба сонгогчид хоорондын ангалыг популист намууд нөхвөрлөх гэгч үзэгдэл хэмээн үзэж болно. Европын Холбооны бодлого, миграц, эдийн засгийн хатуу бодлого, төсөв танах гэхчлэн дургүйцэх сэдэв тун олон болсныг популистууд тун сэргэгээр ашиглана. Эсэргүүцлийн элдэв хөдөлгөөн, гудамжны тэмцэл, жагсаал цуглаан бол популист ба радикал намуудад нээлттэй индэр л гэсэн үг.  Хөөргөн дэвэргэн залуучууд интернэтээр бие биенээ тэмцэлд уриалах, тэд сүлжээнд орж зохион байгуулагдаад гудамжинд гараад ирдэг, тэр нь маш  том хүч болдог жишээ “Арабын хавар” явагдсан Египетээс харагдсан бол одоо Европт нүүрлэж болзошгүй байна. Германы дорнод мужуудад үе үе өрнөөд буй лалын шашныг эсэргүүцсэн жагсаалууд бол үүний сургуулилалт гэлтэй.  

Евроскептицизм гэх нийгмийн томхон үзэгдэл Европыг нөмөрч эхлээд буйг Европын Холбооны өмнөх ба өнөөгийн удирдлага хүлээн зөвшөөрсөн. Энэ юув гэхлээр Европын Холбооны бодлогод сэтгэл гутрах, дургүйцэх, өөрийг хүсэх, үүн дээр популизм ба национализм амилах үзэгдлийн хослол юм.  Европын парламентын ноднингийн сонгууль үүнийг бэлхнээ илтгэн харуулчихсан.  Популист ба радикал намуудын томхон эвсэл тэнд гарч ирээд бэхжчихээд байна. Эвслийг Марин Ле Пен тэргүүтэй Францын үндэсний фронт, Австрийн чөлөөт нам, Бельгийн Фламандын эрх ашиг нам, Холландын Эрх  чөлөөний нам голчлон бүрдүүлжээ. Нэр бүхий намууд нь Европын ардчилалд туйлын итгэлгүй ханддаг, ялангуяа цагаачлалын тэр хэт либерал бодлогод илт дургүйцдэг, тэр нь ч одоо цагт уугуул иргэдийн дэмжлэгийг илт хүлээж буй, тэр хэрээр үндсэрхэх үзлийг дэвэргэж буй үзэгдэл юм.

Европт шинээр өрнөж буй энэ үзэгдлийг дүгнэж швейцарийн эрдэмтэн түүхч  У.Альтерматт “Европ дахь этнонационализм” хэмээх номдоо популизмын жинхэнэ дүр төрхийг гаргаж тавьсан байдаг. Баруун популист синдромын 10 шинж тэмдэг гэсэн түүний жагсаалт өнөөгийн Европын улс төрийн сонгуулиудын ёрлоод буй цаад утгыг яг хэлээд өгнө. Монголд зарим талаар хамаарах шинжүүд тэр 10-т нь бий. Бидний нүдэн  дээр хааяа хааяа илт  харагддаг тэрхүү үзэгдлийг эрдэмтэн Альтерматт онолын талаас цэгцэлснийг  энд эшлэх нь зүйтэй гэж үзлээ. Тэр нь ямар 10 шинж вэ?

•    Популист хөдөлгөөн нь аль ч утгаар ард түмэн, жирийн хүмүүсийн дэмжлэг авна;
•    Популистууд улс төрийн тогтолцоо, эрх барьж буй элитийн эсрэг тэмцэнэ. Хөрөнгийн эрх мэдэл, түшмэдийн аппарат, томхон олигархи, бизнесчид, ер нь аль эрх мэдэлтэй байгаа бүхнээс  ард түмнийг хамгаална;
•    Тэгсэн хэрнээ төрд хандах хандлага нь зөрчилтэй. Хүчтэй төр засгийг хүснэ. Хүчтэй төр нь доод хүмүүсийг хамгаалдаг гэж үзнэ. Тэгснээ төр жирийн иргэдийн амьдралд багахан шиг оролцоосой гэнэ;   
•    Уугуул унаган төрхөөсөө хөндийрч хүнийсэх, гээхийг популизм нь хатуу шүүмжилнэ. Тосгон, муж, орон нутаг, үндэстэн гэх мэт нийтлэгийг нь туйлшруулж, өдөн дуудна. Нутгийн, угсаатны, үндэсний мэдрэмж сэрлийг эрх чөлөөнөөс дээгүүр популистууд гаргаж тавиад тэр нь цаашаа шашинтан хоорондын маргааны хөрс болж хувирна;
•    Популист хөдөлгөөн анхлан хөдөөгийн нийгэмд их нөлөөтэй, амин холбоотой байсан бол орчин үеийн нийгмийн хөрвөх чадварыг дагаад хотууд руу ороод ирсэн;
•    Популист хөдөлгөөн нь ихэнхи тохиолдолд сэхээтэн оюунлаг хүмүүсийн эсрэг чиглэсэн байдаг. Гэтэл эл хөдөлгөөний манлайд ямагт сэхээтнүүд явж байдаг;
•    Популизм нь нийгэм, түүхийг дотор нь сайн муу, хар цагаан гэж ялгах ба сайн гээд нэр заавал тодорхой юм байхгүй, гэхдээ идеал болгочихсон, муу гэдэг нь тодорхой, нэр заачихад тун амархан;   
•    Популист хөдөлгөөнд  харизматик лидер гол үүрэгтэй. Харизматик гэдгийг татан дагуулах увидастай гэж ойлгож болно;
•    Популист хөдөлгөөн нь оршин буй улс төрийн намуудад нэн аюултай. Учир нь анги давхаргын онцлог ялгаа гэж байхгүйгээр радикал-ардчилсан шинжийг агуулсан, нийгмийн доод түвшинд дагалдагчдаа зохион байгуулах, дайчлах чадвартай тул намууд тэднээс цэрвэнэ;
•    Популист хөдөлгөөн нь нийгэм төрийн хамгийн маргаантай асуудал дээр төвлөрүүлж тэмцлээ өрнүүлнэ.

Национализм, популизм хэзээ хаана, ямар үед цэцэглэдэг вэ гэдэг асуулт буй. Дорнод Европын орнуудын 1990-ээд оны жишээгээр бол улс төрийн өөр, шинэ элит төлөвшин бүрдэх явцад цэцэглэж, тэр элит нь бүрэн төлөвшсөний дараа нийгмээс шахагдсан дүр зураг харагддаг. Дэлхийн ба бүхэл тив, салбар тивийн интеграц өрнөж буй өнөөгийн эрин үед үндэсний эрх ашиг хэмээн ихээхэн улиглах нь национализм, популизм гадаад улс төрийн бодлого дээр илэрч байгаагийн шинж хэмээн эрдэмтэн Альтерматт үзсэн нь бий.

Гэхдээ популизм үүргээ гүйцэтгэсэн, нийгэм түүхнээ дэвшил авчирсныг энд үгүйсгэх санаа зохиогч надад байхгүйл дээ. Популизм хийхээс өөр нөхцөлгүй байсан, нийгэм нь  тэгтлээ дорд орчихсон байсан, нийгмийн хар массыг дайчлахаас өөр арга байгаагүй тийм үе, тийм тодорхой улс, тийм тодорхой лидерийн хувьд авч ярьж болно. Популист үзэл суртал, популист үйл ажиллагааны хооронд ч ялгаа зааг гэж бий. Иерархи бүтэцтэй нийгэмд сонгогчдыг татан дагуулах авьяас увидас гаргасан жишээ (нацистууд) олон бий. Популист уриа нь сонгогчдод таалагдаж, тэр уриагаа ажил болгосон жишээ бас бий. Улс төрчид, намууд, нийгмийн бүлгүүдийг улс төрийн тэмцэлдээ дайчлан зохион байгуулж нэгтгэж чадсан суут хүмүүсийг ч нэрлэж болно. Түүхэн популистуудын эхний эгнээнд нэр төртэй бичигддэг эрх баригч–реформатор оросын Александр II хаан, америкийн Авраам Линкольн, Франклин Делано Рузвельт, мексикийн Ласаро Карденас, аргентины Хуан Перон, хятадын Дэн Сяопин гэхчлэн...


"Засгийн газрын мэдээ” сонины 2015.02.16  № 031 (055) дугаараас
 сонины редакцийн зөвшөөрлөөр авч нийтлэв – baabar.mn