Монгол Улсын сайд, УИХ-ын дарга хоёрын аль нь “том”, УИХ ба ҮАБЗ-ийн шийдвэрийн аль нь хүчтэйг “тогтоох”-ын өмнө Хятадын хөрөнгө оруулагч “Шинхуа” компани, Монгол төрийн хуулийг эсрэгцүүлэх, мөн эдийн засгийн сэргэлт, үндэсний аюулгүй байдлын тэнцвэржилтийн асуудлыг харьцуулах хэрэгтэй болох нь. Учир нь зөв мэдээлэл зөв шийдвэрийн үндэс байдаг.

Сая л гэхэд ҮАБЗ дээр ажлын хэсгийнхэн ямар мэдээлэл өгсөн,  зөвлөлийн гишүүд хэрхэн улс төрийн “хор” гэгчид оролцсон, орооцолдсоноос хамаарч хачин шийдвэр гарлаа. Хачин гэдгийн учир нь төслийг аюулгүй, болгоомжтой бус “саадгүй” хэрэгжүүл гэсэнд байгаа юм. Мөн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахыг зөвлөдөг, компанийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулахыг ҮАБЗ зөвлөдөг болжээ.  Зөвлөмж гарахын өмнөх орой ҮАБЗ-ийн дарга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөвлөсөн зарим ажлаа цуцлан байж телевизээр ярьж олон нийтэд “хурдхан ашиглая” гэдэг санаагаа тулгаад, тэр ч байтугай салбарын сайдыг нь загнаж байснаа дурсаад “үүргээ амжилттай биелүүлсэн” хүний дүрээр нэвтрүүлгийг өндөрлүүллээ. Зэрэгцээд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг өдөр тутмын сонинд томоохон ярилцлага өгч “хайран ажлыг нь яйран болгосон” түүхийг дурьдав. Ийнхүү М.Энхсайханы хамсаатнууд түүхэн үүргээ биелүүлж УИХ-аар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж ажил удалгүй хурдлуулахад уриаллаа. Тавантолгойн орд стратегийн ач холбогдолтой орд мөн бол УИХ хэлэлцэх ёстой гэж бодсон минь худал болж таарлаа.

Төрийн хууль, тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмжийг “давж” хэлэлцээр хийж буй Монгол Улсын сайд, УИХ-ын даргад “Мега төсөлд дарга,цэрэг хамаагүй” хэмээн “томорсон” Засгийн газрын гишүүний талаар өмнө нь бичсэн. Үүний дараа багагүй “шүүмжлэл” хүртэхийн сацуу чухам ямар хууль тогтоол, зөвлөмжийг хэрхэн зөрчсөнийг тодорхой болгох хүсэлт уншигчдаас ирж байна. Зүй ёсны энэ хүсэлтийн хариу болгон удаахь нийтлэлээ бичихэд хүрлээ. Би улстөрч биш, улстөрчдөд үйлчлэгч бүр ч биш. Харин хууль тогтоомж хаа нэг газарт зөрчигдвөл илрүүлэхийн төлөө зүтгэхээ энэ ялдамд илэрхийлээд Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц  барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх Концессийн гэрээ нь чухам ямар хууль тогтоомжтой зөрчилдөөд байгаа талаар өгүүлье.

Өөрөөр хэлбэл, дээрх концессийн гэрээний төсөл нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашиг, холбогдох хууль тогтоомжид үл нийцсэн, мөн манай талаас тавьсан гэрээний ерөнхий нөхцлийн үндсэн шаардлагыг хангаагүй, концесс эзэмшигчийн хүсэл сонирхолд нийцүүлэх гэж нэг талыг хэт барьсан, төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр заасан өмнөх нөхцлүүдийг дордуулсан үндэслэлүүдийг тоочин дурьдъя.

Ямар хууль зөрчигдчихөөд байна вэ гэх жагсаалтад Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Концессийн тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Татварын багц хууль гээд үргэлжлээд байх нь. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүд нь Монгол Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын энэхүү суурь бүтцийг улс орны үндэсний ашиг сонирхолтой салшгүй холбоотой.

Тухайлбал, УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.1.4-т “Дэд бүтцийн салбарын хөгжлийг үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгоно. Төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэнэ”гэжээ. Мөн дээрх үзэл баримтлалын 3.2.2.5-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Экспортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэлх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг бүрдүүлнэ” гэж заажээ.

Мөн УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолд “”Эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой шинээр барих төмөр замын суурь бүтцийг Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу төрийн өмчид байлгах гэж заасан байна. Үүнд хувь, хэмжээ заагаагүй бөгөөд уг тогтоолын хамгийн товч тодорхой хэсгийг дурьдлаа.  Харин уг тогтоолын 2.2 болон Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын2.2.3, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 дүгээр зөвлөмжүүдийг үндэслэн Засгийн газрын 121 дүгээр тогтоолыг баталсан. Засгийн газрын 121 дүгээр тогтоолын 1-д “...Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 3.2.2-т заасан эхний үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц гэж үзээд уг төслийг гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулагчтай хамтарсан тусгай зориулалтын компани байгуулах  замаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-д даалгаж мөн чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг ч тус компанид олгосон. Тодруулбал, Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолоор дээр дурдсан төмөр замын суурь бүтцийн “барих-ашиглах-шилжүүлэх” концессыг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон юм.

Цаашилбал, Концессийн тухай хуулийн 17.1.1-д “уралдаант шалгаруулалт явуулах нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн бол шууд гэрээ байгуулах аргаар концессийг олгож болно гэж хуульчилсан.

За, одоо хаана нь, ямар зөрчил гараад байгааг харцгаая. Эдийн засгийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын гол тулгуур бөгөөд зах зээл нь экспорт, импортоос хэт хараат байгаа өнөөгийн нөхцөлд уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эзлэх хувь 2010 онд 81.3 хувь, 2013 онд 94 орчим хувьтай байна. Үүнээс БНХАУ-ын экспорт 70 орчим хувийг, тэр тусмаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 25 хувийг нүүрс дангаараа эзэлж буй. Энэ бол өөрчлөхөд амаргүй өгөгдөл гэж хэлж болох юм. Гэтэл экспортын зонхилох бүтээгдэхүүн болсон нүүрсээ худалдан авагч цөөн, боловсруулалтгүй хямд худалдаалдаг зэргээсээ болж баялгаа үнэгүйдүүлж эдийн засгаа эрсдэлд оруулаад байна. Эрсдэлээс гарах бүхий л арга замыг эрэлхийлж буй ч энэ нь хуулийн хүрээнд байх нь тусгаар тогтнолын маань бас нэгэн баталгаа билээ.

Шинээр барих төмөр замын төслийн санхүүгийн зөвлөх BNP Paribas банкны 2014 онд гаргасан санхүүгийн загвараар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 1 тонн км-ийн тээврийн тарифыг 3.8 центээр тооцоход төслийн өгөөж 14 хувь болж, хөрөнгө оруулалтаа 12 жилд нөхнө гэсэн тооцоо гарсан байна. Үүнтэй Австралийн “Айком” компанийн 2013 онд гаргасан ТЭЗҮ-ийг харьцуулахад: уг төмөр замын эдийн засгийн үр ашгийг жилд 30 сая тонн, 1 тонн км тээврийн тарифыг 3.3 центээр тооцоход 10 хувийн өгөөжтэй байх  тооцоо гарсан байх юм.  Энэхүү төмөр замын суурь бүтцийг төрийн өмчит хуулийн этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлж ашиглуулснаар төмөр зам ашиглалтад орсон жилээсээ эхлэн улсын төсөвт орлого төвлөрүүлэхээс гадна эдийн засгийн олон давуу талуудыг буй болгоно. Үүний нэг нь мөнөөх гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах явдал ч багтаж таарна.  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам улсад төлөх татвараасаа гадна 25 жилийн хугацаанд нийт 1.9 тэрбум ам.долларын ногдол ашиг өгнө гэдэг бага үзүүлэлт биш. Түүнчлэн Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод заасан бусад чиглэлийн төмөр замуудын хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар татан төвлөрүүлэх чухал ач холбогдолтой.

Гэтэл Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 268 дугаар тогтоол 2014 оны наймдугаар сарын 20-нд батлагдав.

Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эзэмшилд байгаа Тавантолгойн ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчийн мэдэлд шилжүүлэхгүйгээр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд бүрэн ашиглуулах,  Хөрөнгө оруулагч нь Баруун болон Зүүн Цанхийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн талбайд нүүрс олборлох, тэдгээр талбайд нэмэлт хайгуул хийж нөөцийг нэмэгдүүлэх,  Хөрөнгө оруулагчаар сонгогдон ажиллах эхний 2.5 жилийн хугацаанд багтаан Тавантолгойн бүс нутагт 30 сая тонноос багагүй нүүрсийг баяжуулах хүчин чадлыг бий болгох, үйлдвэрлэсэн баяжмалыг 2-оос доошгүй орны зах зээлд нийлүүлэх,  Хөрөнгө оруулагч нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас БНХАУ-ын “Чалко” компанид төлөх өр төлбөрийн үлдэгдлийг хариуцан барагдуулж, тус компанитай байгуулсан гэрээний үүргийг хариуцах гэхчлэн үргэлжлэх энэхүү тогтоол БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр буюу  2014 оны наймдугаар сарын 21-ны өдөр  байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахын өмнөх өдөр яаран батлагдсан билээ...

Үлгэр цааш яаж үргэлжилснийг бид мэднэ. Хэлэлцээрийн 3 дугаар зүйлд заасанчлан БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх бараа, бүтээгдэхүүнд олон улсын Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын «Нэгдсэн нэвтрэх тариф»-ын мөрдлөгөөс 40 хувийн хөнгөлөлт үзүүлэх болсон. Энэхүү хэлэлцээр (25 жил)-ийн хугацаанд жилийн тээвэрлэлт 30 сая тонн байх тохиолдолд долоон тэрбум ам.долларын хөнгөлөлт эдлэх бөгөөд энэ хэмжээгээр Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Тиймээс л өмнөх өдөр нь хайгуул хийж байгаад ч гэсэн 30 сая тонн нүүрсний нөөц “олох” тогтоол гарсан биш гэж үү.

Мөн “Эхний ээлжинд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үндсэн  нөхцөл бүхий барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх эрхийг Концессын тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө оруулагчид олгох, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулсны дараа коксжих нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замын төсөлд оролцуулах” гэсэн заалт “алдарт 268 дугаар тогтоолд маань ороод ирэв.

Эндээс алдаа эхэлж, Засгийн газрын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолд заасан “Барих-ашиглах-шилжүүлэх” концесс “арчигдаж” 268 дугаар тогтоолд заасан “Барих-өмчлөх, ашиглах-шилжүүлэх” гэсэн муу хувилбар руу нүүж эхэлсэн юм даа. Яагаад муу хувилбар вэ гэвэл....Энэ бүхнийг доорх хүснэгтээс харьцуулаад мэргэн уншигчид маань ухаарах биз.

Харьцуулалт

Үзүүлэлт

ЗГ-ын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоол

ЗГ-ын 2014 оны 268 дугаар тогтоол

Концессын нөхцөл

Барих-ашиглах-шилжүүлэх концессыг төрийн өмчит хуулийн этгээдэд олгосон

Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессыг олгохоор уралдаант шалгаруулалтын нөхцөлд оруулсан нь ҮАБЗ-ийн зөвлөмжийг зөрчсөн

Концесс үргэлжлэх хугацаа

25-30 жил

30 жил

Төрд эргэн шилжүүлэх хувь

100%

51%

Концессын хугацаанд төр, хувийн хэвшлийн эзэмшлийн хувь

Төр 51%

Хувийн хэвшил 100%

Улсад төвлөрүүлэх татварын хувь

Ижил

Ижил

Ногдол ашиг

Оруулсан хувиар тооцож 25 жилийн хугацаанд нийт 1.9 тэрбум ам.доллар

(-)

Эдийн засгийн үр ашиг (IRR)

13%

(-)

Таван толгой орчмын уурхайн нөөц

Ухаа худаг уурхай – 24 жил, Баруун цанхи – ....... жил,

Зүүн цанхи – .......... жил

Нүүрсний экспортын өрсөлдөөн

Квотыг эрх тэгш, тарифыг уян хатан байдлаар тогтоон, өрсөлдөөнийг дэмжинэ

Нүүрс олборлогч, тээвэрлэгч, худалдан авагч нь нэг этгээд байх тул гуравдагч талын бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хүндрэл учрах магадлалтай


 
Харин “муу хувилбарын эзэд” нь тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар байсныг сануулъя. Мөн хэнийг эзгүйд, эрхийг нь булаан эдэлж тогтоолын төслийг танилцуулсныг сана. Тэд ердөө л дөрөвхөн тэрбум ам.долларын төлөө өмнөх он жилүүдийн удаа дараагийн хэлэлцээрийн үр дүн, Монгол төрийн ноён нуруу, эзэн хүний хүчирхэг байдлыг эзгүйчлэн эвдсэн гэж үү.

Түүнээс хойш юу өөрчлөгдөв. Улс төрийн талаасаа гэвэл Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдож, шинэ танхимаа бүрдүүллээ. Зөвшилцлийн гэх Засгийн газраа байгуулан бараг сөрөг хүчингүйгээр ажиллана гэж тооцоолсон бололтой. Бүх тоглоомын дүрэм улс төрийн яриа хэлэлцээрийн хүрээнд явж байгаа боловч хяналт тавих эрх бүхий хамгийн том сөрөг хүчин ард түмэн 268 дугаар тогтоолд тусгасан концессоор төрийн 100 хувийн өмчлөлийн эрхээ 51 хувиар сольчихлоо, 25-30 жилд нүүрс тээвэрлэхийг хөдөлшгүй 30 жилд хэмээн өөрчиллөө, жилд 30 сая тонн нүүрс  “өгч” хүрэхгүй бол эсвэл цаад тал авахгүй бол долоон тэрбум ам.долларын SALE эдлэхгүй, хамгийн харамсалтай нь нүүрс олборлогч, тээвэрлэгч, худалдан авагч нь нэг этгээд байх нь, консорциумын гурван этгээдийн хооронд ямар нэг өр авлагын асуудал гарахад нэг нь нөгөөгөө залгичихад бид нүүрсээ “ломбардад” тавиад л алдчих юм байна. Гэхдээ мэдээж монголчууд гадныхныг залгихгүй нь тодорхой гэхчлэн уруу дорой бодолтойгоор Тавантолгойн үүцээ бооцооны ширээн дээр тавьчихаад сууж байна даа.

Иймд Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын зарим хэсгийг нягтлан үзэж, хөрөнгө оруулалтад эдийн засгийн үр ашгийг шалгуур болгон, тогтоолд өөрчлөлт оруулах замаар үндэсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Уг нь төр муу гэрээ хийх эрхгүй ч гарцаагүй байдалд орж болно. Гагцхүү дээр дурдсан хуулиудаа л зөрчиж болохгүй. Ядахдаа манай Тавантолгой өнчин орд биш. Дээрх төмөр замын суурь бүтцийг барих чиглэлд ашигт малтмалын хэд хэдэн томоохон орд газар бий. Түүнчлэн “хийрхлээ” гэж загнуулдаг ч дахин сануулахад хятад ажилчдыг хянах боломж, гарц огт харагдахгүй байна. Зөвхөн концессийн тухайд ийм хэмжээний хуулийн зөрчилтэй байгаа тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээний үед Монгол төрийн хэчнээн хуулийг зөрчих вэ, энэ тухай ярьсан, бичсэн бүхнийг дарамтлаад байна гэвэл монголчууд зүгээр хараад суухгүй л байх.