Гүтгэлэг, шүүмжлэл хоёр ялгаатай
Сайд асан Ц.Оюунгэрэл Шүүмжлэгчийг хамгаалах тухай хууль санаачилжээ. Тэр хуулиа өөрийн дүү Ц.Батдаа зориулсан гэнэ. За тэгэхээр сайд асангийн дүү яасан байх вэ. Тэр нөхөр МИАТ компанид ажилладаг. 2012 онд АН ялж эгч нь сайд болонгуут МИАТ-ийн дарга болохыг хүсчээ. Хүсэлтээ эгчдээ, салбарын сайддаа уламжилж.
Сайд асан Ц.Оюунгэрэл Шүүмжлэгчийг хамгаалах тухай хууль санаачилжээ. Тэр хуулиа өөрийн дүү Ц.Батдаа зориулсан гэнэ. За тэгэхээр сайд асангийн дүү яасан байх вэ. Тэр нөхөр МИАТ компанид ажилладаг. 2012 онд АН ялж эгч нь сайд болонгуут МИАТ-ийн дарга болохыг хүсчээ. Хүсэлтээ эгчдээ, салбарын сайддаа уламжилж. Эгч нь дүүгийнхээ төлөө гүйж Ерөнхий сайд дээр хүртэл дагуулж орсон ч бүтсэнгүй. Ингээд өнөөх нь твитерээр салбарын сайдаа доромжилж суудаг болов. Зөвхөн ганцхан сайдыг зүхээд зогссонгүй хавь ойрынх нь бүгдийг, бүр эхнэр, хүүхэд рүү нь хүртэл орлоо. Мэдээж сайдад дургүй хүмүүс олон. Тэд мань эрийг улам онгироов. Өнөөх нь хүүхэд шиг хөөрцөглөж өөрийгөө үнэхээр шударга тэмцэгч гээд бодчихлоо. Эцэстээ сайдаа гүтгэсэн хэргээр шүүхээс ял авч баривчлагдлаа... Ц.Бат хэмээх 50 гаруй насандаа ч төлөвшиж ухаан суугаагүй хөөрхий энэ эрийг харах бүр 1998 онд болсон нэгэн явдал санагддаг аа. Засгийн газрыг эсэргүүцсэн хөгшчүүл Бошигтын хөдөлгөөний Баасан гэгч өвөөг хөөргөж байгаад Сүхбаатарын талбай дээр цагдаа хутгалуучихсан юмдаг. Түүнийг хэвлэл мэдээллийнхэн “Хутга” Баасан хэмээн өргөмжилж “Дахиад ч цагдаа хутгалвал хутгална... ” хэмээн хөгжөөж байлаа. Өвөө урамшсаар. Харин түүнд хутгалуулсан залуухан цагдаа үүрд тахир татуу болсон юм даг...Тэмцэгчдийг дотор нь ангилж болно. Төлбөртэй тэмцэгчид гэж бий. Тэд нэг их аюулгүй. Туг лоозон барьж жаахан орилж хашгирч дүвчигнэж байгаад цалингаа аваад замаараа дэлгүүрээр дайрч гэрээдээ явна. Харин нөгөө нэг хэсэг нь нийгэмд хоргүй ч гэр бүлийнхэндээ тамтай. “Үгүй чи мөн мундаг байна аа, хө. Тэмцээд байгаарай . Ард чинь асаалттай танк бий гэж мэдээрэй” гээд “явуулаад” байхаар улам цаашаа “яваад” байх нь бий. Ганц нэг хэвлэл, сайт өөрийнх нь тухай мэдээ гаргачихаар олны танил баатар болчихлоо хэмээн эндүүрэх. Тэгээд шударга үнэний төлөө тууштай тэмцэгч гэдгээ харуулах гэж туйлширсаар хэн нэгнийг гүтгэнэ, бүр доромжилно. Энэ үед хөөрхийг хөөргөөд байсан ард нь байх ёстой өнөөх асаалттай танкууд байдаггүй л байхгүй юу. Эцэстээ энэ бүхэн явсаар сэтгэцийн эмгэг болж онигооны гол дүр болоод хэн ч тоохоо болино. Тэд өөрсдөө хэзээ ч зовохгүй, харин гэр бүлийнхэн нь түүний энэ ичгүүртэй явдлаас болж зовдог. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл бол зовсон л эгч. Дүү нь мангартаад байхаар түүнийг нь зөв харагдуулах, өөрийнхөө нэр төрийг хамгаалж авч үлдэх гэсэн ядсан бүсгүй. Тиймээс дүүдээ тохиолдсон явдлаас хууль санаачилжээ. Үнэхээр шүүмжлэгч нарыг барьж хориод байж болохгүй. Харин гишүүний дүү шиг гүтгээчин, албан тушаалын шантаажчин нарт хуулинд заасан хариуцлагыг хүлээлгэх л ёстой. Зам тээврийн сайд асан А.Гансүх үүнийг л хийсэн. Тиймээс Ц.Оюунгэрэлийн жишээ, санаа хоёр нь буруу байна. Би сэтгүүлч хүн. Мэдээж юухан хээхэн дээр баривчлагдаж дуугаа хориулаад байхыг хүсэхгүй. Харин хэн нэгнийг гүтгэж элдвээр доромжилж болохгүй. Энэ үзэгдэл манай салбарын нэр хүндийг унагаад байгаа юм. Б.Цэнддоо нэгэнтээ бичиж байлаа. “Улсын дөрөв дэх аймаар амьтан” гэж сэтгүүлчдийг шүүмжиллээ. Дөрөв дэх засаглал нэрийн дор хэн дуртайгаа гүтгэж доромжилж болохгүй гэсэн юм. Зөв, үүнийг л шүүмж гэдэг. Энэ бол сэтгүүлчдэд хамаатай явдал. Харин энд сэтгүүлч биш нөхдийн тухай бичиж байна. Урд өмнө тэдэнд бичих талбар олддоггүй байлаа. Тэгэхээр нь бидний бичсэн нийтлэлийн дор нэргүй сэтгэгдэл бичиж хараж зүхдэг байсан юм. “Ийм боломж тэдэнд олгохгүй бол орцонд отож байгаад хутгална шүү” гэж Баабар нэгэнтээ хэлж билээ. Одоо бол тэдгээр гаж донтонгуудад твитер, фасебүүк хэмээх индэр бий болжээ. Олон нийтийн цахим ертөнцийг ашиглан тэд албан тушаалын шантаажаа хийж сошиал ертөнцөөр хүнийг доромжлон гутааж байна. Зарим нь бүр гэр бүл үймүүлж мөнгө төгрөг нэхээд цагдаад баригджээ. Энэ бол шүүмжлэл биш. Энэ бол цахим гэмт хэрэг. Тиймээ, шүүмжлэл, гүтгэлэг хоёр ялгаатай. Дээрээс нь доромжлол бас хязгаартай. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Ц.Оюунгэрэлийн эл хуулийг дэмжинэ гэнэ. Дэмжиж болно. Гэвч бодолтойхон дэмжээрэй, хө. Та өөрөө айхтар гүтгүүлж доромжлуулж байсан хүн. Гүтгэлэг доромжлол хоёрыг шүүмжлэлээс ялгаж, цахим сошиал ертөнцийг сэтгүүлч зүйгээс ангилж ойлгоосой. Бас нэг гай болсон хууль баталчихаад эцэст өөрсдөө тэр хуулиндаа доромжуулж баглуулаад суухыг хэн байг гэх вэ. Шүүмжлэл, шүүмжлэгч гэсэн нэрийн дор эдгээр гаж үзэгдлүүдийг даврааж болохгүй. Эцэст нь хэлэхэд олон овилгогүй дүүтэй хүнээс болгоомжил. Тэднийхээ үйлдэл бүрт зориулж хууль санаачлаад батлуулаад байвал бид яанам бэ.