Саяхан “Жем Интер­нэйшнл” компанийн нэрэмжит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Түрүүлсэн бөх нь 5 000 000, үзүүр бөх нь 2 500 000, шөвгөрснүүд нь 1 000 000 төгрөгийн “бай” шагнал авсан бололтой. Онцлог нь энэ барилдаанд аварга, арслангууд олноороо ирж зодоглов. У/а С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, отгон аварга Н.Батсуурь гэхчлэн цаашилбал гарьд Б.Гончигдамба, у/з Б.Соронзонболд... гээд хуйгаараа барилдацгаалаа. Үүний өмнөхөн болсон шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан барилдаанд хэн нь ч ирээгүй билээ. Үндсэн хуулийн барилдаан бол уг нь хамгийн том нь юм. Монголын төр засаг биечлэн оролцдог, төрт ёсны гэж хэлж болох дөрвөн том барилдаан байдаг. Наадам, Цагаан сар, Тусгаар тогтнолын баяр, шинэ Үндсэн хуулийн баярын барилдаанууд. Албан ёсоор томд тооцогдож, ард түмэн ирж үздэг билээ. Энэ жилийн Үндсэн хуулийн барилдаанд үндсэндээ том цолтой бөхчүүдээс бараг хэн нь ч ирж зодоглосонгүй гэж дээр хэлсэн. Барилдсан бөхчүүдээс хамгийн том цолтой бөх нь Архангай аймгийн Булган сумын уугуул, улсын гарьд Д.Рагчаа, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул улсын заан Д.Баасандорж, Увс аймгийн Улаангом сумын уугуул улсын харцага Ө.Бат-Орших тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.



    Бусад бөхчүүд нь хаачив гэсэн чинь урд хөрш рүү алтан гулдмайн шагналтай барилдаан руу явчихсан байх юм. Бөхчүүд хамгийн ёс заншил ярьдаг, сүсэг бишрэлтэй хүмүүс гэгддэг. Хэрэв тийм их дээдлэх шүтээнтэй, сүсэг бишрэлтэй нь үнэн юм бол тэдний дээдлэх шүтээн нь ард түмний чинь сэтгэл зүрх, Монгол төрийн сүлд хийморь байх ёстой. Ногоон хашчулуу суурин дээр өндөр төрийнхөө сүлдийг дээдлэн байрлуулсан Монгол улсын Ерөнхийлөгчийн тэрхүү сайхан цомыг Ерөнхийлөгч өөрөө гардуулдаг нь бөхчүү­дийн хувьд хамгийн том бишрэл, хийморь лундаа нь бус уу. Тэгсэн тэгдэггүй юм байнаа, 500 граммын алтан гулдмайн сургаар урагшаа явчихдаг юм байна.

    Ямар учиртай 500 граммын алтан гулдмай гараад ирэв. Энэ алтан гулдмай ихийг дагуулж мэдэх нь. Лав л Үндсэн хуулийн маань баярын өдрийг тааруулаад, манай бөхчүүдийг соронзон мэт татаад аваад явчихлаа. Бараг бид чинь Бөхийн өргөөндөө баахан сумын заануудын барилдаан үзэх шив дээ. Одоо Цагаан сарын битүүний өдрийг тааруулаад бас нэг алтан гулдмай гаргаж ирж шуугиулаад бөхчүүд явчих юм байна. Цааш нь наадмын өдрүүдийг тааруулаад ахиад нэг алтан гулдмай гарч ирж наадмын талбай хэдэн залуу бөхтэй үлдэх нь. Үндсэн хуулийн баярын үеэр бол хятадууд шилдэг найман бөхөө явуулаач хэмээн нэр цохжээ. Тэр найман бөх нь улсын арслан Н.Батсуурь, улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй,  Улсын начин Э.Энхбат, Б.Сугаржаргал, Ч.Баянмөнх, Б.Амарзаяа нарын бөхчүүд. Цагаан сар тааруулаад гулдмайгаа 100 граммаар нэмээд “600 грамм алтан гулдмай шүү, ирээрэй, ирээрэй...” гэж магадгүй нь. Бөхийнхөө тоог наймаар нэмэхэд аварга, арслан, гарьд 16 бөх чихэрт дуртай хүүхэд шиг гүйж очно. Наадмын үеэр дахиад 100 граммаар нэмж даллана. Тэгэхдээ 24 бөхийг дуудна. Монгол бөхийн дэвжээнд ид барилдаж байгаа 24 бөх урд газарт алтан гулдмайн төлөө барилдах нь. Төв цэнгэлдэх үзэх харах бөхгүй суултай биш наадмын комисс нас өндөр болсон аварга, арслангуудаа зодоглуулах байх л даа. Ж.Мөнхбат аварга барууны магнайд, Х.Баянмөнх аварга зүүний магнайд дэвэн дэвсээр гарна. Энэ хоёрыг дагаж Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням... арслангууд гэхээр арай л ахмаддаад байна. Яагаад гэхээр 80 нас хол давсан Х.Эрдэнэ-Очир, Сосорбарам, тэртээх 1950-иад оны үед тэмээ өргөж байсан гэх Жамьяндорж гуай гээд барилдахыг нь Ерөнхийлөгчөөсөө эхлээд ердийн иргэн би хүртэл шимтэн үзэх юм байна. Монгол бөхийн ирээдүй ийм л чиг хандлага руу, алтан гулдмайнаас өөрийг хардаггүй байдал руу орчихлоо.

    Алтан гулдмай авсан бөхтэй хамт очсон бөхчүүдэд 5000 юанийн үнэтэй алтан зоос өгсөн гэнэ лээ. Айхавтар татах хүч шүү. Алтан гулдмай гэж түрүүнээс хойш бичлээ, ингэхэд ямар үнэтэй эд юм бэ. 500 грамм алт чинь 17.7 унци юм. Нэг унци алтны үнэ 1663 ам.доллар байгаа (өчигдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээрх ханш). Энэ тооцоогоор тэр гулдмай 30.000 орчим ам.доллар болж байна. Монгол мөнгөөр бол 58 сая төгрөг юмуудаа. Улсын наадамдаа гайгүй барилдчихвал 570, 200 унадаг болоод байгаа биз дээ. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгож байна. Энэ бол бөхчүүдийн хувьд дээд хүндлэл. “...Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг. Цол олгох тухай. Архангай аймгийн Хашаат сумын уугуул, “Ажнай” корпорацийн бөх Чимэдрэгзэнгийн Санжаадамбад Монгол Улсын заан цолыг олгосугай” хэмээн ард түмний өмнө аав ээж, Асралт хайрханыхаа нэрийг дуудуулах шиг гайхамшиг лав л Ч.Санжаадамбад байгаагүй байхаа. Төрөөс өгч буй энэхүү өндөр хишгийн дэргэд алтан гулдмай юу вэ. Ийм өндөрт өргөсөн төрт ёс, хууль цаазны том баяраа орхин Хятад руу бөөгнөлдөөд явчихаж байгааг юу гэж үзэх вэ. Өнөөдөр төр засаг, улс орон маань эдийн засгийн хувьд хүндрэлтэй л байна. Тэгэхдээ бөхчүүдийг барилдуулж, зарим нь баясан цэнгэг, зарим нь хэдэн төгрөг олог гэж л төрөөс Шинэ Үндсэн хуулийн баярын барилдаанаа хийсэн. Гэвч аварга арслангууд нь тоож ирсэнгүй. Ийм тохиолдолд төрөөс зарлигаар цол хүртсэн бөхчүүдийг төрөө хуурлаа гэж үзэх ёстой. Тэдний зүгээс ёс суртахуунгүй байвал, цааш даамжирвал Төрийн зүгээс цол олгох шаардлага байна уу. Сүүлийн үед улсын том цолтой бөхчүүд залуу бөхтэйгээ барилдаад дийлэхээ байсан. Улсад түрүүлсэн С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Х.Мөнхбаатар... улсад үзүүрлэсэн Д.Азжаргал, Б.Гончигдамба... эд бүгдээрээ заалны барилдаанд дөрөв давсан уу. Аймгийн арсланг ч дийлэхгүй байцгаана шүү дээ. Хүч чадал, авьяас чадвараараа залуу бөхчүүдээ дийлэхгүй байж улсад түрүүлж, үзүүрлээд байдаг сонин нөхдүүдээс төр өгсөн цолоо эргүүлээд авах хэрэгтэй. Харж байхад аймгийн арслангийн гарыг ч нугалж дийлэхгүй байгаа нөхөд бол Монголын төрийг хуурч байгаа хэрэг гэж бөх сонирхогчид, бөх судлаачид их ярьж, бичих боллоо.

    Өнөөдөр Монголын төр бөхийн цолон дээр анхаарах цаг болжээ. Төрөө хүндэтгэхгүй, залуу бөхийн хоёр гараас илүү гарахгүй ширвүүлж байгаа нөхдийг анхааралдаа авч өгсөн цолоо эргүүлж өгөхийг хуульчилж, дүрэмчилье. Бөхийн цолыг хоёр хуваая. Чансаагаараа цааш ахиад явдаг цол, хүндэт цол гэж хуваая. Наадамд түрүүлсний дараа сайн барилдаад байвал чансаа улам өндөрсөж цол ахих.