“Засгийн газрын мэдээ” coнины 2015.01.19-ний
№ 011 (035) дугаарт нийтлэгдсэн өгүүлэл

    Эх орон маань мөнгөний гачаалд оржээ. Хасаж танаж, хэмнэж болдог л бол мөнгө босгох нүх сүв бүрийг Засгийн газар анаж хайж буй. Зөв өө, зөв. Нийгмийн хавтгайрсан халамж, төрийн албан хаагч нэртэй үй түмэн багш эмч, төрийн захиргааны данхар бүтэц, ер нь өөлөөд байвал олон буй. Гэхдээ мөнгөний гол эрлэг маань эд биш юм аа.

    Мөнгөний гол эрлэг бол минийхээр популизм л юм шиг байгаа юм. Популизм гэх гарт баригддаггүй нийгмийн үзэгдэлд би гол бурууг тохож байна. Популизм хийх, популизм цэцэглэх ганц хөрс нь улс төр, тодорхой хэлбэл УИХ-ын сонгууль, УИХ-ын танхим, УИХ-ын индэр, гишүүн болгоны өмнө зоолттой байх 76 микрофон!


    Ерөөсөө УИХ гэж энэ нэг индэр танхимыг аз жаргалын алтан хаалга, мөнгөний ёроолгүй сав, эрх мэдлийн дээд оргил хэмээн үзэх эзэнгүй тахин шүтлэг 20 гаруй жил Монголын нийгмээр хэрэн бүчин явна. УИХ-д яаж  ийгээд орчихвол диваажинд оччихсон мэт. Тэгэхлээр УИХ-д очиж суухын тулд популизм гэдгийг ёстой нэг хийж өгнө. Мөнгийг урсгаж өгнө. Намуудын гол санхүүжилт нь УИХ-ын сонгууль угтуулсан популизмаас орж ирдэг тэр их мөнгө. УИХ-аа 4 жилээр сонгодог тул 4-хөн жил нь гялс манс өнгөрчихнө. Энэ хооронд популизм зогсоно гэж байхгүй. Мөнгө урсаад байх нь тэр, мөнгө, мөнгө, мөнгө! Намуудад хуримтлагдсан их мөнгийг улсын хэрэгцээнд зарцуулахсан гэдэг бодол хүн болгонд төрдөг болсон доо.

    Хэрэв хууль тогтоомжтой уялддаг бол, уялддаг бол шүү дээ, надад нэг мэргэн санаа төрж байх юм. 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг 2020 он хүртэл, санхүү мөнгө хангалттай болтол, гадаад өрнөөсөө гартал хойшлуулчихмаарсан. Хэрэв ингэж хойшлуулж чадах л юм бол 2016, 2017 онд зарлагадахаар зэхсэн, яг урсгаж эхлэх гэж буй тэр асар их мөнгө, түүн дээр тоглох популизмын хий сүүдэр нам дарагдах гээд байна л даа. Гудамжны улс төр, иргэний хөдөлгөөнүүд, намуудын хандив, олигарх-улс төрийн сүлжээ 2020 он хүртэл нам дарагдаад, 2016 оныг тэсэн ядан хүлээн суугаа мянга xол давах ирээдүйн  “гишүүд” бүгд хувиа борлуулж довоо шарлуулаад алга болчихмоор. Дөрөв-таван жилдээ байнга хүлээлттэй горьдлоготой, сэтгэл нь гэгэлзсэн энэ олон зуун мянган сонгогчид ч сэтгэл амрахсан даа!

    За мэдээж энэ бол бүтэхгүй санаа. Гэхдээ санаа сэдэл аваг, мэтгэлцэг гээд гаргаад тавьчихлаа. Шилдэг сонгодог нэгэн арга туршлагыг би УИХ руу хандуулан одоо бичих гэж байна. “Ардчилсан авилгат орнууд”-ын жагсаалтаас Монгол маань хасагдах нэг чухал арга зам байж бас болно.

    Энэ бол УИХ-ын гишүүдийг ширээн дээрээсээ өмнөх микрофоноор нь үг хэлүүлэхгүй байх мэргэн арга юм. Өөрөөр хэлбэл популизм хийхийг нь ор тас хориглочих арга зам. Ардчиллын үлгэр жишээ, туршлага, манайхны дотно түнш орон, бид парламентаризмыг тэндээс багагүй суралцсан Германы туршлага байнаа. Бундестагийн туршлагаас би ярих гэж байна.

    Тэнд мөн л 4 жилээр сонгогддог, 1990 он хүртэл 520 депутаттай байсныг хоёр Герман нийллээ гээд 662 болгосон, 1994 онд 10-аар нэмж 672, 1998 онд 669 болгож хорогдуулаад,  одоо 631 гишүүнтэй байгаа. Манайхтай адил холимог хэлбэрээр, мажоритари ба намын нэрсээр гишүүдээ сонгодог. Гэхдээ тэр 631 гишүүн нь ажлаасаа чөлөөгдөөд зөвхөн Бундестагт 4 жил дагнан суугаад конторлоод байдаггүй, цаад уугуул ажил албандаа байж л байна. Бундестагийн гишүүн цалингүй, харин нөхөн олговор гэж авдаг. Нөхөн олговор нь Үндсэн хуулийн дагуу гишүүний бие даасан байдлыг хангах зорилготой. Гишүүн бүр нөхөн олговороос орлогын татвар төлнө. Гишүүд хурал чуулган, санал хураалт болбол Бундестагтаа ирж цуглаад хуралдчихна. Лав 631 микрофоноор 631 гишүүн хашгична гэж тэнд лав байхгүй, тийм боломж цаг ч байхгүй. Бундестагийн үндсэн үүрэг: хууль батлах, Холбооны канцлерыг сонгох, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих. Хууль боловсруулах, батлуулахаар бэлтгэх нь парламентын хороодын үндсэн үүрэг. Хороодоороо дамжуулан Засгийн газраа хянана. Үүнийгээ парламентын хяналт гэнэ.

    Бундестагийн гишүүдийг нэгтгэдэг гол механизм нь намын фракц, манайхнаар бүлэг. Намын фракц дээр л бүх асуудал яригдах ба яригдсан сэдвээр Бундестагийн чуулган дээр намын фракцаас томилогдсон ганц нөхөр л Бундестагийн индэрт гарч үгээ хэлнэ. Фракц болгон салбар салбараар өөрийн спикертэй. Тэр спикерээс өөр хүнд микрофон өгөхгүй. Бусад нь танхимд дув дуугүй сууж байна. Микрофон болгоноос үг хэлнэ гэж байхгүй. Жишээ нь санхүү-мөнгө-төсвийн асуудлаар фракц болгон нэг нэг хүн томилчихсон байх тул тэд нөхөд л санхүү-мөнгө-төсөв дээр үгээ хэлэхээс бус бусдаар санал хэлэх, нэмэх хачирлах, залруулах зүйл Бундестагийн танхимд байхгүй. Тодорхой хэлье л дээ. Сөрөг хүчний фракцаас санхүүгийн асуудлаар байр сууриа илэрхийлэх нэг нөхрийг нам нь сонгосон байлаа гэе. Хэрэв сөрөг хүчний тэр нам дараагийн сонгуульд ялалт байгуулбал тэр үг хэлэгч нөхөр бэлээхэн Сангийн сайд. Байгаль орчин, боловсрол, батлан хамгаалах ... гээд сайд нар нь нөөцөнд бэлэн байж байна. Тэд өөрийгөө яс бэлтгэнэ, гэгээрнэ. Манайхан шиг сайд хайж явах, намдаа байгуулсан гавьяа, хандивласан мөнгөөр нь жагсаагаад сайдын суудал хуваарилах гээч юм Германд байхгүй.   

    Парламентын дэг гэж айхтар юм байна. Манай УИХ-д дэг буюу регламент нь хоёрдмол утгатай, сулхан учраас ухаантны ба хэлэмгийчүүдийн индэр болгох гээд микрофон булаацалдаад уралдчих нь тэр. Микрофон өгөхгүй бол танхимаас гадагш гарахад л зурагтын камер, сэтгүүлчдийн микрофон ярайж, тэд хэрэгт дурлаад бүчээд авна. Болохгүй бол хэвлэлийн хурал зарлачихна.  Бундестагийн 631 дотор ухаантай, эрдэмтэй, цолтой хүн манайхнаас дутахгүй олон байгаа, гэвч тэндхийн этикет, санал шүүмжлэл явуулах арга барил нь шал ондоо тул ухаантны цэцэрхэл сургамжлал явахгүй. Өөрийгөө илтгэх боломжгүй тул амаа жимийгээд л сууж байх нь тэр. Яагаад гэвэл нөгөө фракцаас томилогдсон ганц нөхөрт индэр олдоно. Бусад нь гонж. Тэр рүү очиж амаа үдүүлж, цаг алдаж суух хүн Германд олноороо гараад ирдэггүй, тэр утгаар Бундестагийн сонгууль гэж улсаа бужигнуулсан үйл явдал болдоггүйн учир энэ буюу.

    Нэгэнт л судлаасаа, өмнөх микрофоноосоо үг хэлэх эрхгүй, томруулбал төрийн ордонд 4 жил конторлож, үндсэн ажлаасаа чөлөөлөгдөхгүй, тойрогт мөнгө тараана гэж байхгүй юм чинь жишээ нь УИХ-д сууя гэж үхэлдэх хүн олон гарахгүй, гарлаа ч тэр нь популист байх аргагүй, мэргэжих тал руугаа явна гээд төсөөлбөл УИХ-ын сонгууль гэж тойрог дээр үхэх сэхэх, мөнгөний амлалт, мөнгө төгрөг, эд бараа, хагас иргэний дайн болж хувирахгүй байх болов уу гэж бодном. УИХ-ын сонгууль гэдэг маань эмгэнэл болж хувираад удаж байна шүү дээ!

    УИХ-тай холбоогүй ч, эрх мэдэлтэн, дарга нарт айхтар хамаатай байж болох, санаа сургамж авч мэдэх нэгэн жишээг дурдъя. Миний олон жилийн найз Удо Хаазе гэж Берлиний нэгэн дүүргийн Засаг дарга бий. Түүний мэдэлд Засаг даргын тамгын газрын 150 гаран ажилтан ба өдий төдий машин унаа, байшин сав бий. Тэрээр 60 насныхаа ойд манай гэр бүлийг урилаа. Берлиний аэрпорт дээр найз  маань хувийн жижиг тэргээрээ тосч аваад дүүрэгтээ гэртэйгээ ойрхон нэгэн жижиг буудалд буулгаад зардлыг нь хувиасаа төллөө. Засаг даргынхаа офист биднийг зочлуулсан, дүүрэгтээ өрнөж буй бүтээн байгуулалтыг үзүүлсэн нь албаны арга хэмжээ (учир нь Монгол Улсын Элчин сайд зочилж яваа) мөн боловч ямагт хувийн тэргээрээ өөрөө газарчлан явж байв. Тамгын газраас нь ганц ч албат, ганц ч машин гарч үйлчилсэнгүй. Мэдэлд нь 150 ажилтан байгаа шүү дээ?