Араас нь гал төөнөнө, ус руу үсэрч орохоос аргагүй, усанд удаан суугаад байж болохгүй, уснаасаа эргээд гарна, галдаа төөнөгдөнө, эргээд ус руу – өөр явах газар байхгүй. Үүнийг чөтгөрийн тойрог гэнэ. Ердөө л цикл юм.

Монгол мэтийн шилжилтийг дэндүү удаан хийж буй орнуудын ерөнхий дүр зураг. Улс хөгжихгүй байна, ард түмний олонхи нь амьдрал гундуу байна. Түүний тайлбар бол дээрхи циклээсээ гарч чадахгүй явсны тусгал нь, гор нь.

Үнэндээ үл үзэгдэх коммунизм манай нийгэмд үргэлжилсээр буй, хэзээ дуусах нь тодорхойгүй. Үүнийг зөвшөөрөх хүн олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Сэтгэхүйн тураал, генетикийн тураал бидний ба бидний өмнөх, бидний дараагийн гурван үед бат суугаад түүндээ идэгдчихснийг “үл үзэгдэх коммунизм” хэмээн нэрлэж болно. Энэ гурван үе нуль айдас, үл үзэгдэх юмнаас айна. Энэ айдас яван явсаар бусдыг хорлодог дон руу хөтөлнө. Ингээд нэг нэгнээ татаж унагаад байх нь тэр. Түүнийг нь тамын тогооны үлгэр гэнэ.

Манай нийгэм 25 жил савлалаа. Нийгмээ савлуур гэж тооцъё. Савлуур нь савласаар дундаж цэг дээр зогсчихсон улс л хөгждөг юм шиг байгаа юм. Тийм тэнцвэр хангаж чадсаныг нь шилжилтээ дуусгасан, хөгжлийн зөв замаа олсон орнууд хэмээн нэрлээд байх шиг. Тэгвэл монголын нийгэмд савлуурын качаалк ямагт хэтэрч ирсэн, дундаж цэг дээр ирсэнгүй, тиймээс хөгжил дэндүү удаан байна.   

Бидний ба бидний өмнөх, дараагийн үеийнхнийг 35-40 ба түүнээс дээш насныхан гэж нэрлэж болно. Энэ гурван үеэ “бид” гэж нэрлэе. Тэгвэл биднийг коммунизм хэмээх тэр нийгэм яг дайрсан юм. Биднийг төрөхөөс эхлээд бидний генид суучихсан үл үзэгдэх нэг юм байна. Нэг насаараа ядуу байх ёстой гэсэн сэтгэхүй, түүнээс улбаалаад ханаж цадахыг үл мэдэн идэж уухыг нь сэтгэхүйн тураал гэж нэрлэж болно. Коммунизм бүх хүмүүн тэгш байх ёстой хэмээн сургадаг байсан нь нийгмийн амьдрал дээр бүх хүн тэгшхэн ядуу байх ёстой гэх донг суулгаснаас тамын тогоо, чөтгөрийн тойрог маань нөхцөлдсөн хэрэг л дээ.

Дорнод Европт коммунизм байгуулж байсан, коммунизм нь манайхтай нэгэн цаг үед нурсан. Тэд оюун санааныхаа эрх чөлөөнд хүрсэн. Түүнийг нь ардчилал гээд нэрлэчихсэн. Тэгвэл монголчууд бид эдийн засгийн, тодруулбал хэрэглээнийхээ эрх чөлөөнд хүрсэн, шилжилтийг 25 жил хийгээд хийгээд оюун санааныхаа эрх чөлөөнд яг ч хүрчихээгүй байна. Учир нь 1990 оноос хойш бидний гурван үеийнхэн нийгмийн инженерчлэлийн туршилтад дэндүү их оржээ. Ваакумжсан нийгэмд л бид явсаар байна. Тэгэхлээр ядуурал доройтлын бүх буруутан нь бидний энэ гурван үеийнхэн болов уу. Архичидыг аваад үз. Хог ухаж үүрч яваа золбин тэнэмэл иргэдийг аваад үз. Насны эрэмбийг нь хар, 40-өөс дээш насныхан, эсвэл гадаа гуйлга гуйж дуулж буй хүүхдүүдийг. Тэднийг хорлож буй тэр  эцэг эх нь гэхэд л 40-өөс дээш насныхан.

Ер нь 40-өөд насныхан яагаад архинд их дурладаг вэ? Учир нь нөгөө л ядуу байх ёстой гэсэн сэтгэхүй, түүнээс улбаалаад ханаж цадахыг үл мэдэн идэж уух сэтгэхүй явж байна. Хамгийн сайн архийг хамгийн сайхан тансаглал гэж үздэгийн гай. Тийм учраас бидний зарим нь өөрийнхөө үеийнхнээс ичиж байна гэж ярихыг нь  уучилж  ч болмоор. Өнөөгийн улс төр дэх мөнгө-гэмт хэргийн бүлгийн сэтгэлгээ, эх оронч царайлан авилгадах арга мэх, олон удаагийн УИХ-ын сонгуулиар “санал ашиглан” гарч ирдэг ид шидтэй арга – нийлүүлээд тэднийг “хар прагматикууд” гэж нэрлэж болохоор.

Баабарын хэлсэн нэгэн мэргэн үг байдаг даа:  


  • Бидний үеийнхэнд бол тархинд нь мэс засал хийгээд ч нэмэр байхгүй. Тэртэй тэргүй тэгж төрөөд, өсөөд, бойжоод, чулуужаад, цементжихсэн улсыг чинь яах юм!  Тэгээд би нэг удаа хэлсэн дээ, 40-өөс дээш насны улсууд зайгаа тавьж өгсний дараа энэ улс эрүүл­жинэ гэж.
  • Шилжилтийн үед завсрын үеийнхэн гэж нэг айхтар улсууд гарч ирж байна. Бид ч бас цэгцтэй боловсрол олчихсон улс. Гэтэл энэ завсрын үеийнхэн маань ерөөсөө 35 үсгээсээ 15-ыг нь март­чих­сан, тэгээд доктор, профессор юу юу гэнэ вэ, базар дарь минь, акаде­мич, доцент энэ тэр болоод явчихсан. Шилжилтийн замбараагүй үед тэд чинь ганцхан хулгай хийхийг л сурсан улс. Одоо тэд давалгаалаад гараад ирлээ. Тэгэхээр бидний үеийнхний дараа бас энэ завсрынхны шилийг харах ёстой. Үүний тулд дахиад 20 жил хэрэгтэй.


Дэлхийн улс орнуудын эдийн засаг ерөнхийдөө гурван янз, гурван шатлалтай: Хэрэглээний эдийн засаг, бүтээмжит эдийн засаг, иновацид суурилсан эдийн засаг гэж. Монголд байгалийн баялаг, түүхий эдээ боловсруулалт хийхгүй шууд гаргаж худалддаг эдийн засаг яваад байна. Шатлалаар бол доод түвшний гэсэн үг. Учир нь нийгмийн инженерчлэлийн туршилтад дэндүү их автсан бидний гурван үеийнхэн энэ нийгмийг авч яваа ба “үл үзэгдэх коммунизм” биднийг хөдөлгөхгүй байна.   

Энэ гурван үеийн дараагийн үе буюу эрээ цээргүй өөрийгөө илэрхийлж чаддаг, айдасгүй, одоогоор хорлогдоогүй нэг бүхэл бүтэн үе гарч ирж байнаа. 1990-ээд онд аав ээж нь тэднийг орхиод наймаанд явцгаагсдын үр хүүхдүүдийн нэг бүтэн үе байна. Багцаалбал 30 ба түүнээс доош насныхан. Монгол хэл шал өмнөө дүрэм, хэллэг, нэр томъёогоор сэлбэгдэж байгаа нь энэ үеийнхний бүтээл. Амьдралд юу хэрэгтэй, ямар зам зөв гэдгийг тэд нэн прагматик утгаар авч үзнэ. Энэ хүүхдүүд л Монголын хөгжил цэцэглэлийн жинхэнэ эзэд нь байх болов уу. Тэд монгол хэл, ёс заншлаа үл тоож гээж байгаад харамсах боловч XXI зууны хөгжлийн хуулийг тэд л зөвөөр мэдэрч, зохицож, хөл нийлүүлж явах учиртай.

Тэд бол мөрөөдлийн үеийнхэн. Ер нь мөрөөдөх гэж байгаа бол томоор мөрөөд, түүндээ хүрч чадахгүй бол бүү мөрөөд гэж нэг мэргэн үг байдаг даа. Тэр үг эдэнд тохирох байх. Ийм үеийнхэн чөтгөрийн тойрог, тамын тогоог үзэхгүй, тойрч гараасай билээ. Эд бол бүтээмжит эдийн засаг, иновацид суурилсан эдийн засгийг жинхэнээсээ гардан бүтээгчид нь байх болно. Харин эднийгээ багахан шиг хорлоё!